Манай улсад цусны өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай өсч байгаа тухай телевизээр мэдээлж байна. Мөн уг өвчнөөр хорвоог орхиж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ч онцоллоо.

Цусны өвчин гэдэг нь хүнд байх ёстой цусны эрүүл эсүүд хавдрын эсээр солигдож байна гэсэн үг аж. Тодруулбал, эрүүл хүний биед байх ёсгүй залуу хавдрын эсүүд цусанд орж, нас бие гүйцсэн эсийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, эмгэгээр олширсны улмаас үүсдэг өвчин хэмээн мэргэжлийн эмч тайлбарлаж байна.

Хүн төрөлхтөний амьдрал сайжрахын хэрээр  химийн гаралтай бүтээгдэхүүн идэж уух нь ихэссэн. Гэхдээ бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд баталгаа байдаггүй. Энэхүү гадаадаас оруулж ирж байгаа янз бүрийн жимс, ногоонууд болон генетикийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх нөхцөл болж байна хэмээн эмч, мэргэжилтнүүд дүгнэж байна.

Химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс  үүдэн  дэлхий дахинд цусны өвчин ихэсч байгаа нь судалгаанаас харагддаг. Хятад улсад  л гэхэд цусны өвчин тэргүүлэх зэргийн өвчлөл болчихоод байгаа аж. Уг өвчнийг үүсэхэд нөлөөлж байгаа дараагийн  хүчин зүйл бол агаарын бохирдол болон орчны бохирдол гэнэ.  Улаанбаатар хотод амьдарч байгаа бид өвлийн турш утаараар амьсгалдаг. Энэ нь хавдар үүсгэх нэг шалтгаан болдог аж.  Бид агаарын бохирдлыг бууруулах талаар ажиллаж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Цусны өвчин анх үүсэхдээ ямар нэгэн онцгой шинж тэмдэг илэрдэггүй ч ерөнхийдөө бие сульдах, ядрах, дархлаа суларснаас болж ханиад, томуу хүрэх, хааяа биеэр хөх толбо туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.  Мөн хамар, буйлнаас цус гарах, эсвэл ямар нэгэн халдварт өвчинд өртөмтгий болдог аж. Хэрэв шалтгаан нь тодорхойгүй халуурч, ядарч, сульдах тохиолдол гарвал заавал шинжилгээ өгч оношоо тодруулах хэрэгтэй. Бид аливаа өвчнийг хүндэрсэн хойно л эмнэлэгт ханддаг хайхрамжгүй хүмүүс. 

Сүүлийн таван жилийн судалгааг өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад энэ өвчин 7-8 дахин ихэссэн үзүүлэлт харагдаж байгаа юм. Бүх төрлийн хавдар өсч байгаа ч тэр дундаа цусны хавдар сүүлийн 10 жилийн дотор эрс нэмэгдсэн гэсэн судалгаа бий.

Одоо манай улсад  хэвтэж, эмчлүүлж байгаа цусны хавдартай хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуус байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.  Хавдарын гол эмчилгээ нь химийн эмчилгээ байдаг бөгөөд дараа нь чөмөг шилжүүлэн суулгах  эмчилгээ байдаг аж. Цусны өвчин хүндэрсэн тохиолдолд нас баралт өндөр хувьтай байдаг. Ер нь хавдрууд дундаа хамгийн өндөр эрсдэлтэйд ордог нь цусны өвчин гэнэ. Жишээ нь, элэг, уушигний хавдрыг авч болдог бол  цусны хавдрыг авах ямар ч боломжгүй байдаг. Бас химийн эмчилгээгээр эмчилдэг учраас гаж нөлөө ихтэй байдаг аж.

Эх, нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цусны тасагт сардаа нэг хүүхэд ирж эмчлүүлдэг байсан бол сүүлийн үед долоо хоног өнжихгүй  цусны хорт хавдраар өвчилсөн бага насны хүүхэд ирж байгаа тухай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй цусны өвчтэй хүүхдүүд эмчлэгдэж байна.

Тиймээс хүүхэддээ өгөх хүнсний бүтээгдэхүүндээ анхаарч,  химийн гаралтай өнгө будаг, бодис орсон ундаа өгөхгүй байх хэрэгтэйг эмч нар сануулж байна.

Б.Хорлоо