Тэр эдийн засгийн хүндрэлийн судсыг олж чадах уу. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан болон өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа гурван Засгийн газрын тодотгол.

Бас 2012-2016 оны Монголын Засгийн газрын хуанли. Ингэхдээ АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдын нэгдлээр бий болсон Шинэчлэлийн Засгийн газрыг Н.Алтанхуяг (2012 наймдугаар сарын 9-нөөс 2014 арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл) тэргүүлж, АН+МАН+“Шударга ёс”-ын хамтарсан, улмаар эрх ашгийн сонирхлоороо МАН-ыгаа замын дундаас гээж сонгуультай золгосон Шийдлийн танхимыг Ч.Сайханбилэг (2014 арван-нэгдүгээр сарын 21-нээс 2016 оныг долдугаар сарын 8-ныг хүртэл) чиглүүлж, харин сонгогчдын өгсөн саналын дүнгээр УИХ-д 65 суудлыг авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, засагаах эрхтэй болсон МАН-ын Мэргэжлийн кабинетийг Ж.Эрдэнэбат (2016 оны долдугаар сарын 8-наас хойш) зангидаж эхлээд байна.

Үйл явдлын циклээр хөөвөл Н.Алтанхуягаас Ч.Сайханбилэгт тэгээд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын тамга, АН-аас МАН-д засгийн эрх шилжсэн, малгай нь л өөрчлөгдсөн мэт харагдаж болох ч эдгээр эрхмийг адилтгаж харах зүйл олон бий.

Наад зах нь Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн танхимд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад орыг нь залгаж Ерөнхий сайд болж байсан нэгэн. Харин Ерөнхий сайд болонгуутаа МАН-д хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхэд түүний танхимд Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ирж байв. Н.Алтанхуягийн хувьд ч ялгаагүй юм. 2012 оны сонгууль болохоос зургаан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарсныг эс тооцвол Сү.Батболдын танхимд Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан, мөн түүнээс Ерөнхий сайдын тамгыг гардаж авсан билээ. Эндээс Монгол Улсын 27, 28, 29 дэх Ерөнхий сайд гурвуулаа өмнөх Засгийн газрынхаа үед их, бага хэмжээгээр төрийн чухал албан тушаалыг хашиж байгаад ийн дэвшсэнийг харж болно.

Ялгаатай нь, фракиуудынхаа болон МАХН-ын даргын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зайлшгүй шаардлага Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрт хоёуланд нь байсхийгээд тулгардаг байсан нь энэ хоёр эрхмийг нэгтгэдэг. Гагцхүү ялсан намын дарга Ерөнхий сайд болох жишгийг Н.Алтанхуяг үргэлжлүүлсэн бол Ч.Сайханбилэг Үндэсний зөвлөлдөх Xоро0ны гишүүдийнхээ дэмжлэгээр энэ сэнтийд сууж байлаа. Энэ нь намьга дарга+Ерөнхий сайд хэмээх “давхар дээл”-тэй Н.Алтанхуягийн танхимаас ердөө УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээс өөр “сэтэргүй” гүйцэтгэх засаталын тэргүүн болсон Ч.Сайханбилэгийн кабинетийг харьцангуй сул харагдуулж эхэлсэн юм. Сул гэдэг нь Ч.Сайханбилэг намын даргын тамга атгаагүй нь эргээд УИХ дээрээ хүчгүйдэх, бодлого шийдвэр гаргахад намын дарга, фракцуудынхаа ашиг сонирхлын шүүлтүүрээр эхлээд орох гол зангилаа болж байв. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд, намын даргын тамгыг хоршуулж атгасан Н.Алтанхуяг төрийн алба, төсвийн мөнгөөр нам доторх фракцуудаа зангидаж, чишүүлж байсан бол Ч.Сайханбилэгт тийм боломж олдоогүй. Эсрэгээрээ эрх баригч нам төдийгүй УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа УИХ-ын дарга гэсэн ганцхан эрхмээс хамаарч, Ч.Сайханбилэгийг бэлгэдлийн Ерөнхий сайд болгож харагдуулж байсан үе ч цөөнгүй. Ж.Эрдэнэбат ч Ч.Сайханбилэгийн адил намын даргын тамгагүй учраас түүний зовлонг туулахгүй гэсэн баталгаа хараахан байхгүй юм. Арай гайгүй найдлага тавьж байгаа ганц зүйл гэвэл түүний ард 65 гишүүнтэй хүчирхэг бүлэг байна.

Ажлаа хийхэд АН-ын фракцууд шиг ашиг сонирхол хөндлөө, МАХН-ын дарга шиг үе үехэн шантааж үзүүлнэ гэх болгоомжлол өнөөдөртөө түүнд гарахгүй гэсэн үг. “Тос дотроосоо өтнө” гэдэг шиг МАН дотроосоо хагаралдахгүй, дахин “Элсний 13”-ын бүлэглэл үүсдэггүй л юм бол шүү дээ. Ямартай ч, эдийн засгийн хямралыг гэтлэх, ирэх жилээс төлөх бондын хүүг төлөхөд гарцыг эрэлхийлэхийн тупд тэрбээр эхний удаад 2016 оны төсвийн тодотголыг өргөн барьсныг УИХ-ын төвшинд хэлэлцэж эхлээд байна. Өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь “Хүүхдийн мөнгө”-ийг үргэлжлүүлэн олгох, “Оюутны 70 мянга”, нийтийн тээврийн хөнгөлөлтийн 50 хувийг өөрсдөөр нь төлүүлэх, шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудынхтай адилхан болгох гээд Сангийн сайдын өргөн барьсан хуулийн төсөлд нийгмийн нэгээхэн хэсгийн эсэргүүцэлтэй тулгарах заалт олон бий. УИХ-ын түвшинд ч энэхүү хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх гишүүн түрүүчээсээ цөөнгүй байна.

Харин төсвийн орлого, зарлагыг болон өрийн зохистой харьцааг өөрчлөн тогтоосноор оны эцэст өндөр түвшинд хүрч болзошгүй байгаа төсвийн алдагдлыг бууруулах, цаашид шинээр өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдэж, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах эн тэргүүний, зайлшгүй нөхцөлийг хангана гэдгийг ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцлоно лээ. Нэг үгээр хэлбэл, Ж.Эрдэнэбатын танхим эдийн засгийн хямралаас гарах эхний алхам нь тэвчиж болох зардал бүрийг хэмнэлт хэмээн харж байгаа бололтой. Гэхдээ Ж.Эрдэнэбатын хуанли хэдийнэ бичигдэж эхэлсэн гэдгийг санах хэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүтээн бачгуулалтын ажлыг түлхүү өрнүүлсэн, Ч.Сайханбилэгийн үед Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн гэдэг шиг Ж.Эрдэнэбатыг эдийн засгийн хүндрэлийн судсыг олж чадах эсэхийг харах хүн олон байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргасны дараа Ж.Эрдэнэбатын орыг залгаж, Сангийн сайд болсон УИХ-ын гишүүн Б.Болор сонгуулийн жилийн буюу 2016 оны төсвийг “эрүүлжүүлэх” гэж хэрэндээ л чардайж буйгаа үе үехэн ярьдаг байв. Ялангуяа, сонгуулийн жилийнх, дараа оноос нь бондын хүүг төлж эхлэх учир аль болох үрэлгэн зардлуудыг танасан тухайгаа учирлаж байлаа. Улмаар бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр бууруулж байв. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгасан билээ.

Ингэснээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн нийт орлого долоон их наяд төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байсан юм. Хачирхалтай нь, сонгуулийн өмнөхөн ээлж дараалан хэрэгжүүлж эхэлсэн “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийн хүрээнд 553.8 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас арилжааны банкуудад хууль зөрчин олгосныг Сангийн сайд мэдэгдсэн нь саяхан. Улмаар 2016 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2, нийт зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 8.1 хувьд хүрч, орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.6 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй болсныг Ерөнхий сайд мэдэгдэв. Үүнийг өмнөх засгийн үед эрх барьж байсан АН-ынхан зөрүүтэй мэдээлэл хэмээн ярьж буй.

Гэхдээ Ерөнхий сайд гэдэг бол асар хариуцлагатай албан тушаал. Түүний хэлж буй үг бүрийн цаана улс төрийн гэхээсээ улс орны эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөж байдаг. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөхөө баллуурдах гэж, ард түмнээс оноо авах гэж дээрх мэдэгдлийг УИХ-ын чуулганы индэрээс хэлээгүй болов уу. Харин улс оронд үүссэн буй бодит нөхцөл байдльгг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар хэлсэн байх. Тэгэхээр Ж.Эрдэнэбат хийгээд түүний танхимд өдгөө ярихаас, учирлахаас илүүтэй цаасан дээрх тоо баримтаа бодит хөрсөн дээр буулгаж, ажил хэрэг болгох нь чухал байна. Эцсийн дүндээ тэднийг хэрхэн ажилласныг МАН, АН биш гагцхүү ард түмэн л тавих болохоор тэр. Ж.Эрдэнэбат улс төрийн намтраа хэрхэн арвижуулах, хуанлын хуудаснаа ямар Ерөнхий сайдаар зурагдахыг харах л үлдэж байна.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/