Энэ сарын 18-нд хилийн чанад дахь монголчуудын Анхдугаар чуулга уулзалт, “Монгол орны хөгжилд” сэдэвт X чуулга уулзалтыг ГХЯ ба “Цахим Өртөө Холбоо” хэмээхТББ Улаанбаатар хотноо хамтран зохиох гэнэ. 
 
Мэдээллээс нь үзвэл, эдгээр чуулга уулзалтаар, харь улсад буй монголчууд эх орондоо хувь нэмрээ оруулах, хойч үедээ хэл соёлыг нь хадгалж үлдээх зэрэг чухал сэдвээр хэлэлцэх юм байна. Энэ нь тун сайхан хэрэг. 
 
Гэвч, чуулган нэгэн асуудлыг чухалчлан хөндөнө гэдгийг дуулаад, Монголдоо амьдарч, ажиллаж буй иргэний хувиар үгээ хүргэхээр шийдсэн нь энэ. 
 
Дээрх арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Д.Цэрэнбатын хэлснээр, чуулга уулзалт “иргэний давхар харьяалал”-ын асуудлыг шийдэхэд анхаарч, төр засагт хандан, лоббидохоор төлөвлөжээ. Тэрээр ярилцлагадаа доорхыг өгүүлжээ: 
 
“Төр засгийн зүгээс анхаарч судалж, хууль эрх зүйн өнөөгийн тогтолцоогоо эргэн харж өөрчлөхгүй бол болохгүй байгаа “давхар харьяалал”-ын асуудлыг  хөндөнө. Монголд маань мөрдөгдөж буй өнөөгийн “Харъяатын тухай хууль”-д “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй”  гээд заасан. 
 
Та  нэг бол Монгол Улсын иргэн, эс бол гадаад улсын иргэн. Энэ хоёрын хооронд иргэншил, харъяаллын олон хэлбэр байж болохыг тооцон хууль эрх зүйн орчноор зохицуулж болно... Илтгэлийг Германд мэргэшиж боловсорсон, “Цахим Өртөө Холбоо”-ны гишүүн, хуульч Д.Үүрцайх боловсруулж байгаа.”
 
Д.Цэрэнбатын хэлсэнээр, өнөөдөр,хилийн чанад дахь монголчуудын хувьд иргэний харъяалал асуудал болсон гэнэ. Гэхдээ, тодорхой хүрээнд, өөрөөр хэлбэл, гадаадын иргэн болсон монголчуудын хувьд юм. 
 
Хэдийгээр тэд харь улсад хөлөө олж, тэндээ дажгүй амьдралтай болсон хэдий ч, өөрийгөө болон хүүхдүүдээ Монголын харъяатаас гаргах хүсэлгүй ажээ. Үүний зэрэгцээ, тэдэнд төрж, өссөн улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэл ч бий.
 
Гэхдээ, нөхцөл байдлыг эхлээд эргэн харах хэрэгтэй юм. Асуудал ингэж эхэлжээ. 1990 оны дараа Монголд амьдрал хүнд болсон тул, илүү боломжтой монголчууд нь өөрийгөө, үр хүүхдээ бодон Монголоос арай дээр, тав тухтай амьдрал хөөн харь улсад цагаачлах болсон(Өмнөд Солонгост ажиллаад, буцаж ирсэн иргэдийг тэдний тоонд оруулаагүй). 
 
Улмаар, тэндээ хөлөө олсон зарим нь Монголын харъяаллаас татгалзаж, гадаад улсын иргэн болжээ. Харин, сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг өсөх болсон тул, тэдний зарим нь иргэний харъяалалаа сэргээх, ингэхдээ сурсан мэдсэнээ Монголдоо зориулж, бас ч гэж байр сууриа давхар олох санаа өвөрлөн нааш зүглэх болжээ. Тийм биш гэж үү? 
 
Гэвч, тэдэнд бяцхан бэрхшээл тулгарав: Монгол Улс иргэний давхар харъяаллыг хуулиараа зөвшөөрдөггүй. Хэрэв гадаад иргэн Монголын иргэн болох хүсэлтэй бол, тухайн улсынхаа иргэний харъяаллаас гарах ёстой. Ийм сонголттой нүүр тулсан нэг жишээ (кэйс) нь Д.Мөнхбаяр байв.
 
Буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Сиднейн Олимпын дараа, 2002 онд Монголын иргэний харъяаллаас татгалзаж, Германы иргэн болжээ. Германы тамирчин болсон тэрээр үүний шалтгааныг “Би охиныхоо ирээдүйн төлөө Монголын иргэншлээсээ татгалзахаас аргагүй болсон. Өөрөө герман, охин маань монгол болчихоод байсан учраас асуудал их үүссэн” хэмээн нэгэн сонинд өгүүлжээ.
 
Харин, дээрх үйл явдлаас хэдэн жил өнгөрсний дараа, Д.Мөнхбаяр Монголын иргэний харъяаллаа сэргээх хүсэлт гаргажээ. Гэвч, түүний  хүсэлт хуулийн шаардлага хангаагүй тул, түдгэлзсэн хариу авав. 
 
ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийн тайлбарласнаар, “Манай улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Д.Мөнхбаяр Германы иргэнээс татгалзсан албан бичгээ авчрах ёстой. Харин Д.Мөнхбаяр энэ бичгээ авчрахгүй байгаа учраас бид үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Хэрэв тэр бичгээ аваад ирвэл бид гавьяатын иргэншлийг сэргээхэд бэлэн” ажээ. 
 
Үнэндээ, Д.Мөнхбаяр түдгэлзсэн хариу авсан нь Монголын хүнд сурталтай холбоогүй байв. Хэвлэлүүдэд бичсэнээр, тэрээр Германы армийн албанд бүртгэлтэй, мөн түүний нөхөр асан герман хүн Германы армид тусгай алба хашиж байсан тул тэндэхийн иргэншлээс татгалзах нь Герман талдаа асуудалтай байсан бололтой. 
 
Ялангуяа, Мөнхбаярын нөхөр асан хүн Германы армийн тусгай албанд байснаас үүдэн, түүнийг Германы үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотойгоор сайтар шалгах хэрэгтэй болжээ. Ингэхээр, гол хүндрэл нь Монголын хуульд бус, Германы “үндэсний аюулгүй байдал”-д байжээ. 
 
Монгол шиг хүн ам цөөтэй улс орнууд лэнэ маягаар иргэний давхар харъяаллыг хуулиараа зөвшөөрдөггүй гэсэн ойлголт олон хүнд байж магадгүй. Гэвч, энэ нь эндүү ойголт ажээ. Жишээлбэл, 120 сая гаруй хүнтэй, хөгжингүй Япон улс иргэний давхар харъяаллыг зөвшөөрдөггүй. Япон улс давхар харъяаллыг зөвшөөрдөг байсан боловч, 1985 онд иргэн харъяатын шинэ хууль баталж, давхар харъяаллыг хоригложээ.
 
Монгол Улс давхар харъяаллыг хуулиараа зөвшөөрдөггүйн учир нь үндсэрхэг үзэлд байгаа юм биш. Энэ нь олон улс орон мөрддөг практик байсаар иржээ. Давхар харъяаллыг зөвшөөрөггүй улсуудын хувьд, хоёр том шалтгаан бий. 
 
Нэгдүгээрт, хууль эрхийн талаас нь авч үзвэл, нэг улсын давхар харъяалалтай болон дан харъяалалтай иргэдийн хооронд “эрхзүйн тэгш бус боломж” үүсэх гээд байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, адилхан нэг улсын иргэд мөртлөө, давхар харъяалалтай иргэд нь нөгөөдүүлээсээ илүү боломж, эрх эдлэх гээд байдаг. 
 
Хоёрдугаарт,давхар харъяалал нь үндэсний аюулгүй байдалд хамаатай. Үүнийг заавал үндэсний үзэлээр тайлбарлах албагүй юм. Гол нь, төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд иргэддээ хүндрэл чирэгдэл учруулах, үүгээр ч зогсохгүй өөрийн болон гадаадын иргэд (давхар харъяалалтай иргэд)-д ялгавартай хандах,шалгах, тагнах зэрэг эвгүй зүйлд ч орооцолдох магадлалтай юм. Энэ нь өнөө үед их эмзэг, хүний эрхийн асуудал болно.
 
Үүнээс үзвэл, Монгол Улс хуулиа өөрчилж, давхар харъяаллыг зөвшөөрөх нь 2.9 сая“Монгол хүн”-ий маш том, язгуур эрх ашгийг шууд хөндөж байгаа хэрэг! Энэ нь юуны өмнө, 2.9 сая Монгол хүнд хуулиар оноосон тэгш боломж ба эрхийн асуудлыг хөндөх үү, үгүй юу гэдгийг, улмаар, 2.9 сая Монгол хүний энх тунх, аюулгүй амьдралын арга замыг хэрхэн шийдэх вэ гэдэг хэцүү асуудалд хүргэх болно. 
 
Ялангуяа, 1.3 тэрбум хүнтэй аварга орон, Хятадын хөрш Монгол шиг улсын хувьд, энэ нь илүү хэцүү асуудал байх нь ойлгомжтой юм.  
 
Сонголт бол өөрөө эрх чөлөө билээ. Монгол Улс иргэддээ сонголт хийх эрх чөлөөг харамгүй өгсөн, одоо ч өгсөөр. Энэ дагуу, монгол хүмүүс сонголтоо хийсэн, одоо ч хийсээр. 
 
Гэхдээ, гадаад улсын харьяат болох сонголт хийсэн нь Монгол Улсын нийт хүн амтай харьцуулбал өчүүхэн бага хувийг эзэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд ар гэр, эх орондоо хувь нэмрээ оруулсан нь үнэн. Гэхдээ л, тодорхой хэмжээнд. Цаашид ч ийм байна. 
 
Гадаадын иргэн болсон монголчуудын амнаас биднийг хүлээн авахгүй бол Монгол үсрэнгүй хөгжихгүй гэх маягийн үг унаж байсныг нэг бус удаа сонссон билээ. Гэвч,үнэндээ тийм биш. Тэдэнд давхар харъяалалгүйгээр Монголд хувь нэмрээ оруулах олон боломж бий. 
 
Нөгөө талаар, тэдэнтэй, тэдэнгүй Монгол Улс оршин тогтнож, хөгжинө гэдэг нь бас үнэн. Харь оронд амжилттай сурч, ажиллаж байгаад эх нутаа хэмээн санаж, эргэн ирж буй монголчууд нь тэдэнтэй харьцуулашгүй олон, тэднээс хол илүү хувь нэмрээ оруулсан гэдгийг би бас сайн мэднэ. Цаашид ч ийм байна. 
 
Иймд,тэд гадаад улсад буй нийт монголчуудын нэрийг барьж давхар харъяаллын асуудлыгсөхөх нь ёс зүйгүй хэрэг юм. 
 
Тэдний хүсэл, сонирхол хичнээн сайхан ч, тэр нь Монгол Улсын бүх иргэний бодит эрх ашиг, сонирхолоос дээгүүрт тавигдах учиргүй гэдгийг тэд өөрсдөө ухамсарлан ойлгох учиртай билээ. Хэрэв тэдний “шаардлага, лобби”-гоор Монгол Улс хуулиа өөрчилж, давхар иргэний харъяаллыг шийдэх, Үндсэн хуулийг өөрчлөх асуудал тавигдвал, үүнийг тэд бус, харин Монголын бүх ард түмний саналаар шийдэх ёстой. Энэ нь шударга бөгөөд зүйд нийцнэ.
 
Үүнийг бичээч би бээр манай эрх баригчид Монголын бүх ард түмний эрх ашгийг анхаарна гэдэгт найднам. Ямар боловч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад дахь монголчуудтай уулзсан нэгэн уулзалт дээр үндэсний аюлгүй байдалтай холбоотой тул Монгол Улс давхар харъяаллын талаарх өнөөгийн бодлогоо өөрчлөхгүй хэмээн хэлснийг санаж байна. 
 
 
Ү.Эсэнбаяр