​УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. Түүнтэй УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байгаа болон МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар ярилцсан юм.

 

-Манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар төрийн гурван өндөрлөг ярилцсан. Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хууль гадаадын хөрөнгө оруулалтыг маш ихээр айл­гасан. Мөн Оюутолгойн асуудал байна. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засгийн 90 орчим хувь гаднаас хамаардаг. Тэгэхээр хүссэн хүсээгүй ам.доллар гадагшилна гэсэн үг. Ам.доллар нь зэс, алт нүүрс дээр голлож дотоодод орж ирдэг. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт маш чухал.  Ийм байхад нүүрсний үнэ, Оюутолгойн асуудал, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хүчин зүйлээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт царцанги байдал орчихоод байна. Үүнээс болж нэг тэрбум орчим ам.доллар гадагшаа гарсан. Гарахаас ч өөр аргагүй. Учир нь монголчууд бүх хэрэглээгээ гаднаас хангаж байна шүү дээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч  эдийн засаг хямарч байна. Анх бонд гаргахад би жаахан дурамжхан байсан. Учир нь бодитой төслөө танилцуулаагүй. Гэхдээ бондын хөрөнгө орж ирснээр барилгын салбарт ахиц гарсны дээр ажилгүйдлийн хэмжээ харьцангуй буурсан. Харамсалтай нь дараагийн бондын мөнгө хэзээ орж ирэх нь ойлгомжгүй байгаа. Хэрвээ бондын мөнгө орж ирэхгүй, Оюутолгой хөдөлж өгөхгүй байвал Монголын эдийн засаг нэлээд хүнд байдал орно.

-Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зөв гэсэн үг үү?

-Тавантолгой дампуурлаа, олон улсын нөхцөл байдал хүндэрлээ. Дээр нь Засгийн газрын хөтөлбөрүүд ойлгомжгүй, төсвийн тодотгол хийх шаардлага гарчихсан байгаа энэ тохиолдолд амарч, тайван суух цаг биш. Энэ утгаараа төрийг яаралтай ажилд нь оруулах хэрэгтэй гэж бодож байна.

-Таныг нэг хэвлэл дээр “Н.Энхбаяр дарга суллагдлаа. Одоо монголчууд сайхан амьдарна” гэсэн утгатай зүйл  хэлсэн гээд биччихсэн байсан. Та үнэхээр тэгж хэлсэн юм уу?

-Би олон улсын хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцахдаа “Эвслийн Засгийн газарт байгаа намын тэргүүн,  тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийн асуудал тодорхой төвшинд шийдэгдэж буй нь эдийн засагт нааштайгаар нөлөөлнө” гэж хэлсэн.  Ер нь гадаадын хөрөнгө оруулалт буюу валют Монголд орж ирэхгүй юм бол эдийн засгийн хямрал үргэлжилсээр л байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй ганцхан шалтгаан бий. Энэ нь тухайн улсын Засгийн газар хэр тогтвортой ажиллаж байна вэ. Хууль тогтоомж нь хэр баталгаатай юм бэ гэдгээс шууд хамааралтай. Өнөөдөр эвслийн Засгийн газар ажиллаж байна. Энэ нь Ардчилсан намын Засгийн газар биш. Эвслийн Засгийн газрын гол үүрэг МАХН дээр байгаа юм. МАХН-ын дарга, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан  хүний асуудлыг хэдийгээр цагаатгаагүй ч гэсэн улс төрийн өшөө авалтын зарим нэг хэсэг нь зогсож байна гэдгийг олон улсын ажиглагчид хараад “Энэ улсад тогтвортой байдал үүсэх нааштай алхам харагдаж байна” гэж үзнэ шүү дээ.

-МАХН-ын гүйцэтгэх товчоо удахгүй хуралдана гэсэн мэдээлэл байна. Хуралдах товоо гаргасан уу?

-Гүйцэтгэх товчоо ойрын хугацаанд хуралдах байх. Н.Энхбаяр даргатай намын гишүүд, Гүйцэтгэх товчооныхон, дэмжигчид уулзахыг маш их хүсэж байгаа. Тэр утгаараа бид юуны өмнө түүнийг хурдан эдгээсэй гэж хүсэж байна.

-Тэгэхээр Гүйцэтгэх товчооны хуралд Н.Энхбаяр дарга оролцоно гэж ойлгож болох уу?

-Бид оролцоосой гэж хүсэж байгаа. Н.Энхбаяр дарга хуралд оролцоод тодорхой алхам хийхдээ гол нь биш. Харин маш олон хүн түүнтэй уулзах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр даргад уучлал үзүүлсэн. Үүнийг танай намын гишүүд эсэргүүцэж, уучлах биш, харин цагаатгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн хүнийг өөрт байгаа эрхийн хүрээнд уучилдаг. Үүнийг Үндсэн хуульд тов тодорхой заасан. Манай намынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Учир нь энэ хүнийг анх баривчлахдаа төрийн хүчирхийлэл хэрэглэж, 600 цагдаагаар голомтыг нь самруулсан. Шоронд байхад нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Дээрээс нэг ч өмгөөлөгч ажиллуулаагүй. Зарим хүмүүс О.Баасанхүү өмгөөлөгч нь байсан гэж ойлгосон. Би өмгөөлөгч нь байгаагүй. Өмгөөлөгчөөр ажиллая гэхэд АТГ-аас “Ажиллуулахгүй” гэсэн бичиг өгч байсан. Дараа нь АТГ-аас мэдээлэхдээ долоон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Шүүхээр шийдэгдэхдээ хоёр хэргээр буруутгасан. Нэг нь газар үнэгүйдүүлсэн гэх хэрэг. Аливаа газрын гэрчилгээ хэний нэр дээр байна вэ гэдгээс эхэлдэг. Гэтэл тэр үнэгүйдүүлсэн гээд байгаа газар нь Н.Энхбаяр даргын нэр дээр байгаагүй. Харин хотын захиргааны нэр дээр байсан. “Өргөө” зочид буудлын хэрэг ч мөн адил. Тус зочид буудал дээр 75 хувьд нь хөрөнгө оруулалт хийе. 25 хувь нь улсынх байя гэхэд өмчлөл нь хотын захиргааны нэр дээр байсан. Ийм байхад “Н.Энхбаяр өөрийн нэр дээр авсан” гээд улс төрийн хошин  жүжиг гэж хэлж болохоор үйлдэл хийсэн. Би хуульч хүний хувьд нотолж чадаагүй хэргийг Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаярын хэн нь ч хийсэн байсан “Хэлмэгдүүллээ л” гэж хэлнэ.

-Н.Энхбаяр даргыг гадаадад очиж эмчлүүлнэ гэхээр хүмүүс Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээж авчээ гэх зэргээр ойлгож байна?

-Хүний амь нас чухал болохоос биш “Би уучлуулахгүй. Энд үхнэ” гэж хэн ч хэлэхгүй. Бидний зорилго бол Н.Энхбаяр гэдэг хүнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллаж авах байсан. Гэхдээ Н.Энхбаяр дарга “Би гэмт хэрэг хийсэн” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид ч гэсэн.  Ер нь Н.Энхбаяр даргад оноогоод байсан тэр олон хэргийг бүрэн шалгасан бол их сонин юм гарч ирэх байсан юм. Онгоцоор 19 тонн бараа гаалийн татваргүй оруулж ирсэн гэж буруутгасан. Тэр 19 тонн гээд байгаа бараа нэг онгоцонд багтахгүй. Хэд хэдэн онгоц бараа байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүний нэрээр өөр хүн хийсэн байх магадлал өндөр байгаа. Тэр үед Сөүлийн төлөөлөгч хэн байсан, 19 тонн барааг ачуулж байсан, хүн хэн байсныг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Даанч шалгалгүй ял өгсөн. Дараа нь Дээд шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Аргагүй шүү дээ. Шалгаагүй хэрэг юм чинь.

-Н.Энхбаяр даргын биед үзлэг хийсэн олон эмч “Эсийн алдагдал” гэх оношийг тавиад байгаа. Ийм оноштой өвчтөнийг Монголд эмчлэх боломжгүй гэж байсан. Хаана  очиж эмчлүүлэх нь тодорхой болов уу?

-Чухам хаана очиж эмчлүүлэхийг сайн мэдэхгүй байна.  Н.Энхбаяр гэдэг хүний бие эрүүл үү, өвчтэй юу гэдгийг би мэдэхгүй, та ч мэдэхгүй. Гагцхүү эмчийн дүгнэлт л байх ёстой. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги болон Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг, Эрүүл мэндийн яамнаас 20 гаруй эмчтэй баг гаргаж Н.Энхбаяр даргын биед үзлэг хийсэн. Ингэхдээ тэд “Өвчний улмаас ял эдлэх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргачихаад байхад улстөржүүлж, хорьсоор байсан. Хорьсоор байсан нь тэр хүнийг “Үх” гэсэнтэй утга нэг.

-МАХН-ын удирдлагуудыг огцор хэмээн Мянгатын дарга нар мэдээлэл хийж байсан. Мөн Н.Энхбаяр даргыг хоригдож байх хойгуур түүнийг тоохгүй албан тушаалд шунасан хэсэг бүлэг хүн байна гэх яриа олон гарсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол аливаа намд байдаг л үзэгдэл. Гэхдээ манай нам гайгүй. Ардчилсан нам бүр аймар юм билээ. Мөнгөтэйгээрээ хуваагдаад, хэрвээ эвгүйдвэл Засгийн газрыг хөмөрчих гээд байгаа.  Мөн МАН байна. Эдгээрийн хажууд манай намын асуудал үнэхээр жижиг асуудал. АН, МАН-ын асуудал Монголын тусгаар тогтнолд заналхийлэхийг үгүйсгэхгүй. Харин тэр тоох, тоохгүй гэсэн асуудал үнэхээр байхгүй.

-Н.Энхбаяр даргын Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан уу. Өмгөөлөгчийнх нь хэлснээр ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтаагүй юм шиг ээ?

-Би прокурортой нь уулзахад “20 гаруй эмч үзлэг хийж дүгнэлт хийсэн. Бид тэр 20 эмчийн 12-оос нь асуучихсан байгаа. Үлдсэн найман эмч нь амралтаа авсан болохоор олдохгүй байна. Тэднээс асууна. Асуусан 12 эмч нэгэн дуугаар “Энэ онош зөв” гэсэн дүгнэлт хийсэн. Үзлэг хийсэн эмч нарын ихэнх нь нэг оноштой байгаа юм чинь үлдсэн эмч нар бараг адилхан хэлэх байх. Энэ маягаар нэг сар болох байх” гэж хэлж байсан.

-Нэлээд хэд хоногийн өмнө АТГ-ынхан Н.Энхбаяр даргын гэрт болоод хэд хэдэн айлын гэрт нэгжлэг хийсэн. Ингэхдээ нэгжих зөвшөөрөл үзүүлсэн болов уу?

-АТГ-ынхан дэндүү бүдүүлэг хүмүүс. Тэд хууль мэддэггүй. Мэддэг байсан бол өмгөөлөгч хүнд “Тэр хүнийг өмгөөлж болохгүй” гэсэн бичиг өгөхгүй байсан. Ер нь энэ байгууллагыг татан буулгах ёстой. Аз болж Х.Тэмүүжин сайдын гаргасан Мөрдөх албаны хуулийн ачаар АТГ жамаараа алга болох юм шиг байна билээ. Авлигатай тэмцэх ажлыг манай цагдаагийн байгууллага сайн хийж байсан. Гэтэл олон улсын жишгийг дагана гээд агентлаг байгуулчихсан юм. Тэр нь ажлаа хийж чадахгүй байна. Би АТГ-ыг “Хэрэг илрүүллээ” гэхэд нь хэрэг угаачихвий дээ гэж айдаг.

-Хэрвээ Н.Энхбаяр дарга өвчний улмаас ялаас чөлөөлөгдөөд бие тэнхэрч улс төрдөө эргэн ирвэл авсан ял нь саад болох уу?

-Би Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс гараагүй гэж боддог. Цагаатгах уу, үгүй юу гэдгийг ярих биш. Угаасаа цагаатгах нь тодорхой. Харин хэр хугацаа орохыг хэлж мэдэхгүй байна. Ер нь тэгээд олигархиудтай хийсэн дайн хэзээ дуусна, тэр үед л Н.Энхбаяр дарга цагаатах байх. Энэ дайн одоо дөнгөж эхэлж байна.

-МАХН ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-МАХН-аас хэд хэдэн ажлын хэсэг гаргая гэж ярьж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Хадгаламж банк дампуурсан. Бид энэ үйлдлийг ажиглаж дүгнэлт хийсэн. Энэ нь юу вэ гэхээр харилцагчид арилжааны банкинд итгэх итгэл төрөхгүй байна. Анод, Ард, одоо Хадгаламж банкийг хар. Хоёрдугаарт нэг бүтэхгүй компанийн эзэн Монгол Улсын нэрийг олон улсын төвшинд унагаасан байгаа. Бид энэ асуудал дээр ажлыг хэсэг гаргаж шалгана. Дээрээс нь бид МАН-аас байраа авна. Ингэхдээ алга болсон өмчийнхөө жагсаалтыг гаргахаар судалгааны ажил хийж байна.

-Монгол Улсын нэрийг унагаасан гээд байгаа компанийн эзний талаар тодруулахгүй юу?

-Одоохондоо судлах, шалгах ажлууд байгаа болохоор бүх зүйл тодорхой болсны дараа дэлгэрэнгүй тайлбарлая.

-Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Чуулганаар ийм нэг хуулийн төсөл өргөн барьчих юмсан” гэсэн бодол байна уу?

-Хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр судалж байна. Үүний дотор Гадаадын хөрөнгө оруулалтыг тогворжуулах тухай хууль байгаа. Ер нь тэгээд Гэмт хэргийн, Мөрдөх албаны хууль гээд ирж байгаа. Хэрвээ Ц.Нямдорж нь инээгээд л Х.Тэмүүжин нь орилоод тэнэг хууль гаргачих юм бол бид энд оролцохгүй. Харин үнэхээр энэ хуулийг сайжруулаад батална гэвэл өөрийн санааг оруулна гэж бодож байгаа. Дээрээс нь анхаарлаа хандуулаад байгаа зүйл бол Монгол судлалын судалгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Ж.Баттуул