"Зулын 25"-ны "Их дүйчин өдөр" энэ сарын 14-ны өдөр тохионо
17 цагийн өмнө

"Зулын 25-"ны "Их дүйчэн өдөр" энэ сарын 14-нд тохионо. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн.
Эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхова наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.
Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдөр мал төхөөрөхийг цээрлэдэг.
Зулын 25-нд хийх зан үйл:
Зулыг ихэвчлэн гадаа гарч Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.
Зарим газар муулсан малынхаа баруун бөөрний өөхөөр зул хийж өргөдөг нь нэг талаас өөрсдийн хийсэн амьтны амь хорлосон нүглээ наминчилж, нөгөө талаас хороогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэгтэй холбоотой аж.

Зул өргөх ёс:
Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай. Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог.
Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг. Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг. Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг.
Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг. Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа "Ум аа хум" тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг. Зул асаах, зул бүтээх үедээ амьсгалаа оруулалгүй, амны хаалт хийж хэвшвэл зохимжтой.







Зочин · 9 цагийн өмнө
80955877ANUSDI AL SEMSDEED BIEE UNELEN
Зочин · 9 цагийн өмнө
źBOOB XXI BOOB DOLOOMR80855877