Түрийнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаж залбал түүх даажигнан тохуурхдаг
2016/05/10
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд ойрмогхон нийтлэлийн хоёр ч бүтээлээ уншигчдын гарт хүргэв. Нэг нь “Монголоо нэхэж буй Монгол”, нөгөө нь “Бурхан мэт насанд нь” нэртэй. Аль аль нь гурав гурван бүлэгтэй аж.
“Монголоо нэхэж буй Монгол” номынхоо “Цаг үеэ шинжихүй” гарчгийн дор өнөөгийн Монголын нийгэмд хуримтлагдсан хурц асуудлуудыг сөхөн тавьж, түүндээ хариулт өгөхийг чармайсан бол “Өнгөрсөн рүү зурвасхан өнгийхүй” хоёр дахь бүлэгтээ өвгөдийн түүх рүүгээ аялал хийж, түүнээс сургамж авахын чухлыг онцолсон аж. Үүгээрээ өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш үгүй гэдгийг сануулан хэлжээ.
“Алс нутагт учирсан ховор хүмүүс” гурав дахь бүлэгтээ АНУ-д байхдаа учирч уулзаж явсан ховорхон хүмүүсийн тухай, нэрт монгол судлаач, эрэлхэг зоригт хөвүүний тухай өгүүлжээ. Эндээс уншигч та Монголоо нэхсэн монгол зан заншил, түүх соёлоо дээдэлсэн үзэл санаа илэрхий цухалзаж буйг эрхбиш гадарлаж буй бизээ.
Харин “Бурхан мэт насанд нь” хэмээх хоёр дахь номондоо “Боловсрол, хүмүүжил, соёл”, “Ном, ном, ном”, “Уран зохиолын ертөнц” гэсэн гурван бүлэг оруулжээ. Б.Номинчимэд АНУ-д нилээд хэдэн жилийг өнгөрөөсөн хүн. Тэндхийн аж төрөх ёсыг эргэцүүлж, АНУ-ын боловсрол, хүмүүжил, соёлыг Монголынхтой жишиж зэрэгцүүлж харьцуулан бясалгасан нийтлэлүүдээ түүвэрлэн багцалжээ.
Тэрбээр сүүлийн арваад жилд олон арав, зуун ном уншиж судалж бас өөрөө долоон ч ном бичиж туурвиж, монголын болоод дэлхийн утга зохиолын ертөнцөөр хөндлөн гулд тэнүүчилж түмэн асуултад ээрэгдэж, буман хариултыг олох гэж бэдрэх явцдаа олсон санаа бодлоо эл номдоо дэлгэж, уншигчидтайгаа хуваалцжээ.
Би энд дээрх хоёр номын тухай өгүүлэхгүй харин “Монголоо нэхэж буй Монгол” номынх нь зарим нийтлэлийн талаар товч хөндөнө. Учир нь Монголын нийгэм өнөөдөр хөгжлийнхөө хамгийн ээдрээ түвэгтэй үе шатанд яваа, энэ нь юм боддог олон хүний санаа сэтгэлийг зовоож байгаа цаг үед ийм ном хэвлэгдэж гарсанд ихэд олзуурхаж аль болох олон хүн Б.Номинчимэдийн эл бүтээлийг уншиж үзээсэй билээ гэсэндээ энэхүү шүүмжийг тэрлэв.
“Түүх биднээр тохуурхаж байна” гэсэн нийтлэлдээ зохиогч түүх заримдаа бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнээр, тэдний хувь заяагаар тохуурхах нь бий. Тийм үзэгдэл нэг биш давтагддаг гээд Монголын өнгөрсөн 25 жилийн үйл амьдралаар баримт дэвсгэр хийж эл санаагаа батлаж өгүүлсэн нь сонирхол ихэд татав. Нийтлэлээ дотор нь хэд хэдэн жижиг гарчигт хувааж бичжээ.
Хүнд суртал хэмээх хэсэгтээ 1990 оны хаврын хахирган жаврыг сөрж монголчууд бид төрийн хүнд суртлын эсрэг жагссан, тэмцсэн. 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв. Гэтэл өнөөдөр тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихжээ гэж харьцуулсан бол намжсан төр гарчигт ерэн оны монголын төр бол МАХН байсан.
МАХН-ын Улс Төрийн Товчоо бүх асуудлыг шийддэг байв. Нам бүхнийг хянадаг байлаа. Намд гишүүнээр элсэхгүй л бол хичнээн авьяас чадвартай байгаад ч боломж олддоггүй байв. Бид энэ байдлаас гарахын төлөө тэмцсэн.
Гэтэл өнөөдөр үзэл сурталжсан тэр үеийн МАХН-аас долоон дор олигархжсан намаас шууд хамаатай төрийн дор орчихсон байна. Аль нэг намд элсч, тэр намынхаа төлөө үхэн хатан зүтгэхгүй л бол юу ч бүтэхээ больчихжээ гэж үнэн байдлыг түс тас өгүүлжээ.
1990 оны хаврын хүйтэн жаварлаг өдрүүдэд бид хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй гэж сөрж боссон. Жагссан. Тэмцсэн. Нэг намд үйлчилдэг хэвлэлийн “эрх чөлөө”-г халж ил тод байдал, олон ургалч байдлыг хүсэмжлэн тэмцсэн.
Харин өнөөдөр эргэж харвал хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, сэтгүүлчид тодорхой эрх мэдэлтнүүд, улстөр-бизнесийн бүлэглэлд л дуулгавартай үйлчлэгчид болон хувирчихжээ. Хэвлэлийн эрх чөлөө хоосон тунхаглал болж үлдлээ гэжээ.
Үүнийг худлаа гэж эсэргүүцэх хүн бараг үгүй болов уу, гардаг юмаа гэхэд хуруу дарам цөөхөн байх биз гэж бодож байна. 2000 оны эхээр хэвлэлийн харьцангуй эрх чөлөөтэй улс орны тоонд багтаж байсан Монгол Улс удалгүй ухарч эхэлсэн бөгөөд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс орны тоонд эрэмбэлэгдэх болсон нь үнэхээр эмгэнэл юм.
“Фридом хаус”, “Хил хязгааргүй сэтгүүлчид” зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудаас гаргасан үзүүлэлтээр Монгол Улс 2015 онд 54-р байрт орж байсан бол энэ жил зургаагаар ухарч 60-р байранд жагссан байна лээ. Хэвлэлийн эрх чөлөө гэж хэлд, бас хөлд орж, улмаар нэрд гарч улсын Ерөнхийлөгч хүртлээ урагшлан дэвшсэн Ц.Элбэгдоржид, бас улсын баатар болтлоо ойлж цойлсон Э.Бат-Үүл нарт энэ нь шившиг гэж хэлмээр байна. Тэд хэвлэлийн эрх чөлөөнөөс өнөөдөр айдаг болсон ч байж мэдэх юм.
1990 онд бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй больё гэсэн. Гэтэл өнөөдөр алт шиг үг ч, нохой шиг хуцалт ч яг адилхан болчихлоо. Ямарч үг хэлээд нэмэр алга. Чих нь дөжирчихжээ гэж Б.Номинчимэд бичсэн байна.
Хууль, шударга ёс. 1990 оны хаврын хахирган жаврыг сөрж монголчууд бид шударга ёсны төлөө хуулийг гууль болгодог бурангуй явдлын эсрэг тэмцсэн. Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэг эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан.
Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгийг бүр мартах шахаж байна. Хуучин цагт буюу БНМАУ-д 160 гаруй хууль тогтоомж үйлчилж хэрэгжилт нь 96 хувьтай байжээ. Өнөөдөр Монгол Улсад 900 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаа ч хэрэгжилт нь 50 хүрэхгүй хувьтай гэнэ. Хуучин цагт хууль гууль болох явдал байсан бол одоо хууль гээч нь зүгээр л хогийн тантан дахь шарилж болж хувирчээ.
Шүүх засаглал өнөөдөр захиалгаар үйлчилдэг болов. Хэн төр, шүүх засаглалын эрх мэдлийг авна, түүнд үйлчилдэг шүүх засаглалтай болж хувираад байна. Эцсийн эцэст Монголын шүүх засаглал эрх мэдэл, эрх ашиг, их орлогын төлөө улайран тэмцсэн улстөр бизнесийн бүлэглэлүүдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувираад байна. Энд шударга ёсны төлөө ямар ч ойлголт байхгүй болно гэж Б.Номинчимэд өгүүлжээ.
Хатуухан хэлжээ. Тэгэхдээ үнэнийг л өгүүлсэн байна. Их эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх олигархи бүлэглэлүүдийн тэмцлийн золиос, шударга ёсны төлөө тэмцэгчид байдгийг бид өнөөдөр харж байна. Оюу-толгойн 51 хувийг Монгол Улс эзэмших эрхтэй, Таван толгойг зуун хувь ард түмэндээ өгнө гэж зүтгээд л Намбарын Энхбаяр гэдэг хүн буруудсан. Орон шоронд орсон. Сонгох, сонгогодох эрхээ хүртэл хасуулсан.
Уг үйл явдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Араас нь Н.Алтанхуяг гэдэг хүн орж байх шиг байна. Таван толгойн төлөөх талцал, тэмцлийн зодооныг монголын ард түмэн өнөөдөр нүдээр харж байгаа. Ямар сайндаа УИХ-ын дарга нь хүртэл Монголын цагдаа компанийн цагдаа болсон гэж хэлж байхав дээ.
Авлига. Ерэн оны хавар бид авилгын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт авилга авдаг байж, тэр нь 45 төгрөгийн гутал, их сайндаа 100 төгрөг байжээ. Харин одоо авилгалд бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болжээ. Ардын нам, Ардчилсан нам авилгалыг цэцэглүүлэн хөгжүүлжээ гэж зохиогч тэмдэглээд залгуулж хэлмэгдүүлэлтийн сэдвийг хөнджээ.
Ерэн онд бид үзэл бодлоосоо болж хэлмэгдэхийн эсрэг жагссан, тэмцсэн. 37 оны хэлмэгдүүлэлтийг эргэж харж, цагаатгахын төлөө жагссан. Харамсалтай нь өнөөдөр хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Нэг нам засгийн эрхэнд гарангуут өрсөлдөгч намынхныгаа хэдэн мянгаар нь ажлаас хоморголон халж байна. Энэ үзэгдэл дөрөв дөрвөн жилийн зайтай давтагддаг. Үр дүнд нь төр хүчгүйдэж, төрийн мэргэшсэн албан хаагчид улстөрийн намуудын тоглоом тохуу болж байна гэжээ.
Тусгай хангамж, алагчлалыг халж өөрчлөхийн төлөө бид ерэн онд тэмцсэн, жагссан. Тэр үеийн дарга нар Волга, Чайка машин, харин ард түмний төлөөлөл нь Москвич унадаг байв. Дарга нарт үйлчилдэг дэлгүүр, эмнэлэг байсан, үр хүүхдүүд нь гадаадад сурдаг байсан.
Гэтэл өнөө үеийн дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болжээ. Хуучин цагийн дарга нар Волга, Чайка унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө цагийн дарга нар нисдэг тэргээр хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж ан гөрөө хийдэг, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган ам.доллараар мөрийцөж тоглодог болжээ. “Чанар”-ын ялгаа гарчээ хэмээн Б.Номинчимэд бичжээ.
Тусгаар тогтнолын баталгааг хангаж баталгаатай болгоно гэж ерэн онд бид тэмцсэн, жагссан. Кремлээс хараат бус болохын төлөө босоцгоосон. Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, харин улстөр нь зуун хувь хараат байсан юм.
Гэтэл өнөөдөр Монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпарациудаас шууд хараат байдалтай болсон аж. Тэд их мөнгөөр эрх баригчдыг, улстөрчдийг, улстөрийн намыг худалдан авч өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо.
Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт оржээ. Тэдгээр газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байна. Улс орны эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс хамааралтай болжээ гэж зохиогч онцгойлон сэрэмжлүүлээд Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл удахгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэж бичсэнийг ишлэжээ. Бидний төлөө гадныхан хүртэл харамсдаг болсон аж.
Б.Номинчимэдийн энэхүү бичсэнийг уншаад түүхч, доктор Өлзийбаатараас саяхан сурвалжлагчид өгсөн нэгэн ярилцлагыг эрхгүй эргэн санахад хүрэв. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд олж авсан Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнол тун хэврэгхэн байсныг тэрбээр ярилцлагадаа дурдаад тухайн цаг үеийн эрх мэдэлтнүүдийн хагарал тэмцэл, шунал хүслийг Манжийн төр маш овсгоолгоор ашиглаж Хаант Орос улстай нийлж байгаад 1915 оны Хиагтын хэлэлцээрийг хүчээр тулгаж хүлээлгэснийг дурдаж энэ нь 1919 онд монголын тусгаар тогтнолыг мөхөөх үндэс болсныг сэрэмжлүүлэн сануулаад өнөөдрийн Монгол Улсад яг 1919 онтой адилхан нөхцөл байдал үүсэн бүрэлдэж буй болоод байгааг хэлсэн байна лээ. Өнөөдөр монгол хүн бүр үүнийг ухаарч ойлгох цаг ирж байгаа бололтой. Шуналд хязгаар байх ёстой. Эсвэл түүнийг хүчээр таслан зогсоох учиртай.
Б.Номинчимэд цааш нь ерэн онд монголчууд ЗХУ, болон бусад улстай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг цуцлахын төлөө жагссан юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байгааг эсэргүүцсэн юм. Нэг л мэдэхэд 11 тэрбум шилжих рублийн өртэй болчихсон байсан.
Гэтэл өнөөдөр тэр шүүмжилж байснаасаа арав, хэдэн зуу дахин ашиггүй гэрээг бид Оюу-толгой, Тавантолгойн томоохон ордууд дээрээ байгуулчихжээ. Гадаадын мөлжлөг дээд цэгтээ хүрчээ. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч нь өмөөрөн зөвтгөхдөө “Одоо яая гэх вэ? Онгон охиноо хүнд өгсөн, одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт өнгөрсөн” гэсэн утгатай зүйл яриад сууж байх юм хэмээн халаглажээ. Халаглах багадаж бачуурхад тун ойрхон болчихоод байгаа билээ.
Зохиогч цааш нь ерэн оны Монгол дахь ил тод байдал, үзэл бодлын чөлөөт байдлыг өнөөдрийн төвшинтэй харьцуулалт хийж үзсэн байна. Бас л базаахгүй дүн гарчээ. 1990 онд хувийн үзэл бодлоосоо болж хэлмэгдэх ёсгүй гэж тэмцэж байсан бол өнөөдөр хувийн үзэл бодол ч үгүй болтлоо оюун санааны хувьд хоосорчээ. 1990 онд Эрдэнэт, Мардайг ил болгоё гэж тэмцэж байсан бол өнөөдөр Эрдэнэтээс 30 дахин том Оюу-толгойгоо алдаад туучихжээ.
Мардайгаас хэд дахин том Тавантолгойгоо нохойн замаар оруулах гээд хоорондоо зодолдож суугаа аж. “Ийнхүү түүх биднээр, монголчууд биднээр тохуурхаж байна... Түүх ганцхан тохиолдолд ард түмнээр тохуурхдаг. Ийм дотроо эв нэгдэлгүй, тодорхой үзэл баримтлалгүй, үндэсний бахархалгүй болчихсон, түрийнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаад залчихсан ард түмнээр түүх тохуурхдаг юм.
Эв нэгдэлтэй, эрдэм мэдлэгтэй, эрмэлзэх зорилготой, түүнээ тойрон эрх ашгаа нэгтгэж чаддаг ард түмнээр түүх хэзээ ч тохуурхаж байгаагүй, чаддаг ч үгүй билээ” гэсэн үг, өгүүлбэрээр Б.Номинчимэд “Түүх биднээр тохуурхаж байна” нийтлэлээ төгсгөжээ.
Хорин тав зургаан жилийн өмнөх монголчуудын хүсэл мөрөөдөл, тэмцэл тэмүүллийг 12 ширхэг баримт материал дээр тулгуурлан энэхүү харьцуулсан нийтлэлээ бичжээ.
Үр дүн нь яаж гарав, үр дагавар нь юу болов гэдгийг барим тавим батлаж харуулжээ. Гашуун, маш гашуун аж. Энэ бүгдийг монголчууд, монгол хүн бүр эргэцүүлэн бодож ухаарах цаг нэгэнт болжээ. Эс ухаарвал, эв нэгдлээ бэхжүүлж эс чадвал Алунгоо эхийн багцалж атгасан саваа шиг нэгдэж эс чадвал, сөнөж мөхөх болно. Хожимдоогүй дээрээ нийлж нэгдэцгээе гэсэн эрхэм чухал санааг л илэрхийлэн гаргасан аж.
Олигархи бүлэглэлийнхэн бол олж харахыг ч хүсэхгүй. Олонхи ард түмэн бол онож хэлж дээ. Үнэнийг л өгүүлсэн байна гэж өөриймсөглөн хүлээж авах болов уу гэж итгэж байна. Ингэж хэлж чадаж байгаа, эргэцүүлэн бясалгаж чадаж байгаа нь өөрөө том олзуурхал юм. Чөлөөт сэтгэлгээ, чөлөөт сэтгүүлзүй арай ч унтарчихаагүй байгаагийн баталгаа.
Уг номонд “Олигархи засаглалын зарим шинж” гэсэн өгүүлэл байна. Зохиогч мөн л баримт түшин ярьжээ. Монголын төр бүх ахмадуудын тэтгэвэрт 13 тэрбум төгрөг гаргадаг. Харин баян компануудын улсад төлөх онцгой татвараас 70 хэдэн тэрбум төгрөгийг бууруулдаг. Америкийн гэр бүлийн копанид зөвлөлгөө авах нэрээр 17 тэрбумыг өгдөг гэжээ. Гайхалтай сонин тоо баримт байгаа биз?
Монголд ам.долларын ханш 2000 төгрөг давав. Энэ хэнд ашигтай вэ гэж зохиогч асуугаад өөрөө тоо баримтаар хариулт өгчээ. Төгрөгийн уналт, ам.долларын өсөлт Монгол Улсын эдийн засгийг сөхрүүлж, дундчуул гэж өөрсдийгөө нэрлэдэг хүн амын 60 хувийн, ялангуяа хүн амын 30 хувийг эзэлдэг ядуусын амьжиргааг босч ирэхгүй болтол нь цохиж унагаад гурил будааг хүртэл граммлаж авахад хүргэв гэж тэр анхааруулаад гэтэл дандаа ийм байгаасай гэж боддог, бүр хүсэмжилдэг хүмүүс бий гэвэл, ам.долларын ханшийн өсөлтөөс ашиг олдог, тэгэхдээ зүгээр ч нэг ашиг бус бүр цөм цөм ашиг олдог хэсэг бүлэг байна гэвэл та үнэмших үү? гэж асуугаад дорхи тоо баримтаар хариулжээ.
Нүүрс, алт, мөнгө, зэс зараад авч буй ам.долларынх нь дотоод ханш 1450 төгрөг байсан нь дээр үү, 2045 төгрөг байсан нь дээр үү? Маш энгийн арифметик. Ам.доллар тутмаас тэд 600 төгрөгийн зөрүү ашиг олдог. Нэг тонн нүүрсийг 35 ам.доллараар зарсан хүнд ам.долларын ханш 1450 төгрөг байгаа нөхцөлд ашиг нь 50750 төгрөг байх бол ам.доллар 20000 төгрөг болж өсөхөд ашиг 71500 төгрөг байна гэсэн үг.
Ингэж дотоодынхоо зах зээлээс шимэгчилж, ард түмнийхээ тогооноос халбагдаж, халааснаас нь суйлах замаар ашиг олж, алдагдлаа нөхдөг байна. Архи, тамхинаас авах онцгой албан татварын хувийг тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож тогтоожээ. Ам.долларын ханш яаж ч өөрчлөгдсөн, 2500 төгрөг болсон ч 1450 төгрөгөөрөө л төлнө. Учир нь УИХ-д тэдний хүчтэй төлөөлөл байгаа учраас тэр. Тэдний эрх ашгийг төр хамгаалж байгаа нь энэ гэжээ. Эрхэм хүндэт уншигч та эргэцүүлж нэгэнтээ бодоорой доо. Монголын төр ард түмнийх үү, аль эсвэл олигархи бүлэглэлийнх үү гэдгийг.
Б.Номинчимэд Монгол төрийн бодлого үгүй болж, хэдэн компанийн эрх ашигт ээлжгүй үйлчилдэг болж хувирсныг шүүмжлээд монголын төрд яг хувалз шиг шургалчихсан энэ олигархуудыг, тэдний гар хөл бологчдыг төр засгийн бүх шатнаас зайлуулж, тэдэнд дорхи үгийг хатуу, ойлгомжтой тод хэлэх хэрэгтэй юм гэсэн байна.
Тэр үгс нь:
ТА НАР ЗӨВХӨН БИЗНЕСЭЭ Л ХИЙ, ТӨР ЗАСГИЙН ЯВДАЛД БҮҮ БОХИР ГАРАА ДҮР
ТАТВАРАА ШУДАРГААР ТӨЛ, ШУДАРГА ӨРСӨЛД, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИНГ ЧИНЬ ХАРИН ТӨР ХАНГАЛТТАЙ БАТАЛГААЖУУЛЖ ӨГНӨ
ДОТООДЫНХОО ЗАХ ЗЭЭЛИЙГ ЦӨЛМӨХӨӨ ТАТ. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАР. ҮҮНД ЧИНЬ ХАРИН ТӨР БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИЖ ТУСАЛНА.
ҮР ДҮНД НЬ ТА НАР Ч ХҮССЭН БАЯЛГАА БҮТЭЭЦГЭЭ, УЛС ОРОН Ч АМАР ТАЙВАН БАЙХ БОЛНО.
МОНГОЛД ЭНЭ ОЛИГАРХУУДЫГ ТӨР ЗАСГААС ЗАЙЛУУЛААД ИНГЭЖ ЧАНГА ХЭЛЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ? гэжээ.
Нээрээ ийм зоригтой аавын хүү, золбоотой ээжийн охин Монголд байна уу, үгүй юү? Нэмж нэг зүйлийг тодотгоё. Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт, газрын дорхи бүх эрднэс баялаг монголын ард түмний бүрэн эрхэд бий гэх зэрэг утга төгс сайхан үгс сийлээстэй байдаг. Уншихад сэтгэл сэргэж, зүрх огшмоор.
Үндсэн хуулийнхаа эл үзэл санаанд үнэнч иргэд Монголд байна уу, үгүй юү? Байгаа байлгүй дээ, харин хэр зэрэг олон тоотой юм бол? Иргэнлэг сэтгэлгээтэй зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд ингэж л иргэдээсээ, танаас бас надаас асууж байна.
“Хүн, хүн бас дахин хүн” гэсэн хөөрхөн нийтлэл дээрх номонд оржээ. Ихэнх нийтлэлдээ илэрхийлж гаргасан сэдвүүдийнхээ тайлал болгосон бололтой. Уг нийтлэл “Улс төр бол нэг талаас нь хэлбэл хүн таних урлаг юм. Хүн таних чадваргүй бол, ийм авьяасгүй бол, энэ урлагийг эзэмшээгүй бол Улс төрд ороод нэмэргүй” гэсэн үгээр эхэлжээ. Тэгээд энэ санаагаа өнгөрсөн түүхээс эрж хайсан аж.
Тодруулбал Чингис хааны хүн таних аугаа их урлагаас ишлэн авчээ. Чингис хааны өрлөг шадруудаас хэн нь ч, хэзээ ч Их хаанаасаа нүүр буруулж урваж шарваагүйг зохиогч онцлоод энэ бүхний гол нууц нь хүн чанарт, хүн байхад оршиж байжээ гэж тайлсан байна. Гол шалгуур нь хүн байх нь чухал байж. Тэр бол төрийн зүтгэлтний суурь мөн чанар. Улс төрийн торгон жолоо. Үүний цаана Чингис хааны тунхагласан “Гайтай болбоос шадрыгаа ч шанталсугай. Гавьяатай болбоос дайснаа ч шагнасугай гэсэн аугаа зарчим” хэмээжээ.
Цааш нь тэрбээр хүн танихын тулд өөрөө хүн байх ёстой. Өөрөө хүн байж сая хүмүүсээр хүрээлүүлнэ. Бас хүн таньдаг чадвартай байх хэрэгтэй гээд Чингис хааны хүн таньдаг жишээгээр нийтлэлээ баримтжуулан баяжуулсан байна. Тэр нь тун үнэмшилтэй ч болжээ. Хүн таньдаггүй хүний тоонд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчийг нэрлээд түүнээсээ болоод олон хүнд хайр найргүй хутгалуулсан гэжээ. Энэ үг ч үнэний хувьтай байж таарна.
В.И.Ленин “Сур сур бас дахин сур” гэсэн. Үнэ цэнэ нь алдагдаагүй хэвээрээ л байна. Эзэн нь үгүйсгэгдэн гутаагдсан ч үг нь үнэ цэнэтэй хэвээр. Манай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж айлдсан. Их л эргэлзээтэй болчихлоо. Тэгэхээр гурвантаа давтсан бүхэн баталгаатай үнэн биш байдаг аж. Харин “Хүн, хүн, бас дахин хүн” гэж чанга хэлье. Баталгаатай батлан хэлж чадах гурвалсан үг хэллэг шүү гэжээ.
Энэ мэт “Үндэсний сэхээтнүүд үгүйлэгдэж байна”, “Бидэнд сэргэн мандах гурав дахь тохиол бий”, “Ямар хүмүүс төвийг сахидаг вэ?”, “Манай болон “айлын” аавын ялгаа”, “Улстөрийн намуудын тухай гурван үг”, “Жинхэнэ эх орончдыг үгүйлэх цаг”, “Бал дарга маань ийм л хүн байж дээ”, “Бөн бөн гүйе”, “XIII зууны монгол өнөөгийн Америк шиг байсан” гэх зэрэг олон нийтлэл уг номонд оржээ.
Нийтлэл бүр нь нэгийг бодогдуулж, нөгөөг сануулахуйц өндөр түвшинд бичигдсэн нь “Монголоо нэхэж буй монгол” номын гол ололт гэлтэй. Өгүүлэмж нь энгийн ойлгомжтой, бичлэгийн хэлбэр нь сонирхолтой, баримт нотолгоо сайтай учраас үнэмшилтэй болжээ.
Харьцуулалт зэрэгцүүллийн аргыг цөөнгүй нийтлэлдээ нэн чадмаг хэрэглэсэн нь анхаарлыг эрхгүй татаж байв. “Манай болон “айлын” аавын ялгаа” хэмээх жижигхэн нийтлэлдээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 51,24 хувийн санал авч ялсан Ц.Элбэгдоржийн Д.Сүхбаатарын талбай дахь цуглаанд хэлсэн үгийг 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч болоод хэлсэн Барак Обамагийн үгтэй харьцуулан жишжээ. 2009.5.25-нд Ц.Элбэгдорж “...Монголын ард түмэн яллаа. Монголчууд шударга ёсны төлөө сонголт хийлээ. Монголчууд эдлэх ёстой, эзэмших ёстой эд баялгынхаа төлөө сонголт хийлээ” гэж хэлжээ. Долоон жилийн өмнө хэлсэн үг нь энэ.
Одоо Барак Обамагийн найман жилийн өмнө ард түмэндээ хандаж хэлсэн үгнээс харьцуулж иш татья. Тэр “Хүндэт иргэдээ, би өнөөдөр та бүхний өмнө өвөг дээдсийнхээ амь биеэ зориулсан гэгээн үйлсийг дурсан санаж, та бүхнээс надад хайрласан төгс итгэлд гүнээ талархаж, өмнөө тулгараад буй үүрэг хариуцлагаа ухааран зогсож байна.
Ерөнхийлөгч Бушид эх орныхоо төлөө хийсэн хөдөлмөр, зүтгэл мөн түүнчлэн засаг захиргааны шилжилтийн үед бидэнтэй харамгүй сэтгэлээр хамтран ажилласан явдалд тань талархал илэрхийлье... Өнөөдөр бид айдас бус итгэл найдвар, зөрчилдөөн биш нэгдмэл зорилгыг сонгосноороо энд цуглажээ. Өнөөдөр бид хэдэн биесээ хөөрөгдөж, аль эсвэл чичлэх байдал, худал амлалт, хэрэггүй гоморхолоор дүүрсэн улстөрд цэг тавихаар энд цугларсан” гэжээ.
Ингэж харьцуулаад Б.Номинчимэд зохиолч Ц.Элбэгдоржийн үгийг шүүмжилж түүний эсрэг санал өгсөн монголын ард түмний 47,44 хувь нь ардчилал, шударга ёсны эсрэг санал өгсөн болж байна уу? Сонгогчдын бараг тал хувь нь шүү дээ. Тэднийхээ сонголтыг хүндэтгэх ухаан дутжээ.
Элбэгдоржийн эсрэг санал өгөхөөр Ардчиллын эсрэг, шударга ёсны эсрэг санал өгсөн болох уу? Ийм хялбархан гаргалгаа байж таарах уу? Ард түмний Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн ийм дүгнэлт хийж болох уу гэж асуугаад Барак Обамагийн сэтгэлгээ тэгэхэд эрс тэс өөр байна. Ингэж сэтгэж, ингэж бодож байж ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэн хангаж чаддаг аж. Өрсөлдөгч Ж.Буш болон түүний төлөө саналаа өгсөн хүмүүсийг хүндэтгэх соёл, ардчиллын үнэ цэнийг ухаарах мэдрэмж илэрхий харагдаж байна.
Энэ хоёр үгээс манай болон айлын “аав”-ын сэтгэлгээнд ямархан ялгаа, зөрүү байгаа нь харагдана. Ц.Элбэгдоржийн үгнээс ардчиллыг өмчлөх нялхсын өвчин илэрхий анзаарагдана гэжээ. Мөн сонгуулийн саналын урьдчилсан дүн гарч Ц.Элбэгдорж ялах нь тодорхой болсон тэр өглөө ардчиллын алтан хараацайн нэг жүжигчин Д.Сосорбарам “Энэ бол хүмүүсийн ялалт, хүн сүргүүдийн ялагдал боллоо” гэж телевизээр мэдэгдсэнийг тэрбээр иш татаад Н.Энхбаярын төлөө санал өгсөн 47,44 хувь буюу монголын хэдэн зуун мянган иргэд тэгэхээр хүн сүрэг болж таарах нээ.
Энэ бол шулуухан хэлэхэд солиорол юм гэжээ. Энэ бүхэн бол одоо эргээд харахад сургамж, их сайн сургамж гэсэн үгээр зохиогч нийтлэлээ өндөрлөсөн байна. Уншигчдад юм бодогдуулах байхаа. Барак Обама өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушид үнэн санаанаасаа талархлаа илэрхийлж хүндэтгэл үзүүлсэн байхад манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт яаж хандлаа даа. Тэнгэр, газар шиг зааг ялгаа эндээс харагдаж байгаа юм.
Энэ мэт нийтлэл нэг бүрийн талаар цөөнгүй зүйлийг хэлж болохоор байна. Гэвч шүүмждээ цэг хатгая. Тэгэхдээ “Коростовецийн хөшөөнд цэцэг өргөдөг өдөртэй больё” зэрэг бусад нийтлэлийг уншигч та заавал сөхөж үзээрэй гэж хэлье. Лениний хөшөөг нурааж хог дээр хаяад оронд нь оросуудад нэр төр олох гэж 1912 онд Хүрээнд есөн сар ажилласан хаант оросын нэг бяцхан дипломатч И.Я.Коростовецэд босгосон хөшөөний, хөшөөний ч гэж дээ монгол, оросын буюу том бага гүрнүүдийн адил тэгш бус харилцааны тухай бодол эргэцүүлэл юм.
Тэр нийтлэлд “Май, ингээд та нарт ач тус болсон Лениний хөшөөг нурааж байгаа юм бол жинхнээсээ колонийн гэрээг хийсэн Коростовецийн хөшөөг босгочихоод тэнэг царайлаад, түүнийгээ хүндэлж явцгаа”. Ийм ёгт сануулга, тохуурхал байгаа юм биш үү. Хойч үедээ хөгийн болчимгүй хэнээтэй ойворгон аашлах юм бол ийм хөшөө хүртэл босчихдог юм байна гэдгийг ухааруулж сануулж байхын тулд Коростовецийн хөшөөнд цэцэг өргөдөг өдөртэй больё. Дахин ийм тэнэглэлийг давтуулахгүйн тулд шүү дээ гэж тэнд бичээстэй байгаа. Уншиж сонирхоход огтхон ч илүүдэхгүй. “Монголоо нэхэж буй монгол” номонд ийм сонирхолтой, сургамжтай, ухаарал төрүүлэхүйц олон нийтлэл оржээ.
Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс саяхан Улаанбаатар хот болон 13 аймгийн иргэдийн төлөөллийг оролцуулж санал бодлын тандалт судалгаа явуулжээ. Орон нутгаас 2800, нийслэл хотоос 2200 буюу нийт 5000 хүн хамрагджээ. Тэдний 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн байдлыг муу, маш муу гэж дүгнэжээ. 61 хувь нь Монгол Улсын хөгжил буруу чиглэлээр явж байна гэж үзээд үүнийгээ эдийн засгийн тогтворгүй байдал, гадаад улс орноос хэт хамаарсан хөгжлийн буруу бодлого зэрэг хүчин зүйлээр тайлбарласан байна.
Үүнээс үзвэл ганц Б.Номинчимэд ингэж хэлээд байгаа хэрэг биш ажээ. Нээрээ бид буруу замаар будаа тээгээд байгаа юм биш биз.
Т.Баасансүрэн
/Сэтгүүлзүй судлаач, доктор профессор/
Эрдэнэбилэг · 2016/05/31
Говь- Алтайчууд азтай хүмүүс байна. Ийи их хурлын гишүүн өөр хаана байна вэ?
Зочин · 2016/05/12
Энэ хүн өөрийгөө хэн байсныг мартдаг юм байх даа. Өмнөөс нь бичээд бгаа хүн ч гэсэн адилхан дөө... Нэг тэрэгний дугуйнууд шүү дээ. Хогийн новшнууд