Хамгийн гол нь бид нарт нэг тийм, “настр” хэрэгтэй байхгүй юу!
2016/06/14
жилтнуудаа яаж эрч хүчээр цэнэглэх вэ? Суларсан уур амьсгалыг яаж чангалах вэ? Удирдах түвшний ажил эрхэлдэг эсвэл хамт олон дундаа манлайлагч бүсгүйчүүдэд зориулав...
Чиний карьер амжилттайгаар өсч байна. Удирдлага доорх хүмүүсийн чинь тоо жилээс жилд нэмэгдэж, албан тушаалынхаа хувьд ч, албан бус нэр хүндээрээ ч чи манлайлагч болжээ. Гэхдээ ганцхан л асуудал чиний толгойг өвтгөсөн хэвээр. Энэ бол хүмүүс!
Заримдаа ажлын ерөнхий уур амьсгал өөрчлөгдөж, золбоолог ажилтнуудын чинь гараас нь юм гарахгүй, инээмсэглэл нь цөөрч, уцаарлангуй болох нь бий. Чи хэчнээн урам зоригтой, эрч хүчтэй, идэвх санаачлагатай байлаа гээд удирдлага доорх хүмүүс чинь унжийгаад байвал юу ч бүтэхгүй. Ажлын аргыг олно гэдэг амархан ч хүмүүсийн аргыг олно гэдэг тун хэцүү шүү. Хүний нөөцийн мэдлэггүйгээр, лидер бүсгүйн зөн совин, мэдрэмж, авьяасаа ашиглаж бусдад өөрийнхөө эрч хүчээс хэрхэн халдварлуулах вэ? Манлайлагч байна гэдэг давхар сэтгэл зүйч байхыг хэлэх ажээ.
Тохиолдол 1: Багаараа сэтгэл зүрхээ зориулж, 3 сарын турш нойр хоолгүй ажилласан төсөл чинь хөрөнгө оруулалт, түлхүүр харилцагч магадгүй хангалтгүй гүйцэтгэл зэргээс болоод нуран унав. Бүгд цаашид ахин юуг ч шинээр хийх хүсэлгүй болсон нь илт.
Энэ тохиолдолд чиний хамгийн сайн хийх ёстой зүйл бол тэднийг эргээд зоригтой болгох. Одоо тэдний ахиад шинэ зүйл хийлээ ч тэр нь бүтэлтэй болно гэдэг итгэл нурсан байгаа.
Хамгийн түрүүнд “уналтын хурал” хий. Уналтын хурал заавал ууртай, маргаантай, хар бараан байх албагүй. Багийн гишүүн бүрийн суудлын урд аягатай зайрмаг тавибал ямар вэ? Зайрмаг аз жаргалын гормоныг ихэсгэдэг шүү дээ. Тэгээд хурлаа эхлүүлэхдээ хүссэн үр дүндээ хүрээгүй ч энэ амаргүй зүйлийн ард гарах гэж хамтаараа хичээж байсанд нь баярлаж байгаагаа хэл. Энэ хурлын үр дүнд та нар төслийнхөө уналтын шалтгааныг хамтдаа тодорхойлох ёстой. Муу болохоор нурсан биш, ахиад нэмж суралцах зүйл байсаар л байгаа учраас нурсан гэдгийг ойлгуулаарай.
Төсөлд муугаар нөлөөлсөн байж болох хүчин зүйлсийг хамтдаа жагсаа. Ингэхдээ гишүүн бүрийг оролцуулж, юу хамгийн хүндрэлтэй, юун дээр саад гарч байсан талаар нь хэлүүлээрэй. Дотроо хадгалсан гомдол, бодлоо ил гаргаж хэлвэл хүмүүс бага зэрэг тайвшрах болно. Дараа нь тэдгээр шалтгаануудыг нэг нэгээр нь авч үзээд дараагийн удаад алдаагаа давтахгүйн тулд ямар арга хэмжээ авахаа хамтдаа шийдвэрлэ. Жишээ нь, төслийн бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь хангалтгүй төсөв байсан бол дараагийн удаад төсвийнхөө зардлыг илүү сайн судалж байж тогтоолгох шаардлагатай юм байна гэдгийг та нар мэдэж авсан байна. Хэрвээ бие биедээ найдаж “эзэнгүй” орхисон ажлуудаас болж төсөл тэр чигтээ нурсан гэсэн онош тогтоогдвол, дараагийн удаа жижиг гэлтгүй ажилд эзэн, хариуцагч томилж өгцгөөе гэсэн шийдвэрт хүрч болно.
Үүний тухай ярьж байхдаа дараагийн удаад хамт ажиллахаар төлөвлөсөн төслүүдийнхээ талаар цухас дурдаж өгөөрэй. Тэгээд цаашид энэ нь бид бүгдийн хамтын ажиллагааны хувьд ямар том боломж, том алхам болж байгааг хэл. Урдах зам, ирээдүй, хэтийн зорилгоо эргэн сануул.
Хэрвээ та нар өөрсдөөсөө шалтгаалах зүйлсэд хамгийн сайнаараа хичээсэн юм бол өөрсдөөсөө ахиад юу нэхэх вэ дээ? Энэ тухай ч бас хэлэх хэрэгтэй. Бидний хяналтаас гадуур өрнөдөг зүйлс маш олон байдаг. Харин өөрсдийгөө хамаг хүчээ дайчилж чадаагүй гэж үзэж байгаа бол дараагийн удаад нөөц бололцоогоо бүрэн гаргахад уриалснаар хурлаа дуусга. Угаасаа л нэг их хичээгээгүй зүйлээсээ том үр дүн хүлээх учиргүй.
Удирдагч хүний хувьд хурлын туршид өөрийнхөөрөө, үнэн бай. Хүчирхэг мэт дүр эсгэлгүй, ажилтнуудтайгаа шударга харьцвал тэд ч бас биеэ суллаж нээлттэйгээр харилцан ярилцах болно. Ингэсний үр дүнд та нар жинхэнэ бартаа юу байсныг олж мэдэн дараагийн удаад алдаагаа давтахгүй.
Тохиолдол 2: Үзэл бодол, ааш зангийн зөрчлөөс болоод ажил дээр хэд хэдэн хүн хоорондоо ам нээвэл хэрэлдэж, бие биеэ үл хүндэтгэсэн байдалтай болов. Энэ нь ажлын газрын эрүүл уур амьсгалыг эвдэж, бүх хүмүүсийн бүтээмжинд сөрөг нөлөө үзүүлж байна.
Хүн бүрийн амьдралыг, юмсыг харах өнцөг өөр. Эхэн үедээ хамтдаа эвтэй найртай ажиллаж байсан ч “тохироо нь таармагц” тэдгээр өөр талууд нь хүмүүсийн хооронд зөрчил үүсгэдэг. Лидерийн хувьд тэр зөрчилд яаж хандахаас хамаарч, үүнийг багийнхаа давуу тал болгох уу, сул тал болгох уу гэдэг нь шийдэгдэнэ.
Хэрвээ зөрчил ажлын холбогдолтой бол үүнийг шийдэх амархан бас ашигтай. Бизнесийн хамтрагч нарын хувьд зөрчилт талуудтай хамтдаа нэг ширээн дээр сууж байгаад хувийн сэтгэл хөдлөлөө хойш тавин, өөрийгөө биш байгууллагаа тэргүүнд тавьж энэ асуудалд оролцохыг уриалаарай. Тэгээд бүх дэвшүүлж байгаа үзэл санаануудын давуу, сул талуудыг хамтдаа тодорхойл. Сараа бүтээгдэхүүнийхээ шинэ сурталчилгаанд интернэт маркетингийг ашиглахыг хүсч байгаа бол Болдоо сугалаат худалдаанд зурагтын сурталчилгаа илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна. Сараа, Болдоо хоёрыг хоёуланг нь яриулж, өөрийгөө зөвтгөх шалтгааныг нь сонсож ав. Тэгээд бүх санааны ололттой талуудыг тодотгон хэл. Ингэсний дараа хэнд ч “дэмжигдээгүй” мэт сэтгэгдэл төрөхгүй. Дараа нь бүх үзлүүдийн давуу, сул талуудад анализ хийн, хамгийн тохиромжтойг нь хамтдаа нийлж сонгосноор маргааныг таслан зогсоо. Зөрчлийг үл тоомсорлол, гомдол, буруутгал биш харин зөвшилцөл, хэлэлцээр болгох ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр зөрчил бол тийм ч муу зүйл биш. Тогтмол,эрүүл, бүтээлч зөрчил нь багийн бүтээмжийг гэрлийн хурдаар нэмдэг.
Хэрвээ зөрчил хувь хүний араншинтай холбоотой бол үүнийг лидерийн зүгээс шууд шийдэхэд ярвигтай боловч боломжгүй зүйлгүй. Ажлыг тушаалаар шийдэж болох ч, хүний зан аашийг тушаалаар барьж, чиглүүлэх нь утгагүй. Үүнийг чи өөрөө ойлгож байгаа шигээ, зөрчилдөгч талуудад ч бас ойлгуулах нь хүсч байгаа үр дүнд хамгийн ихээр ойртуулах хувилбар юм.
Дээр дурдсанаар ихэнх зөрчил нь хүмүүсийн өөр талуудаас үүдэлтэй байдаг бөгөөд тэдгээр өөр тал л багийг баялаг болгож өгдөг. Нэгнийх нь түргэн ааштай, хурц зан, нөгөөгийнхөө зөөлөн, аливаа юмны аяыг олдог зангаар нөхөгдөж байвал хүмүүсийн хамтын ажиллагаа илүү үр дүнтэй. Тиймээс ч багийн бүх гишүүд бие биенийхээ өөр талуудыг хайрлах ёстой.
Ихэнхдээ, ийм зөрчилд удирдагч оролцох шаардлагагүй байдаг. Гэхдээ ажлын үр бүтээмж, уур амьсгалд мэдэгдэхүйц муугаар нөлөөлөөд эхэлвэл бие биетэйгээ таарч тохирохгүй байгаа хамтран ажиллагсадтай нэг нэгээр нь хувьчлан уулз. Өөрийгөө үүнийг бүрмөсөн шийдэж чадах хүн гэж бүү бодоорой. Чи зүгээр л тэдэнд бага зэрэг зөвлөмж өгч чадна, тэгэх нь ч хангалттай.
Яриаг арай хөнгөн сэдвээс эхлүүлэн аажмаар гол зүйлдээ ороорой. Нэгт, ажил дээр өрнөх аливаа маргаан “гэр бүлийн шинжтэй” биш хамтрагч нарын хоорондынх байх ёстой гэдгийг эелдгээр сануул. Сүүлийн үед тэдний хоорондох асуудал бусдын сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар дурдаарай. Нөгөө хүнийг нь муулах, өөрийг нь зөвтгөхийн алийг ч хийгээд хэрэггүй. Гэхдээ аль алиных нь цаад учир шалтгааныг хүндэтгэн үзэж байгаа гэдгээ харуулаарай. Мэдээж өөрөөсөө тэс өөр зантай хүнтэй харьцана гэдэг бэрх бас хүн болгон бие биедээ таалагдах албагүй учраас нөгөө хүний гаргаж байгаа аашийг хувь хүн дээрээ тусган авч, хариу үйлдэл үзүүлэлгүй, ажлын талаас юу болж байгаад л анхаарал хандуулахыг зөвлөж болно. Хамгийн гол нь тэд хэдий зөрчилтэй байгаа ч, хамтдаа юун дээр санал нийлж байгаа гэдгийг нь олж тогтоо. Хамтдаа юуг хуваалцаж, хамтдаа ямар зорилготой явж байгааг нь сануул. Ингэснээр тэд дайснууд биш нэг тал гэдгээ ойлгох болно. Хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авах нь үүнээс л эхэлдэг.
Тохиолдол 3: Өөртөө итгэлгүй байдлаас болоод ажилтан чинь сүүлийн хэдэн өдөр үргэлж унжуу байх болов. Гараас нь юм гарах нь багасч, хуруу нь ч хөдлөхөө больж. Тэр энэ байгууллагад хэрэгтэй хүн мөн эсэхтээ ч эргэлзэж байна.
Насанд хүрсэн хүн бүхний дотор жаахан хүүхэд бий. Нийгмийн хэм хэмжээнээс болоод түүнийгээ ил гаргахгүй л байгаа болохоос тэд дотроо жижигхэн юманд хагартлаа баярлаж, өчүүхэн зүйлд гайхширч, багахаан юманд туниж байдаг.
Хүмүүсийг хоёр төрөлд хувааж болно: Хожигч болон хохирогч. “Хожигч” нар сэтгэл зүйн асуудалд орлоо ч өөрөө өөрсдийгөө асуудлаас аварч чадна, гэхдээ тэд хэт өөрийнхөөрөө байх сул талтай. Харин “хохирогч” нарын аливааг сайн хийх, өөртөө итгэлтэй, урам зоригтойгоор ажиллах эсэх нь бусдын гарт байдаг. Гэхдээ тэднийг дэмжээд л өгвөл юуг ч гайхалтай хийж чадна. Чиний дүгнэлтээр, гал цог нь бөхөөд байгаа тэр нэгэн хожигч мөн бол түүнээр нэг их оролдоод хэрэггүй. Жаахан ярилцаад орхиход л болно. Харин тэр хүн “хохирогч” бол түүний түлхүүрийг олохын тулд тэвчээртэй байлгүй болохгүй. Бага багаар, өдөр тутам л түүнийг хэрэгтэй, чухал хүн гэдгийг мэдрүүлвэл тэр чадах бүхнээ дайчлан сэргэнэ.
Ингэхийн тулд жижиг гэлтгүй хичээл зүтгэлийг нь үнэлэх нь чухал. Хүмүүс юуг сайн хийж байгаагаа мэдэхээрээ түүнийгээ илүү ихээр, илүү сайнаар хийхээр хичээж эхэлдэг билээ. Хийсэн ганц сайн зүйлийг нь ч анзаарч, нэг хоёрхон үгээр ч болов магтаж өгөх нь том нөлөөтэй шүү. Харин үргэлж шүүмжлээд байвал хүмүүс алдаагаа нуун дарагдуулж буруутгалаас зайлсхийх аргад л улам их суралцана. Тиймээс болж байгаа юм бүрийг нь онцлон хэлж, түүнийг хамт ажилладагт яагаад талархдаг тухайгаа хэлээрэй. Тэгвэл хэдэн хоног, магадгүй хэдэн долоо хоногийн дараа тэр өөрөө чамд авьяас чадвараа нээж харуулна.
Тохиолдол 4: Танайхан тэр чигтээ ажилдаа хойрголох хандлагатай болоод байна. Өмнө нь маш хурдан үр дүнгээ харуулдаг байсан ажлууд удааширч, хүн болгон өглөө ирж ирцээ бүртгүүлээд орой хурдхан харихаа илүүд үзэх болжээ.
Ийм хандлага ихэвчлэн ажлаасаа шинэ зүйл сурахаа больсон үед, мөн байгууллагын зорилгод өөрийнх нь хувь нэмэр шаардлагатай бус гэж үзсэн тохиолдолд илэрдэг. Тэгэхээр асуудлын гарц тодорхой харагдаж байна.
Нэг бол, хамтдаа цоо шинэ туршилтуудыг хий. Тэр нь аль болох нэг хэлтэс, хэсэг бүлэг хүмүүст л хамаатай биш бүх хүн албан үүргийнхээ дагуу гар бие оролцох зүйл байвал сайн. Эсвэл тэдний хүч чадлыг өөрсдөд нь мэдрүүл. Хүн өөрийнхөө “хөрөнгө оруулсан” зүйлд хойрго хандаж чаддаггүй. Үүнийг энгийн жишээн дээрээс ч харж болно. Хүн аливаа компанийн ганц нэгж хувьцааг авсан тэр цагаас эхлэн оройны мэдээ, сонингийн нүүрэн дээр тэр компанийн нэр гарахыг андахаа больдог. Тиймээс бүх хүнд өөрсдийнх нь албан үүргийн чухал талыг бодит байдлаас нь ч томруулж, тодотгож харуулах хэрэгтэй. Хэрвээ тэд өөрсдийнх нь нөлөөтэйгөөр ямар нэг зүйл урагшилж эсвэл ухарч байгаа гэдгийг мэдэрвэл илүү хариуцлагатай болж эхэлдэг. Ингэхийн тулд ямар ч арга ашиглаж болно.
Хэрвээ тэд өөрсдийнх нь нөлөөтэйгөөр ямар нэг зүйл урагшилж эсвэл ухарч байгаа гэдгийг мэдэрвэл илүү хариуцлагатай болж эхэлдэг.
Усан онгоцны багийнхан бүгд ажлаа маш сайн хийдгийн нэг шалтгаан бол нэг л хүн сэлүүрдэхээ, эргүүлэхээ, харуулдахаа боливол усан онгоц бүхлээрээ зүг чигээ алдах магадлалтай гэдгийг мэддэгт оршино. Мөн тэдний хөдөлмөрийн үр шимээр усан онгоц нь тээр тэнд харагдаж байсан аралд цаг мөч тутамд хэрхэн ойртож байгааг бүгд байнга харж явдаг. Танай том “завь”-н дээр сууж байгаа эрхэм “усан цэргүүдэд” юунд яаж ойртож байгааг нь, өөрөөс нь болж ямар том хөдөлгүүрийн нэг чухал хэсэг ажиллагаагүй болж мэдэхийг ойлгуулах хэрэгтэй.
Тохиолдол 5: Ажилтнуудад зорилгынхоо дундаас буцах, хүссэн зүйлдээ хэзээ хүрэхээ мэдэхгүй байгаагийн улмаас шантрах хандлага ажиглагдвал...
Хамтын зорилго тавин хөдөлмөрлөж байсан алтан хамтрагч чинь таагүй мэдээ дуулгалаа. Ажлаа солихоор, эндээс явахаар шийдсэн гэнэ. Учир шалтгаанаа юу ч гэж тайлбарласан бай, царайных нь өнгөөс шантрал, мохсон итгэл, залхсан байдал ажиглагдвал түүнд зарим нэг зүйлийг ахин сануулах хэрэгтэй.
Эхнээс нь шууд эсэргүүцэж болохгүй. Харин түүнд анх ажиллаж байхдаа ямар байдалтай байсан талаар хөгжилтэй яриа болгон дурсаж болно. Анх нэгнийхээ гэрээс, орцны подвалиас, жижигхэн кафегаас эхэлж байсан талаар эргэн сана. Бас анх үүнийг эхлүүлж байхдаа яг одооных шиг болох боломж гарсан бол ямар их баярлах байсан талаар ярь. Удаан байж болох ч ухраагүй, урагшилж л явсан гэдгийг туулсан замаа эргэж хараад тэр санаж мэднэ. Мөн яриан дундаа хамтдаа тавьсан хүсэл мөрөөдлийнхөө тухай яриарай.
Үе үе ухармаар санагдуулж, сорихгүй л юм бол урт зам байхын хэрэг юу билээ? Ийм бодол толгойд орж ирэх нь буруу зүйл биш учраас өөрийг нь ойлгож байгаа гэдгийг ч хэлээрэй. Тэгээд ярианыхаа төгсгөлд яг одоо, шууд гарна гэлгүйгээр зүгээр л өөртөө бага зэрэг цаг хугацаа олгож, завсарлаж байгаад эргээд ирэх юм уу, нэг сарын турш үргэлжлүүлэн ажиллаад шийдвэрээ хэлэхийг хүсээрэй.
Хэрвээ бусдыг “настр”-жуулах ажилтай минут тутамд зууралдмааргүй байвал анхнаасаа дараах хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй:
1. Шинж чанар , ааш араншинг “ажилд ав”
Туршлага, боловсрол хоёр гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхгүй. Хандлага нь “биш” бол чадварлаг боловсон хүчин ч ажлын явцад бүдрэх болно. Цаашилбал, зарим хүмүүстэй хамтран ажиллана гэдэг угаасаа тун бэрх байдаг. Тэднийг ур чадвараас нь болж ажилд аваад бусад үнэ цэнэтэй ажилтнуудынхаа сэтгэл санааг хохироох хэрэггүй. Тиймээс хүний нөөцийн албатайгаа хамтран ажиллаж, танай компанийн соёлд нийцэх зөв араншин, зөв хандлагыг “ажилд авч” байгаарай. Тэгээд дадлагажуулах хөтөлбөрөө илүү сайжруулбал болоод явчихна.
2. Эхний өдрөөс нь л оролцуул
Ажлын эхний өдөр уул овоо шиг их бичиг цаасанд дарагдан, канондсон илтгэл уншиж сууна гэдэг идэвх санаачлагыг гарцаагүй алдаг хүчин зүйл. Шинэ ажилтан гэдэг нуль сонирхол, нуль идэвх л гэсэн үг. Тиймээс энэ торгон мөчид нь зөв ажлыг даалгаж, бусадтайгаа хамтран ажиллахад нь суралцуул. Анхны сэтгэгдлийг нь сайхан тавиад өгвөл тэр цаашдаа ажилдаа яаж дурлахаа өөрөө олчихно.
Эх сурвалж: www.Goolingoo.mn