Өндөр цалинтай ажилд авна, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилж байна гэсэн зарын цаана хүний наймаа, охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байдал гарсаар байна. Яг ийм хэрэг өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн байна. Ц.Х удаа дараа БНХАУ-д Монгол охидын биеийг үнэлүүлэхээр авч явах ажлыг зохион байгуулсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял өгсөн ч тэнсэн харгалзах болгон өөрчилжээ.

Боржигон овогт Ц.Х, 1989 ондУлаанбаатар хотод төрсөн. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Ц.Х нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл М.Э, З.О нар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл У.М-г, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүрөдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Б.С, Д.Х нарыг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах мужийн Эрээн хотын Бэй жин чиао гэх газарт очиж биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс хоёр жилийн ял оноосон ч нэг жил тэнсэн харгалзуулахаар болсон байна.

Тэрбээр охидын биеийг үнэлүүлэхдээ ганцхан долоо хоног ажиллаад сая төгрөгтэй болно хэмээн хэлж, нарийн зохион байгуулалттайгаар хил дамнуулан биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ тэрбээр зуучилсан нэг охин тус бүрээс 2000 юань буюу Монгол мөнгөөр 670 000 гаруй төгрөгийг хятадуудаас авсан байна. Энэ талаар хохирогчид хэлсэн байдаг. Тодруулбал охидын заримд нь биеийг нь үнэлүүлэх гэж хэлэлгүйгээр зөөгчийн ажил хийлгэнэ гэж худал хэлж дагуулж явсан байна. Улмаар охидыг очингуут нь 2000 юанийн өртэй. Үүнд замын зардал, хувцас, хоол унд авч өгссөн болон буудлыг мөнгө орсон гэх зэргээр тооцоо гаргаад өгсөн байна. Улмаар өрөө төлчхөөд яваарай гээд өдрийн цагаар гаднаас нь түгжиж орой 18:00 цагаас эхлэн биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ цагаар 150-200 юань, хоногоор 500 юаниар биеийг нь үнэлүүлж мөнгийг нь байрлаж байсан тухайн газрынх нь эмэгтэй авдаг байсан гэнэ. Хэрвээ Монгол охидыг авсан этгээд өөр буудалд очвол өглөө 09:00 цагт эргэж ирсэн байх ёстой байдаг. Хоцорвол торгуультай буюу өрийг нь нэмдэг байжээ. Мөн зугтаж оргож магад хэмээн өрийн цагаар ганцааранг нь явуулдаггүй, дарамтын дор байлгадаг байжээ. Үүний улмаас Монгол охид БЗХӨ болон халдварт өвчин авч сэтгэл санаа, бие сэтгэлээрээ хохирсон байна.

Монгол хүн, тэр тусмаа эх хүн байж өөрөөсөө ялгаагүй эх хүнийг хил дамнуулан худалдсан Ц.Х гэгчийг буруутай гэж шүүхээс үзэж хоёр жилийн хорих ял оноосон ч тэнсэн харгалзахаар болсон байна. Тодруулбал Ц.Халиунд ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хорих ялыг заавал биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Энэ бол Монгол охидыг хил дамнуулан худалдаж байгаа зөвхөн нэг жишээ. Ц.Х бол ял авсан ч “уснаас хуурай” гарч байгаа тохиолдол. Үүний цаана илрээгүй, олон нийтэд мэдэгдээгүй хэрэг өчнөөн бий. Тэр бүрт үндэсний баялаг болсон охид бүсгүйчүүд эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байгааг хэн бүхэн анхаармаар байна.

Ядаж л өндөр цалинтай ажил гэсэн заранд хууртагдахгүй, гадагшаа зуучлуулж явж байгаа бол ар гэрийнхэндээ хэлэх, хаана очиж байгаагаа мэдэж байж явахгүй бол энэ мэтээр хохирох тохиолдол буурахгүй байгааг сэрэмжлүүлж байна.

А.Баярмаа