Төрийн албанхаагч оффшор дансгүй байх тухай хуулийг хэлэлцэхэд хэн юу хэлэв
2016/12/07
Төрийн албан хаагч оффшор дансгүй байхыг зохицуулах зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр анхны хэлэлцэн "унагав". Хууль зүйн байнгын хороо уг нь Ж.Батзандан, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энхболд, С.Эрдэнэ гэсэн 19 гишүүнтэй ч хэлэлцүүлэг хийхэд долоон гишүүн байсан юм. Тодруулбал хэлэлцүүлгийг хийхэд Ш.Раднаасэд, О.Батнасан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан, Д.Ганболд нарын долоон гишүүн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэн хэн юу хэлснийг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэх байгуулахыг хориглох санкцыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Хууль санаачлагч буюу Засгийн газар бол Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Тэр байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Яагаад гэхээр, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял, зэмлэлийг гэр бүлийн гишүүн, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт байгаа. Одоогийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд зааснаар, хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ төрийн албан хаагчид гэр бүлийн гишүүдийнхээ дансан дахь хөрөнгийг мэдүүлдэг. Энэ бол үүрэг хүлээлгэсэн заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн төрийн албан хаагч ажлаас халагдах, захиргааны шийтгэл хүлээгдэхээр одоогийн хуульд байгаа. Хуулийн энэ заалт ч Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шүүхийн шийдвэрүүд гарч эхэлж байгаа. Ер нь төрийн албан хаагчийн хүүхэд ч юм уу, төрөл садан нь Эрээн, Хятад, Орост сурч байхдаа данс нээлгэсний төлөө яагаад төрийн албан хаагч ажлаасаа халагдах ёстой вэ. Яагаад ял шийтгэл үүрэх ёстой вэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн газар болон дэд сайд та хуулийн тодорхой хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхойлох субьект мөн үү, биш үү. Хоёрдугаарт, ял шийтгэлийг хамаатуулж хэрэглэхийг хориглоно гэж яриад байна. Гэтэл энэ чинь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. Ял халдаах гэсэнгүй. Урьдчилан сэргийлэх гэж энэ хуулийг өөрчлөх гэж байгаа шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: УИХ-д өргөн мэдүүлж байгаа бүх хууль Үндсэн хуульд нийцсэн байх шаардлага тавигддаг. Хууль УИХ-д өргөн мэдүүлэх, боловсруулах журмын тухай хуульд зааснаар энэ шаардлага хамгийн түрүүнд тавигддаг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “ял, зэм” гэж үг бий. Зэмлэл гэдэг нь ёс суртахууны буруушаалт. Хуулиар хориглосон, хязгаарласан санкцыг ойлгож яриад байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдтай санал нэг байна. Үндсэн хуульд тэгж заасан бол бид тэрийг л биелүүлэх ёстой. Тэрнээс биш хууль оруулж ирээд бүгдийг хааж, нээх тухай ярьж ерөөсөө болохгүй. Манай оюутан хүүхэд гадаадад сурдаг. Хичээлийн бус цагаар ажил хийж цалин мөнгөө авна. Аав ээж нь тэр данс руу нь мөнгө хийнэ. Т.Аюурсайханы хэлж байгаагаар тэр дансыг нь хаах ёстой юу. Энэ хүүхдээ юугаар амьдар гэж хэлэх вэ. Амьдралд байгаа бодитой зүйлийн эсрэг тэгж ярьж болохгүй. Солонгос руу эмчилгээнд маш олон хүн явдаг. Эмнэлэг нь дансандаа мөнгө байршуул гэж шаарддаг. Энэ улсуудыг данс нээлгэж болохгүй гэж хэлэх үү. Төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, хамаатан садан нь хувьцаа эзэмших, данс нээлгэх эрхээ хязгаарлуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Данс нээхийг хэн ч хориогүй. Т.Аюурсайханы хэлж байгаа үнэн үг. Гадаадад сурдаг хүүхэддээ данс нээлгэж болно. Гэхдээ тэр дансанд нь хууль ёсны мөнгө орж байна уу гэдгийг онцгой анхаарах ёстой. Ялгаа зааг нь ингэж ярихгүй бол хавтгайраад байна. Тэгэхгүй бол хамаатан садан, найз нөхрийнхөө дансаар болсон болоогүй хөрөнгө гаргаад, улс орноо дордуулчихсан төр өнөөдөр явж байна. Энэ байдлаа дахиад үргэлжлүүлье гэж хүсээд байгаа юм уу. Тийм зүйлийн төлөө бид энд суугаагүй гэж бодож байна. Дуугүй байхаар сүүлдээ бүр хууль нь хүртэл хэн нэгний эрх ашгийг хамгаалсан зүйл рүү явах гээд байна. Нухацтай хандах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гэм буруугийн асуудлыг яриад явчих юм, Б.Энхбаяр чи. Гэм буруугийн асуудал ярьж байгаа хууль биш шүү дээ, юугаа яриад байгаа юм бэ. Шийтгэх гээд байгаа зүйл байхгүй. Үзсээр, харсаар байгаад үр хүүхдийнх нь асуудлыг хуульд тусгахгүй юм бол хууль гаргаж яах юм. Энэ чигээр нь баталчихвал, “Өөрийнхөө нэр дээр оффшорт битгий бүртгүүл. Үр хүүхдийнхээ нэр дээр бичүүл” гэсэн л хууль болно. Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Шийдвэр гаргадаг Цэц нь хэлэлцэнэ биз. Гуравдугаарт, “гадаадад” гэдэг нэр томъёо чинь болохгүй байгаа шүү дээ. Үүнээс болоод зарим гишүүн үндэслэлтэй юм яриад байна. Тэр оффшор бүс гэдгээ бич л дээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын томъёоллоор оруул л даа. Нэг юм оруулчихаад, дутуу ч хамаагүй батлуулж, шүүмжлэлээс салж авъя гээд зүтгээд байх юм, та нар. Ажлыг ингэж хий гэж томилсон юм уу, та нарыг. Энэ хууль дээрээ дахиад ажил. Тэр Виржиниа, Панам, Макаод хөрөнгөө нуусан бол гээд бич. Тэрнээс Америкт, Хятадад сурч байгаа хүүхэд данс нээлгэхийг оффшор гэж үзэхгүй. Та нарын залхууг ер нь яана аа. Оффшор гэдэг үгээ энд оруул л даа. Юуны чинь, яасан гадаад улс. Ард түмэн чинь хулгай луйврыг таслаад өгөөч гэж хүсээд байна шүү дээ. Үр хүүхдийнхээ нэр дээр оффшорт хөрөнгөө нуучихсан зүйлс ил болж байна. Үүнийг харсаар үзсээр байгаад дараад өнгөрөх юм уу. Ш.Раднаасэд дарга аа, хурлаа хойшлуулчих. Ийм байдлаар баталж огт болохгүй. Үр хүүхэд, хамаатан садныг нь оруулаад баталчихаар мөрдөн мөшгөх тухай асуудал байхгүй шүү дээ. “Мэдээлнэ” л гэсэн байхад Үндсэн хуультай холбож яагаад яриад байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Батнасан: Үндсэн хуульд нийцүүлж хуулиа хийнэ гэдэг бол зөв. Хүүхдийнхээ нэр дээр юу хадгалах, яах нь тэр хүний л асуудал. Бид бол оффшорын тухай л ярьж байна. Яагаад эхнэр, хүүхэд чинь оффшорт мөнгөө хадгалаад байгаа юм гэдэг тухай. Миний хүүхэд ч гадаадад сурдаг. Төлбөрийг нь хийгээд, эндээс мөнгө шилжүүлээд явж л байна. Би зүгээр мэдүүлчихье, тэгээд л боллоо. Ийм л зүйлийг ярьж байхад яагаад ял, зэмтэй холбож хутгаад байгаа юм. Ажлын хэсэг ажилдаа анхаармаар байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Би хуулийн төслийг буцааж, тусдаа бие даасан Оффшор бүсэд төрийн албан хаагчдыг хөрөнгө, данс эзэмшихийг хориглох хуультай байх саналтай байна. Гадаад улсын нутагт данс эзэмших гэдэг үгийг оффшор бүсийг тодорхойлсон эрх зүйн томъёоллоор нь солих хэрэгтэй. Хоёрдугаарт, хамааран бүхий этгээд гэж эхнэр хүүхэд, хамаатан садныг нь оруулах хэрэгтэй. Гуравдугаарт, аж ахуйн нэгжийг хамааруулж татварыг нь улсдаа авах ёстой. Би бас хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг санаачилгаараа болих хэрэгтэй гэж үзэж байна. /Үндэслэлээ хэлэв./
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Аж ахуйн нэгжийг оруулбал улсын чинь эдийн засаг хүндэрнэ шүү. Тийм учраас арай хэтэрнэ ээ. Тийм учраас төрд алба хааж байгаа хүмүүс дээрээ тогтохгүй бол болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Улстөр, төрийн албанд ороогүй хүний аж ахуйн нэгжийг хаана, бооно гэсэн зүйл алга. Хуулийн дагуу байгаад, татвар энэ тэрээ төлж байгаа бол хэн ч маргахгүй. Хууль бус, татвараас зайлсхийгээд явж байгаа аж ахуйн нэгжийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм учраас урьдчилан сэргийлэхийн тулд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх тухай яриад байгаа юм. Тэрнээс хэн нэгнийг адлаад байгаа юм биш. Оффшорт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж болно. Харин элдэв муу мөнгө эргэлдүүлж, хууль зөрчиж болохгүй гэсэн л санаа юм. Тэгэхгүйгээр хууль зөрчсөн, зөрчөөгүй аж ахуйн нэгжүүдээ байсхийгээд өршөөлд хамруулаад байж болохгүй. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлөөд явж байхад, нөгөө хэсэг нь шударга бусаар татвараа төлөхгүй явж байгаад өршөөгддөг зүйл байх ёсгүй. Ард түмэн чинь тэнэг биш шүү. Татвараас зайлсхийж байгаад Өршөөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагддаг зүйл байж болохгүй шүү. Ийм учраас Оффшорын үйл ажиллагааг зохицуулах бие даасан жижигхэн хуультай болъё. Би энэ ажлын хэсгийг энэ чигээрээ ажиллаад, ажлаа сайжруул гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Оруулж ирсэн хууль чинь ганцхан хуудас. Энэ хуулиа буцааж татаад, бие даасан цомхон хууль болгоод оруул. Төрийн албан хаагчдыг оффшорт данс, хөрөнгө эзэмшихийг хориглоод, хувийн хэвшлийнхэн төрд орохдоо өмнөх юм аа мэдүүлдэг, хугацаагаа дуусгахдаа “би хулгай хийгээгүй шүү” гэдгээ мэдэгдэж дахин мэдэгддэг болох хэрэгтэй. Энэ өөрчлөлт чинь Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуультайгаа уялдахгүй учраас тусдаа хууль оруулж ир гэж байна. Т.Аюурсайханы саналыг дэмжиж байна. Т.Аюурсайхан Б.Энхбаярын тухай хатуу үг хэлчихлээ. Б.Энхбаяр тийм залуу биш. Ер нь энэ Засгийн газраас шахаж байгаа хуулийг батлаад байх нь цааш цаашдын алдааны эх үүсвэр шүү. Засгийн газар ажлаа хийж сур. Шинийн зовлон байгаа л байх. Хуулийн яамны нөхдүүд та нар хуучин ажиллаж байсан хууль бичдэг хүмүүсээ буцааж авч, яамныхаа чадварыг сайжруул. Б.Энхбаяр чи жишээ нь хууль бичихийн зовлонгоор дайраагүй хүн шүү. Хэцүү байдаг юм. Төрийн нарийн Баясгалангаа суулга. Хуучин байсан хүмүүсээ буцааж авч ажлыг нь хийлгэ. Яаманд чинь голдуу шинэ хүмүүс болсон байна лээ. Шинэ хүмүүс чинь 2-3 жил болж байж ажлын бага зэрэг дөртэй болно. Та нар залхуу л харагдаад байна. Тавхан хуудас хууль дээр юунд нь залхуураад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Т.Аюурсайхан гишүүн хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах горимын санал гаргасан байна. За ингээд хулгайч, луйварчдыг бүрэн дарахын төлөө саналаа хураая.
Санал хураахад долоон гишүүн оролцсон. Гэхдээ хуралд оролцоогүй гурван гишүүний картыг шургуулсан байв. Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд болон хуралд суугаагүй Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нарын санал хуулийн төслийг Засгийн газарт буцаахын эсрэг дарагдав. Ингээд 50:50-иар тэнцэхэд Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Д.Ганболд нар эсэргүүцлээ. “Байхгүй хүмүүс санал өгч, хуулийг дэмжиж хууль бус зүйл болж байна гэв. Ингээд дахин санал хурааснаар Оффшорчдыг хамгаалах дээрх хуулийн төслийг Засгийн газарт нь буцаахаар болов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Асуудлыг маргаашийн эсвэл нөгөөдийн чуулганаар хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
DG;GB · 2016/12/12
ОФФШОРЫН МӨНГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХУУЛЬ ГАРГААЧ УГААСАА Л УЛСЫН МААНЬ ӨМЧ, ГАЗАР ШОРОО МААНЬ Л АВЛИГА БОХИР МӨНГӨ БОЛСОН ТЭНД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭД ИЙМ ИХ МӨНГӨ ОЛОХ АЖИЛ ХИЙЖ ЧАДААГҮЙ ШҮҮ ДЭЭ МӨНГӨ ОЛСОН АРГА НЬ ЭНЭ ШДЭЭ
Луйваржав · 2016/12/10
Дэлгэрсайханыг шалгавал мөн ч их луйвар гарна шүү. Хүн муутай,царай гэж матар төрхтэй энэ амьтан Дорноговь аймагт нас барсан хүний хөрөнгийг хүүхэд ахдүү нараас нь луивардаж хөлжсөн хөгийн амьтан яахлаараа хууль тогтоох байгууллагад орон тоо бөглөж суудаг бна вэ. Тохой залган сууж буй Билэгт гэж луйварчин авгай яг адилхан гэдгийг олон түмэнд дуулгая.
зочин · 2016/12/10
Дэлгэрсайхан бол луйварчин хамгийн биеэ бодсон бэртэгчин
zochin · 2016/12/09
Delgersaihan gej haanaas garsan yamar huur bn aa
ЗОЧИН · 2016/12/07
ДЭЛГЭРСАЙХАН ГЭГЧ МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ХЯТАДУУДАД ЗӨӨЖ ХАГАРТЛАА БАЯЖСАН ОФШОРЧИНЫ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
ШИНЭ ОН · 2016/12/07
БОЛЬЁ ОО
zochin · 2016/12/07
toroos,ard tumnees hulgai hiideg hulgaich nart l ene nuuts dans heregtei bh.
Зочин · 2016/12/07
Нямдорж гуай үнэн хэлжээ. Мэдлэг чадвартай, туршлагатай олон албан хаагчийг ажилгүй болгоод оронд нь мөнгөний юу ч мэдэхгүй, чаддаггүй, бүр ичмээр олон хүн томилогдож бна.