Ерөнхий сайд төв цэвэрлэх байгууламжид ажиллаж шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг ирэх хавар эхлүүлэх шийд гаргасан. Хөрөнгө оруулалтыг концессын гэрээгээр хийх санал гарч байгаа. Тэгвэл усны салбарын эрдэмтэд стратегийн ач холбогдолтой байгууламжийг концессоор барьж болохгүй гэдгийг сануулж байна.

312 сая долларын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламж барих техник эдийн засгийн үндэслэл гарсан. Харин хөрөнгө оруулалтыг яахаа мэдэхгүй байгаа. Эдийн засгийн хүнд үед төрөөс энэ хэмжээний хөрөнгийг гаргах боломжгүй. Гэлээ гэхдээ концессоор хийх нь буруу гэв. Учир нь концессын гэрээ нь тодорхой хугацаанд ашиглалтыг хөрөнгө гаргасан компанид хариуцуулдаг. Тэгэхээр гадны компани цэвэрлэх байгууламжийг мэдэлдээ авбал Монголчууд барьцаанд орох эрсдэл бий гэж үзлээ. Энэ талаар доктор Д.Басандорж анхааруулсаар байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Концесс нэрийн доор өр нэмэгдүүлж байна. Тухайлбал хоёр тэрбум төгрөгөөр хийх юмыг дөрвөн тэрбум болгож оруулж ирүүлээд, концессоор маш их луйвар хийгээд байна. Хэрвээ тухайн хүмүүс концессоор барида үйл ажиллагаа вуулах бол хамгийн бага зардлаар хийнэ. Улсад тушаагаад өгчихвөл хамгийн өндөр зардлаар хийгээд байна. Концесс зарим талаараа чухал ч улсын өрөн дээр концессийн өр нэмэгдэх гээд байна.Үүнд онцгойлон анхаараач” гэв.

Хотын даргын зүгээс туркээс хөнгөлөлттэй зээл авах боломжтой гэж мэдэгдсэн. Ямартай ч шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай, концессын гэрээнээс өөр замаар байгуулах шаардлага тулгарч байна. Шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо гээд сэтгэл амарч болохгүй гэдгийг бас эрдэмтэд сануулж байна. Учир нь нийслэлээс ялгарах бохирын 40 хувийг нь цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг. Үлдсэн 60 хувь нь задгай 00-д асгагддаг. Энэ нь бохир шууд хөрсөнд шингэдэг гэсэн үг. Цаашлаад хөрсний бохирдол, гүний усны бохирдол гээд олон асуудал хөндөгдөнө.

Уг нь 5 айл дундаа бохироо 80 хувь цэвэршүүлж усыг нь дахин ашигладаг технологи бий. Энэ технологийг германы компанитай хамтарч хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар оруулж ирээд байгаа. Хэрэв энэ технологийг айлуудад нэвтрүүлбэл нийслэлийн нийт өрхийн 60 хувийнх нь бохирын асуудлыг шийдэх боломжтой.

 

М.Мөнгөн