Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудыг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч эхэллээ. 

Хөлсний байр хамгийн их төвлөрдөг газар нь Баянгол дүүрэг буюу Гандангийн ойр орчим байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийнхээ нийтийн байруудад шалгалт хийжээ. Шалгалтыг тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн болон XVI хорооны цагдаа, онцгой байдал, эрчим хүчний хэлтсийн ажилтан, эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг гэсэн бүрэлдэхүүнтэй хийжээ. Уг шалгалтад 53 иргэний нийтийн байр хамрагдаж албан шаардлага өгүүлсэн ч энэ сарын 22, 23-нд хийсэн дахин шалгалтаар 18 нийтийн байранд зөрчил, дутагдал илэрчээ.

Энэхүү асуудлаар хорооны ажилтантай уулзан зөрчил, дутагдалтай болон албан шаардлага гүйцэтгэж байгаа нийтийн байртай нь танилцахаар болсон юм. Ингээд "Бөмбөгөр" худалдааны төвийн замын эсрэг талд байрлах хашаан дотроо нийтийн байр хөлслvvлдэг газар зорьж очлоо. Жижигхэн хашаатай учир байрныхаа үүдний хаалганд бараг тулчихсан, нийтийн 00-той үхэр, муу усны үнэр хамар цоргисон орчин угтсан юм. Харин 00-ынхоо хажуу талд нь муу усны нүх ухсан байгаа ч хальж гарчээ. Хорооны ажилтны хэлж буйгаар "Энэ чинь зүгээр үзүүлэн байгаа юм.

Энэ муу усны нүхийг бараг нэг метр ч газар ухаагүй. Зуны улиралд даваад хашааны завсраар урд далан руу урсчихдаг. Өвөлдөө энэ нь мөс болоод хүмүүс бэртэж гэмтэх тохиолдол ч гардаг. Хог хаягдлын бохирыг бид хорооноос долоо хоног бүрийн хагас сайн өдөр өдрийн арван мянган төгрөгийн цалинтай хүнээр цэвэрлүүлдэг ч нэмэр байдаггүй" гэсэн юм. Энэхүү байрны сарын түрээс нь 200 мянган төгрөг аж. Уг нийтийн байр нь дотроо долоон өрөөтэй бөгөөд нэг өрөө нь 3x3 харьцаатай гэнэ. Тус хорооны мэргэжилтэнтэй дотоод байдалтай танилцах гэсэн боловч ихэнх өрөөнүүд нь цоожтой түрээслүүлэгч нь ч гарч ирээгүй юм. Нийтийн энэхүү байранд дунджаар 1-4 хүн амьдардаг аж. Гэрэл, цахилгааны асуудал нь ч маргаантай.

Зарим цахилгааны утас нь ил харагдаж байсан юм. Энэхүү нийтийн байрыг ихэвчлэн дотуур байрандаа орж чадаагүй оюутнууд хөлсөлдөг аж. Амьдрах орчноо мартаж, төвд сургуульдаа ойрыг нь сонгож байгаа нь энэ. Ийнхүү зөрчилтэй шаардлага хангаагүй нийтийн байртай танилцсаны дараа Мэргэжлийн хяналтын албан шаардлагыг хүлээн авч гүйцэтгэсэн байртай нь танилцсан юм. Өмнөх нийтийн байрыг бодвол хашаагаар нь ороход арай эмх цэгцтэй харагдана билээ. Энэхүү нийтийн байрны түрээслүүлэгч Ч.Баасанжавтай уулзан байрны талаархи зарим зүйлийг тодрууллаа. Гурван давхар улаан тоосгон нийтийн байрны түрээс мөн л 200 мянган төгрөг бөгөөд дотроо 28 өрөөтэй.

Өвөлдөө цахилгаанаар дулаанаа хангадаг учир сэрүүхэн талдаа байдаг. Манайх нийтийн байраа дүүргийн Мэргэжлийн хяналтын албан шаардлагын дагуу зарим зүйлийг засч янзалсан. Одоо дулаан, усны асуудлаа шийдчихвэл өөр асуудал байхгүй. Энэхүү нийтийн байр нь давхар болгондоо камертай учир элдэв хэрэг гардаггүй" хэмээн түрээслэгч нь ярилаа. Уг байрыг мөн л ихэвчлэн оюутнууд хөлсөлдөг байна. 

Баянгол дүүргийн энэхүү дахин хяналт шалгалтад хамрагдсан нийтийн байрны 71 хувь нь нүхэн жорлон, угаадасны нүх ерөнхий шаардлага болон ахуйн бохир усны цооногийг доторлож ашиглах журмыг хэрэгжүүлж ажилласан байна.

Албан мэдэгдэл хэрэгжүүлээгүй хоёр иргэнд Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хууль, зургаан иргэнд "Захиргааны хариуцлагын тухай" хуулийн дагуу нийт 400.800 төгрөгийн захиргааны арга хэмжээ ногдуулжээ. 

Нийтийн байрны энэ асуудлаар Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч З.Сарангэрэлээс тодруулахад "Дүүрэг, хороо болон холбогдох мэргэжилтнүүд нийтийн байрны хяналт шалгалтын талаар ажиллаж байгаа. 

Өнгөрсөн тавдугаар сард албан шаардлага явуулсан иргэдээс зарим нь гүйцэтгээгүй байсан юм. Иймээс бид зөрчил дутагдалтай байгаа иргэдийг мөнгөн дүнгээр торгосон. Бидэнд шаардлага хангахгүй байгаа нийтийн байрнуудыг хаах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс зөвхөн мөнгөн дүнгээр л торгодог эрхтэй байдаг. Цаашдаа нийтийн байруудыг төвлөрсөн усан хангамжинд холбох, халдваргүйтгэлийн ажлыг албан ёсны гэрээ байгуулан ажиллахаар ажиллаж байна" гэлээ. 

Албан шаардлага хүлээж аваагүй, дахин зөрчил гаргасан нийтийн байрны эзэдтэй тус дүүргийн мэргэжлийн хяналтын газар болон онцгой байдлын газрууд уулзан ойрын хугацаанд шийдвэрт хүрэх юм байна.

Э.Уул