Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
 

Өнөө өглөө сэрмэгцээ би зуршил болсон янзаараа “хазсан алимтай” утсаа асаавал “New York Times”-ийн аппликэйшнээс Ромын папын АНУ дахь айлчлал, Хиллари Клинтоны цахим хаягнаас илгээсэн үл мэдэгдэх захидлууд, Нью-Йоркийн загварын долоо хоногийн тухай тойм мэдээллүүд ар араасаа цувран гарч ирлээ. Ингээд л дэлхийн нөгөө өнцөгт орших гүрэнд болсон үйл явдлууд болоод “Apple”-ийн гар утастай хамт хорвоогийн нэг өдөр маань эхлэх нь энэ. Гэрээс гараад ажил руу хүрэх замд Нью-Йорк хотод өөрийн биеэр очсон мэт санагдуулам зүйлтэй цөөнгүй таарна. Автобусны буудлын зарлалын самбарт “Трансильвани зочид буудал 2” хүүхэлдэйн киноны танилцуулга, бүр цаашилбал Монгол Улсын нийслэлийн анхны нэрээр овоглосон “Өргөө” кино театрын гадаах самбарт АНУ-ын нэрт зохиолч Жэймс Дашнерийн “Оньс тайлагч” цуврал зохиолоос сэдэвлэсэн “Нурман сорилт” киноны зурагт хуудас үзэгдэнэ. Эндээс замын эсрэг тал руу харвал тахианы махтай бургер, шарсан төмсийг кока кола ундаагаар даруулж идэх гэсэн хэдэн арван хүн “KF­C”-ийн хаалгаар орж, гарахыг харж болно. Энгийн нэг мэдээ, энд тэндгүй тохиох зарлалын самбар, Холливудын кино, аль эсвэл хооллолтын шинэ хэв маяг төдий харагдаж байвч үнэн хэрэгтээ эдгээр нь дэлхийн өнцөг булан бүрт нууц ноёрхлоо тогтоогоод байгаа “америкжилт” буюу Америк соёлын түрэмгийлэл (American Cultural Imperialism) манай оронд аль хэдийнэ орж ирснийг илтгэх аж.

АМЕРИКИЙН ДАЛД НОЁРХОЛ

Бид дэлхийн нөгөө өнцөгт болж байгаа үйл явдлыг дэргэд нь буй мэт үзээд зогсохгүй бие махбодь маань тухайн газартаа үлдэж, оюун санаагаараа виртуал ертөнцөд аялах боломжтой технологийн дэвшлийн эринд амьдарч байна. Үүний ачаар бидэнд маш олон гайхалтай боломжууд нээгдсэн ч нөгөө талаар даяаршил нь хүчирхэг гүрнүүдэд дэлхий дахинд соёл, уламжлалаа “сурталчлах”, цаашлаад хөгжиж буй орнуудыг өөрийн соёл, амьдралын хэв маягтаа уусгах боломжийг олгох болжээ.

Өөрөөр хэлбэл АНУ, Япон, Хятад тэргүүтэй эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд нэр хүндтэй томоохон брэндүүд болон бараа бүтээгдэхүүн, кино, дуу хөгжим зэрэг соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан хөрш зэргэлдээ орнууддаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж байгаа нь нууц биш.

Английн судлаач Бенжамин Шефард, Роналд Хайдук нар “Орчин үеийн бослого ба даяаршлын эрин дэх харилцаа” бүтээлдээ даяаршлыг “аливаа соёлын онцлог шинж байдлыг устгагч төдийгүй ижилсүүлэгч, хүлээн авагч, хэрэглэгч, соёлыг түгээгч, баруунжсан соёлын түрэмгийллийг хурдасгагч” хэмээн тодорхойлжээ. Дэлхий дахин даяаршиж буй явцыг зарим судлаачид америкжилт гэдэгтэй утга нэг гэж үзэх нь ч бий. 1989 онд Берлиний хана нурж дэлхий хавтгайрах явц хүчээ авсан нь олон хүний сэтгэлийг зовоож, “даяаршил буюу америкжилт ирлээ” хэмээн түгшихэд хүргэсэн тухай Америкийн сэтгүүлч, судлаач Томас Фридман “Дэлхий бөөрөнхий биш” номдоо дурдсан байдаг. Америкийн кино урлаг, дуу хөгжим, уран зохиол, видео тоглоомууд олон улсын зах зээлд томоохон байр суурь эзэлж байгаа нь Америкийн соёл, уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахинд сурталчлах гол хэрэглүүр болж байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн оны байдлаар АНУ-ын энтертайнмент салбар дангаараа 564 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Судлаачдын таамаглаж буйгаар энэ тоо ирэх дөрвөн жилийн дотор 679 тэрбум ам.доллар болтлоо өсөх магадлалтай юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк улс дотоодын брэндүүдээ бүтээж, дэлхийн өнцөг булан бүр лүү түгээж эхэлсэн гэдэг.

Өнөөдөр олон улсын зах зээлд Америкийн улс төр, нийгмийн соёл гэхээсээ илүүтэй Америкийн олон төрлийн брэндийн тогтолцоо голлох байр суурь эзэлж буй. АНУ-ын улс төрийн соёлоос илүү “Coke”, “McDonalds”, “Nike”, “Marlboro”, “Apple” зэрэг тэргүүлэх брэндүүд Америкийн дүр төрхийг илтгэж “Disney”, “Beyonce”, “The Simpsons”, “MTV” зэрэг АНУ-ын поп соёлыг илэрхийлэх уран бүтээлчид болоод энтертайнмент брэндүүд тус улсын нэрийн хуудас болжээ. Харин эдгээр нэрийн хуудсыг бид дэлхийн аль ч хэсгээс олж харах боломжтой.

Зарим улс орон Америк болон Америкийн томоохон брэндүүдийн ноёрхлыг эсэргүүцэж, “анти-америк” үзэлтнүүдийг бий болгож байгаа бол өөр бусад орнууд энэ тал дээр арай аядуу хандах нь ч бий. Манай урд хөрш гэхэд эдийн засгийн салбарт нь шахалт үзүүлээгүй л бол Америк улс болоод америк брэнд гэсэн ойлголтод тун эерэг хандлагатай байдаг аж. Гэсэн хэдий ч тэс ондоо соёл болох Хятадын соёл уламжлалын үнэт зүйлс, түүхийг үл хайхарсан мэт үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал түүхийн дурсгалт газруудад нь реклам, зар сурталчилгааны самбар байршуулах нь дээрэнгүй мэт санагдахаас гадна Өрнөдийн хувь хүн төвтэй, хувь хүний эрх чөлөө хэмээх ойлголт нь залуу хүмүүст буруу үлгэр дуурайл, нөлөө үзүүлж байна гэж үзэх нь бий.

Харин Америкийн соёлын түрэмгийллийг хамгийн ихээр эсэргүүцэж, үндэсний өв уламжлалаа харийн соёлоос хамгаалахыг эрмэлздэг орон бол Франц юм. 1988 онд Францын аж ахуй эрхлэгч, нийгмийн идэвхтэн Жозе Боув болон түүнийг дэмжигчид Миллау дүүрэгт байгуулагдсан “McDon­ald’s” түргэн хоолны сүлжээний салбарыг эвдлэн сүйтгэж байв. Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр түр хугацаанд хоригдож байх үеэр нь хэдэн мянган франц иргэд төдийгүй дэлхийн олон орны хүмүүс Жозегийн үйлдлийг дэмжиж, Америкийн түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн удаатай.

АМЕРИКИЙН ДАЛД НОЁРХОЛ МОНГОЛД

Монгол Улсын Их Сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Ананд өглөө бүр хичээлдээ явах замдаа дуртай реппер Кендрик Ламар, Виз Халифа нарын дууг сонсоно. Томдсон гэмээр сул жийнсэн өмд өмсөж, хуйхаа дагуулан үсээ сүлжсэн түүнд өндөр хамартай, хөнхөр нүдтэй охид таалагддаг хэмээн ярилаа.

Яг түүнтэй адил залуу үеийнхий сонирхол болоод сайн сайхны хэмжүүр нь өдөр бүр зурагтын дэлгэц, цахим хуудсаар эцэс төгсгөлгүй хөврөх Барууны кино одод, дуу хөгжмийн “одод”-ын хэв маягаар тодорхойлогдох болжээ.

Түүнчлэн нэгэн танил маань далайн эрэг дээр таазнаас шал хүртэл цонхтой том байшинтай болохыг мөрөөддөг тухайгаа ярьж байсан юм. Бидний хүсэл тэмүүлэл, гоо сайхны тухай ойлголт Холливудын кинон дээрх дүрслэлүүд, харь орны амьдралын хэв маяг, соёл уламжлалаар тодорхойлогдож байгаа юм биш биз. “Залуу хүмүүс юу үзэж харна, яг л тийм болж хувирдаг. Ялангуяа хувь хүний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж бүрэлдэж байгаа өсвөр насны хүүхдүүд болон залуу насны хүмүүсийн хувьд үзэж буй кино, сонсдог хөгжим зэрэг нь шууд нөлөөлж, даган дуурайх сэдлийг төрүүлдэг” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн ярилаа.

Б.Ананд гэртээ зурагт бараг үздэггүй. Харин онлайнаар Америкийн олон ангит кинонуудыг үзэх дуртай. Түүний ярьж буйгаар Монголын кино, нэвтрүүлгүүд чанаргүй, сонирхолгүй байдаг учраас “HBO”, эсвэл “ABC” телевизийн цувралууд хамаагүй сонирхолтой байдаг гэнэ. “Монголын телевизүүдийг бараг үздэггүй. Харин “Монгол HD” телевиз сүүлийн үед “Breaking Bad”, “House of Cards”, “Ha­waii 5:0” гээд дажгүй америк цувралууд гаргаж байгаа харагдсан. Заримдаа энэ кинонуудыг үзэх гэж л зурагтаа асаадаг” гэв. Монголын телевизүүд ч Солонгос, Америк тэргүүтэй харь орнуудыг кино, нэвтрүүлэг, дуу хөгжмийг үзэгч, хүлээн авагчдын оюун руу үерийн ус шиг цутгаж байна.

Монголын хамгийн их үзэгчтэй телевизүүдийн тоонд ордог “Боловсрол суваг” гэхэд энэ оны нэгдүгээр улиралд нийт 1674 цагийн хөтөлбөр нэвтрүүлсний 66% нь дан гадаад кино, нэвтрүүлэг байжээ. Тэр дундаа гадаад контентуудын дийлэнх хувийг буюу 502 цагт нь Америк олон ангит кино болон шоу нэвтрүүлгүүдийг гаргасан байна. “Монгол HD” телевизийн хувьд ч мөн адил энэ оны эхний улиралд нэвтрүүлсэн гадаад контентуудын дийлэнх хувийг Америкийн кино, нэвтрүүлгүүд эзэлж буйг хажуугийн графикаас харж болно.

Соёлын түрэмгийллийг тойрсон асуудал нь дэлхий даяар хурдацтай өсөн нэмэгдэж буй соёлын худалдаа наймаатай салшгүй холбоотой. ЮНЕСКО-гийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд соёлын бүтээгдэхүүний импорт огцом өсч, 1980 онд 47.8 тэрбум ам.доллар байсан бол 1997 он гэхэд 213.7 тэрбум ам.доллар болж өсөж байв. Энэ нь дэлхийн нэг хүнд ногдох соёлын бүтээгдэхүүний үнэ 12 ам.доллараас 44.7 ам.доллар болтлоо өссөн гэсэн үг.

Өнөөдөр энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр буй. Өөрөөр хэлбэл дэлхий дахины хөгжим, тоглоом, кино тэргүүтэй соёлын бүтээгдэхүүний худалдаа болоод эрэлт, шаардлага улам бүр өсөн нэмэгдсээр байна. Улс гүрнүүд соёлын бүтээгдэхүүнээ өөр хоорондоо худалдах үйл явц нэмэгдэж буйн хэрээр үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрэх контентууд “эрлийзжиж” эхэлнэ гэсэн үг.

Ингэснээр улс үндэстний хувь чанарт гаднын цоо шинэ хувь чанар, үзэл суртал, амьдралын хэв маяг нэвтэрч эхэлснээр тухайн үндэстэн ямарваа нэг соёлын давамгайлалд өртөх магадлалтай тул дэлхийн улс орнууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа хүний оюунд шууд нөлөөлөх чадвартай телевизэд тодорхой хэмжээний хяналт, хязгаарлалт тавьсан байдаг.

ДЭЛХИЙН ОРНУУД ХАРИЙН СОЁЛООС ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ

Европын холбооны комисс 1980-аад оны дунд үеэс үндэсний хувь чанарыг сурталчилж, гадаад соёлын түрэмгийлэл, тэр дундаа америкжилтаас хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан явуулж эхэлсэн байдаг. 1983 оны “Европын хувь чанарын албан тунхаглал”-аар Европын холбооны гишүүн орнуудыг европ үндэстнүүдийн мэдлэг болоод олон төрлийн соёлын салбарууд, энэ дундаа мэдээлэл, боловсрол, дуу, дүрс бичлэгийн бодлого, урлагийн салбаруудыг сурталчлахыг уриалжээ. 1970–1980-аад оны үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Европын үндэстний дархлааг бий болгох зорилго тавьсан бөгөөд “Соёлын түрэмгийлэл” хэмээх шинэ үзэгдэл олон улсын хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн байна. Энэ үед дэлхий дахины нийгэм, эдийн засаг, соёлын салбаруудад Америк улс ноёрхлоо тогтоож эхэлж байлаа. Тухайн үед Холливуд нь Америкийн соёлын бүтээгдэхүүний болоод амьдралын хэв маягийг сурталчлах гол хэрэгсэл болж байв. Европын холбооны Парламент болон Комиссын зөвлөлөөс гадаадын соёлоос хамгаалж үндэстний үнэт зүйлсийг хадгалах зорилгоор эхлээд “Eurikon TV”, дараа нь “Europa TV” хэмээх хоёр суваг байгуулсан боловч олигтой амжилт ололгүй үүдээ барьжээ. Харин тэдний дараа “Euronews” сувгийг байгуулсан нь өдгөө хамгийн амжилттай бөгөөд урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан телевизийн суваг болоод байна. Тус телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрийн менежер Сергио Кантони “Иракийн дайны үеэр 1991 оны хоёрдугаар сард болсон “Цөлийн шуурга”-аар дэлхий нийтийн мэдээллийн салбарт “CNN” гэх ердөө ганц л голлох тоглогч байсан. Тэр үед анх Европын “CN­N”-ийг бүтээх санаа төрсөн юм” гэжээ.

Өдгөө Азид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүчээ аваад буй Солонгосын соёлд ч мөн адил хэвлэл мэдээлэл, олон ангит цуврал кино, поп хөгжмийн түрэлт голлох үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл орчин үед тун эрчтэй хүчээ аваад байгаа “Солонгосын давалгаа” бий болохоос өмнө тус улс ч нэг үе Америк соёлын түрэмгийлэлд өртөх аюулд ороод байсан билээ. 1987 он хүртэл дотоодын кино компаниудад л гаднаас кино импортолж оруулахыг зөвшөөрдөг байв. Тухайн үед Өмнөд Солонгосын Засгийн Газар АНУ- ын шахалтан дор Холливудын кинонуудыг театрууддаа шууд гаргадаг болгохыг зөвшөөрснөөр 1994 он гэхэд Солонгосын 10 гаруй кино компани дампуурлаа зарласан юм. Ийнхүү Холливудын кино үйлдвэрийн хаалга үүдээ нээсэн нь маш олон кино компаниудад нөлөөлж, үндэснийх нь кино үйлдвэрлэлийн салбар уналтанд орж эхэлсэн байна. 1994 он гэхэд Холливудын кинонууд Солонгосын кино үйлдвэрлэлийн салбарын 80 хувийг дангаараа эзэлж байв. Ийнхүү үндэсний соёл уламжлалын дархлааг бий болгох, үйлдвэржилтийн хөгжлийг сэргээх чухал шаардлага тулгарсан үед Солонгосын хэвлэл мэдээлэл, соёлын сэргэн мандалтад хоёр томоохон хүчин зүйл нөлөөлсөн билээ. 1993 онд буюу ихэнх хүмүүс үндэсний кино урлагийн салбарт ямар ч аврал үлдсэнгүй гэж боддог болсон үед шинээр гарсан “Sopyonje” кино нэг сая гаруй үзэгчтэйгээр шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсэн нь хэний ч санаанд оромгүй явдал болжээ. Урьд өмнө нь Солонгосын кино хэзээ ч ийм олон тооны үзэгчдийг татаж чадаагүй байсан юм. Түүнчлэн Япон, АНУ болон зарим Европын орнуудаас тус киног зарим театрууд, их сургуулийн хотхонд гаргах саналууд ирж эхэлсэн байна. Энэхүү кино нь “pansori” хэмээх солонгос үндэстний урлагийн үзүүлбэр үзүүлж амьдралаа залгуулдаг нэгэн хэрмэл гэр бүлийн тухай өгүүлдэг бөгөөд мартагдан мөхөж байгаа үндэсний хөгжмийн урсгалыг гол хэрэглүүрээ болгож, өргөн уудам үзэсгэлэнт байгалийг дүрслэн харуулсан нь олон түмэнд “үндэсний соёл” гэгчийг эргэн санагалзах сэдлийг төрүүлж, харин мөнөөх өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр буй гэр бүл нь Холливудын нөлөөнд автан сүйрлийн эрмэг дээр ирээд байсан Солонгосын кино урлагийг төлөөлж байв. Ард түмэн урт удаан хугацаанд мартагдаад байсан соёл, хувь чанар хэмээх асуудлуудад дөнгөж анхаарлаа хандуулж эхэлж байсан үед “Sopyonje” кино гарсан нь нүдээ олсон хэрэг болсон байна.

Мөн Солонгосын Засгийн газраас ард иргэдээ үндэсний эдийн засагт хувь нэмэр оруулахын тулд соёлын салбарт хүч үзэхийг уриалсан юм. 1994 онд Ерөнхийлөгчийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс Засгийн газраа үндэсний медиа үйлдвэрлэлийг дэмжихийг санал болгосон өргөдлийг Төрийн тэргүүнд уламжилсан байна. Тухайн үед шуугиан тарьж байсан Холливудын “Jurassic Park” киноны нийт ашиг орлого нь гадаад руу борлуулсан 1.5 сая “Hyundai” машины нийт орлоготой тэнцэж байв. Тухайн үед “Солонгосын бахархал”-д тооцогддог брэнд болох “Hyundai” машиныг ердийн нэг кинотой харьцуулсан нь олон нийтийг ухааруулсан явдал болжээ. Ийнхүү Солонгосын Засгийн газар Соёл, спортын яамны дэргэд Соёл үйлдвэрлэлийн товчоог 1994 онд байгуулж, “Кино урлагийг сурталчлах хууль”-ийг 1995 онд баталжээ. Ийнхүү Солонгосын олон нийтэд “үндэсний соёл” хэмээх ойлголтыг эргэн сануулсан “Sopyonje” кино болоод томоохон группуудын хөрөнгө оруулалтаар боссон кино урлагийн хөгжлийг дээшлүүлэх үйл ажиллагаанаас гадна солонгос киноны сонголтууд олон болж, кино театрууд нэмэгдсэнтай холбоотойгоор кино урлагийн салбар эргэн хөл дээрээ босож эхэлсэн юм.

Түүнчлэн бусад орнууд ч мөн адил гаднын соёлын түрэмгийлэлд өртөхгүйн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж, үндэстний хувь чанарыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал гэж ихээр яригдах болсон өнөө үед аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад хязгаарлалт тавихыг эсэргүүцэх нь олонтаа. Гэсэн хэдий ч соёлын түрэмгийлэлд өртөхөөс сэргийлж, сөрж зогсох дархлааг бий болгох нь нэн чухал асуудал гэдгийг олон орон ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулалт хийсэн байдаг.

Тухайлбал, Хятадын телевизүүдийн хамгийн оргил цаг болох 19:00–22:00 цагийн хооронд ямарваа гадаадын кино, телевизийн олон ангит цуврал, хошин шог, хүүхэлдэйн киног Үндэсний радио, кино зураг болон телевизийн яамны зөвшөөрөлгүй гаргахыг хориглодог байна. Харин Франц улсад телевизийн нэвтрүүлгийн 40%-ийг үндэсний, талаас илүүг Европын агуулга эзлэх ёстой бол Австралид өглөөний 06 цагаас шөнийн 00 хүртэлх эфирт нэвтрүүлж буй гадаад нэвтрүүлэг 45%-иас хэтэрч болохгүй. Мөн хөтөлбөрийн найруулагч, зураглаач нь заавал австрали хүн байх ёстой хэмээн заажээ. Түүнчлэн зарим орон телевизийн сувгийн нийт эфирийн цагт эзлэх гадаад контентийн хэмжээг зааж өгөхөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарыг тогтоосон байдаг. Индонез улсад гэхэд хоёр ба түүнээс дээш гадаад хувь нийлүүлэгчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль нэг гадаад хөрөнгө оруулагч дээд тал нь 20%- ийг эзэмших зөвшөөрөлтэй байдаг аж.

“Кино урлаг, телевиз, бүх төрлийн хэвлэл, радио, дуу хөгжим зэрэг хэвлэмэл болон дуу, дүрс бичлэгийн буюу соёлын бүтээгдэхүүнүүд нь үнэт зүйлсийн үнэлэмж, амьдралын хэв маяг, оюун санааг бий болгогч, хөдөлгөгч хүч болдог”

хэмээн Ираны “Азад” их сургуулийн профессор, судлаач Сидайгэ Бабран үзжээ. Эдгээр нь гол төлөв интернэт, радио, телевизээр дамждаг учир соёлын түрэмгийлэлд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Бид эрт үеэс уламжлагдан ирсэн хосгүй соёл, хэл, үнэт зүйлс, өвөрмөц амьдралын хэв маяг, хүн хүнээ гэх сэтгэлээ гээхгүйн тулд харь соёлын түрэмгийллээс хэрхэн сэргийлэхийг мэдүүштэй.

“Америк соёлын түрэмгийллээс хэрхэн амьд гарах вэ” хэмээх асуултын хариултыг олох гээд үзье. Хувь хүний өдөр тутмын дадал зуршил, хооллолт, хувцаслалтаас эхлээд ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягийг бүрэлдүүлэгч нь бидний үзэж, сонсож байгаа зүйлсээс шууд хамааралтай байдаг юм бол үндэстний хувь чанараа харь соёлоос хамгаалахын тулд эдгээр үзэж, харж, сонсож, “хэрэглэж” буй соёлын бүтээгдэхүүнүүдэд хяналт тавих хэрэгтэй гэсэн үг. Нэгэнт даяаршлын асар том давалгаанд эргэлт буцалтгүй орсон тул далайн усанд живж үхэхгүйн тулд бидэнд бат бөх завь буюу үндэстний дархлааг бий болгох шаардлагатай.

“Гэрэг” сэтгүүлийн 66 дугаарт
http://medium.com/gereg-magazine