Намар болж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд шинэ хичээлийн жилийн нээлтэндээ өчигдрөөс орж эхэлсэн билээ. Харин зунжингаа хөдөө, гадаа, амралт зугаалгаар ээж, аавыгаа даган явсан хүүхдүүд ангийн нөхдүүдээ санасан гэж чигтэйхэн. Ангийнхаа үүдэнд зун юу хийсэн, хаашаа явсан тухайгаа ярилцах 5 настангууд хөөрхөн харагдана. 

Есдүгээр сарын 1. Жижигхэн хахуулийн өдөр энэ өдөр хоёрдахь өдрөө ч үргэлжилж байгаа харагдав. Мэдээж баярын өдөр юм чинь багшдаа хүүхдүүд нь цэцэг, чихрийн цуглуулга өгөхөд яагаад болохгүй гэж хэмээн хэлэх биз. Бидний нөгөө яриад байдаг "хахууль" гээч чинь жижиг зүйлээс эхлэлтэй. 

Өчигдрийн байдлаар захын нэг цэцэрлэг, сургуулийн багшийн анги руу шагайхад ширээ нь цэцгийн баглаа, нобар, бэлэг дурсгалаар зүйлсээр дүүрсэн дүр зургийг олж харна. Өнөө өглөө ч бяцхан жаалууд цэцэг, набор барьсаар ангидаа гүйж орон багшдаа өгч байгаатай олонтаа таарлаа. 

Цэцэрлэгийн багачууд тоглоом, сандал, амны болон ариун цэврийн цаас, өнгийн цаас, усан будаг, өнгийн харандаа, дэвтэр, хайч, скоч, баримлын шавар, зургийн дэвтэр, оо, саван, сойз, цэвэрлэгээний материал гээд л өчнөөн зүйлийг эцэг, эхээр бэлдүүлдэг. Эдгээр зүйлс нь ганцаар тогтохгүй бөгөөд олон тоогоор авах шаардлагатай хэмээн бичсэн зүйлс их байдаг. Нэг хичээлийн жилд тэр хураалгасан зүйлсээ та, бидний хүүхэд өөрсдөө хэрэглэж дуусгадаг болов уу. Зарим нэг нь үүн дээр эргэлздэг. Арга үгүй биз, хүүхдүүдийн хувцсаа сольдог өрөөнд амны сальфитек байхгүй байдаг. Тэр үед нэгэн удаа "багшаа сальфитек нь дуусчихаж байна уу" гэж асуухад "харин тийм байна. Одоо ингэсгээд орж нягтлангаар гаргуулж авья" гэж байсан удаатай. Бидний хураалгасан зүйлсийг ангийн багшаас хурааж авч, багшаас нягтлан нэг бүрчлэн тоолж авдаг аж. Тэгээд хэн багшийн анги юу юу, тоо ширхэгээр нь нэг бүрчлэн тэмдэглэнэ. Энэ нь нэг хүүхэд ангидаа 5 уут буюу 5 боодол амны сальфитек хураалгасан гэж бодохоор нэг ангийн 40 хүүхэд 200 боодол сальфитек хураалгадаг гэсэн үг. Харин нэг хичээлийн жилд энэ бүгдийг багачууд маань өөрсдөө хэрэглэж дуусгадаг эсэх нь тун эргэлзээтэй. 

Харин ЕБС-ийн багш нар болохоор сургуулийн засвар, кабинетын тохижолт, ангийн фонд, цэвэрлэгээний угаалгын нунтаг, саван, анги засвар, тарааж өгөх материал, давтлага, канон, бичгийн цаас, хөшиг, тюуль, самбар, шохой, хавтас, ном, сонин, шинэ жил, багш нарын баяр, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр гээд л тэмдэглэж эцэг, эхийн халааснаас татах татаас мундахгүй олон. Өнөө цагт цэцэрлэгийн багачууд хүртэл мартын 8, цэргийн баярыг тэмдэглэж, хоорондоо бэлэг сэлт солилцох болсон цаг үе.

Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс эхлээд мартын найман, шинэ жил, багш нарын  баяр, ангийн хүүхдийн төрсөн өдөр мөн багшийн төрсөн өдөр, анги төгсөлтийн баяр, гээд л өнөөх жижиг хахууль явагдсаар байгаад л хичээлийн жил дуусдаг болжээ. Тухайлбал, багш нарын баяраар нөгөө ангийнхнаасаа илүү "бэлэг"-ийг багшдаа өгчих гээд үзэж, тарж үсэрч наалддаг. Эцэг, эхийн зөвлөл гэж том хахуулийн үүр, уурхай гээд хэлчихвэл буруутгахгүй биз ээ. Багшдаа юу авч өгөх үү гэдгээ хурлаараа авч хэлэлцэнэ. За тэгээд боломжтой нэг нь амандаа орсон  тоогоо хэлж орхино. Үүнийг нь нөгөө гайгүй санхүүгийн бололцоотой хэдхэн хүн нь дэмжихэд л эцэг, эхийн 100 хувийн саналаар дэмжигдлээ гээд л өнөөх төсвөө баталж орхидог. Тэдний ард боломж, бололцоогүй хүн олон бий гэдгийг бодолцож үздэггүй. Нөгөө хэд нь ч боломжгүй гэдгээ хэлэхээс ичиж дуугүйхэн зөвшөөрдөг. Дараа нь өгч чадахгүй махаа зулгаан байж мөнгийн хураалгах чаа аядахад ямар их нэхүүлдэг юм бэ, хүүхдүүдээ үнэгүй сургуульд өгч байж ганц удаа мөнгөө татлаагүй түдлээгүй хураалгачихад яадаг байна аа гэж загнуулах нь тэр. Багшдаа "бэлэг" авч өгөх гэж байна хэмээн матдаг газар нь хэлчихээр "зарагч", хэл амтайгаар дуудуулаад дүүрдэг. 

Ингээд л бид сургууль, цэцэрлэгийн багш нарыг өөрсдөө гар харсан буюу хахууль авах дуртай болчихно. Дараа нь үүнийг ч мэдэхгүй "авилгач" ардын багш гэх нэр хочийг зүүлгээд авна. Есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүүхдүүд нь "би багшдаа юу өгөх юм. Түрүү жил манай ангийн тэр их гоё цэцэг өгсөн. Багшид их таалагдсан" гээд л хошуугаа унжуулж, багшдаа ая тал засах аргаа олж байгаа нь тэр. Мөн л хүүхдүүддээ багаас нь "хахууль" өгөхөд сургаж байгаа гэдгээ та бүхэн мэдэх үү. Манай улс дэлхийн улс орнуудаас авилгачаар нь жагсаахад Монгол улс хоёрдугаарт орсон. 

Заавал багш нарт жижиг хахууль өгөх хэрэгтэй юу. Багш нар чинь нэг л өдөр хүүхдүүдийг чинь барьж ирсэн бэлгээр нь ялгаварлан харьцаж, гар дээр нь юм тавиагүй нэгнийг нь нүд үзүүрлэдэг болчихвол та гайхах хэрэггүй. Та үүнд нь гар бие оролцсон  шүү дээ.  Жижиг авилга өгч чадахгүй хүүхдээ арай хийн бүтэн хувцастай цэцэрлэг, сургуульд явуулдаг гэр бүл олон бий гэдгийг санаарай. 

Х.Даваа