Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн байргүй хэцүүхэн гурван жилийг ардаа үдсэн. Тэгвэл ирэх онд шинэ байрандаа хичээллэх боломжтой болж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь, багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс шинэ барилгын шав тавих ёслолд оролцлоо.

Тус сургуулийн захирал Б.Цэцгээ, “Өмнөх барилга нь 1957 онд ашиглалтад орж, 60 орчим жил ашиглаад 2013 оноос таазнаасаа нурж эхэлсэн. Сургуулийн барилгыг МХГ-аас гурван жилийн өмнө "Ашиглах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж акталсан. Түүнээс хойш манай сургуулийн сурагчид дөрвөн сургууль дамжиж хичээллэж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор дэлхийн стандартад нийцсэн Монголын хамгийн том Ерөнхий боловсролын сургууль болох юм” гэсэн юм.

Засгийн газар 1500 хүүхдийн багтаамжтай тус барилгад 10 тэрбум 787 сая төгрөгийг төсөвлөжээ. Барилгын гүйцэтгэгчээр “Цамхаг констракшн” ХХК шалгарсан бөгөөд ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах юм.