МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад хоёр сарыг үдэж байна. Сайд, дэд сайд нараа томилох бялуу хуваалтын ажил шувтрах шатандаа хэдийнээ орчихсон. Өдгөө эдийн засгаа босгох асуудал яригдаж эхэлсэн ч олон хүний дургүйцлийг хүргэсэн төсвийн тодотголыг хийх болоод байна. Тодруулбал,

  • Сар бүр хүүхэд бүрт олгодог байсан 20 мянган төгрөгийг амьдралын түвшингээр нь ялгаварлаж өгөх. Энэ оны зургаадугаар сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохыг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
  • Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.

Уг нь "Ахмадаа ачилна" гэсэн хөтөлбөрийг боловсруулсан нам үүнийхээ эсрэг зогсохоор шийджээ. Тэтгэврийн зөрүүг арилгана, Тэтгэврийн хэмжээг нэмнэ, зээлийн хүүг бууруулна зэрэг олон ажлыг хийнэ гэдгээ амлаж байсан билээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг олон ахмадууд хүлээж байсан. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж, бодит хувь хэмжээг мөн Засгийн газар шийдвэрлэхээр байсан. Албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15 жил болсон хүмүүс энэ хуульд хамрагдах бөгөөд хэн нэгэн нь нас барсан тохиолдолд хань ижил нь тэтгэврийх нь тодорхой хувийг авах хууль байсан юм. Гэтэл МАН-ын Засгийн газар олон ахмадын хүсэн хүлээж байсан хуулийн төслийг хүчингүй болгож байна.

 

 

  • 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.

Нөгөө төлбөрийн дарамтгүй оюутан болгоно гэсэн бас л үгүй бололтой.

  • Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болно гэсэн шийдвэрийг гаргачихлаа. Нийтийн тээврээр ч зорчих ч төлбөрийн нэгэн дарамт шүү дээ.

  • Цэцэрлэгийн хүрэлцээ тун муу байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл төрд гарсан нөхдүүд үүнийг умартжээ. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна гэлээ. Гэртээ цоожлуулах хүүхдүүдийн тоог уг нь үүгээр багасгаж байсан юм.

УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6,175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагджээ.

Үүнийг харгалзан үзээд уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар болсон байна. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ.

Ийнхүү МАН мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаад эхэллээ. Цаашид юу болох бол. Дараагийн алхамаараа хэрхэхийг нь харж л сууя.