Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. УИХ-аар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон одоо хэлэлцэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг түүнээс сонирхов.
 
-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянах ажил улсын хэмжээнд тогтолцооны шинжтэй болж төлөвшсөн. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг чухал хэсэг ч болдог. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, улмаар хянах ажил ямар үр дүнтэй байгаа вэ? 
 
-Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлж, энэ талаар олон нийтэд ил тод мэдээлдэг тогтолцоог бий болгоход Авлигатай тэмцэх газар, олон улсын байгууллагуудаас маш их хүч хөдөлмөр, төсөв, хөрөнгө зарцуулсан. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулан авах ажлыг зохион байгуулж, тэдгээрт хяналт шалгалт явуулаад 8 жил боллоо.Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч нарт хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх талаар сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулж, гарын авлага, заавар, зөвлөмж гарган ажиллаж ирсэн.
 
Авлигатай тэмцэх газар 50 мянга гаруй мэдүүлэг гаргагчаас 2014 онд 2500 гаруй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг хянаж, 450 мэдүүлэг гаргагчийн ХАСХОМ-ийг нарийвчлан шалгасан байна. Мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 2014 онд нийт 367 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Түүнээс гадна хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим мэдүүлгийн системийг бий болгох, боловсронгуй болгох, Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд мониторинг хийх зэрэг олон ажлыг хэрэгжүүлээд байгаа. 
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд дурдсан “Авлигын эсрэг хууль”, “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-тэй хэсгийг хасч, УИХ-аар хэлэлцэж батлагдлаа. Энэ хууль анхны төслөөрөө батлагдсан тохиолдол танай байгууллагын ажилд чухам ямар байдлаар саад учруулахаар байв? 
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь төсөлд тусгагдсанаар “Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж шинээр мэдүүлсэн, ... ба эдгээр бүх үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага ... нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг...” зохицуулахаар заасан байсан.
 
Мөн гадаад улс, чөлөөт бүсэд байгаа мэдүүлээгүй, нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бусад орлогоо мэдүүлсэн бол хариуцлагаас чөлөөлөх талаар хуулийн төсөлд дурдсан байсан.
 
Хууль энэ хэвээр батлагдсан бол хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөхдөө жижиг алдаа, зөрчил гаргасан төрийн албан хаагчдад зориулагдсан гэхээсээ илүүтэй хуулиа сахин биелүүлдэггүй, төрийн өндөр алба хашихдаа татвар төлөгчдийн хөрөнгийг ашиглаж, авлигын гэмт хэрэг үйлдэн хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд завших магадлал байсан. 
 
-Дээрх хуулийн анхны төсөлд хөрөнгө, орлогын мэдүүлгийг устгахаар заасан байсан. Хэрвээ мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг устгасан тохиолдолд ямар үр дагавар гарах байсан бэ? 
 
-Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан “Энэ хуулийн 4.1-т заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана”, 14.2-т заасан “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна” гэсэнтэй зөрчилдөнө. 
 
Мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь иргэд, олон нийтэд нээлттэй байж, иргэд, олон нийт хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцах боломжийг Авлигатай тэмцэх газар бүрдүүлсэн. Гэтэл хөрөнгө, орлогын мэдүүлэг устсанаар иргэдийн мэдээлэл авах эрх зөрчигдөнө. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэх чиг үүрэг хэрэгжихгүй болно. Хууль хэрэгжиж эхэлснээр хөрөнгө, орлогоо ил болгож, шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн тохиолдолд мэдүүлгийг хэнд хэрхэн мэдүүлэх асуудлыг тодорхой болгох шаардлага гарна. 
 
Ийм учраас сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож, шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн албан тушаалтны 2006-2013 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг устгах, нууцлах гэсэн асуудал огт байх боломжгүй. Ингэвэл Монгол Улсын энэ чиглэлээр хийсэн ажил, үр дүн, гадаад улс, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, тэдний зүгээс бидэнд өгч байгаа эерэг үнэлгээ буурах, нэр хүндээ унагах, хийсэн ажлын үр дүн үгүйсгэгдэх, иргэд олон нийтийн итгэл алдрах зэрэг олон эрсдэл тулгарахаар байсан.
 
Учир нь энэ хуулийн анхны төслийн 6 дугаар зүйлийн 6.4-д “...хөрөнгө орлогоо ил болгож шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн хувь хүн хуулийн этгээдийн ийнхүү гаргаснаас өмнөх хугацааны буюу 2006-2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана” гэсэн заалт хүртэл байсан юм. Харин одоо ийм эмзэглэл үгүй боллоо. УИХ авлигатай тэмцэх хүсэл зоригоосоо ухарсангүй. Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө алсыг харсан шийдвэр гаргалаа гэж ихэд олзуурхаж байна. 
 
-УИХ-аар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдвал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор нөхцөл байдал үүсээд байгаа талаар танайхаас албан ёсоор мэдээлсэн. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?
 
-Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нь Авлигатай тэмцэх газарт албан ёсоор ирээгүй. Бид олон нийтэд ил болсон, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн төсөлтэй танилцаж, судалж үзсэн. Уг төсөлд “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх” тохиолдолд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгаж буй албан тушаалын гэмт хэргүүд үүнд бүрэн хамрагдах юм.
 
Иймд энэхүү хуулийн өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд албан тушаалын гэмт хэргийг зүйл, хэсгээр нь бүгдийг хамруулан оруулж өгөх нь авлигатай тэмцэх үйл ажиллагааны далайцыг бууруулахгүй байх ач холбогдолтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэсэн 2 төрлийн гэмт хэргийг оруулсан байгаа ба албан тушаалын гэмт хэргүүдийг оруулаагүй байна.
 
Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг албан тушаалын гэмт хэргүүд бүгд хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг. Тэгэхээр дээрх 2-оос бусад төрлийн гэмт хэргүүд нь өршөөлд хамаарагдахаар болж байгаа гэсэн үг. Ингэснээр одоогоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа 55 эрүүгийн хэргээс 45 хэрэг өршөөлд хамрагдана. 
 
-Дээрх 45 хэрэг өршөөлийн хуульд хамрагдсанаар хэрэгсэхгүй болж байгаа гэсэн үг үү? Тухайлбал, Г.Дэнзэнгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэж ойлгож болох уу?
 
-Тэгж ойлгож болно. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдана. Зөвхөн Г.Дэнзэн нарт холбогдох хэрэг гэлтгүй олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд мөн хамрагдахаар байна.
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн хэргийн тоон судалгаанаас үзэхэд прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж хянан хэлэлцэгдэж байгаа 18 хэргээс 14 хэрэг, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16 хэрэг, мөн дээр дурдсан ажиллагаанд байгаа 45 хэрэг, нийт 75 эрүүгийн хэрэг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байгаа. Эдгээрт хэрэгт 144 хүн холбогдогчоор татагдсан, хэргийн улмаас учирсан хохирол нь 32 тэрбум 415 сая төгрөг байна.
 
Өршөөлд хамрагдах боломжтой хэргийн хувьд шүүхээр заавал хянан шийдвэрлэж, гэм буруутай эсэхийг нь тогтоон, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасны дараагаар өршөөлд хамааруулах нь шударга ёсны зарчимд илүүтэй нийцэх юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн зорилтод “...гэмт хэрэг үйлдсэн этгээд”-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгасныг харгалзан үзэх нь зүйтэй.
 
Энд гэм буруу нь тогтоогдсон хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай тусгасан нь хэнд ч ойлгомжтой байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний зөвхөн ялаас буюу эрүүгийн хариуцлагыг л төрийн хуулиар өршөөдөг.
 
Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатанд хүний гэм бурууг шууд тогтоох нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү шатанд байгаа хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгох, ингэхдээ хохирол төлөгдсөн эсэхийг заавал харгалзан үзэх боломжгүй байгаа нь учир дутагдалтай. 
 
-Түрүүн та дурдсан, Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүйгээр тусгасан гэж. Тэгэхээр үлдсэн албан тушаалын гэмт хэргүүд, жишээлбэл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэх зэрэг жинхэнэ албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөх болох нь ээ? 
 
-Хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгасан. Тиймээс хуулийн “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д дээрх 2 гэмт хэргээс гадна албан тушаалын гэмт хэргүүдийг нэмж оруулах нь зүйтэй.
 
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байвал зохино. Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын тавцанд өөрийн гэсэн үүрэг оролцоо, нэр хүндтэй, үндэсний хэмжээнд авлигын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд төр, засгийн түвшинд дорвитой ажиллаж байгаа бөгөөд энэхүү хүч чармайлтаа сулруулахгүй байхын төлөө хууль тогтоогчид маань анхаарна гэдэгт итгэлтэй байна. 
 
Өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал гэдэгтээ холбогдуулан хуульч хүний хувьд саналаа хэлье. Хэдийгээр ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулж төсөлд тусгасан байгаа ч үүнд нухацтай хандах шаардлагатай юм.
 
Өршөөлийн хуультай холбогдон гардаг хамгийн ноцтой үр дагавар бол гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулахгүй, гэм хорыг арилгахгүй байх явдал. Хэрвээ албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд оруулж өгөхгүй тохиолдолд “учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй бол өршөөлд хамааруулахгүй байх”-аар тусгаж өгөх хэрэгтэй юм.
 
Гэм буруутай үйлдлийн улмаас улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй, гэм хорыг арилгаагүй байхыг өршөөлд хамааруулахгүй байх гол үндэслэл болгон хуулийн “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д ингэж тусгах нь одоогийн санхүү төсвийн хүндрэлтэй цаг үед ч, шударга ёсны зарчимд ч нийцсэн шийдвэр болох байх гэж бодож байна. Заавал хэн нэгнийг ял эдлүүлж шоронд хорих нь гол биш түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хохирогчийн эрх ашгийг хамгаалах нь илүү чухал юм. 
 
-Шалгагдаж байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоос өөр ямар үр дагавар үүсч байгаа вэ? Ер нь тэгээд өршөөлийн хууль Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүнг үгүйсгэж, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ч ял шийтгэл хүлээхгүй гэсэн сөрөг мессежийг нийгэмд өгч болзошгүй байна. 
 
-Гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгах гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй 35 орчим хүн байгаа юм байна.
 
Эдгээрээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйл, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж буй 25 хүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөгдөх, эдлээгүй үлдсэн ялаас нь 3 жил хасагдахаар байна. Ингэхээр хорих ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хэсэг нь өршөөлөөр суллагдах магадлалтай.
 
Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана. Үүнээс улбаалан таны зовниж байгаа ч үнэний хувьтай.
 
Мөн Өршөөлийн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө авлига, албан тушаалын өмч ашиглалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн ял хойшлогдсон, уучлагдсан, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялгүйд тооцогдохоор байгаа юм. 
 
Ярилцсан Т.Тунамал