Н.БАТ


2015 оны есдүгээр сарын 21-нд Олон улсын парламентын хорооны хүний эрхийн хорооноос “...Монгол дахь ардчилсан үйл явц эдүгээ 25 жилийн нүүр үзэж байгаа ч 17 жилийн өмнө парламентын гишүүн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл илрээгүй байгаа нь хууль ёсонд итгэх итгэлийг мохоож байна. Нийгмийн өргөн хүрээнд улс төрийн аллага хэмээн хүлээн зөвшөөрч буй энэ хэргийг илрүүлэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Монголын эрх бүхий байгууллагуудад уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм.

“Хэргийг мөрдөх явц ил тод байхын зэрэгцээ түүнд ахиц гарч байж л Санжаасүрэнгийн Зоригийг хэн, юуны учир хөнөөснийг илрүүлэх улс төрийн хүсэл зориг байна гэсэн итгэл үнэмшил олон түмэнд бий болно. Монгол Улс анхны ардчилсан сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед 1990 онд ардчилсан хөдөлгөөнийг нь удирдаж байсан хүний амийг хөнөөсөн хэргийг эцэслэн илрүүлэх нь чухам цагаа олсон үйлс байх болно” хэмээн Швейцарийн парламентын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны гишүүн, хатагтай Маргарет Кийнер Неллен хэлсэн байдаг.
Энэ мэдэгдлээс хойш гурван сарын дараа С.Зоригийн аллагын хэрэгтэй холбогдуулан Эрдэнэтээс хоёр хүнийг сэжиглэн баривчилж, мөн түүний эхнэр байсан Б.Булганыг саатуулж, ахин шалгаж эхэлсэн юм.

1998 оноос хойш 18 жилийн хугацаанд С.Зоригийн хэрэгтэй холбоотой үнэн худал нь үл мэдэгдэх тоо томшгүй олон таамаг байсан нь олны анхаарлаас энэ хэргийг гаргалгүй өдий хүргэсэн юм. Харамсалтай нь, сонгуулийн жилүүдэд хэргийн талаар илүүтэй сөхөж тавьдаг байсан нь ажиглагддаг. С.Зоригийн аллагын хэрэгт УИХ-ын гишүүдээс эхлээд төрөл садан, энгийн иргэд хүртэл сэжиглэгдэн байцаагдаж байсныг түүх гэрчилнэ. 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй нээлттэй уулзах үеэрээ “Удахгүй энэ хэрэг шүүх дээр очих болов уу. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй гэж Ерөнхий прокурорт үргэлж хэлдэг. Би энэ хэрэг нэлээн ахицтай явж байгаа гэж хэлье” хэмээн хэлж байсан бол энэ сарын 14-ний даваа гарагт Прокурорын Ерөнхий газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг албан ёсоор мэдээлэв.

Ямар ч байсан одоогоор Сэлэнгэ аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татсан нь хэвлэлийнхэнд тодорхой болоод байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлийг сэжигтнээр дуудсан ч хэрэгт холбоогүй гэж үзсэн тухай ч мэдээлэл гарсан. Хэргийг олон хүн улс төрийн зорилготой санаатайгаар хөнөөсөн хүн амины ноцтой хэрэг гэж үздэг бол улс төрийн хүрээллийн зарим хүн эсрэгээр ч хэлэх нь бий. Гэсэн ч хэрвээ үнэхээр алуурчдыг олсон бол оройтсон ч гэсэн манай хууль хүчнийхэн сайн ажиллаж чаддаг юм байна гэх итгэл үнэмшил хүн бүрт төрөх нь дамжиггүй.

Гэвч яллагдагчдын гэр бүлийнхний хэлснээр үнэхээр улс төрийн зорилгоор энгийн хүмүүсийг хэлмэгдүүлсэн бол ардчиллын түүхэн дэх том хар нүх болон түүхэнд тэмдэглэн үлдэх биз.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хороосон хэргийн дараа хэргийн газарт очсон хүмүүсийн 17 жилийн тэртээ тэмдэглэгдэн үлдэж байсан зарим баримтыг эргүүлэн харъя. Тухайн үед энэ мэдээллийн талаар төвийн хэвлэлүүдээс илүүтэйгээр шар сониныхон бичиж байв.



УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар:

-Та аравдугаар сарын 2-ны орой талийгаачтай хамгийн сүүлд уулзсан тухайгаа?
-Аравдугаар сарын 2-ны орой талийгаач С.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр бид гурав манай өрөөнд уулзсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэнтэй холбоотой асуудлаар ярьж байсан. Нэгэнт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа бол цаашдаа яах вэ гэж. С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих байх аа, тийм хандлагатай байгаа шүү гэж хэлж байсан.
-Тэгэхээр цаг бусын энэ үхлийг Ерөнхий сайдтай холбоотой гэж таамаглал дэвшүүлж болох уу?
-Цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь хэнд ч тийм бодол төрнө л дөө. Энэ нь баасан гарагт болсон үйл явдал. Даваа гарагт манай намын ерөнхий зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх гэж байсан.
Дээдсийн хүрээлэн сонин /1999 он/

Б.Жаргалсайхан:
Цагдаагаас хоёр залуу ирж, Зориг ямар хүн байсан бэ гэж асуусан.
-Зориг агсны үхэлтэй холбогдуулж, танаас ямар нэгэн зүйл асуусан уу?
Ардчилал гээд явж байсан хүмүүсээс хамгийн шударга эх оронч явсан нь С.Зориг гэж бий хэлсэн.
Энэ хэргийг илрүүлэхийн тулд Бат-Үүл, Элбэгдорж нар өөрсдөө сайн ажиллаж, хуулийн байгууллагыг дэмжиж ажиллавал зүгээр.
 /Дээдсийн хүрээлэн сонин 1999 он/

 Бошигт: Яахав. Тухайн үедээ шалгаж л байсан.Түүнд гомдоод сүйд болох юм байхгүй. Анхнаасаа энэ хүний хэргээр намайг болон манай хөдөлгөөнийг дарах гэсэн оролдлого байсан. Тэр бол дараа нь шийдэх асуудал.
Энэ бол улс төрийн аллаг биш, эрүүгийн чанартай зүйл.
Дээдсийн хүрээлэн /1999 он/ № 61,62

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Мөрөн:

Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын даргын тушаал гарч цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсөэн бэлэн байдалд ороод ажиллаж байгаа. Энэ хэрэг бол илрэхгүй хэрэг биш. Илрэх хэрэг. Зүс царайгаа харуулаад хуруу гарынхаа хээг үлдээгээд явсан хэрэг заавал илэрдэг. Үүнээс ч хүн, эд мөрийн баримт, нотлох баримт үлдээгээгүй хэргүүд ч илэрдэг. Ер нь хүнд ноцтой гэмт хэргийг илрүүлэх талаар Монголын цагдаагийн байгууллага харьцангуй өндөр түвшинд ажиллаж байгаа. Энэ хэргийг илрүүлэхэд хамгийн гол нь цаг хугацаа хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах хүрээ их өргөн. Зүгээр нэг хүмүүстэй холбоотой хэрэг биш. УИХ-ынхнаас ч шаардлагатай зарим хүнийг байцааж байгаа. Цагдаагийн байгууллага хэнийг ч шалгах эрхтэй. Мэдээж зарим нэг хүнийг шалгахад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах байх л даа. Гэхдээ одоохондоо тийм хүндрэл гараагүй байна. Хэргийг илрээгүй байхад хэвлэлүүд элдэв мэдээлэл бичихийг хориглосонд сэтгүүлчид нэлээд эмзэглэж байх шиг байгаа юм. Гэвч үнэхээр шалгах хүрээ өргөн учраас цаг хугацаа хэрэгтэй байна гэж би түрүүн хэлсэн. Ийм байхад хэргийн талаар тодорхой зүйлийг олон нийтэд ил бичих нь их аюултай. Хэрэг илрүүлэлтэд зарим талаар саад болох талтай байдаг. Хэвлэлүүдээр хэргийг харсан байж магадгүй хүмүүсээс ярилцлага авах, зураг хөргийг нь нийтлэх явдал мэр сэр гарсан. Гэтэл хэрэг илрүүлэхэд гэрч чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас тэднийг хамгаалах ёстой. Аюулгүй байдлыг нь хангах ёстой байдаг. Тэгэхгүй бол тэр алуурчид чинь гэрчийг утсгавал яана. Энэ мэт байдлыг зөвөөр ойлгож хүлээцтэй хандахыг хүсч байна. Хэрэг ямар ч байсан илэрнэ.
 Шар сонин 1998 он №71,72

Сэжигтэн Булганы аав Банзрагч:

-Танд С.Зориг агсны үхэлд сэжиглэж байгаа хүн бий юу?
-Байхгүй. Юу байхав дээ. Энэ бол ахуйн чанартай гэмт хэрэг биш гэж би үзэж байгаа. Нүцгэн улсаас чинь юуг нь авах вэ дээ.
-Та хэргийн өдөр талийгаачийнд очсон уу?
-Шөнийн 01 цагийн үед очсон. Биднийг очиход гэрийг нь Эрүүгийн Цагдаагийнхан хяналтандаа авчихсан, оруулахгүй байсан. Ороод ч хэрэг байхгүй. Тэр хүмүүсийг эд мөрийн баримт, элдэв хангайн юм олох гэж байхад нь саад хийгээд яахав дээ
 “Хувийн амьдрал” сонин 1998 он

С.Зориг агсны ээж Дожпалам:

-Ард түмэн болсон явдлыг улс төрийн аллага гэж үзэж байна. Та үүнийг аль өнцгөөс харж байна вэ?
-Би алийг нь мэдэхгүй л байна. Тэгж хамаагүй ярьж болохгүй. Ямар учраас алсныг мэдэхгүй байна. Гэхдээ миний хүүд хувийн өс хонзон өвөрлөсөн хүн байхгүй.

-Хүүгийн тань ам насыг бусниулсныг та анх хэзээ сонссон бэ?
-Манай хүү Баяраа хэдхэн минутын дараа очсон байна билээ. Тэгээд надад хэлэхээсээ айж хулгаад, маргааш өглөө нь хэлсэн. Тэгээд хүн чинь их сонин юм байна шүү дээ. Тэр амь насаа алддаг өдрийнхөө 7 цаг 30 минутын үед над руу утсаар ярьж байсан юм шүү дээ. Тэр орой Баяраа хүү маань орж ирээд “Ээжээ, Зоригоо дүү маань маш хүндээр өвчилсөн” гэж хэлэхэд нь би “Өө ээжид нь таньдаг сайн сайн эмч нар байгаа. Болохгүй бол ээж нь 5 дугаар хавирганд адреналин тариа тарьчихъя. Хүүгээ зүрхийг нь ажиллуулж болно. Одоо явъя” гэсэн чинь “Үгүй, дүү маань хүнд алуулчихаж” гэж хэлсэн. Маргааш өглөөнийх нь 7 цаг 15 минут болж байхад надад “ Хүнд алуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд л уйлж унжаад..
 /1998 он/ “Жигшүүрт хэрэг” сонин

Эрүүл мэндийн сайд асан Ша.Батбаяр:

-Таныг очиход ямар байдалтай байсан бэ?
-Хутгалуулаад цусанд автчихсан байж байсан. Биеийнх нь дээгүүр алхаж гараад байсан ядал нь надад эвгүй санагдсан учраас би цагаан даавуу авч дээгүүр нь бүтээсэн. 10-аад хүн үлдсэний дараагаар бид нар юмаа хийе та нар гарцгаа гэж цагдаагийнхан биднийг явуулсан.

-Жирийн хүмүүсийг оруулаагүй биз дээ?
-Талийгаачийн ойр дотны хүмүүс л орсон. Ерөнхий сайд, Бат-Үүл, Батчулуун гэх мэт 10-аад хүн орсон.
Дээдсийн хүрээлэн сонин /1999 он/

УИХ-ын дэд дарга Э.Бат-Үүл:

-Үүнийг улс төрийн аллага гэж үзэж байна уу?
-Бүгдийг чинь ална. Хамгийн түрүүнд Бат-Үүлийг чинь ална гэж хэлээд явж байна гэдэг бол улс төрийн биш гэх ямар ч аргагүй болоод байна.

-Уучлаарай. Гэмт этгээдүүд яагаад С.Зориг гишүүнийг сонгосон юм бол. Та юу гэж бодож байна?
-Би үнэхээр яаж ч бодоод ойлгохгүй байгаа. Намайг бол ална гэж ил заналхийлдэг. Энэ нь миний өөрийн зан араншинтай холбоотой гэж боддог. Тэгэхэд манай Зориг бол янз бүрийн хүний өс хонзон, ийм хэрцгий байдлаар хороох хүртэл, аль ч улстөрийн хүчин ямар ч хүмүүстэй тийм байдалд хүрэхээргүй хүн.
Дээдсийн хүрээлэн /1998/
 
Эх сурвалж: www.assa.mn