Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай энэ удаагийн ярилцлагад маань уригдлаа.

Сүүлийн үед охид залуусын сонсох дуртай болоод байгаа олон сайхан дууг амилуулсан авьяаслаг дуучин маань “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчийн нэг болж байсныг уншигчид  мэдэх биз ээ. Тэрбээр энэхүү амжилтаа бататган өнгөрсөн хавар зохиогдсон  “Best of the best” наадмын Гран при шагналын эзнээр тодорсон билээ.

-Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар сурч төгссөн гэсэн. Дуулахын хажуугаар мэргэжлээрээ ажиллана биз дээ?

-Аль алиныг нь хослуулаад явна гэж боддог. Сургуулиа төгсөөд ажилд орох, хүнтэй сууж хүүхэд төрүүлэх нь ихэнх охидын хувьд аз жаргалтай амьдрал байж болох юм. Гэхдээ би арай өөр зүйл хүсч, шинийг эрэлхийлдэг хүн.

-Ер нь “Universe best songs-2011” наадамд яаж яваад оролцсон хэрэг вэ?

-Би бүр багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Архангай нутгаараа овоглодог манай гэр бүлийнхэн урлагт их элэгтэй улс. Намайг хотын  тэмцээн уралдаанд оролцохоор болсон үед аав маань хамаг ажлаа хаяад л дагаж явдаг байлаа. “Universe best songs-2010” наадамд дөрөвдүгээр шат хүртэл нь оролцоод шилдэг 25-д багтаж чадаагүй. Дараа жил нь ахиад оролцох гээд бэлтгэж байхад аав ээж хоёр “Бараг л дэмий байх даа” гээд эргэлзэж суусан. Өмнө нь оролцоод туршлага хуримтлуулсан болохоор би энэ удаагийн наадамд арай өөрөөр хандсан. Бэлтгэлийн өрөө түрээслэн авч, дууны сонголтоо хүртэл сайн бодож хийсний ачаар “Universe best songs-2011” наадмын шилдэг 25-д багтсан. Харин энэ удаа тус наадмын шилдэг оролцогчидтой өрсөлдөн Гран при шагнал гардсандаа үнэхээр баяртай байгаа. Би толиныхоо өмнө дуулдаг, хэний ч мэдэхгүй жирийн л нэг охин байхыг хүсээгүй. Тэр том тайзан дээр дуулж, өөрийнхөө авьяас чадварыг сориод үзье гэсэн зүтгэл, аав ээжийнхээ хүчин чармайлтын ачаар энэ амжилтанд хүрсэн.

-Бага байхаасаа л урлагт “дурласан” дуучин маань хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, хоёр ахтай. Манай аав сумын ИТХ-ын дарга, ээж маань холбооны газрын дарга хийдэг байсан. Намайг жаахан том болмогц аймгийн төв рүү нүүсэн гэдэг юм билээ. Ямар ч байсан, хүүхэд нас минь Цэцэрлэг суманд өнгөрсөн дөө. Хоёрдугаар ангид байхдаа аав ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн айхтар “наймаачин” хүүхэд дээ, би. Бас болоогүй ээ. Бильяард, теннис хүртэл ажиллуулаад л юм юманд оролцох гэж хичээдэг их хөдөлгөөнтэй нөхөр байлаа. Сургуулийнхаа сагс, волейболын шигээ багт хүртэл багтчихсан. Яахав, хоёр ахтайгаа цуг өссөн болохоор жаахан эршүүд зантай байж магадгүй. Ингэлээ гээд хараал ерөөл хэлж, бусадтай буруу байдлаар харьцана гэсэн үг биш. Харин тэвчээр хатуужилтай, ямар ч үед өөрийнхөөрөө байж чадна. Зарим охид шиг үг даахгүй уйлчихдаг, налигануур зан надад байхгүй. Би энэ амьдралдаа маш их хайртай. Аав ээжтэйгээ хамт элэг бүтэн амьдарч, хэнээс ч гуйхгүй бардам алхаж явна. Өнөөдөр ямар хувцас сонгож өмсөхөө мэдэхгүй “зовж” яваа хүмүүсийн хажууд сольж өмсөх хувцасгүй хүн ч байгаа шүү дээ. “Цувдай идэхгүй” гэж уурлаж байгаа нэгэн байхад, талхны мөнгөгүй хоосон хонож байгаа айл ч бий. Тэгэхээр бид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч, өчүүхэн зүйлээр шалтаглан зовлон тоочихгүй байгаасай гэж хүсдэг дээ.

-Тэгвэл хайр дурлалын тухайд..?

-Хүн л юм чинь дурлаж үзэлгүй яахав. Аль нь анхны хайр байсныг мэдэхгүй юм. Хайр гэдэг юу ч юм бэ дээ, ер нь. Бусдын жаргал минийх юм шиг санагдсан үеийг л хайр гэдэг юм болов уу. Хайртай хүн маань жаргалтай байвал би ч гэсэн жаргаснаас ялгаагүй гэсэн үг байх. Дурлал болгон бүтнэ гэж юу байхав дээ. Магадгүй, миний анхны дурлал бүтээгүй болохоор л тэгж боддог биз. Хойноос нь тэгж их чаргууцалдаж гүйгээгүй ч юмуу, миний алдаанаас болоод бүтээгүй байх. “За, за. Бүтэхгүй бол яахав дээ” гээд л сэтгэл дотроо хадгалаад хоцорсон санагдана. Тэр үед намайг гээд ирсэн бол арай өөр хандах ч байсан юм бил үү. Харин одоо жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан гэж боддог. Та бүхэн бараг мэдэх байлгүй дээ. “Opozit” хамтлагийн дуучин А.Гантулга бид хоёрын үерхэл жил гаруйн өмнөөс эхлэлтэй. Мөн миний хувьд залуу насандаа ихийг бүтээж, олон сайхан дуу гаргана гэж зорьсон. Ганцхан олдох энэ орчлонд хүн сайхан амьдрах хэрэгтэй. Тэрний дараа нэр маань л үлдэх учраас сайхан авч явья гэж хүснэ.

-Дотоод ертөнцөө яг ямар үед илүү ихээр мэдэрдэг вэ?

-Хоёр ах маань өөр газарт сурдаг, аав ээж маань ажлаасаа шөнө ирдэг байсан болохоор би ганцаараа байгаад сурчихсан. Ганцаараа байхдаа сайхан зүйл мөрөөдөж, түүнийгээ төсөөлөн боддог байлаа. Толиныхоо өмнө дуулаад л, өөрөөсөө ярилцлага авч хариулаад л учиргүй мөрөөднө. “Амны билгээс ашдын билэг” гэдэгчлэн өнөөдөр энэ хүсэл минь биелчихээд байна шүү дээ.

-Хүмүүсийн мэдэхгүй зарим нууцаа дэлгэж болох уу?

-Би нууц багатай. Хүнтэй амархан танилцаж, найзалж нөхөрлөнө. Адилхан асуудалтай байвал түүнийгээ ярьж хөөрсөөр байгаад бараг нууцгүй болчихно. Нууцлаад ч яахав дээ.

-Шүтлэгтэй юу?

-Тийм ээ, бага байхдаа христийн цуглаанд явдаг байсан. “Цуглаанд очиж дуулсаар байгаад урлагийн авьяас маань тодорчихсон юм болов уу” гэж бодох үе ч бий. Аав ээж маань буруутгахгүй байхад багш нар их эсэргүүцнэ ээ, биднийг. Христийн цуглаанд явдаг мөртлөө хэрхэн мөргөж, шүтэхийг сайн мэдэхгүй. “Аав ээж минь надад чихэрний мөнгө өгөөсэй” гээд л бурханаас нь хөөрхөн юм гуйчихна аа, бас. Хүүхдийн гэнэн цайлган зангаар өөртөө таарсан юм л гуйдаг байж. Одоо бол буддын шашин шүтдэг. Аав ээж минь их шүтлэгтэй улс. Бурханаас ч илүү амьд бурхад бидний дэргэд байна шүү дээ. Хүний эцэг эх гэдэг үр хүүхэддээ хэзээ ч буруу зүйл хэлж сургана гэж байхгүй. Хэдийгээр орчин цагийн яриа, хэв маягийг тэд ойлгохгүй байж болох ч үгнийх нь цаана үг нуугдаж байдаг улс.

-Аав ээжээсээ сонссон хамгийн сайхан магтаал, бас бяцхан зэмлэл?

-Манай аав хувцас загварын тал дээр их мэдрэмжтэй, бараг л миний стилист гэсэн үг. Бага байхад аав маань хот руу яваад ирэхдээ янз бүрийн гоё хувцас авчирч өгдөг байж билээ. Аав ээж маань миний стиль имиж, уран бүтээлд их шүүмжлэлтэй ханддаг. Ер нь бараг “толгой илнэ” гэж байхгүй шүү. Тэд маань надад “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэдэг шиг хүн ер нь зөв бодолтой явах юм бол хорвоо ертөнц маш гоё зөөлөн. Чамд хэн ч гай саад болохгүй, сайхан л амьдарна. Чи өөрөө буруу явбал бүх зүйл чинь буруугаар эргэнэ шүү” гэж байнга шахуу хэлдэг.

-Өнгөрсөндөө очоод ир гэвэл юу хийх байсан бол?

-Тийм хийсвэр зүйлд итгэдэггүй. Хэн ч очиж чадахгүй шүү дээ. Харин би “Алдах вий гэж айхаас харамсах вий гэж ай” гэсэн үгийг бодож явдаг. Өнгөрсөн рүү хэзээ ч очиж болохгүй учраас өнөөдөртөө их зөв амьдарч, ирээдүйдээ зорилготой байх хэрэгтэй гэж боддог юм.

-Шүлэг бичиж байсан уу?

-Бичдэг байсан шүү, одоо бол бичихгүй. Би зөндөө олон тэмдэглэлийн дэвтэртэй. Тухайн  өдөр юу хийсэн, хэдэн төгрөг үрдэг байснаа хүртэл бичдэг байлаа. Нэг найз охинтойгоо цуг “Тоглолт хийнэ, тэдэн тайзтай” гэж ирээд л бичсэн байна лээ. Тэгээд бас нэлээд хэдэн шүлэг бичсэн гэж байгаа. Одоо тэмдэглэл хөтлөхөө больсон. Шүлэг бичихгүй юмаа гэхэд найз нөхөддөө өөрийнхөө дотоод мөн чанар, үзэл бодлыг зөв илэрхийлдэг болчихвол дээр биз.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Би тэгж гүн ухааны ном уншдаггүй. Өөрт хэрэгтэй асуудлуудыг багтаасан ном л уншина. Гэхдээ чөлөөт цагаараа ном уншаад сууна гэвэл худлаа шүү дээ. Унших шаардлагатай учраас би зориуд цаг гарган байж уншдаг. Эрүүл ахуй, эмэгтэй хүнд зориулсан зөвлөгөөнүүд ихэвчлэн бий. Чөлөөт цагаараа бол найзуудтайгаа л уулзах дуртай даа.

-Уншигч охид залуустаа хандаж юуг хэлэх вэ?

-Бусадтай адил залуу хүн учраас надад алдаж онох үе зөндөө. Миний үг болгон үнэн байх албагүй. Гэхдээ өсвөр үеийн охид залуус маань нийгэмдээ маш их шүүмжлэлтэй ханддаг болчихож. Нэг нэгнийхээ хийсэн зүйлийг шүүмжилж, янз бүрийн коммент үлдээх жишээтэй. Үүнийгээ болиосой. Өөрсдөө та нар хийж үзвэл зовлонг нь мэдрэх учраас битгий тийм муухай юм бичиж байгаарай гэж хэлмээр байна даа.

 

Р.ЦЭЦЭГ