Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе" уулзалтыг зохион байгуулж "Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно.

Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье" хэмээн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай илтгэл тавьж байсан билээ.

Гэвч төрийн тэргүүний хэлснээр энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн ондоо эцэс бололгүй өнөө жил ч охид, бүсгүйчүүд, бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь хэрээс хэтэрсэн.

Уг нь өнөө үед дэлхий нийтээр хурдацтай хөгжиж буй цахим ертөнцөд улстөрч, урлаг соёлын оддын тухай элдэв мэдээ мэдээлэл тархаж, харин тэдний нэр хүндийг нь сэргээх, эрх ашгийг нь хамгаалах гэсэн жиргээчдийн тэмцэл газар авч байна. Нэг танилын маань хэлснээр томоохон улстөрчийн эрх ашгийг хамгаалж бүтэн өдрийн турш твиттерт жиргээд их хэмжээний мөнгө авдаг гэсэн.

Үнэн худлыг нь мэдэхгүй ч зарим нь байр, машин хүртэл авдаг гэх. Твиттерт хамгаалж буй хүнийхээ төлөө үхэн хатан тэмцэж, хэнийг юу ч гэж хэлэхээс буцдаггүйг нь харахад үнэн ч байж мэдэх юм. Гэвч тэдний олонхи нь /бараг бүгд/ хүүхдийн эрх ашиг, хүчирхийллийн талаар дурддаггүй. Энэ нь арга ч үгүй биз.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өерсдийнхөө эрх ашгийг хамгаалуулах гэж томчуудад мөнгө төлж чадахгүй болохоор тэр болов уу. Твиттерт манай улсын улстөрч, томоохон бизнесмэнүүд бүгд л өнжин хонон жиргэдэг ч хүүхдийн тухай тэд юу ч бичдэггүй. Хэрэв хүүхдүүд өөрсдийгөө хүчирхийлэл дарамтаас хамгааллуулах холбоо, эвсэл байгуулаад жиргээчдэд мөнгө төлбөл хамгаалах байх л даа.

Зарим нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хажуу айлынхаа, танилынхаа хүүхдээс мөнгө аваад гэмт хэрэгтнийг нь илчлэх байх. Харамсалтай нь хүүхдүүдэд тийм нөхцөл бололцоо байхгүй. Уг нь манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон хууль, тогтоомж бий. Мөн үр хүүхдэдээ хяналт тавих үүрэг, хариуцлага эцэг эхэд нь ч байх ёстой.

Гэтэл дэгэж, дэрвэж яваа бяцхан охидодоо тавих эцэг эхийн, цаашлаад энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт муугаас болж тэд адгуусаас дор араатнуудад хүчирхийлүүлсэн, зодуулсан тухай мэдээлэл бараг өдөр бүр гарах боллоо. Сүүлийн үөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэдийн олонхи нь хойд эцэг, нагац ах, хамаатан, үеэл нь, хүргэн ах, багш нь байх болж.

Бага насны хүүхэд гэр бүлийн хүрээнд зөвхөн бэлгийн гэлтгүй сэтгэл санааны, бие эрхтний хүчирхийлэлд өртөх нь жилээс жилд өсөх хандлагатай байгааг албаныхан ч мэдэгдэж байгаа юм. Манай улсад өнгөрсөн онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ.

Дээрх 2000 гаруй хүний дийлэнх хувь нь бага насны хүүхэд, ахмад настанууд байх аж. Тэгвэл энэ нь зөвхөн хуулийн байгууллагад бүртгэгдсэн нь л гээд бод. Үүний цаана хэчнээн хүүхэд гэр бүлийн хүрээний нуугдмал дарамтад өртөж, бие, сэтгэлээрээ хохирсоноо нуун дарагдуулж, айдаст автаж буйг таахын аргагүй.

Учир нь дээр дурьдсанчлан ойр дотны хүчирхийлэгчид нь тэднийг байнгын дарамтад байлгадаг ажээ. Өөрөөр хэлбэл, "Чи амиа алдахыг хүсээгүй л бол намайг илчлээрэй, зүйл дуусгана шүү...!" гэх мэтчилэн дарамталж, хүйтэн мэс тулган сүрдүүлдэг байсан тухай өмнөх илэрсэн хэргүүдийн тод жишээ ч бий.

Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаан настай охиныг ээжийнх нь хамтран амьдрагч 26 настай залуу согтуурсан үедээ хүчирхийлсэн. Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд дөрвөн настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг гарч байсан.

Түүнчлэн мөн онд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд ээжтэйгээ амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй охиныг согтууруулах ундаа хэрэглэсэн 30 настай залуу зодож, гэрээс нь авч яван хүчирхийлсэн байдаг. Энэ мэтчилэн дурдаад байвал адгуусаас дор амьтадын үйлдсэн хэрэг барагдахгүй олон.

Энэ он гарсаар ч хойд эцэг нь гурван настай охиноо хазаж тамласан, мөн эцэг нь дөрвөн настай хүүгийнхээ биеийг хүйтэн мэсээр сэглэж тамалсан, ээж нь хүүхдээ зодож дарамталсан, дагавар охиноо хүчирхийлсэн гэхмэт сэтгэл сэртхийм хэрэг олон гарсаныг санаж буй байх. Харамсалтай нь илрэхгүй байгаа олон хэргийн дотор зарим гэр бүл гэмт этгээдийг хаацайлж, бузар хэргийг нь нуун дарагдуулж, өөрсдийн балчир үрээ хохироогоод үлддэг тохиолдол ч байдаг аж.

Учир нь тэд хамаатныхаа хүнд хуулийн хариуцлага хүлээлгэн удаан хугацаагаар ял эдлүүлэхийг хүсдэггүй байна. Мөн удам угсаа, нэр хүндээ бодох гэх мэт шалтгаанаар гэмт этгээдийг илчилдэггүй аж. Ийм бусармаг гэмт хэрэг үйлдчихээд дарамтлагсадыг ихэвчлэн тухайн хүүхэд өөрөө, эсвэл танил талын хүн нь цагдаад мэдэгддэг юм байна.

Ер нь Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүчирхийллийн эсрэг хамтдаа", мөн хүүхдийн төлөөх байгууллагууд, хувь хүмүүсийн "Хүүхдийн төлөө за гэж хэльө", "Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох ёстой", "Хүүхэд бидний ирээдүй", "Бүхнийг хүүхдийн төлөе" гэх уриа лоозонгууд хаана явна вэ. Мөн ХТҮГ, нийслэлийн Хүүхдийн төлөө газар тэргүүтэй хүүхдийн нэр барьж үйл ажиллагаа явуулдаг олон зуун байгууллага юу хийж байна вэ.

Үнэн хэрэгтээ тэд хүүхдийн нэр барьж дотоодын болон гадаадын зээл тусламж, төсөв мөнгийг авч еөрсдийн халаасыг зузаатгадаг гэдгийг шүүмжлэх хүн олон байна. Үүнээс харахад хүүхдийн зовлон дарамт дуусахгүй л байвал тэдэнд ашигтай мэт. Тиймээс л хүүхдийн төлөө идэвхитэй тэмцэхгүй байх шиг санагдаж буйг нуух юун.

Хэрэв үгүй бол хүүхдийн нэр барьсан олон зуун байгууллага, хувь хүн өдөр бүр гэмт хэрэг илрүүлж, олонд дэлгэж, гэмт этгээдэд хариуцлага тооцуулж байх учиртай. Гэтэл хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож хорих ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, гэр орон, сургууль, цэцэрлэг, болон асрамж халамжийн төв, гудамж талбай зэрэг бүхий л орчиндоо хүчирхийлэл, дарамтад өртсөөр байна.

Магадгүй таны хүү, охин гэмт хэргийн золиос, зохион байгуулагч нь болж яваа ч байж мэднэ. Ийм л орчинд хүүхдүүд есөн төлжиж, өргөн хүрээгээр тэлж байна. Үүнд хэн буруутай вэ?

М.Наранболд

Эх сурвалж: