Ам.долларын албан ханш 2170 төгрөгт хүрч, ченжийн захад 2200 төгрөгөөр зарагдаж байна.

Дээр нь төсвийн алдагдал хоёр их наяд болж, 30 хоногийн дотор 800 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь саар мэдээлэл ч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн үнэн төрх. Тэгвэл ажлаа аваад хэдхэн хонож буй Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар үүний “гол буруут”-наар тодров.

Тэд сарын дотор 800 гаруй тэрбумын төсвийн алдагдал үйлдвэрлэж, тогтворжиж байсан “ногоон”-ы ханшийг 200 төгрөгөөр өсгөсөн талаарх хачин жигтэй мэдэгдлийг АН-ын экс удирдлагууд хийв. Уг нь Сангийн сайд болон Төвбанкны удирдлагын индрээс худлаа ярьдаггүй байлтай. Тэд өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан лаг шаварт эдийн засаг шигдээд буйг л дуулгасан. Ийнхүү өмнөх болон одоогийн эрх баригчид зөрүүтэй мэдээлэл хийсэн ч Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон гэдэг нь үнэн. Үүнийг Сангийн сайд сүртэй танилцуулсан болохоос биш шинэ зүйл байхгүй гэдгийг өмнөх УИХ-ын дарга З.Энхболд хүртэл зөвшөөрсөн. Тиймээс буруутныг эрж хайхаас илүү ажилдаа анхаарахыг эрх баригчдад сануулсан биз. Сангийн сайд Засгийн газрын гадаад өрийг онцлохын сацуу цалин, улс тэтгэврээ ч тавьж чадахгүй байдалд хүрч мэдэхийг хүлээн зөвшөөрсөн нь АН-ын экс дарга нарыг цухалдуулахад хүргэсэн. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн санхүүгийн түүх тэдэнтэй шууд холбогдох учиртай.

УРУУДСАН ДӨРВӨН ЖИЛ

Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Тиймээс түүхий эдийн үнийн уналт өнгөрсөн дөрвөн жилийн гол бэрхшээл байв. Гэвч гадаад зах зээлээс илүү бодлого тодорхойлогчдын эдийн засагт үзүүлэх нөлөө их. Экспортын 80 орчим хувийг ашигт малтмалаас олдог Монгол Улс гадаад зах зээл дэх зэс, нүүрс тэргүүтний ханшаас ихээхэн хамааралтай гэдгээ 2011 оны халуурлаар умартсан.

2012 оноос хойш түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэж үнэ, ханш буурсаар экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч гадаад зах зээлээс орох валютын урсгал буурсан. Улмаар ДНБ өсөлт 2014 онд 7.9, өнгөрсөн жил 2.3 хувь болж, саарсан юм. Үүнийг дагаж гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.62 тэрбуаас 35 сая ам.доллар болтлоо татраад байна. Хачирхалгай нь нөхцөл байдал муудахын хэрээр өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид төсвийн тэлэх бодлого баримталсан байдаг. Энэ хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч, валютын орох урсгал нэмэгдэх өөдрөг төсөв баталж ирсэн. Жил бүр их наядын алдагдалтай ажилласан Засгийн газар одоо таван тэрбум ам.долларын зээлтэй болохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ удаад хэллээ. Жил бүр 2-3 удаа төсвөө тодотгож ирсэн бөгөөд улсын төсөв сүүлийн дөрвөн жилд их наяд давсан алдагдалтай гарсан аж. Дотоодод бонд гаргах болон мөнгө хэвлэх замаар санхүүгийн хүндрэлээ

Хачирхалтай нь нөхцөл байдал муудахын хэрээр өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид төсвийн тэлэх бодлого баримталсан байдаг,

аргацааж ирсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом татрахын сацуу Засгийн газар Монголбанкны мөнгөний сул бодлого баримталсны нөлөөгөөр валютын ханш 2200 төгрөгөөс дээш цойлж байна.

УРВУУЛСАН МӨНГӨНИЙ БОДЛОГО

Засгийн газар болон Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 7.5 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн суурь болсон гэдэгтэй олонх эдийн засагчид санал нийлдэг. Монгол Улсын нэг жилийн төсвийн зарлага долоо гаруй их наяд төгрөг байдаг. Ингэж үзэхээр нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг өнгөрсөн дөрвөн жилд сул урсгажээ. 2013, 2014 онд төгрөгийн ханш 40 орчим хувиар унасан нь Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр 3.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэвлэж эдийн засагт нийлүүлсэн. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” 2013 он буюу ам.долларын урсгал татарч байсан үетэй цаг хугацааны хувьд зэрэг шахуу эхэлсэн байдаг. Улмаар зохиомлоор бий болсон их хэмжээний төгрөгийн ханшийг барихын тулд Төвбанкныхан гадаад валютын нөөцөө шавхсан юм. Энэ үеэр Монголбанк Хятадын ардын банктай хийсэн юанийн своп хэлцэл нь өнөөдөр төрийн нэр дээр өр болон бичигдэж байгаа юм. Энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралын үндэс гэж болох юм. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсний нэг хэлбэр гэдгийг Сангийн сайдын мэдээллээс харж болно. Тодруулбал, 2012, 2013 онд Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 2.3 тэрбум ам.доллар (таван их наяд)-ын бонд босгож дотоодын зах зээлд нийлүүлсэн байдаг. Энэ нь ч дээр дурдсан гадаад валютын орох урсгал татрах үетэй давхардсан юм.

ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДАЛ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар тооцвол 49.7 их наяд төгрөг) буюу ДНБ-ий 210 хувийг давжээ. Тухайлбал, Засгийн газар тав, Монголбанк 1.8, Хөгжлийн банк 1.6 тэрбум ам.долларын зээлтэй юм байна. Нийтдээ Монголын төр ирэх оноос 8.4 тэрбум ам.долларыг эргэн төлж эхлэх хүндхэн даваатай учрах нь. Тухайлбал, гадаад өрийн асуудал Хөгжлийн банкны бонд буюу 600 сая доллар (1.2 их наяд төгрөг)-ын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр улирлаас эхэлнэ. Мөн Хятадын Ардын банктай хийсэн гэрээний дагуу своп төлбөр болох дөрөв орчим их наяд төгрөгийг ирэх жил, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 саяыг нь 2018 оны нэгдүгээр сараас эхлэх ёстой. Засгийн газраас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу 10 жилийн хугацаатай гаргасан 30 тэрбум иенийн “Самурай” бонд, өнгөрсөн оны II улиралд гаргасан 160 сая ам.доллартай тэнцэхүйц “ДИМ САМ” бондын төлбөрийг 2018 онд эргэн төлөх юм. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх онд хийх зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрч мэдэхийг Сангийн сайд хэлсэн. Хэрэв төсвөөс төлсөн тохиолдолд Засгийн газар цалин, тэтгэврээ тавьж чадваргүй болох аж.

ЕРӨНХИЙ САЙДЫН ДАРААГИЙН АЛХАМ БҮХНИЙГ ШИЙДНЭ

Өнгөрсөн дөрвөн жил “Монгол Улс өргүй”, ‘Төсөв алдагдалгүй”, “Ам.долларын ханш тогтворжино” гэх мэтийг дөрвөн жил сонссон эдийн засагт хэлбэлзэл гарах нь мэдээж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд ажлаа авсан даруйдаа эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тодорхойлно хэмээн хэлчихсэн. Харин түүний дараачийн алхам Монгол Улсын ирээдүйг зурна.

Гэхдээ энэ удаагийн эдийн засгийн хямрал урд урьдынхаас илүү хүнд гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Олон жил дараалсан төсвийн алдагдлыг тэглэх, ирэх оноос эхлэх бондын төлбөрүүд гэх мэт томоохон сорилтууд Засгийн газар болон УИХ-ыг хүлээж байна. Үүнээс өмнө бодлогын зөв арга хэмжээ авсан тохиолдолд эдийн засгаа хасах руу оруулахгүй авч гарах боломж бий. Тухайлбал, олон улсын зах зээлд дахин бонд гаргах замаар ирэх оны зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамтгүй хийж болохыг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулах аж. Хамгийн сүүлд Монгол Улсын ДНБ 2009 онд хасах 1.3 хувьтай гарч хямралд өртсөн.

Тухайн үеийн Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран нийт 229 сая ам.долларын “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг залгуулаад “Оюутолгой” төсөл хэрэгжиж эхэлсэн нь эдийн засаг сэргэхэд голлон нөлөөлсөн юм. Улмаар дэлхийн зах зээл дээр түүхий нийлүүлэлт багассанаар уул уурхайн бүтээгдэхүүний ханш огцом сэргэж, 2011 онд түүхэн дээд төвшинд хүрч, эдийн засаг 17.3 хувиар нэмэгдсэнээр дэлхийд өсөлтийн хурдаараа тэргүүлсэн түүхтэй. Энэ гурван жилийн түүх болов ч хямралаас гарах үйл явц ердөө гурван сарын үйл явц байжээ.

 

Д.МЯГМАРДОРЖ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/