“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны урд талбайд зөвшөөрөлгүй барилга барьж байна” гэх мэдээллийн дагуу тус газрыг зорилоо. Биднийг очиход тус холбооноос тавхан алхмын зайд цэнхэр хашаа хатгаж газар шорооны ажил хийж байв.

Хэн ч харсан арай ч дээ, өөр газар олдоогүй юм байх даа гэмээр. Учир нь, тухайн хашааны хойд талд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо мөн урд талд нь Дунд гол. Түүний урдуур засмал зам байв.

Хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг алга дарам газарт барилга барихаар зэхэж байгаа нь энэ. Харин барилгын хашааны хажуугаар хараагүй иргэд бүдэрч унахаас сэрэмжилж, таягаараа газар тогшин алхана. Ганц, хоёр алхаад л том чулуу, ухсан нүхтэй таарах юм. Төд удалгүй газар шорооны ажил хийж буй том том машин тэдний хажуугаар явж, байн байн сигналаа дуугаргана.

Тэр бүрт хараагүй иргэд их л тавгүйтэж байгаа бололтой. Арга ч үгүй биз дээ. Хараатай байсан бол ийм байдалд орохгүй байсан нь лавтай. Гэтэл тэдний хараагүйг далимдуулж хууль бусаар зөвшөөрөл авч, хашаа хатган, барилга барьж байх юм.

Харсан хүн нь толгой сэгсэрч, хажуугаар нь өнгөрөхөөс өөр зүйл хийж чадахгүй байв. Ийм л дүр зураг биднийг угтлаа. Бид наанаас нь очиж, ямар учиртай хашаа хатгаж, газар шорооны ажил хийж байгааг нь тодруулахад “Бид мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Харин бид тус холбоо руу орж, Хараагүйчүүдийн үйлдвэрийн захирал З.Болдсайханаас энэ талаар тодрууллаа.

З.Болдсайхан: Баянгол дүүргийн Засаг даргад хууль бус зөвшөөрлөө цуцлахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн

-Танай холбооны урд хэсэгт хашаа хатгасан байна. Хэний зөвшөөрөлтэйгөөр барилга барих гэж байгаа юм бол. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Энэ сарын 17-ны өглөө биднийг ажилдаа ирэхэд манай холбооны урд хэсэгт хашаа хатгаад “ЦЭБ” ХХК-ны ажилчид газар шорооны ажил хийж байсан. Бид ямар учиртайг нь асууж лавлахад Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн зөвшөөрөлтэй гэсэн.

Тухайн 800 ам.метр газрыг энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр орон сууцны зориулалттайгаар иргэн Энхтайванд олгосон байна лээ. Энэ хэсэгт орон сууц барих ямар ч боломжгүй.

Учир нь хашаагаа хатгахдаа манай үйлдвэрийн эзэмшил газар дээр барьсан байна. Мөн бохир болон дулааны шугам сүлжээ тэр хэсэгт нь байдаг. Тэгээд урд талд нь засмал зам байна. Ийм боломжгүй газарт орон сууц барих зөвшөөрөл олгосон байх юм.

-Энэ талаар холбогдох хүмүүст нь хандаж үзсэн үү. Зөвшөөрөл авсан иргэн Энхтайван энэ байдлаа юу гэж тайлбарлаж байна вэ?

-Манай хараагүйчүүдийн үйлдвэр болон хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтарч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод “Хууль бус захирамжаа хүчингүй болгож, хатгасан хашаагаа яаралтай буулга” гэсэн албан бичиг хүргүүлсэн.

Орон сууц барих зөвшөөрлийг зөвхөн Баянгол дүүргийн засаг дарга олгодог юм биш. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд мөн адил хүсэлт хүргүүлсэн. Хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр авах ёстой.

Хэрэв шийдэж өгөхгүй бол бид өөрсдийн биеэр очиж уулзаж, дараагийн арга хэмжээг авна. Иргэн Эхтайвантай бид утсаар ярьсан. Тэр хүн бүх талын зөвшөөрөлтэй гээд их л бардам байна лээ.

-Газрын асуудал урьд өмнө яригдаж байв уу. Эсвэл гэнэтхэн л ийм байдалд хүрэв үү?

-Манай урд хэсэгт ямар нэгэн байдлаар барилга барих гэсэн хүн их байх юм. Баянгол дүүргийн засаг дарга асан Амгалан 2010 онд 1300 ам.метр газрыг нэг иргэнд өгсөн байсан. 2011 онд “Хараагүйчүүдийн холбооны урд талын газрыг зарна” гэсэн зар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байхад нь бид мэдсэн.

Барилгын ажил эхлээгүй хоёроос гурван жил болсон тохиолдолд зөвшөөрөл хүчингүй болдог гэсэн. Энэ журмаараа тухайн зөвшөөрөл нь хүчингүй болсон юм байна лээ. Энэ асуудал ингээд намжиж байхад одоогийн дарга Д.Оросоо хууль бусаар тухайн 1300 ам.метр газрыг хуваагаад хоёр иргэнд өгсөн байна.

Бид ямар ч байсан энэ газар барилга бариулахгүй. Учир нь одоо үйл ажиллагаа явуулж буй хуучин байруудыг буулгаад суурин дээр нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн корпораци” байгуулахаар төлөвлөж байна.

Ийм хэтийн төлөвлөгөө байгаа учир энэ газарт өөр зориулалтаар барилга барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, ажил, сургууль, цэцэрлэг, орон сууц гээд хараагүйчүүдийн хотхон бий болох юм. Энэ ажлын эхлэл болгож ирэх жил хараагүйчүүдийн 90 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад дөрвөн тэрбум төгрөг суулгасан.

Тэрбээр “Холбоо руу шахаад хашаа хатгасан учир хараагүй иргэд үүгээр явахад үнэхээр хүндрэлтэй байна” хэмээн учирлаж байв. Хэдэн жилийн өмнөөс барилгын томоохон компаниуд ямар нэгэн аргаар зөвшөөрөл авч, тус холбооны эзэмшил газарт орон сууц барьж, явах газаргүй болгож байгаа гэдгийг Хараагүйчүүдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батнов онцолж байлаа.

Тэрбээр “Манай холбоо хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Өмнө жилүүдэд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Магнай трейд”, “Уран ган” зэрэг компани хоёр, гурван орон сууц барьсан. Бид тэмцээд бараагүй.

Харин одоо бүр холбооны хаалгыг таглаж, орон сууц барих гэж байна. Бид хорвоог харах мэлмийгүй хүмүүс. Гэтэл одоо бүр хоёр хөлийг минь хориж явах газаргүй болгох нь. Энэ бол байгаа олоогүй шийдвэр. Эрх бүхий хүмүүсийг шийдвэрээ эргэж хараасай гэж бодож байна” гэв.

      Энэ бол тэдний бодит дүр төрх. Энэ асуудлыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулахад “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Харин газрын зөвшөөрөл авч, орон сууц барих гэж байгаа иргэн Энхтайван энэ асуудалд “Бид бүх талын зөвшөөрлийг авсан. Зөвшөөрөлгүй барилга барих гэсэн юм байхгүй” гэв. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоог 1978 онд байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ууган байгууллага юм. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 137 мянган иргэн байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 28.9 хувийг тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй, 15.4 хувийг харааны бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдөр ирэх сарын 3-нд болох гэж байна.

Энэ удаад уг өдрийг манай улс ийм дүр төрхтэйгээр угтаж байх юм. Манай улсад энэ өдрийг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагаас тэдэнд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Ихэвчлэн сургалт, сурталчилгаа болж, гарын бэлэг гардуулахаас хэтрэхгүй. Энэ өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэггүй юмаа гэхэд алга дарам хэсэгхэн газраас нь аль нэгэн байгууллага хумслаад баймааргүй л санагдах юм.

С.Юмсүрэн