Монголын бөхчүүдийг Францын Макон хотноо наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-нд зохиогдож буй Чөлөөт бөхийн Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй хэмээн, буцаажээ.

Энэ тэмцээнд оролцохоор Ц.Хосбаяр дасгалжуулагчтай тамирчид очсон ч Францын Чөлөөт Бөхийн Холбооноос Монголын бөхчүүдийг тус тэмцээнд оролцуулах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос Монголын бөхчүүдийг Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаас түдгэлзүүлсэн шийдвэр ирсэн тул ийнхүү Францын Чөлөөт Бөхийн Холбоо тэрхүү шийдвэрийг дагасан нь энэ.
Өөрөөр хэлбэл, Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран-И.Наврузов нарын барилдааны шүүлтийг эсэргүүцэн Монголын хоёр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээн дээр гарч, пүүзээ тайлж шидэн, орилж хашгирч, нэг нь өмдөө тайлж, нүцгэлсэн явдлыг Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны удирдлага тус холбооны дүрмийг ноцтой зөрчсөн явдал хэмээн үзэж Монголын баг тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхойгүй хугацаанд оролцуулахааргүй болсны эхний гэсгээл энэ болов.
Олимпийн наадамд барилдсан арван бөхөөс гадна Монголд тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцохыг хүсч, тэмүүлж, түүнийхээ төлөө бэлтгэлээ хийж буй зуу зуун тамирчин, хэдэн арван дасгалжуулагч бий. Тэр бүхэн ийнхүү тодорхойгүй хугацаанд дэлхийн дэвжээнд гарах эрхгүй болж, чөдөрлүүлэв.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг тамирчин, хоёр дасгалжуулагчийн асуудал ийнхүү Монголын бусад бүх тамирчдын асуудал болж хувирлаа.
Г.Мандахнаранд энд буруу өгөх, Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос түүнийг буруутгасан тал байхгүй.
1964 оноос хойш олимпийн наадамд оролцсон чөлөөт бөхийн төрөл хэзээд монголчуудын хамгийн дуртай, хайртай спорт байсаар ирсэн. Энэ хагас зууны хугацаанд Монголын баг тамирчид шилжилтийн гэх хэцүү үед байр машин байгаа бүхнээ шахуу барьцаанд тавьж, компанийн захирлын үүдийг хоолтой хоолгүй сахиж, олон улсын дэвжээнд тэмээн тоотойхон гарч байх үедээ ч тэмцээнд оролцох эрхээ хасуулсан удаагүй.

Дүрэмтэй, хуультай Холбоо түүнийгээ л барьж, “Монголын Чөлөөт Бөхийн Холбоо нөгөө хоёр дасгалжуулагчдаа ямар хариуцлага тооцож вэ?”, “Дахиад ийм зохисгүй үйлдэл гаргах уу?” гэх мэт асуултад бүрэн хариулт авч байж л монгол бөхчүүд дахиад дэлхийн дэвжээнд гарах эрхтэй болох бололтой.
Тэгэхээр одоо МЧБХ-ны удирдлага албан ёсоор уучлалтаа гуйж, хариуцлага тооцсон албан бичгээ толилуулж, ёстой эр хүний арван гурван мэхээ хэрэглэж, дахин дахин толгой гудайлган гуйх л арга үлдэж байна.
Монголын чөлөөт бөхийн хагас зуун тасраагүй амин холбоо үргэлжилж, энэ спортоор хичээллэж буй олон арван аавын хүү, ээжийн охин дэлхийн дэвжээнээ мөдхөн дахин гарна гэж найдья.
Энэ гэсгээл эхний бөгөөд сүүлчийнх байгаасай!

Р.Гэгээ

shuurhai.mn