Аливаа хувьсгалт өөрчлөлт тухайн улс орны хөгжил цэцэглэлт, сайн сайхан, шударга ёсны төлөө болон хүчирхийллийн эсрэг хийгдэх ёстой байдаг.

Хэрэв хувьсгал хөгжил цэцэглэлтийг нурааж, ажилгүйдэл ядуурлыг өөгшүүлж, дур зоргоор авирлах явдлыг гааруулж, мэдлэг боловсролыг үнэгүйдүүлж ард түмний төлөө бус байвал хувьсгал биш харгислал болдог жамтай.

Хүн төрөлхтний түүхэнд хувьсгал хэрхэн харгислал болсон тухай жишээ цөөнгүй бий. БНХАУ-д 1966 оны 5 сараас 1976 оны 10 сар хүртэл соёлын хувьсгал гэгчийг явуулсан байдаг. Энэ нь асар их хор хохиролтой гэмт хэрэг болсон бөгөөд ард түмний эсрэг гэмт хэрэг болж мэдлэг боловсролыг уландаа гишгэсэн хүчирхийлэл болсон.

Энэ соёлын хувьсгалын үр дүнд Хятад улсад юу болов.

1.Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудыг хувьсгалын бааз болгон ашиглаж, Хятадын ард түмэн дотроо хагаран бутарч, харилцан нэг нэгэндээ хүчирхийлэл хэрэглэх төв штабууд болж хувирснаас болж ямар ч бичиг үсэг тайлагдаагүй ерөнхий боловсрол ч эзэмшээгүй хүмүүс их сургуульд элсэн орж, ямар ч мэдлэг боловсрол эзэмшиж чадалгүй харанхуйгаар төгссөн юм. Эдгээр хүмүүст хувьсгалыг сайн гэсэн дүгнэлтээр мэдлэгийн диплом өгч, мэдлэг боловсрол эзэмшээгүй хоёр үеийн харанхуй хүмүүсийг бэлдсэн юм. Эдгээр хүмүүс нь нийгмийн хөгжлийн эсрэг нийгмийн давхарга болж БНХАУ-ын засгийн газар нээлттэй бодлого явуулснаас хойш энэ хоёр үеийн хүмүүсийг мэдлэгжүүлэх гэж “Захидлаар суралцах их сургууль”“Радио сонсож суралцах их сургууль”“Телевиз үзэж суралцах их сургууль”“Өөрөө суралцах их сургууль” гэдэг нэртэй Ерөнхий боловсрол олгодог, дахин мэдлэгжих, дипломжих үйл ажиллагаа явуулсан боловч хоцрогдсон хоёр үе, хэдэн зуун сая хүн нийгмийн хөгжлийг дагаж чадахгүй байсаар 1990-д оны дундуур хүчээр тэтгэвэрт нь гаргах процесс явагдсан юм.Мэдлэгийг үнэлдэггүй Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд хүн төрөлхтөнд ямар их гай тарьдаг гэдгийг, арван жилийн хоцрогдол улс оронд ямар их гай тарьдгийг үүнээс бэлээхэн харж болно.

2.Шууд буюу шууд бусаар зуун сая хүн соёлын хувьсгалын хохирогч болсон нь ямаршуухан том хэлмэгдүүлэлт болсныг илтгэдэг.

3.Хорин сая хүн энэ хувьсгалаар хэлмэгдэн нас барсан юм.

4.Арван жил үргэлжилсэн соёлын хувьсгал нь Хятадын ард түмний хоёр үеийг маш ихээр хохироосон хэмээн өнөөдөр ярьж байна.

Монголын ардчилсан хувьсгал

Ардчилсан хувьсгалыг Монголын сайн сайхны төлөө гэж итгэж Монгол хүн бүр угтан авсан юм. Тэднийг хөгжил цэцэглэлтэй Монголоос илүү Монголыг цогцлоон босгоно гэж ард түмэн итгэл дүүрэн байж тэдэн бүх эрх мэдлийг хүлээлгэн өгсөн юм. Гэтэл үр дүн нь юу болов.

1.Социализмын үед долоон зуу гаруй сүм хийдийг устгасан гэж хүмүүс халаглан ярьж, социализмыг муучилдаг. Гэтэл ардчиллын үед хэдэн мянган улс төр, эдийн засаг, нийгмийн институтуудыг устгасан бол үүнийг нь тэгээд бид хөгжил гэж хэлэх үү. Энд олон юм нуршилгүй хэдэн тоо баримт харъя. Ардчилал гараад 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Энэ тоог цааш үргэлжлүүлвэл үнэхээр аймшигтай үр дүн харагдана. Монголын ард түмэн түүхэнд байгаагүйгээр, урьд хожид үзэгдээгүй хүчирхийлэл болон хэлмэгдүүлэлтэнд өртсөн юм. Үүнийг тэгээд хэн хийчихсэн болж байна. Хорин хоёр жил төрийн эрх барьсан эрх баригч нар болон тэдгээрийн бөгсийг долоогчдоос өөр хэн ч биш.

2.БНХАУ-ын арван жилийн соёлын хувьсгалд хоёр үе хохирсон гэдгийг дэлхий нотолж байвал хориод жилийн Монголын ардчилсан нэртэй хувьсгалын солиорлоор бүхэл бүтэн таван үе Монгол хүн хохирогч болж хоцорчихсон байна. Улс орныг нь сүйрүүлчихээд хүн ардаар нь тоглодог ийм хүчирхийлэл гэж байдаг юм уу. Энэ үндэстэнд дэндүү том харгислал үйлдчихсэн байна шүү дээ. Үүнийг хэн хийчихэв.

3.Монголын гал голомтыг мөнхжүүлэх ёстой хичнээн Монголын ариун охид маань хориод жилийн ардчилал гэгчийн үеэр бэлгийн хүчирхийлэлд орж янхан нэрээр дуудуулж хэлмэгдсэн бол үүнийг хариуцлагыг эрх баригчид үүрэх нь нэгэнт тодорхой. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрэх хатуу зарчим хэзээд хүн төрөлхтөнд байсаар ирсэн.

4.Ёс суртахуунтай мэдлэг боловсролтой хүн бусдыг хохироож, улс орноо сүйрүүлдэггүй юм. Ардчиллын үеэр хэлмэгдсэн таван үеийн хүмүүсийн ёс суртахуунтай хүмүүжилтэй хүмүүс нь ард түмний эсрэг нийгмийн урсгалд хөл нийлүүлж алхаж чадахгүй болсноо мэдэж, энэ муу муухайтай эвлэрч чадалгүй, сэтгэлийн дарамтанд орж архи ууж, өөрийн биеэ сүйтгэж өвгөнтийн хөндий гэдэг соёлыг үүсгэсэн. Тиймээс өвгөнтийн хөндийд шударга ёсны, ёс суртахууны хөшөө босгох ёстой. Эдгээр хүмүүс эрх баригчдын муу муухайтай хэзээ ч эвлэрээгүй. Эрх баригчид Монголын ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой хэсгийг золионд гаргасан юм. Үүний хариуцлагыг ч ард түмэн хатуу нэхэх ёстой.

5.Хичнээн Монголын үр хүүхэд, балчир үрс мэдлэгийг үнэлдэггүй, мэдлэггүй их, дээд сургуульд орж суралцсан нэр зүүн хэлмэгдсэн бол эдгээр хүмүүсийн төлөө харамсахын дээдээр харамсаж, Монгол орноо яах вэ гэж сэтгэл шимширнэ. Оюун ухааны хэлмэгдүүлэлтийг хориод жил явуулж Монголын ард түмнийг туршилтын туулай болгожээ. Энэ бүхнийг хариуцлага ч бас л хатуухан ирэх болно.

6. Улс төрийн алуурчин, эдийн засгийн алуурчин, оюун ухааны алуурчдад юуны түрүүнд шударга ёсны хатуу хариуцлагыг хүлээлгэх ёстой. Мэдлэг боловсролгүй, харанхуй, Монголоо гэсэн сэтгэлгүй хүмүүс төр барьснаар ямар сүйрэл авчирдаг гэдгийг Монголын ард түмэн гүнээ ухамсарлаж байна. Одоо Монголчууд эрс тэмцэх цаг нь болжээ. Монгол хүн Монгол эх орондоо эзний ёсоор байж, хэзээд нэгдүгээрт эрэмбэлэгдэж, шударга ёс, эрх чөлөөг дээдэлж, мэдлэг боловсролтой, хөгжил цэцэглэлттэй, хүн төрөлхтний бахархал болсон Монгол орныг бүтээн босгох ёстой.

Бид чадна. Цаашид үүнээс илүүг тэвчих тэвчээр гэж Монголын ард түмэнд байхгүй ээ.

А.Ганбаатар