Хоёр хөршийн элч Монголын төмөр замын бодлогод нөлөөлж эхлэв
2013/05/09
Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн В.Якунин нөгөөдөр Ерөнхий сайдтай уулзана. Гэвч Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи түүнээс урьтчихав.
Манай улсад хийж буй түүний айлчлал уржигдар эхэлсэн юм. Өмнөд хөршийн төлөөлөгч ирэхтэй зэрэгцэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар нэгэн сонирхолтой шийдвэр гарлаа.
Тэр бол 2010 онд батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг өөрчлөх саналыг энэ сардаа багтаан УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн явдал юм.
Тус байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн Зам тээврийн яамныхныг өөд уруугүй загнаж орхив. “300 километр төмөр зам барих ажлыг зогсоосон. Монголын төмөр зам барих ажлыг унагааж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд газар шорооны ажил эхлүүлнэ гэсэн. Одоо юу ч хийгээгүй байна. Уг нь М.Энхсайханыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн даргаар очиход нь үнэн юм хэлэх болов уу гэсэн чинь халчихсан... Яагаад төмөр замын асуудлыг Засгийн газар оруулахгүй байгаа юм” гэж байгаад төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар дахин яаралтай хэлэлцүүлэх санал дээрээ байнгын хороодын гишүүдийн дэмжлэгийг авч чадсан юм. Тэр ч байтугай үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулах тухай яриа ч явсан.
Өөрөөр хэлбэл, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Монголд айлчлах үеэр шинэ төмөр замыг өргөн царигаар барих эсэхийг дахин хэлэлцэхээр боллоо. Хэрэв царигийг өөрчилж нарийн болговол манай улс өмнөд хөршийн төмөр замын сүлжээнд холбогдоно гэсэн үг. Яагаад гэнэт Ц.Нямдорж энэ өдөр дүрэлзэв. Яагаад Хятадын төлөөлөгч ирсэн өдөр гэнэт төмөр замын царигийн тухай чанга дуугаар хашгирав. Бодох л асуудал...
Нэгэн цагт Л.Гүндалай гишүүн түүнийг Хятадын тагнуул гээд 45 хуудас материал гаргаж ирээд сүр дуулиан, хэрүүл тэмцэл болж билээ. За энэ ч яахав. Дэмий юм бодов байна. Харин өнгөрсөн сарын 19-нд Ардын намынхан Ерөнхий сайдад нэгэн асуулга тавьсан.
Тэр нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар УИХ-аар хэлэлцүүлэх явдал байв. Тэр дунд нь төмөр замын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д тавьж шийдвэрлүүлэх тухай тусгасан юм. Үүнийг нь л сая Эдийн засгийн байнгын хороогоор дэмжчихлээ. Өмнөд хөршийн элч Монголын төмөр замын бодлогод нөлөөлөх зорилготой ирсэн гэж таах юм бол одоо тэр зорилгодоо нэг алхам дөхөж очсон гэж дүгнэж болохоор.
Тэгвэл В.Якунин ирээд юу ярих вэ. Бас л төмөр зам. Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан түүний захидал хэвлэлд гарсан. Түүн дээр нь манай Засгийн газрын тэргүүнд хандаж “Танай санхүүжилтээ татахын тулд санал болгож буй хэлбэр тийм ч оновчтой биш нь илт байна” хэмээн шүүмжилсэн. Бидэнд төмөр зам барих мөнгө байхгүй.
Тийм учраас шинэ төмөр замын төслийн 49 хувьд гадны компаниудын хөрөнгө оруулалтыг татах шийдвэр гаргасан юм. Ингээд өнгөрсөн оны хоёрдугаар сард тендер зарлав. Оросын төмөр зам нийгэмлэгийг оролцуулаад гадаадын 14, дотоодын зургаан компанид саналаа явууллаа. Гуравдагч хөрш гэх нэрийн дор бидэнтэй түншлэх дуртай гадныхан үүнийг нь дуртайяа хүлээж авсан биз.
Гэвч энэ нь оросуудад л лав таалагдаагүй юм. Тэгэхээр В.Якунин нэг бол энэ 49 хувийг дангаараа эзэмших, аль эсвэл “Улаанбаатар төмөр зам”-ын 51 хувийг он удаан жил эзэмшсэн шигээ давуу эрхтэй хөрөнгө оруулагч нь болох сонирхлоо илэрхийлэх байх. Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан долоон тэрбум ам.долларын санхүүжилт гаргах боломжтой гэдгээ хойд хөршийнхөн хэлж байсан нь саяхан.
Нэгэн цагт Монголд ирээд буцахдаа В.Якунин “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэж сургамжилж байв. Харин одоо бол төмөр зам байгуулах хөрөнгийг нь өгье, оронд нь маш том хувь эзэмшмээр байна гэж хэлж байх шиг. Үүний хажуугаар төмөр замын цариг өргөн байхын ач холбогдлыг бидэнд заах биз.
Гэвч хоёр хөршийн бодлого Монголын төрийн түшээдэд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлчихсэн билээ.
Т.Элиса
Зочин · 2013/08/12
********** гөлөгнүүдээ. Хужаа нар төмөр замаар зэвсэ техникээ , цэргээ ачаад хүрээд ирнэ.
Зочин · 2013/06/01
neg tom zam barihad zaawal l gadnii ***** uulalt heregtei bgn bhdaa. ***ii...
Зочин · 2013/05/10
Tsagirag nariin baisan ni deer l dee. delhiid gant***n os l buduun tsagiragtai, tiimees zuvhun osoos l buh vagon selbegee mash undur uneer avna gesen ug shdee