Энэ удаагийн ээлжит сонгуульд МАН ялалт байгуулаад, эхний сайдуудаа тодруулчихсан. Харин сайдад нэр дэвшүүлсэн дөрвөн хүнийг нь АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг дүгнэлт гаргачхаад байгаа билээ. Тиймээс дараагийн дөрвөн сайдын сураг сонсогдоод эхэлчихлээ.

Тодруулбал хэвлэлүүдийн таамгаар Эрүүл мэндийн сайдад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ.

Гэхдээ МАН-ын зүгээс өгч буй мэдээллээр дөрвөн сайдыг бүгдийг парламентаас гаднаас санал болгоно, Ерөнхий сайд ийм зарчим барьж байна гэж тодотгосон байгаа. Тэгэхээр Барилга хот байгуулалтын сайдыг УИХ-аас санал болгохгүй болж таарах ёстой.

Харин Д.Цогтбаатар өөрөө сайд болох үнэнхүү сонирхолтой байгаа бөгөөд бяцхан далд Пи-Араа хийж, барилгын салбарын төрийн бус байгууллагын хүнээр төлбөртэй ярилцлага сонинд өгүүлэн, өөрийгөө магтуулаад авчээ. Тэр уг нь өмнө нь барилгын салбарын сайдаар ажилласан тэгэхдээ юу хийж гийгүүлсэн бэ.

Одоогийн байдлаар ямарч байсан энэ салбар уналтад орчихоод байгаа. Мөн Д.Цогтбаатарын оффшор данс илэрсэн байдаг. Гэтэл тэрээр бусад улс төрчдийн адил надад оффшор байхгүй гэж мэдээлэл хийсэн. Уг нь тэр мэдээлэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гарч буй учир буруу ташаа байх учиргүй, одоогоор дэлхийн ямар ч улс төрчдийн тухай худал оффшор зарлаагүй, бүгд баримттай.

Гэтэл Д.Цогтбаатар хэлэхдээ “Надад Оффшор данс бол байхгүй. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан. Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын “Оюу толгой” компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан” гэж мэдүүлж байв.

Үүнээс гадна тэрбээр өмнө тус салбарын сайдаар ажиллаж байсан ч үнэн хэрэгтээ бол барилгын салбарын хүн биш.

Тухайлбал,

тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Н.Чимэг