М.ГАН

Монголчууд 15 хоногийн дараа сонгуульд оролцож, санал өгөх гэж байна. Парламентын гишүүд нэг л өглөө ийм шийдвэр гаргахаар болчихлоо. Олон жил ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд ард түмний дунд санал асуулга явуулах юм. Тодруулбал, Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар болж, энэ тухай санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр явуулахаар тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэн батлах гэж байна. Энэ өдөр нь 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдөр юм.

Ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах хуультай. Иймд ирэх баасан гаригт буюу 13-нд төсвийн хууль, мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталчихаад намрын чуулганыг түр завсарлуулна гэсэн албан бус мэдээлэл байна. Учир нь энэ сарын 26 хүртэл УИХ-ын гишүүд тойрог, орон нутагт ажиллаж санал асуулгын тухай, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдэд сурталчилан таниулах аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй эсэх талаар ард түмнээс асуух гэж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар УИХ-аас сонгодог байх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, үүнтэй уялдан Засгийн газар, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

УИХ дахь нам, эвслийн тухайд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Ардчилсан намын бүлэг ч ижил байр суурьтай байгаа аж. Харин МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга нь “Эрх баригчид ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж байж ард нийтийн санал асуулга явуулна, үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилнө, тэгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл 40 гаруй хоног үлдээд байна. Энэ хугацаанд дээрх дөрвөн хуулийг өөрчилж амжих уу, санал асуулгын товыг хэзээ зарлах вэ, өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд оролцож чадах уу гэсэн асуулт гарч байна. Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэхэд хамгийн багаар бодоход 14 хоног шаардлагатай. Ард нийтийн санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Санал асуулгыг богино хугацаанд шахаад явууллаа гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай ард иргэдийг танилцах боломжоор хангах ёстой. Тийм хугацаа өгөхгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж сар гаруйн хугацаагаар хэмжигдэж байна. Сар гаруйн хугацаа үлдээд байхад Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. УИХ-аар яарч, шахаж, олонхиор хүч түрж баталсан хууль асуудал дагуулдгийг та бүхэн мэдэж байгаа. Жишээ нь, УИХ-ын 75 дугаар тогтоол, Өршөөлийн хуулийг наадмаар яарч баталсан нь асуудал дагуулсан. Үндсэн хуулийн асуудлыг шинэ жилээр шахаж батлуулах нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж байж шийдэх ёстой” гэв. Нөгөө талаар өмнөх сонгуулиар олонтаа давтагдсан санал тооллогын “хар машин”-д үл итгэх байдал, эргэлзээ арилаагүй ийм үед ард нийтийн санал асуулгыг “хар машин”-аар тоолуулах боломжгүй гэж үзэж байгаа аж.

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг бага байгаа учраас яаравчилъя гэхээс илүүтэй эхлээд ард нийтээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв үү гэдгийг санал асуулгаар асууна. Энэ хуулийн хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл тойргуудаар 76 гишүүн тойрч Үндсэн хуулийн ямар заалтуудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч ойлгуулна. Үүний үндсэн дээр иргэд санал асуулга өгөх өдрөө тодорхой мэдээлэлтэй оролцоно. 2011 онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах байсныг оруулаагүй юм билээ. Үүнийг одоо хийх гэж байна. Бид ард нийтийн санал асуулгыг явуулахдаа “хар машин”-аар явуулъя гэсэн саналтай байгаа. Нэгдүгээрт, санал тоологч машинаа шалгана, хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэж, санал асуулгыг сонгууль явуулдагтай адил хурдан шуурхай зохион байгуулна гэж үзэж байгаа. Эдгээр өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн” гэв.

Харин санал асуулгад зарцуулах мөнгөн дүнг Сонгуулийн ерөнхий хороо тооцож гаргасан байна. Нийт 5.5 тэрбум төгрөгөөр санал асуулгыг явуулах бөгөөд энэ мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар хуулийн төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгын зардлын хэмжээг тооцсон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг хүснэгтээс харна уу.