Хуулиар хориглоогүй бүхэн нээлттэй. Монголд ч ялгаагүй ийм л хууль үйлчилдэг. Тиймд одоогоор төрийн албан хаагч, улстөрчид дэлхийн оффшор бүсэд данстай байх эрх нь нээлттэй.

Гагцхүү тэр дансныхаа тухай мэдээллийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан л байх ёстой. Бусдаар бол оффшор данстай байх нь гэмт хэрэг биш. Гэхдээ хуулиар хориглоогүй л бол боломжтой гэсэн дээрх зарчмаар бол шүү дээ.

Өөрөөр хэлбэл, улстөрчдийн хувьд оффшорт менгөө байршуулах нь одоогоор мөн л хууль бус биш. Хуулиар хориглоогүй гэсэн үг. Оффшор дахь дүнгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөвөөр бичсэн үү, худал мэдүүлсэн үү гэдгээр л ял асуух боломжтой.

Монголын улстөрчид, төрийн албан тушаалтнууд оффшор дансанд мөнгөө байршуулснаараа гэмт хэрэгтэн болох уу гэдэг асуулт өнөө үеийн гол сэдвүүдийн нэг болоод байна. Учир нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголын 49 хүний нэр гарч ирсэн. Тэдэн дунд улстөрчид, тэдний хамаатан, ах дүү, хүүхдүүдийн нэр цохиж явсан нь ёстой л шуугиан дэгдээсэн билээ. Мэдээж тэдний мөрөөр ямар ч хариуцлага, хуулийн шийтгэл явагдаагүй. Хэн ч ял зэм хүртээгүй. Оффшор данстай нь илчлэгдсэний дараа УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг эс тооцвол. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус дансныхаа тухай дурдаагүй байсан нь шийтгэл хүлээлгэх гол үндэслэл болсон. Харин нэг албан тушаалаасаа огцорч, нөгөө албан тушаал дээрээ үлдсэн нь чухам хэр зүй зохистой шийтгэл болж чадсан бэ гэдэг өөр асуудал.

Гэхдээ улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс оффшор данстай байхыг дэлхий нийтээрээ таашаадаггүй. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Энэ нь улстөрчид хууль бусаар олсон орлого, магадгүй авлига, хээл хахуулийн мөнгөө оффшор дансанд байршуулдаг гэсэн илэрхий хардлага их байдагтай холбоотой. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог ажээ. Тухайлбал, Английн ерөнхий сайд Д.Камерон хүртэл тэр сангаас ашиг олдог байсан уу, үгүй юу гээд парламент дээрээ байцаагдаж байгаа. Улсын эрх ашигт харшлах шийдвэр гаргасныхаа төлөөсөнд авсан хөренгөө нууц дансандаа хадгалж байгаа эсэхийг шалгаж тогтоодог.

Харин Монголд бол аль нь ч хэрэгждэггүй. Оффшор данстай улстөрчид бүр эсрэгээрээ албан тушаал дэвшээд, УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдлөшгүй үнэн. Хамгийн тод жишээ нь, “Дорнын говь” компанийн захирал асан Б.Дэлгэрсайхан дээрх 49 хүний жагсаалтад багтсан байсан ч өдгөө УИХ-ын гишүүн болчихсон сууж байгаа билээ. Мөн Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэр оффшор данстай ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай гэгдэж байсан ч шийтгүүлэх байтугай албан тушаалын шагнал хүртээд явж буй.

Тэгвэл оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдын хувьд аюулын харанга дэлдэж эхэллээ. Учир нь оффшор данстай байхыг нийтээр нь хориглохгүй ч гэлээ төрийн албан хаагчид оффшор данстай байхыг хориглох хуультай болох тухай санал гарав. Тодорхой хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглоно. Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуульд тусгаж өгөх юм байна. Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад төслийг боловсруулан Засгийн газарт оруулж ирэхийг даалгалаа. Тус нэмэлт, өөрчлөлтийн гол санаа нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Энэ нь олон нийтийн хүлээлтэд нийцсэн зөв шийдвэр гэдэг нь гарцаагүй юм. Төрийн албан тушаалтнууд гадаадад нууц данстай байхыг зарим оронд хориглодог. Тухайлбал, ОХУ авлигатай тэмцэх хуульдаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглодог. Ер нь мөнгөө нуух, гадаадад байршуулах улстөрчдийн сонирхлын ард маш том гэмт үйлдэл, бохир улс төр, авлига, хээл хахууль нуугдаж байдаг жамтай. Тиймээс улс орнууд өөрийн орны улстөрчдийн гадаадад байршуулсан, худалдаж авсан, бий болгосон хөрөнгийн араас мөрдөн шалгаж, илрүүлэхээр чармайх болсон байна.

Тиймд Монгол Улс улстөрчдийн оффшор дансаар гадагшаа урсан одсон хөрөнгийн араас мөшгих үү гэдэг нь юун түрүүнд анхаарал татаж байна. Учир нь зарим эдийн засагчийн дүгнэлтээр бол Монголын үлэмж их хөрөнгө гадаадад байршсанаас хамаарч, өнөөдрийн эдийн засаг хямрах үндсэн нөхцөл болсон ч гэж үздэг. Оффшор дансанд маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Монголын олон албан тушаалтан, улстөрчид өөрийн ойр дотны хүмүүсийн нэр дээр хөрөнгөө байршуулж ирсэн гэх. Тэд Монголд олсон орлогоо нууж, татвараас зугатах замаар гадаадад хөрөнгөө байршуулсан бол хэд хэдэн төрлийн гэмт хэргийн үйлдэлд холбогдож магадгүй юм. Тиймд оффшор дансыг хориглохоос гадна түүний мөрөөр илрүүлэх олон гэмт үйлдлийн сэжүүр эндээс хөвөрч мэднэ.

Эсрэгээрээ нэг мэдээлэл анхаарал татаж, болгоомжлол төрүүлж буй юм. Тэр нь юу гэвэл, Монголд орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалт оффшор дансаар дамжиж орж ирдэг гэсэн мэдээлэл юм. Хөрөнгө оруулагчдад энэ нь ашигтай тусдаг байна. Яагаад гэвэл, тэд оффшор данс ашиглаж Монголд хөрөнгө оруулснаараа нутагтаа татвар төлдөггүй. Харин Монгол Улсад татвар төлдөг. Тиймд оффшор дансыг хориглосноороо эдгээр хөрөнгө оруулагчийг үргээх вий гэж болгоомжлол бас бий. Хэрэв тэр тохиолдолд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж буй олон хөрөнгө оруулагчаа алдах эрсдэлтэй гэсэн үг.

Оффшор дансыг хэт буруушаах нь хэр зохистой талаар олон байр суурь байдаг нь ийм учиртай. Зарим нь оффшор дансыг зөв зүйл гэж өмгөөлдөг. Лихтенштайн, Сингапур, Панам, Монако, Мальт, Кипр зэрэг улсаа оффшор бүс болгон зарласан улс орон олон. Эдгээр бүст бүртгэлтэй аж ахуйн нэгжийг оффшор компани гэдэг. Монголд хөрөнгө оруулж буй болон оруулах гэж байсан өрнийн компаниуд бүгд оффшор. Учир нь хэд Монголд татвараа бүрэн төлнө, харин бүртгүүлсэн оффшор бүс нь татваргүй, эсвэл хөнгөлттэй учир давхар татвараас зайлсхийнэ. Энэ бизнес эртнээс буй болсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны үйлдэл гэнэ. Хувь хүмүүс ч оффшор банк болон даатгалд мөнгөө хадгалуулдгийг хэн ч гэмт хэрэг гэж үздэггүй. Гагцхүү оффшор данс нь хууль бус үйлдлийн орогнох таатай боломж болж хувирсанд л хамаг ноцтой ур дагавар нуугдах болжээ. Өөрөөр хэлбэл, улс орны удирдагчид, төрийн өндөр дээд албаныхан оффшор дансыг хууль бус орлогоо нуух боломж гэдгийг олж харсан байна. Шулуухан хэлэхэд, улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад таатай боломжийг оффшор данс бүрдүүлсэн учраас эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Монголд ч яг л ийм нөхцөл байдал үүсээд байна. Хуулиар хориглоогүй боломжийг ашиглан, завшиж, хожиж ирсэн улстөрчдөөс эдийн засгийн хариуцлага нэхэх Цаг иржээ.

 

Д.ДАМДИНЖАВ

/АРДЫН ЭРХ сонин/