Манай улсад нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол "Утаа". Энэ сэдвийг өвөл дуусчихаад байхад хөндөх хэрэг байгаа юм уу гэж магад. Гэхдээ ахиад л өвөл айлчилан ирнэ. Урин дулаан цаг ирж "Утаа" багассан ч гэлээ бүрэн арилаагүй байгааг хэн бүхэн мэднэ. Эрх мэдэлтнүүдийн үзэж буйгаар бол "Гэр хороолол"-ыг үгүй хийвэл утаагүй болох юм. Үүнтэй санал нийлэх ч иргэдийн тэрхүү орон сууц нь мөрөөдөл болоод байгаа гэхэд буруутахгүй. Байрандаа орох хүсэх иргэд олон байгаа ч урьдчилгаа төлбөр дээрээ ёг хийн бүдэрдэг. Төрөөс залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжсэн ч бодит амьдрал дээр биелэлээ олоогүй. Урьдчилгаа 30 хувийн хана босгосноор олон залуус хоосон мөрөөдсөн. Мөн хувийн хэвшлийнхэнийг ад үзсэн хөтөлбөр санаачилсан. 

Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг аж. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг Ерөнхий сайд онцоллоо.

 

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын  зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ерөнхий сайдтай уулзах үеэр хэлсэн юм.

Ямартай ч тэдний хэлсэн зүйл биелэлээ олвол мэдээж баярлах хүн олон байх биз ээ. Харин өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгжих болохоороо хүндхэн "хана" босохгүй байгаасай ингээд харж л суух үлдлээ. Хэрхэн хэрэгжих бол... Гэр хороололынхон орон сууцанд олуулаа хамрагдаж чадах болов уу гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Тун удахгүй хариулттай болно гэж найдна.