Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг 500 сая төгрөгийн хахууль авах гэж байхад нь Авлигалтай тэмцэх газраас үйлдэл дээр нь барьж саатуулсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт сенсаци тарьсан.

Энэ тухай намын нөхөд нь Г.Шийлэгдамба авлигал авах хүн биш хэмээн өмөөрч байгаа бол өөрөө “Тухайн үед би хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл албан тушаалыг тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” хэмээгээд буй.

Тэгвэл түүний энэ баривчилгааг МАХН-аас сонгуулийн өмнө явагддаг ээлжит нэгэн хэлмэгдүүлэлт гэж үзээд тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Анзаарахад 2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр даргаар эхэлсэн. Түүнээс өмнө өөр намын нэлээд хэдэн Засаг даргыг баривчилсан. Тэгэхээр ганц МАХН гэх нь хаашаа юм. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ё.Отгонбаярыг нэлээд их хэмжээний мөнгөний асуудалд орооцолдуулан сенсацлаж байгаад больсон. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг унагахын өмнөх өдөр АТГ хэвлэлээр мэдээлэл гаргасан. Сүүлийнх нь энэ боллоо. Тэгэхээр улс төрийн чухал үйл явц бүрийн өмнө АТГ боломжоороо оролцоод байгаа нь нууц биш” гэв.

Түүнчлэн Г.Шийлэгдамба үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг цаанаасаа зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа аж. Тодруулбал “Г.Шийлэгдамба 500 сая төгрөгийг ажил дээрээ хадгалаад л тэрийг нь АТГ-ынхан багаараа орж ирж үйлдэл дээр нь илрүүлээд л. Энэ бол яалт ч үгүй зохион байгуулалттай хэрэг бөгөөд хүнээс зээлсэн 5 сая төгрөг л байсан байх. АТГ-ынхан тоондоо муу шүү дээ” гэсэн байна.

Тэгэхээр Г.Шийлэгдамбыг барьж хорих сонирхол хэнд байв гэдэг асуулт гарч ирнэ. Сураг дуулбаас түүнийг барьж хорьсны дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг барих учраас тэрбээр чамгүй бачимдаж, намын нөхдөө цуглуулан ойр, ойрхон хуралдаж байгаа гэх бөгөөд Г.Шийлэгдамбыг барьснаар МАХН-ынхан Засгаас огцорно гэх мэдээлэл ч тараад буй. Хэрвээ Э.Эрдэнэжамъяаны хэлсэн мэдээлэл үнэн бол АТГ-ын цаад талд Ерөнхийлөгч гэдэг хүн бий. Магадгүй Г.Шийлэгдамбыг барьж хорьсон нь цаанаа хэн нэгэнд өгсөн сануулга ч байж болох юм.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn