АНУ-ын нэр хүнд бүхий “The National Interest” сэтгүүлийн дугаарт судлаач Ж.Беркшир Миллерийн ийм гарчигтай  нийтлэл гарсныг товчлон хүргэж байна.

Монгол-Японы чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь Токиогийн хувьд Ази дахь тогтвортой худалдааны орчин бүрдүүлэх ээлжит хэлэлцээр ч Монголын хувьд дэлхийд эдийн засгаараа гуравт ордог гүрэнтэй байгуулсан гэрээ гэдгээрээ маш чухал ач холбогдолтой. Монголын хувьд энэ нь өөрийн бүс нутаг болох Зүүн Азийн аливаа нэг оронтой байгуулсан анхны чөлөөт худалдааны гэрээ. Өдгөө Монгол Улс ийм төрлийн гэрээг тус бүс нутгийн БНСУ, БНХАУ-тай байгуулахыг судлаж байгаа. Гэхдээ Улаанбаатар элдэв чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар, бүс нутгийн харилцаанд илүүтэй оролцсоноор эдийн засгаа хурдацтай урагшлуулж чадах уу?

Сүүлийн хэдэн жилийн турш эдийн засгийнхаа эрчимтэй хөгжлийн дараа Монгол Улс ДНБ-ий өсөлт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом бууралттай нүүр тулсан. Үнэнийг хэлэхэд сүүлийн хоёр жилд тус улс дэлхийд нүүрсний үнэ огцом өссөнтэй холбогдуулан өөрийн үнэ цэнээ өсгөсөн бөгөөд үүнийхээ уршгаар эдийн засгийн уул уурхайн салбараасаа л хамааралтай болсон. Гэтэл нүүрсний эрэлт хэрэгцээ глобал төвшинд буурч эхлэхэд Монголд оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом доошилжээ.

Өмнөх жилтэй харьцуулахад энэ оны эхний зургаан сард Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт даруй 70 гаруй хувиар буурсан байна. 2013 оноос өмнөх жилүүдэд тус улсад гадаадын хөрөнгө оруулалт жилд бараг 50 хувиар өсч байсан үйл явц ийнхүү зогссон нь Төв Ази дахь Монголд том цохилт болжээ. Уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт буурснаас гадна Засгийн газрынхаа эдийн засгийг өдөөн өсгөх бодлогын алдаанаас улбаалан негатив баланстай болсон байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй тохиолдолд Монгол Улсын өнөөгийн 10 хувийн гадаад худалдааны алдагдал улам бүр нэмэгдэн экспортоо нэмэгдүүлэхээс илүү гаднаас импортлох эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгөнд түлхүү мөнгө төлөхөд хүргэх болжээ.

Дэлхийн банкны мэдээлж буйгаар, тус улсын хөдөө аж ахуй, эрчим хүч, барилгын салбар ч мөн адил таагүй байдалд орсон аж. Эдийн засгийн эдгээр хүчин зүйл нь Монголд 10 хувиас дээш инфляц өдөөж, тус улсын иргэдийн худалдан авах чадварыг ч багасгаж байгаа юм. Энэ нь тус улсад хэт их эрэлт хэрэгцээтэй орон сууцны зах зээлд ч нөлөөлж буй.

Гэхдээ л, Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг дахин өдөөх чухал сэжим болсон гэж дүгнэж болмоор.

 

Б.БАРС

 "Зууны мэдээ" сонин