Бага ангийн хүүхдүүд машин ирж байгааг харахгүйгээр гарцаар шууд гүйдэг
2 цагийн өмнө

Уржигдар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 115 дугаар сургуулийн хойд зам дээр хүүхэд автомашинд мөргүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн ерөнхий газарт иржээ. Тухайн автомашинд мөргүүлсэн хохирогч нь 10 настай эмэгтэй хүүхэд бөгөөд ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн 4ж ангид сурдаг аж. Олон нийтийн зүгээс сургуулийн орчинд хүүхэд автомашинд мөргүүлж, гэмтсэнд ихэд бухимдалтай байна. Түүнчлэн энэ мэт осол аваар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд “School police” буюу сургуулийн орчин дахь эргүүлийн үйл ажиллагааг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулдаг. Гэтэл яагаад хүүхдүүд автомашины осолд орж, гэмтэж бэртэж байна вэ. Тиймээс сургуулийн орчинд “School Police” хэрхэн явагддаг, сурагчид зам хөндлөн гарахад ямар нэгэн бэрхшээл байдаг эсэх, аюулгүй байдлыг нь хэрхэн зохицуулсныг тодрууллаа.
“School police” Б.Чинзориг: Жолооч нар шууд чигээрээ дайраад байвал хүүхдүүд зогсож л таарна гэх бодолтой байдаг
Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн эргүүл Б.Чинзориг “Би олон хүүхэдтэй учраас улиралдаа нэг удаа заавал “School police” хийдэг юм. Энэ хугацаанд хоёр, гурван осол гарсан.
Хатуухан хэлэхэд, жолооч нар шууд ирээд л бага насны хүүхдийг мөргөчихдөг. Бид хэчнээн “зогс” гэсэн тэмдэг өргөөд ч нэмэргүй. Цагдаа нарынх шиг замын хөдөлгөөн зохицуулдаг улаан дохиур өргөсөн ч хүүхэд, том хүн хамаагүй хүрч ирээд мөргөчихнө. Өнгөрсөн хавар 84 дүгээр сургуулийн урд зам дээр тавдугаар ангийн хүүг мөргөж, гэмтээсэн хэрэг гарсан шүү дээ. Энэ хэрэг миний ээлжин дээр болсон юм. Тухайн машин огцом хурдтай орж ирсэн. Азаар хүүхдийн амь насанд хүрэх хэмжээний онц ноцтой осол байгаагүй. Гэхдээ хүүхэд бэртэж, гэмтэнэ гэдэг өөрөө маш том аюул. Осол гаргасан машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Машинаасаа бууж ирээд хүүг зүгээр эсэхийг асуугаад, сандраад л байсан санагдана. Бид ч түргэн тусламж дуудсан. “Зогс” гэсэн дохио өгөөд байхад яагаад огцом хурдтай орж ирж байгаа юм бэ. Сургуулийн орчинд ийм хурдтай явж болохгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ гээд би ч нэлээд загнасан. Жолооч эмэгтэй ч “Харин тийм ээ. Яараад байсан юм аа. Амжаад орчих байх. Чигээрээ зогсохгүй явчихвал хүүхдүүдийг зогсоно гэж бодсон” гэсэн. Би өөрөө ч жолооч хүн. Гэлээ гээд хүүхдийн амь наснаас үнэтэй яаралтай ажил гэж байхгүй.
Нөгөө талд хүн бүр явган хүний гарцаар гарах эрхтэй биз дээ. Өдөр бүр жолооч нар хүүхэд гэлтгүй том хүнд ч зам тавьж өгөхгүй, дайрчих шахуу явдаг. Анх “зогс” гэсэн тэмдэг өргөхөөр бидэн рүү их уурладаг байсан юм. Одоо сошиал орчин хөгжсөн болохоор энд, тэндээс бичлэг хийчих вий гэж сэрэмжлээд чанга дуугаар харааж, загнадгаа больсон. Гэсэн ч бухимдалтай. Машин дотроосоо муухай харна. Уг нь явган хүн, хүүхдэд зам тавьж өгөх нь буруу зүйл биш баймаар юм. Хүүхэд гэдэг өөрөө эрсдэл гэдгийг сургуулийн орчинд эргүүл хийгээд л мэдсэн. Ялангуяа бага ангийн хүүхдүүд машин ирж байгаа эсэхийг ч харахгүйгээр шууд гүйчихдэг. “Явган хүний гарцаар зам гарч байгаа” гэдэгтээ найдаад гүйчихдэг байх. Зарим хүүхэд “хөөе, хүлээ” гэж хэлэх ч боломж өгөхгүй гүйгээд алга болно. Нөгөө талд жолооч нар шууд чигээрээ дайраад байвал зогсож л таарна гэх бодолтой байдаг. Ийм нөхцөлд бид нар “Зогс” гэсэн тэмдэг өргөөд ч нэмэргүй. Ер нь манайхан хүлээц их муутай. Зүгээр явж байсан ч ямар нэгэн зүйлд хөөгдөж, яарсан хүмүүс шиг дайраад байдаг. Уг нь холоос ирж байхдаа явган хүн байгаа эсэхийг ажиглаад, хурдаа сааруулж болно шүү дээ” гэв.
А.Аз-Эрдэм: Машин мөргөх гэж байгаа юм шиг тулаад ирэхээр үнэхээр их айдаг
Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн суралцагч А.Аз-Эрдэм “Ер нь жолооч нар тийм ч их зам тавьж өгдөггүй. Ялангуяа ганцаараа, цөөхүүлээ зам хөндлөн гарах үед чигээрээ л дайраад байдаг. Автобуснууд ч ялгаагүй. Машинд мөргүүлэхгүйн тулд зам тавьж өгдөг. Харин олон хүүхэдтэй, эсвэл том хүнтэй хамт явж байгаа тохиолдолд жолооч нар зам тавьж өгдөг. Сургуулийн орчинд “School police” байдаг учраас ихэвчлэн зам тавьж өгдөг шүү. Гэхдээ зарим жолооч хүчтэй сигнальдаж байгаад чигээрээ гараад явчихдаг. Мөргөх гэж байгаа юм шиг машин тулаад ирэхээр үнэхээр их айдаг. Явган хүний зам дээр явж байхад яг тулж ирээд, урагшаа явахаар сигнальдаад, над руу улам ойртоод байдаг. Тэгээд буцаж гарцан дээрээ очоод хэсэг хүлээдэг” хэмээв.
Нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн суралцагч Д.Баярхүү “Сургуулийн орчинд харьцангуй сайн зам тавьж өгдөг. Харин өглөө эрт ганцаараа зам хөндлөн гарахаар жолооч ах, эгч нар цонхоо онгойлгоод “Хурдан гүйгээд яваач” гэж загнадаг. Өдөр болон оройн цагаар олон машин үнэхээр хурдтай явж өнгөрдөг. Энэ үеэр зам хөндлөн гарахад хэцүү байдаг. Их хурдтай ирдэг учраас зам хөндлөн гарахдаа үнэхээр айдастай байдаг. Арагшаа нэг харж, урагшаа гүйвэл амжих болов уу гэж бодсоор байж гардаг” гэв.
Д.Ганхуяг: Ихэвчлэн өглөө хичээл эхлэх, орой тарах үеэр сургуулийн орчинд зам тээврийн осол гардаг
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг “Сургууль орчмын бүсэд 20км\ц-аас дээш хурдтай явахыг хуулиараа хориглодог. Улаанбаатар хотын хэмжээнд ЕБ-ын 367 сургууль байдаг. Сургууль орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэмдэг, гэрлэн дохио, хурд сааруулагчуудыг тодорхой хэмжээнд тавьсан. Түүнчлэн гуравласан гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс “Гараас, гарт” арга хэмжээг ч зохиодог. Нийслэл хотын хэмжээнд эрсдэл бүхий 17 сургууль байдаг юм. Одоо эдгээр сургуулиудын бүс орчмыг дэлхийн жишигт нийцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бүх сургуулийн бүс, ойр орчимд 20км\ц хэмээн хурдны дээд хязгаарыг тогтоож өгсөн шар тэмдэглэгээг байршуулсан. Учир нь сургуулийн бүсэд 20км\ц-аас доош хурдтай явж буй тохиолдолд гэнэт зам дээр хүүхэд гарч ирсэн ч ямар нэгэн байдлаар зогсоох боломжтой гэж үздэг юм. Тиймээс сургуулийн ойр орчимд осол гарсан бол тухайн жолоочийн буруутай үйлдэл хэмээн тогтоох, шийдэх хандлага давамгай байдаг. Хэрэв 20-30км\ц-ийн хурдтай явбал 50 мянган төгрөгөөр торгоно. Харин 30-аас дээш км\ц-ийн хурдтай явсан юм бол жолоодох эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Одоогийн байдлаар бид сургуулийн бүсэд камержуулалт, хурд хэмжигчүүдийг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Юуны түрүүнд эрсдэл бүхий 17 сургууль дээр уг ажлыг зохион байгуулна.
“School рolice” нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй учраас ХАБ-ын ажилтан гэсэн үг. Жолооч нар ХАБ-ын ажилтны дохиогоор зогсож, явах үүрэгтэй. Үүнийг зөрчсөний улмаас хүүхэд дайрч, зам тээврийн осол гаргасан бол энэ нь хүндрүүлэх нөхцөл болно. Мэдээж олон талын дүн шинжилгээ хийнэ. Нэгдүгээрт, тухайн сургууль дээр “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжсэн үү. Багш хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн үү гэдгийг тогтооно. Хоёрдугаарт, ХАБ-ын ажилтан буюу “School рolice” байх ёстой цаг хугацаандаа, цэг дээрээ үүргээ гүйцэтгэж байсан уу. Мөн тухайн жолоочийн хурд ямар байсан.
Үзэгдэх орчин, гарц гээд олон талаас нь шинжилж байж хэргийг шийддэг. Сургуулийн орчинд үйлдэгддэг осол, аваар нь ихэвчлэн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалдаг талтай. Ялангуяа өвлийн улиралд эрт харанхуй болдогтой холбоотойгоор үзэгдэх орчин хязгаарлагддаг. Үүнээс болж хичээл тарах үеэр хүүхэд автомашины осолд орж, амь насаараа хохирох тохиолдол нэлээд бүртгэгдсэн. Ер нь ихэвчлэн өглөө хичээл эхлэх, орой тарах үеэр сургуулийн орчинд зам тээврийн осол гардаг” хэмээв.
А.Даваадулам






