“Хотод гадаадаас ДОХ гээч юм орж ирээд, дээгүүрээ хуваагаад авчихаж гэнэ ээ” хэмээн нэг уулын амнаас нөгөө уулын бэл дэх айлд мэдээ хүрч байсан үеийг бид умартжээ. Тэр үед ХДХВ-ийн халдвартай ганц л хүн бидний дунд байсан бол өдгөө 179 дэхээ бүртгэж аваад байна. 22 жилийн дотор ийм олон өвчтөнтэй болчихсон бид дахиад ийм хугацаа өнгөрөхөд бүгдээрээ ДОХ-оор шаналж суухыг ч үгүй гэх газаргүй. Энэ үнэнийг яагаад ч юм хэн ч тоохгүй байна. Ханиад шиг агаар дуслын замаар халддаггүйд нь найдаад тэр юм болов уу. Тийм бол сайн хэрэг. Энэ өвчин ямар замаар халддаг, яаж сэргийлэхийг мэддэг болоод л, өөрийгөө, гэр бүлээ түүнээс хол байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа болоод л ДОХ-ыг тоохгүй байгаа бол ч болж байна аа.

 

Харин ДОХ гэдэг үг улиг болсон учраас, тэгж л байдаг юм хэмээн нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг болсон бол яана. Хоёр дахь таамаг үнэнд арай ойртоно. Учир нь ДОХ-ын халдвар хамгийн их авч байгаа 15-24 насныхны дунд хоёр жил тутам хийдэг судалгаагаар өсвөр, залуу үеийнхний 51 хувь нь л ДОХ гэж ямар өвчин болохыг, яаж сэргийлэхээ мэддэг гэж хариулсан байна. Ирээдүй үеийнхэн, энэ нийгмийг бүтээн байгуулж, авч явах ёстой идэрчүүдийн хоёрны нэг л өөрийгөө хамгаалж чадах нь. Энэ бол аюулын харанга дэлдсэн баримт. ДОХ-той монголчуудын дунд боловсролг үй хүн бараг байхгүй.

 

Олонх нь бүрэн дунд, дээд боловсролтой атлаа сэргийлж болох энэ өвчнөөс хамгаалж чадахгүй байгаа нь хачин. Монголчуудын дунд ДОХ бэлгийн замаар тархаж байна. Энэ бол ДОХ тусахгүй байж болно гэдгийн том нотолгоо. Хамгийн түрүүнд чичлүүлдэг биеэ үнэлэгчдээс илүүтэй ижил хүйстэн эрчүүд ДОХ-тнуудын эгнээг тэлж байна. Үүгээрээ манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг татаж, ХДХВ/ДОХ-ын халдвар бага тархсан орны тооноос хасагдан, гей, биеэ үнэлэгч зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам дахь халдвар тээгчдийн үзүүлэлтээр дунд зэргийн тархалттай орны эгнээнд орчихлоо. Энэ бол анхаарлын тэмдэг. Ерөндгийг нь олж чадаагүй, ерөөсөө олохгүй байж мэдэх ДОХ гэдэг өвчинд манай улс анхандаа аюулын анхаарч байгаад сүүлдээ мартаж, одоо бүр дотносох янзтай.

 

ХДХВ/ДОХ-той тэмцэх ажилд жил бүр зарцуулж ирсэн мөнгөний 30 хувийг улсын төсвөөс гаргаж, 68 хувийг нь олон улсын доноруудаас авч, хоёр хувийг нь хувийн хэвшлийнхэнд даатгаж иржээ. 2001 онд НҮБ-ын чуулганаас 2001-2015 онд бүх нийтээрээ ДОХ-ын асуудалд анхаарал хандуулж, 15-24 насны залуусын дундах тархалтыг 50 хувь бууруулах зорилт тавьсан ч манай улс харин өвчтөнийхөө тоог өсгөж, энэ зорилтыг сөрөв. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороог татан буулгаад хоёр жил болсон ч дахин байгуулах сураг алсрав.