Нийгмийн даатгалын ажилтнууд, үхсэн хүний бичиг баримтаар авлигадсан тухай мэдээ, хуурай ѳдрийн салхит талын түймэр шиг олны дунд хоромхон зуур тархаж, нийгмийн сэтгэхүйг маш эвгүй байдал руу хѳтлѳв.

Тѳсѳв тоносон, зувчуулсан, баялаг хулгайлсан, тендер будлиулсан, албан тушаалд үнэлгээ тогтоосон, сүүлдээ бүр гарын үсгээ хүртэл худалддаг болсон, газар дорхио ухаж тѳнхѳж уралдан гадагш гаргасан, чѳлѳѳт бүс нэрээр байгалийн нэн үзэсгэлэнт нутгийг дэлхийд байхгүй хэмжээгээр гадныханд эзэмшүүлэхийг санаархсан, одоо байтлаа ҮХ ѳѳрчлѳх нэрийн дор УИХ-ын гишүүн 45 хүн хуйвалдаж тѳрийн эргэлт шиг юм хийх гээд байгаа энээ тэрээ гээд энэ хэдэн клептократуудын ( тѳрѳѳс, тѳрѳѳр бэлжсэн хулгайчууд) увайгүй үйлдлийн талаарх мэдээг монголын ард түмэн чихээ дѳжиртѳл сонсч байна. Харин, хүний үхэл зовлонтой холбоотой, нийгмийн хамгийн эмзэг асуудлаар ашиг хийнэ гэж монгол хүний ой тойнд ороогүй. Гадаад орнуудад иймэрхүү, энэнээс ч дор хэргүүд гарч л байдаг, гэхдээ монгол бол гадаад орон биш, бурхан бологсоддоо нэн хүндэтгэл үзүүлж, гүн эмгэнэлээр биеий нь газарт шингээж, сүлдий нь тэнгэрт халиаж, ёс жаягий нь үеийн үед даган мѳрдѳж уламжилсаар ирсэн үндэсний ѳвѳрмѳц соёлтой ард түмэн. Ийм бузрын бусцар юм тохионо гэж хэний санаанд орох юм бэ!

 

Тѳрийн сайд нь...за нэг 169 сая тѳгрѳгний л асуудал...гэсэн шүү юм, хоолойгоо шахан хээвнэг хэлээд зогсож байх юм. Хүний үхэл зовлонгийн хойдхыг мѳнгѳѳр хэмжсэн яасан их пээдийчихсэн улс тѳрч вэ, тэр С.Эрдэнэ гэгч! Эцэг минь бурхан болоод удаагүй, сүнс нь савандаа амгалан оршиж байгаа гэж айван тайван яваа юмсан, хэн нэгэн шуналтан эцгийн минмь ясыг ѳндѳлзүүлж, амьд болгож бичээд мѳнгѳ цохиод суугаа юм биш биэз хэмээн хар бууж, талийгчаа оршуулах гэж элэг нулимс хоёроо хатааж сууснаа санан санан гэнэт зэвүү хүрэв, шалгуулчихад гэмгүй л юм байна. Сайдаасаа эхлээд ар араасаа мэдэгдэл хийж, ѳѳрсдийгѳѳ ѳмгѳѳлѳн сүржигнэцгээж байна, гэмтэй бүхэн гэлбэлздэг гээд ардын ухаан хэлж ѳгѳѳд байхад шүү. Монголын цагдаа сайн байна, тултал нь явах хэрэтгэй. ТУЛТАЛ гэдэг нь асуудлын гүн рүү ороод, дотроос нь ухаж тѳнхѳж гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Үхсэн хүнийг бүртгэлээс хасахгүйгээр тэтгэвэрий нь зувчуулах, зээл авах энэ тэр бол ѳнгѳн хэсэг, түүнээс цааш явах хэрэгтэй дээ гэсэн санаа. Тэтгэвэрийн хүнийг үхсэний дараа ашиг хийж байгаа хүмүүсийг, объект түргэн үхээсэй гэсэн сонирхол ямагт дагаж явдаг. Гадаад орнуудад бол бүр зориудаар зохион байгуулалттай үхүүлж байсан хэргүүд зѳндѳѳ гарсан, энэ санаагаар л тултал яваасай гэсэн юм. Ялангуяа, үхэгсэдийн нэрээр газар авах, худалдах залилан ( афера) бол маш их дэлгэрсэн бизнесс, газрын наймаагаар баяжсан хүмүүсийг ч шалгах л хэрэгтэй юм. Ор хоног илүү бичдэг, нас барсан, эмнэлгээс гарсан хүн дээр ѳвчтѳний түүх нээдэг...гээд бусцар юмнуудыг эмнэлэгүүд дээр ч ултайхан шалгачих л хэрэгтэй.

 

Амьгүй албатууд (мёртвые души)

 

А.С.Пушкины сюжетээр Оросын их зохиолч Н.В.Гоголь, Амьгүй албатууд зохиолоо 1842 онд бичсэн, одоогоос даруй 170 жилийн ѳмнѳ юмдаа. Зохиолын гол баатар П.Чичиков гэх тѳрийн түшмэл байсан нэг нѳхѳр, сонин бизнесс сэдэж, нас барсан тариачдын бичиг баримтыг худалдан авч эхэлсэн. Дараа нь бичиг баримтуудтайгаа зохиомол гэрээ хийж, газрын эзэн болуутаа банкнаас их хэмжээний зээл авч баяжиж байгаа үйл явдал гардаг. Гэрээт газруудаа бас ломбарданд тавьж мѳнгѳ зээлж байв.

 

Амьгүй албатууд 170 жилийн дараа

 

Саяхан, 11 сарын 2-ны Россия телезизийн нэг мэдээ Орос орныг гайхшралд оруулав. http://www.kuper-sreda.ru/2015/11/02/205275

Тусгай сурвалжлагч А.Мамонтовын АМЬГҮЙ АЛБАТУУД видео сурвалжлага гарах ѳдрийг зарлалаа. Новосибирск мужын хурлын дарга ноён А.Шимкив, Гоголийн Амьгүй албатууд романыг 170 жилийн дараа амилуулж, Чичиковын дүрээр бизнесс хийж зартай баян олигархи, газрын эзэн болсон тухай юм байна. А.Шимкив, нас барсан тариачдын газрын пай (манай алдарт хѳх карттай тѳстэй)-г олноор нь цуглуулж, хѳрѳнгѳ оруулна, ажилтай болгоно г.м. залилан хурааж аваад гэрээ болгон ѳѳрчилж бүх газрыг ѳѳрийн эзэншлийн болгожээ. Улмаар тэр гэрээгээ үндэслэн банкнаас их хэмжээний зээл аван, дахин хэд хэдэн тосгоны нас барсан хүмүүсийн газрын бичиг баримтыг хурааж авснаар 130 орчим ѳрх айлын эдлэн газар, мал, аж ахуйтай нь илбийн юм шиг гартаа оруулж чадсан байна. Олон хүний нас баралт, гэрээний хугацаатай холбогдож байгаа нь нэн сэжигтэй байгаа юм байна. Оросын хууль сахиулах байгууллага, маш шуурхай хѳдѳлж, түүнийг баривчлан хуулийн дээд хэмжээний ял сонсгочихоод байгаа юм байна.

 

Afera "łowcуw skуr" " Skin Hunders" ( "хүний ангууч" залилангийн хэрэг )

 

Амьгүй албатуудын бичиг баримтыг ашиглан бизнесс хийх нь бүү хэл, ѳѳд болсон хүний хүүрийг нь худалдах бизнесс хүртэл гарч байсан. Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тухай мэдээллийг оршуулгын газарт худалддаг сүлжээ үүссэн байсныг илруулсэн улс орон ч байгаа. 2008 онд, Польш улсад, түргэний эмч нар, дуудлагаар очоод зүрхний шигдээс үүсгэх тариа хийж ѳвчтѳнийг үхүүлээд оршуулгын газарт худалддаг байсан зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг илэрч хуулийн дээд хэмжээ авцгаасан тохиолдол бий. http://en.wikipedia.org/wiki/skin.Hunters

 

Иймэрхүү бизнессүүдийн объект нь дандаа хүн байдаг, бизнесс эрхлэгч хүмүүсийн толгойд объект аль болох түргэн үхээсэй гэсэн бодол салахгүй дагалдаж байдаг, бодлоо ч хэрэгжүүлдэг гэдгийг баримтаар харууллаа. Мѳнгѳний тѳлѳѳ нүдээ ухаад ѳгчихѳѳс ч буцахгүй хүн монголд олширсоор л байна даа.

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү