Зун цаг айсуй. Хот өнгөө засч, бут, сөөг тарих ажил ирэх сараас эхлэх бололтой. Хотын даргын хийлгэж байгаа ажил туйлын зөв. Нийслэл хотоо өнгөлөг сайхан байлгахын төлөө ногоон байгууламжийг байгуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэлэх нэгэн санал байна. Юу гэхээр, ингэхдээ гуравхан сарын настай цэцэг тарихаа больё.

Үүнийхээ оронд үрээ хаяад эргээд өөрөө хөрсөндөө ургадаг цэцэг тарих нь илүү хэмнэлттэй. Мөн бут сөөг,  мод, улиас, зүлгээ түлхүү тарья. 

Хотыг цэцэгжүүлж байхад юугаа яриад байгаа юм бэ гэх байх гэхдээ хэлэхгүй бол хэл минь загтнаад байна. Зуны гурван сар гудамж талбайгаар алхахад өнгийн алаг цэцэгс сайхан харагддаг ч намар нь юу ч үлдэхгүй хөөрхий минь салхинд хийсдэг нь үнэн. Энэ ажилд 5.8 тэрбум төгрөгийг зарцуулдаг тэгвэл түүнийхээ талыг хий дэмий үрж буйтай агаар нэг. 

Энэ жил 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил, цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэх юм. Үүний дараа мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэх бөгөөд нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөжээ. 

Зургадугаар сарын 1-нээс ойролцоогоор 300-гаад мянган м.кв-д зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарих гэнэ. Эл 400 гаруй мянган цэцэгсийн оронд л "олон настай мод, зүлэг суулгамаар байна".

Өнгөрсөн жил нийслэл хот маань өнгө, өнгийн цэцэгсээр гангараад гоё л байлаа. Гэхдээ хэдэн саяар суулгасан цэцгэн мандал байгалийн жамаараа хатах нь хатаад, хагдрах нь хагдарч нөгөө хэдэн зуун сая төгрөг салхинд хийсч одсон. Нэг үгээр хэлэхэд, үргүй зардлын тоо хэдэн зуун саяар нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр өнөө жил үүнийг л больж, хэмнэлт хийх хэрэгтэй. Улс орны эдийн засаг хямраад байхад Хотын дарга хотойхгүй юм.  Өнгийн алаг цэцэгсээс илүүтэйгээр өвөлдөө агаарын бохирдлыг шүүх "мод" хэрэгтэй байна. Энэ нь олон настай олон зун, өвлийн нүүрийг үзэж бидний амьсгалах агаарт ач тустай. Хэдхэн сар гангарах биш, ирээдүйгээ бодсон "ногоон байгууламж" чухал байна, Хотын дарга Э.Бат-Үүл ах аа.

 

Х.Даваа