Татвар төлөгчдийн халааснаас төртэй зэрэгцэн албан ёсоор татаас авдаг ганцхан байгууллага бий.

Тэр бол газар нутгаар нь бүсчилсэн аймаг, нийслэлийн 22 холбоо, мэргэжлээр нь ангилсан салбарын 14 холбоо бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл нэртэйгээр 1927 онд анх байгуулагдаж байсан энэ байгууллага нь өнөөдрийг хүртэл хамгийн олон гишүүн, дэмжигчтэй болсноо зарлан тунхагладаг. Харин үүний цаана орлого нь , өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэл рүү урсан орох мөнгөний хэмжээ хэрхэн нэмэгдсээр байгааг, тэр мөнгийг юунд хэрхэн зарцуулж байгаагаа хэзээ ч хэлдэггүй. Энд хэн нэгний хийсэн ажлыг үгүйсгэх гэсэнгүй. Зөвхөн хэдэн мянган багш, эмч, барилгачин, төмөр замчин, уурхайчдыг эгнээндээ нэгтгэсэн  Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх том байгууллагын санхүүжилтийн талаар бяцхан тоо бодох гэсэн юм.

ҮЙЛДЭРЧНИЙ ЭВЛЭЛ АШИГТАЙ БИЗНЕС БОЛСОН УУ?

 

Монголын үйлдвэрч­ний эвлэлийн холбооны үйл ажиллагааны гол чиглэл нь гишүүн хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалах. Тэгвэл энэ холбоонд элссэн гишүүдийн тоо өнөөдрийн байдлаар 214620 байна. Гэхдээ зөвхөн идэвхтэй гишүүдийн тоо энэ. Сайн дураар элссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд байнгын идэвхтэй биш гишүүд бас бий. Идэвхтэй гишүүд гэдэгт авто замчин, барилгачин, эмч, багш, уурхайчин, тээвэрчин, хүнсчин, нийтийн аж ахуйн ажилчин зэрэг мэргэжлийн чиглэлүүд дундаас хамгийн өнөр өтгөн салбарынхан багтдаг.

Үйлдвэрчний эвлэлийнхэн зөвхөн гишүүн болсон татвар төлөгчдөд л үйлчилнэ. Харин тэд гишүүдээсээ хэдэн төгрөгийн татвар хураадаг вэ. Дүрэмд нь зааснаар энэ нь тун хялбархан бөгөөд нэг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, бэлэн бусаар хураана гэжээ. Одоо бодлого бодьё. 214 мянга 620 гишүүний нэг сарын дундаж цалинг 450 мянган төгрөгөөр тооцож үзье. Үүний нэг хувь нь сар бүр үйлдвэрчний эвлэлийн хороодын данс руу автоматаар шилжинэ. / Дүрэмд нь нэг ба түүнээс дээш хувь гэж заасан/. Энэ нь 4500 төгрөг. Үүнийг 214620 гишүүнд үржүүлэхэд 965 сая 790 мянган төгрөг болж байна.

Өөрөөр хэлбэл, орон даяар байгаа үйлдвэрчний эвлэлийн хороод зөвхөн идэвхтэй гишүүдээсээ сард нэг тэрбум орчим төгрөгийн татварыг авдаг байх нь. Хамгийн багаар бодоход шүү дээ. Үүн дээр идэвхгүй гишүүдийн татвар зэргийг нэмбэл багагүй тоо гарах нь ойлгомжтой.

Үүн дээр нэмээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд орлого оруулдаг обьектууд бий. Хамгийн энгийн жишээ нь Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон. Гишүүн хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй гэх боловч тус ордон өдөр бүр зай завсаргүй тоглолт хийх хошин шогийнхноос л гэхэд чамгүй их түрээсийн орлого олж байгаа. Мөн МҮЭХ-ны харьяанд Хөдөлмөрийн дээд сургууль, Сонгины амралт, Тээвэр үйлчил­гээний төв зэрэг хэд хэдэн байгууллага бий.

 

ҮЭ-ИЙН ГИШҮҮН ЯМАР ЭРХТЭЙ ВЭ?

 

Цалин нэмэхийг шаардаж, ажлаа хаян уйгагүй жагсдаг багш, эмч нар МҮЭХ-ны гишүүн учраас л тэр. Учир нь тэд холбоонд нэгдэж татвар төлснийхөө төлөө эрх ашгийнхаа төлөө жагсаал, цуглаан, ажил хаялтанд оролцох эрх эдэлдэг. Мөн гишүүн болсноор хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулах хүчтэй байгууллага болж, ажил олгогчийн аливаа хууль бус дарамт, шахалтаас хамгаалагдаж, ажлын байр нь баталгаатай болж, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч хөнгөлөлттэй үнээр өмгөөлүүлж, үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоо гэрээ хэлэлцээр байгуулж, МҮЭ-ийн харьяа байгууллагуудын /МҮЭСТО, Сонгины амралт гэх мэт/ үйлчилгээг мөн л үнэгүй биш хөнгөлттэйгээр авч болдог байна. Энэ бол холбооны гишүүдийн эрх. Харин татвараа төлдөг ч эрхээ мэддэг, үйлдвэрчний эвлэлдээ ханддаг хүн хэр олон бол. Бүхэл бүтэн 214 мянган идэвхтэй гишүүнтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны фэйсбүүк хуудас ердөө 745 лайктай. Өдөр алгасахгүй гардаг барилгын ослын хохирогчид ихэвчлэн ажилчид нь байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний эвлэл гэх байгууллага эдгээр осолд барилгын эздийг буруутгаж нэг үг дуугарсан уу. Магадгүй хохирогчид холбоондоо гишүүнээр элсээгүй байсан байж мэдэх юм. Хэрэв үйлдвэрчний эвлэл татвар төлдөг гишүүн бүртээ хүрч ажиллаж чаддаг бол сард цалингийнхаа нэг хувийг өгөөд эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй биз. Тиймээс жагсаал цуглаан, сургалт, хурлаас өөр яг яаж ажилладаг, ямар үр дүн гаргадаг талаар илүү бодитой мэдээллийг олон түмэнд хүргэхсэн.

 

60 ХУВИЙН НЭМЭГДЭЛ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

 

Монголын үйлдвэрч­ний эвлэлийн холбооны байгуулсан нэг том “гавьяа” бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ца­лин­гийн доод хэмжээг нэмүүлж 140400-гаас 192000 төгрөг болгосон явдал байлаа. Хэдий наанаа 50 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн нааштай үйл явдал боловч нийт массын хувьд өнөөх өргөн хэрэглээний барааны шошгон дээрх үнийн цифр өөдөө өгсөх сайхан шалтгаан болсон гэж шүүмжилсээр. Албан мэдээгээр сүүлийн нэг жилийн хугацаанд 4.5 хувиар өссөн инфляц өнөөх 50 мянган төгрөгийн нэмэгдлийг аваагүйтэй адил, бүр тэрнээс ч дор хэмжээнд хүргэж орхилоо. Харин 36.7 хувиар нэмэгдсэн цалингийн доод хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагын орлогыг 36.7 хувиар нэмснийг хэн ч анзаараагүй. Өөрөөр хэлбэл, холбоондоо 1400 төгрөгийн татвар төлдөг байсан ажилчин цалин нь нэмэгдсэнээр 1900 төгрөгийн татвар төлдөг болсон хэрэг.

Цалин хөлс нэмэхийг шаардан жагсах бүрийд өргөн хэрэглээний барааны үнэ жам мэт өсч, инфляц томорсоор байдгийг эдийн засагчид хэлсээр байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ч энэ талаар хэлж, багш, эмч нарыг урдаа барин жагсаж цуглахгүй байхыг холбогдох хүмүүс сануулсан удаатай. Хамгийн сүүлд тус байгууллага өнгөрсөн долдугаар сард Засгийн газарт санал хүргүүлжээ. Тэр саналд 2015 оны улсын төсвийг боловсруулахдаа улс орны эдийн засгийн хүндрэлээс улбаатай хөдөлмөр эрхлэгчдийн амжиргааны уналт, худалдан авах чадварыг онцгойлон анхаарч, ажилгүйдэл, ядуур­лыг арилгах арга хэмжээнүүдийг яарал­тай хэрэгжүүлэх шаард­лагатайг онцолсон байв. 

Ингэхдээ төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг тусгажээ. Магадгүй санал биеллээ олвол түүнээс гарах үр дагавар буюу хөөсөн инфляцийг өнөөх хувийн хэвшлийнхэн л нуруун дээрээ үүрч таарах биз. Харин үүний цаана төсвийн ажилчдыг эгнээндээ хоморголон нэгтгэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдээсээ авдаг татварын орлого шууд 60 хувиар автоматаар нэмэгдэх тактик бий.

Эцэст нь хөдөлмөрчин олныг өмөөрдөг байгууллагатай байх нь сайн хэрэг. Харин үйл ажиллагаагаа, санхүү, тайлангаа, орлого, зарлагаа эргээд хөдөлмөрчин олондоо тайлагнавал яасан юм бэ Х.Амгаланбаатар дарга аа. Төр, засгийг төсвийн зарцуулалтыг ил тод тайлагна гэж байнга л шахаж шавдуулдаг шигээ өөрсдөө нэг удаа ийм үйлдэл хийвэл нэр цэвэр биш гэж үү.

Эцэст нь дахин хэлэхэд хийсэн, бүтээснийг үгүйсгэх гэсэнгүй. Татвар төлсөн гишүүддээ өнгөрсөн хугацаанд хэрхэн хүрч ажиллав. Зөвхөн цалин хөлсний нэмэгдэл гэлгүйгээр хөдөлмөрлөх орчин, хүний эрхийг хангах тал дээр ямар ахиц гаргав гэдгээ олон нийтэд тайлагнаарай.

 

Б.ТӨГС