Ч.Сайханбилэгийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж чадах уу
2015/11/05
Өнгөрсөн 2014 онд 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Түүний хувьд Ерөнхий сайд болсон даруйдаа “Том төслүүдийг гацаанаас гаргаж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана” хэмээн амласан байдаг. Гэсэн ч энэ жилийн хугацаанд өнөөх том төслүүд гацсан хэвээр л байна. Хэдийгээр олон нийт үүнийг популизмд хүлэгдсэн гэж харж байгаа ч үндсэндээ АН доторх фракци хоорондын зөрчил, Ерөнхий сайд, намын даргын сандал суудалтай холбох нэгэн ч байгаа юм.
Үндсэндээ Ч.Сайханбилэг хаврын чуулганы өмнөх өдөр Тавантолгойг хөдөлгөнө гэж телевизээр амлалт өгснөөс хойш хаврын чуулган, намрын чуулган дамнаад байгаа билээ. Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчид “Би том төслүүдийг дэмжиж байна” хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн ч энэ асуудал фракци, эрх мэдлийн зөрчилдөөнөөс гарч чадаагүй. Инээдтэй гэмээр ч юм уу, эмгэнэлтэй гэмээр ч юм уу үйл явдал болсон нь УИХ-ын дарга нь “Тавантолгой”-н төслийг Засгийн газарт буцаахдаа хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрлийг нь аваагүй гэх шалтгаан ч яригдаад амжсан.
Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хаврын чуулганы турш хав дарсаар хаалтын өдрийн өмнөхөн дүгнэлтээ танилцуулж, төслийг гацаасан байдаг. Ийнхүү гацаасны эцэст дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хавраас намрын хугацаанд сая нэг боловсруулан гараасаа гаргаж байгаа бололтой. Энэ долоо хоногт нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй “Тавантолгой”-н ордын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьснаа Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлсэн юм. Ийнхүү өргөн баригдсан төсөл цаашид хэр хугацаа дамнаж, хэний ашиг сонирхлоор гацахыг таашгүй.
Дээрх тогтоолын төсөлд “Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн заалтыг оруулсан бөгөөд шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн аж. “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн байна. Энэ мэт өөрчлөлтийн дараа Засгийн газар тун удахгүй “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх биз. Ямартай ч Ч.Сайханбилэг жилийн ойн дээрээ том төслүүдээ хөдөлгөж чадах эсэх нь цаг хугацааны асуудал болчихоод байна.
Гэвч асуудал үүгээр дуусахгүй. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудал хэдийнэ яригдаж гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Анхнаасаа л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Засгийн газрын хувь заяа Ч.Сайханбилэг сайд Оюутолгойн гэрээг Дубайд нууцаар үзэглэснээс хойш бүр ч их савлах болсон юм. Сүүлийн үед АН-ын дотоод зөрчил нэлээд хурцадмал байгаа дээр Өршөөлийн хуулиар шантааж хийж байсан эвслийн бүлэг ч засагт хамтарсан гэрээгээ цуцлах магадлал үүсчихээд байна. Учир нь МАХН-ын нөхөд намын даргаа өршөөлд хамруулах гэж ихэд хичээсэн ч энэ нь талаар болсон тул өдгөө “Засгаас гарна” гэж бойкот хийхийг үгүйсгэхгүй. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар том төслөө хөдөлгөсөн ч юмгүй, сандал суудлын хэрүүл дагуулсаар нэг жилийн ойтойгоо золгох бололтой.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn