Түүхэндээ ганцхан удаа албан ёсны олонхи болж байсан 1996-2000 оны үедээ орондоо орох завгүй Засгийн газраа огцруулж тоглосон ардчиллынхан үүнийхээ горыг амсан шинэ мянганы эхний сонгуульд ердөө ганцхан суудалтай болж байсан. Гэхдээ тэр үедээ ардчиллынхан алдагдсан эрх мэдлээ аз болгон ашиглаж чадсан байдаг юм.


Засаглаж чадаагүйнхээ төлөө 50 суудлаа ганцханаар сольсон ялагдал нь тарж бутарсан ардчилсан гэдэг тодотголтой олон намууд нэгдэх суурь болж байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үед ардчиллынхан ялагдлыг  боломж болгон харж чадсан юм. Үр дүнд нь эвслийн Засгийн газар байгуулах хэмжээний суудал парламентад авч, арван хувийн татвар, Ашигт малтмалын хууль, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гээд олон хууль, хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөж чадаж байв. Тэд хүчтэй сөрөг хүчин байсан цаг бий. Эцэстээ олонхи биш ч олон суудалтай болж хэнтэй хамтрах, хэнээр чигээ заалгахаа өөрсдөө шийддэг эрх мэдэлд хүрсэн. Энэ бол 2012 он. Үүнээс хойш дөрвөн жил засаглахдаа мөн л өмнөхийн адил хөнжилдөө ч орох завгүй хөнөөлдөн тэмцэлдсэн АН-ынхан одоо үр дүнд нь дөнгөн данган парламентад бүлэг  байгуулах босго давсан есхөн гишүүнтэй сууж байна. МАН-ын 65-ын бүлгийг сөрөх нь битгий хэл есөн гишүүнээсээ ч алдаж мэдэх сураггай сөхөрчих гээд л байж байна. Эрх барьж байгаа Ардын намынханд сөрөг хүчний есөн товчлуур бүү хэл, өөрийн намын 26 товчлуур ч үнэлэгдэхгүй болсон ийм цаг үед Ардчилсан нам парламентад суудалтай гэхэд ч ичмээр дамшиг болоод байна. Ийм л нөхцөл байдал дунд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан хурлыг эс тооцвол Н.Алтанхуяг даргыг ажлаа өгснөөс хойш хуралдаж чадаагүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх 15-нд хуралдах тов гарчээ. Хуралдах эсэхийг цаг хугацаа харуулах ч Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахгүй бол ирэх сарын 6-нд товлосон Их хурлаараа намын даргаа тодруулах бус намын задралаа тунхаглахаас өөр аргагүй болно.

2000 оны их ялагдлын дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж, нийлснийхээ хүчинд 12 жилийн дараа дахин эрх барьж байсан бол одоо нөхцөл байдал түүнээс ч хүнд байгаа нь үнэн. 16 жилийн өмнөх өдрүүдэд тэд ардчилал гэсэн нэгэн малгайн доор нэгдэн нэгэн зүгт харж чадаж байсан бол өнгөрсөн сонгуулийн дараа дөрвөн зүг найман зовхис руу харж байгаа. Үнэт зүйл, үзэл баримтлал нь тодорхойгүй, дүрэм буй ч түүндээ захирагддаггүй олон фракцуудын нэгдэл болон хувирсан байна. Ийм үед тэд дахин нэгдэж, намын даргаа сонгож чадах болов уу? 

ШОРОНД ОРОХГҮЙН ТӨЛӨӨХ НЭГДЭЛ

АН-ынхан энэ удаа нэгдэж чадна. 16 жилиин өмнөх шиг ардчиллын төлөө гэж тэд гар барилцахгүй ч тэднийг нэгтгэх нэгэн хүчин зүйл бодитоор бий болжээ. Тэр бол шоронд орчих вий гэсэн айдас. 16 жилийн өмнө ардчилал тэдний үнэт зүйл болж байсан бол өдгөө энэ айдас тэднийг нэгтгэх, нэг зүгт харуулах хангалтгай шалтгаан болж байна.Учир нь эрх барьсан өнгөрсөн дөрвөн жил АН-ынхан айх зүйлээ хангалттай хийгээд авсан билээ.10 гаруйхан хоногийн дараа хуралдах Үндэсний зөвлөлдөх хороо хийгээд сарын дараа болох Их хурал нь хэвлэлийн хуудсаар мэдэгдээд байгаа шиг намаа шинэчлэх, үзэл баримтлалаа тодорхой болгох эв нэгдлийн хурал харамсалтай нь болохгүй. Харин шоронд орохгүйн тулд яаж аргацаах вэ, яаж дараагийн сонгуультай золгох вэ гэсэн хүсэл л ирцээ бүрдүүлж чаддаггүй тэднийг нэгэн танхимд цуглуулах байх. Учир нь Ардчилсан намыг бүрдүүлж байгаа фракц бүрийн толгойны өвчин нь торны цаана суухгүй байх болчихоод байна.

“АЛТАНГАДАС”
Цагтаа Ардчилсан намын чигийг заадаг байсан тус фракц өдгөө ч хүч нь сулраагүй. Үндэсний зөвлөлдөх хороондоо 30 гаруй төлөөлөлтэй тэдний туг нь олон сонгуульд намаа амжилттай удирдсан намын дарга асан Н.Алтанхуяг. Бас саяхан болсон орон нутгийн сонгуулиар АН хоёр аймагт ялалт байгуулсныг “Алтангадас”-ын гэгддэг УИХ-ьш гишүүн Я.Санжмятав, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт нааж байгаа. Ингэснээр “Алтангадас”-ынхан сонгууль удирдахаар АН ялдаг гэсэн эерэг имижийг бүрдүүлээд байгаа тэдэнд гэхдээ айдас бас байгаа.

Тухайлбал тус фракцад харьяалагддаг, Эрчим хүчний сайд асан Т.Доржпүрэв эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдон хоригдсон, мөн л энэ фракцын туган дор нэгддэг Төрийн банкны дэд захирал асан Т.Дорждэрэмийг их хэмжээний найдваргүй зээл олгосон гэх үндэслэлээр хорьсон гээд “Алтангадас” руу чиглүүлсэн хэргүүд ар араасаа хөвөрч байгаа.

Гэхдээ нам дотроо нөлөөгөө алдаагүй “Алтангадас”-ынхан намын даргыг авахын өрсөлдөөнд оролцохоосоо илүүтэйгээр Н.Алтанхуяг даргыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, намын ерөнхий нарийн бичгийн даргаа авна гэсэн тохироогоор явах болов уу. Энэ тохироо хэрэгжсэн тохиолдолд ерөнхий нарийн бичгийн даргад Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн захирал асан С.Төмөрхүү нарын нэгийг зүтгүүлэх биз ээ.

МҮДН
Үндэсний зөвлөлдөх хороондоо 30-аад гишүүн багцалдаг МҮДН-ийнхэн АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жил хамгийн мөнгөтэй, хамгийн эрх мэдэлтэй нэгжид өөрийн хүнээ томилж чаддаг байсан. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатар, Аж үйлдвэрийн сайдаар Д.Эрдэнэбат, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.Батбаяр ажиллаж бондын мөнгийг захиран зарцуулсан Хөгжлийн банкийг түүний хүн удирдаж байв. “Гудамж” төсөл ч МҮДН-д бялуу болон очиж, Архангай аймаг дугуйн замтай хүртэл болж байв даа. МҮДН-ийнхэн бяртай, бядтай байгаагаа харуулан сонгуулийн тойргийг хүссэнээрээ өөрчилж, 60 хүрэхгүй мянган сонгогчтой Хэнтийд гурван мандат хуваарилж байлаа. Ардчилсан нам ялахад ийн тогоотой сүүний өрмийг хамсан МҮДН-ийнхэн ардчилал ялагдсан энэ үед тун хүнд байна. Хөгжлийн банкны захирлыг хорьж, гишүүн асан хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Мөнөөх л шоронд орохгүйн айдас тэднийг хүлж, шоронд орохгүйгээр дөрвөн жилийг өнгөрүүлэхийг тэд хүсэж байна. Энэ айдас тзднийг намын даргын өрсөлдөөнд, нэг ёсондоо хуйвалдаанд тэргүүн эгнээнд биш, аль нэг фракцын түшиц төдийгөөр оруулах болов уу. Уг нь энэ фракцын хамгийн боломжит хувилбар нь өдгөө фракцынхаа ч, намынхаа ч туг нь болж яваа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байлаа. Гэхдээ тэрбээр, болоод удаагүй орон нутгийн сонгуульд намаа удирдаж орсон, одоо бол намын хууль ёсны бус ч даргын нэртэй яваа. Хоёр аймагт ялалт байгуулж, гурван дүүргийг аваад байгаа том зургаар нь харвал энэ удаагийн сонгуульд АН парламентын сонгуулиас амжилттай оролцсон. Харамсалтай нь сонгуулийн үр дүнг өмнөх сонгуультай нь харьцуулж, “арай дээр” оролцсон гэж дүгнэдэггүй учир тэр бол сонгуулийн менежрийнхээ хувьд дүнгээ тавиулсан. Намын даргын өрсөлдөөнд оролцох боломжоо хаасан гэсэн үг л дээ.

“МоАН САНААЧИЛГА”
Ардчилсан намын хамгийн балчир фракц хздий ч хамгийн хүчирхэг болоод байгаа энэ фракцынхан намын даргын өрсөлдөөнд нэлээд хүчтэй оролцох байх. Үндэсний зөвлөлдөх хорооны 70 орчим гишүүнийг нэгтгэж чадсан МоАН санаачилгын лидер нь УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар. Гишүүн асан Г.Батхүүгийн хувьд бусдыгаа бодоход харьцангуй нэр цэвэр байж болох ч нам удирдаад явчих харизматай улстөрч биш. Гэхдээ ялагдсан намд хамгийн их хэрэгтэй зүйл бол санхүүжилт байдаг. Ялагдсан намаас ихэнх нь нүүрээ бууруулдаг учир санхүүжүүлэх боломжтой хүнийг намын тэргүүн эгнээ рүү явуулах нь бичигдээгүй дүрэм. Энэ хүн нь гишүүн асан Г.Батхүү байх магадлалтай бөгөөд намын дарга эс ч ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд орох биз ээ. Харин Л.Болд гишүүнд өдгөөгийн АН-ынханд байгаа айдас мөн бий. Тэрбээр, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа барилга, зэвсэг гээд багагүй зүйлд нэр холбогдсон.

“ШОНХОР”
Өнгөрсөн дөрвөн жил, ялангуяа сүүлийн хоёр жил хүчтэй, хурдтайгаар дэвэн нисэж байсан шонхрууд энэ удаа ч далавчаа хумин суухгүй нь лав. Энэ фракцын лидер З.Энхболдын хувьд энэ удаа хойш ухарч хоёрдугаар эгнээнд шилжинэ, ирэх сонгуульд Дархан-Уулаас нэр дэвших эрхээ авахыг илүүд үзнэ гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй биз ээ. Гэсэн ч Үндэсний зөвлөлдөх хороондоо 20 гаруй гишүүнтэй “Шонхор”-уудад намын даргын өрсөлдөөвд илгээх нэр дэвшигч бий. Тэр хүн нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ. С.Эрдэнэ гишүүний хувьд орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийг дараалан ялуулсан гавьяатай. Гэхдээ түүний эцсийн зорилго нь намын дарга гэхээс илүүтэйгээр нийслэлийн намын хороог тэргүүлэх байх болов уу. Гэсэн ч энэ фракцынхныг мөн л айдастай дөрвөн жил хүлээж байгаа. Барилаа, хорилоо гэсэн дуулиан “Шонхор”-ынхныг ч тойроогүй. “Шонхор” фракцаас намын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан бас нэг нэр дэвшигч байгаа нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Гэхдээ түүний энэ үйлдлийг хувийн нэр хүндээ өмгөх төдий л санаархал гэж тайлбарлах нь олон байна. Үнэн биз ээ.

“НЭГ АРДЧИЛАЛ”
Фракцаа татан буулгалаа гэдгээ Гүйцэтгэх зөвлөлдөө мэдэгдсэнээрээ энэ фракцынхан намын даргын өрсөлдөөнд бүүр ч илүү “фракцлана” гэдэг нь харагдаж байна.Үнэндээ АН-ыг бүрдүүлж байгаа фракцууд бол намынхаа албан ёсны бүтэц огт биш. Харин сайн дурын л нэгдлүүд. Албан бус бүтцийг татан буулгаж байгааг гүйцэтгэх удирдлагадаа мэдэгдэнэ гэдэг нь цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгааг илттэнэ. Үнэндээ ялагдсан намын лидерүүдийн хүргэж болох ганц албан тушаал нь намын дарга байдаг. Тэгэхээр “Нэг-Ардчилал”-ынхны фракцаа тараах мэдэгдлийн цаадах санааг тааж ядаад, тааварлаж цөхөөд байх юм байхгүй. Намын даргью өрсөлдөөнд нэмэх оноо цуглуулах гэсэн л оролдлого төдий юм. “Нэг ардчилал”-ынхан хэдийгээр тарж бутарлаа гэж байгаа ч Үндэсний зөвлөлдөх хороондоо 30 орчим гишүүнтэй. Энэ фракцын лидерүүд нь гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг. Намын даргын өрсөлдөөнд нэр нь дуулдаж байгаа М.Батчимэгийн хувьд Эрдэнэтийн намын хороог удирдаж байсан. Удирдаж байсан намын хорооноосоо нэр дэвших эрхээ авч чадалгүй Сүхбаатар дүүрэг рүү ирсэн түүнийг бүтэн намыг удирдана гэж итгэл хүлээлгэх хүн үгүй биз ээ. Харин фракцаа тараан байж зам засч байгаа намын даргын өрсөлдөөнд “Нэг-ардчилал”-ынхны зүтгүүлэх хүн нь сайд асан Л.Гантөмөр.
 

МоАХ
Хэд хэд хуваагдаж, аажмаар хүч нь суларсаар одоо АН-ын хамгийн хүчгүй фракц болоод байгаа “МоАХ” Үндэсний зөвлөлдөх хороондоо 10 хүрэхгүй төлөөлөлтэй. Тэд намын даргын өрсөлдөөнд оролцохгүй ч гартаа атгасан хөзөртэй. МоАХ фракцын нэрийн хуудас гишүүн асар Х.Баттулга намдаа байр суурь нь багассан ч Баянхонгорт аймагт нөлөөтэй хэвээр. Энэ нь хөзөр. Ерөнхийлөгчийн сонгуульд Баянхонгорын намыг эсрэг ашиглана гэдэг тулгалт МоАХ фракцаас ирэх талтай. Х.Баттулга, А.Гансүх нарын энэ фракцын лидерүүд эрүүгийн хэрэгт сэжиглэгдээд буй энэ цагт намаасаа тасрах, хуваарилалтын гадна үлдэх сонирхол МоАХ-ынханд байхгүй. Тэд боломж бүрийг алдахгүйг хичээнэ.

Ийм л дүр зурагтайгаар АН-ынхан Их хурлаа угтаж байна. Хэнийг сонговол, хэний фракцын эрх ашгийг тусгаж чадвал ирэх дөрвөн жил хоригдохгүй өнгөрүүлэх бол гэсэн айдас л тэднийг энэ удаа нэгтгэх бололтой.

 

 

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/