Байгуулсан гавьяагүй баахан яам
2013/08/22
Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг цөөрүүлнэ хэмээн анх ам гарч байсан ч хэлсэндээ хүрээгүй. Өмнө нь 11 яамтай байсныг өөрчилж, шинээр таван яам байгуулан 16 болгосон.
Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч 33 агентлагийг ажилчид нь хүнд суртал, авлига хээл хахуульд ойрхон гэдэг утгаараа нь 28 болгон цөөлсөн нэр зүүсэн. Гэсэн ч ёстой л тусыг эс олов гээч болж, зарим шинэ яам нь үнэндээ л хийсэн ажил, бүтээсэн зүйлгүй бүтэн жилийн нүүрийг үзжээ.
Сүүлийн үед Н.Алтанхуягийн Засгийн газар “нурах” тухай яригдаж, дараагийн Ерөнхий сайдын сунгаа АН-д эхэлчихсэн яваа. Ирэх есдүгээр сарын дундуур Н.Алтанхуяг сайд Япон улсад албан ёсны айлчлал хийж, таван толгойгоос таван цаасаа олж ирэхээр явах сурагтай.
Хэдий Ерөнхий сайд унасан ч зарим нэг сайд нар нь амь бөхтэй үлдэж болох юм. Юутай ч Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг хэнбугай ч Ерөнхий сайд боллоо гэсэн Засгийн газрын гишүүд, шинэ яамд жилийн хугацаанд юу хийж гийгүүлж байсныг яам тус бүрээр цувралаар хүргэе.
Эдийн засгийг хөгжүүлэгч бус хямраагч яам
Монгол Улсыг мөрөөдлийн замд нь хөтлөн оруулах нэгэн шинэ яам байгуулсан нь Эдийн засгийн хөгжлийн яам. Сайд нь “Фортуна” хэмээх Н.Батбаяр. Үндсэндээ Сангийн яамнаас ч илүү эрх мэдэлтэй байх ёстой газар.
Эрхэм сайдтан ажлаа хүлээж авснаас хойш төсөв батлах, Чингис бондын мөнгө Монгол Улсын дансанд орох үест хамгийн чанга дуутай хүн байсан санагдана. Бөөн мөнгө олоод ирчихсэн гээд бараг улсын баатар шиг л байв даа. “Бонд гэдэг чинь өр биш. Хийж чадвал үр ашгаа өгнө.
Битгий муу амла.” гэж ирээд бусдыг чамгүй загнасан. Хэл ам, хэрүүл уруул хийсний эцэст хэд хэдэн төсөлд санхүүжилт хийсэн. Хэдийгээр бүтээн байгуулалтын ажил санхүүжүүлсэн ч бондын хүүтэй мөнгийг ийн зарцуулах нь эргэн төлөлтөд муугаар нөлөөлнө хэмээн “харамлах” хүн ч олон байсан.
Гэвч ардчиллын үндсэн зарчим болох санал хураалтаар олонх ялсаар 1.5 тэрбум ам.доллараас өдгөө 347 сая ам.доллар л үлдсэн байна. Үнэндээ хүүтэй мөнгийг бүхэлд нь эргэлт хурдтай бизнест оруулж, ашиг хүртдэг гэдгийг ямар ч тэнэг хүн мэддэг байхад Монгол улсын хөгжлийг тодорхойлох ёстой яамныхан л мэдэхгүй байна гэнэ дээ.
Сангийн яам дангаараа ажиллаж байхад дэлхийн эдийн засаг хямарсан үед монголчууд давалгаанд нь өртөлгүй хуурай гарч байсан түүх бий. Гэтэл өдгөө дэлхий дахинд нам гүмхэн байхад бид дотооддоо эдийн засгаа хямруулчихсан дээр, дооргүй бүсээ чангалж эхэллээ.
Үнэндээ бол Эдийн засгийн хөгжлийн яам гээч нь хуучны Улсын төлөвлөгөөний комисс гэдэгтэй утга нэгэн юм хэмээн хууччуул овоо сүрхий дэмжсэн юм. Тэрхүү комисс нь улс, нийгмийн хөгжлийг тав, таван жилээр төлөвлөж, системтэйгээр хөгжүүлдэг байсан гэдэг.
Түүнтэй ижил хөгжлийн бодлогыг дөрвөн жилээр тодорхойлох үүрэгтэй юм билээ. Тиймдээ ч тус яаманд нэлээд эрх мэдэл төвлөрүүлсэн нь өдгөө бүс чангалах байтугай толгойгоо шаахад хүргээд байна. Бодоод үз, улсын нэгдсэн төсвийн орлого одоогийн байдлаар 133 тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа.
Дээр нь Чингис бондын хүү буюу өрөө нэмж тооцвол хэдэн оронтой тоо гарах бол доо. Уг нь энэ онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн нийт зарлага 7.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь байхаар батлагдсан бөгөөд нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан юм.
Хуулиараа төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.0 хувиас хэтрэхгүй байвал аюултай хэмжээ биш гэж үздэг учраас энэ жил мөн л тэгж тооцсон. Харин үүнээс хэтэрвэл бонд, зээл зэргээс нөхөх гэж оролдоод ч дийлддэггүй хэмээн эдийн засагчид ярьдаг. Тэгвэл энэ удаа аль хэдийн аюултай хэмжээндээ оччихсон байна.
Ёстой л сахил хүртээд шал дордов гэдэг боллоо. Эдийн засгийн гэдэг нэрнээсээ эхлээд хэлж ярьдаггүй, дандаа тоо боддог хүмүүс байдаг юм уу гэж эндүүрмээр энэ яамныхныг. Эдийн засаг хямарчихаад байна гээд байхад амандаа ус балгасан мэт дуугүй л байгаад байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд ирэхэд хямрах нь гэдгийг ард түмэн зөнгөөрөө мэдэрдэг болчихсон байхад тэд мөн л чимээ аниргүй. Гэтэл эрхэм сайдтан нь “Нийгэмд тархсан сөрөг, буруу, хар, бараан мэдээнээс болж долларын ханш өссөн. Түүнээс биш Монгол улс валютын хомсдолд ороогүй.
Иргэд өөрсдөө битгий зохиомол хомсдол үүсгэ. Үүнээс чинь болоод валютын ханш савлаад байна” гэж суугаа нь бүр ч хачирхалтай. Яах вэ, мань хүний шарын шашин уу, бөө юу аль нь ч бай гал тахиж, элдэв ёслол үйлдсэн тухай бишгүй л сонссон. Гэхдээ гал тахих яам толгойлох хоёр чинь шал өөр асуудал.
Бүр цаашилбал яам толгойлох улсын хөгжлийг тодорхойлох хоёр чинь бүүр шал ондоо, өргөн цар хүрээтэй юм гэсэн. Харамсалтай нь энэ хэвээрээ явбал хөгжүүлэх яам нь хөлийг тушаад нам суулгах нь бололтой Монгол Улсыг.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:
Зочин · 2013/08/25
Үнэндээ юу ч хийхгүй харин ч бүр өрөнд унагааж дуусч байна. Гудамж төсөл гэж шал тэнэг юм хийгээд бүр гай болж байна. Одоо энэ тэндгүй Фортунагийн гацаа гэгч үүсээд байна. Хэдэн уулзвар хийсэн нуухийг нь авах гээд нүдийг нь сохолж бүр илүү бөглөө болгосон. Олж ирсэн хэдэн зээлээ өөрөө идэх гээд хэрэггүй ********ан уулзвар хийлээ. өөр юу ч алга