Өдрийн сурвалжлага: Бэлчээрлэж буй адууг бууддаг малын хулгайчдыг баривчиллаа
2016/12/30
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд малын хулгайг орон байрны хулгайтай адилтган үзэж ял оноодог. Энэ нь Эрүүгийн хуулийн асар том цоорхой юм. Үүнээс болж өнөөдөр малын хулгайчид даварч, арга нь нарийссаар байна. Малын хулгайчдын 70-80 хувь нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эсвэл хэрэг нь шүүхийн шатанд байхдаа дахин мал хулгайлдаг. Тэднийг дахин мал хулгайлахаас нь сэргийлж саатуулах гэхээр шүүхээс барьж хорих үндэслэлгүй байна гэж “толгойг” нь илдэг. Цагдан хориод шүүхээр хэргийг нь шийдвэрлэлээ гэхэд хохирлоо барагдуулсан бол тэнсэн харгалзах, барагдуулаагүй бол 1-3 сараар баривчлаад өнгөрдөг. Үүний улмаас малчид нь хохироод үлдэх нь цөөнгүй. 1-3 сар хоригдоод гарч ирсэн хүн дахин мал хулгайлдаг. Тэр бүрт машины мөр, малын гэдэс дотор зэргээс өөр ул мөргүй хэрэг дээр цагдаа нар нь хөөцөлдөж, хөөцөлдөж хэргийн нотлох баримтуудыг бүрдүүлэн 3-6 сарын дотор хэргийг шүүхэд шилжүүлдэг байна. Дахиад л шүүхээс толгойг нь илдэг буруу тогтолцоо өнөөдөр тогтоод байна.
Төв аймгийн нутагт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй бог малыг буудаж хулгайлсан хэрэг гарсан байна. Хэргийг өмнө нь ял эдэлж байсан этгээдүүд үйлдсэн бөгөөд тэд мал хулгайлахдаа машинаа, буугаа тоноглосон байв. Өөрөөр хэлбэл бэлчээрт байгаа малыг буудаж, гэдэс дотрыг нь орхиж, мөнгө болох бүхнийг нь авч явсан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна. Энэ талаар Төв аймгийн цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга Хошууч, Н.Доржбалжидаас тодруулахад: 2016 оны 12-р сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Б, Улаанбаатар хотын харъяат О нар 4-5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг малын хулгайн хэргийг илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт мал хулгайлсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байна. Тэднийг 12 удаагийн үйлдлээр 40 гаруй бог мал хулгайлсан нь тогтоогдож байна. Тухайн этгээдүүд мал хулгайлахдаа бүртгэл, албан ёсны бичиг баримтгүй ТОЗ-8 маркийн буу галт зэвсэг ашигласан нь тогтоогдсон. Өмнө нь шүүхээс малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 145.2 –т зааснаар эрүүгийн хэрэг зааснаар шалгаж байна. Малчид малаа байнгын хариулгатай байх хэрэгтэй байна. Ялангуяа адуугаа хэд хоногоор татахгүй байгаасаа болж малын хулгайчдад олз болгож байна. Тиймээс малыг аль болох хариулж, сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн машины дугаарыг тэмдэглэн авч, хаашаа хөдөлсөн талаар цагдаад мэдээлэл өгвөл хэрэг илрэхэд тус болдог” гэв.
Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй малын хулгайчид буугаа, машинаа тоноглосон байсан юм.
Тэдний хувьд бэлчээрт байгаа малыг буудаад, хэргийн газарт гэдэс дотрыг нь л үлдээдэг байжээ.
Энэ нь малын хулгайчдын арга нарийсч байгаагийн тод жишээ юм. Тэд өөрсдийн эзэмшлийн мал хулгайлахад зориулан тоноглосон машиныг бусдын хөрөнгө хэмээн бүртгүүлсэн нь байдаг. Энэ нь ялаа эдлээд гарч ирэхээрээ уг машинаар дахин малын хулгай хийх сэдэл байгааг харуулж байгаа юм. Тэднийг одоогоор саатуулаад байгаа. Хэрвээ шүүхээс бүлэг малын хулгайчдыг гэм буруутай гэж үзэх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ бол Эрүүгийн хуулийн цоорхойг ашиглан малын хулгайч нар хэрхэн даварч байгааг харуулсан энгийн нэг жишээ. Тэдэнд ял нь зөөлдөж байгаа болохоор хашрахгүйгээр машинаа, буугаа хүртэл тоноглон малчдыг хохироосоор байна. Тэгвэл шинэ Эрүүгийн хуулинд малын хулгайчид оногдуулах ялыг чангатгаж байгаа. Мөн хэрэг үйлдэхэд ашигласан машин, зэвсэг, тоног төхөөрөмж хэний нэр дээр байхаас үл хамаарч зарах тухай тусгасан ажээ.
Төв аймгийн хэмжээнд малын хулгайн хэрэг бусад нутагтай харьцуулахад ихээр үйлдэгддэг. Улсын хэмжээнд үйлдэгддэг малын хулгайн гэмт хэргийн 15 хувь нь тус суманд үйлдэгддэг. Энэ жилийн хувьд Төв аймгийн 27 суманд 78 удаагийн малын хулгайн хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэж бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажиллагааг малчид, төрийн байгууллага, ТББ-уудтай хамтран олон ажлуудыг зохион байгуулжээ. Цаашид малын хулгайгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа явагдана. Малын хулгайчаас урьдчилан сэргийлэхэд малчдын оролцоо нэн чухал. Өөрөөр хэлбэл малаа байнгын хариулгатай байлгах, сэжиг бүхий этгээд байвал ямар дугаар, марктай машин хэзээ хаашаа хөдөлсөн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх хэрэгтэй байна. Мөн малаа алдсан тохиолдолд эхлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь чухал юм. Зарим малчид малаа алдсаны дараа сар гаран хайгаад олдохгүй болохоор нь цагдаад ирж өргөдөл өгдөг. Малчдыг малаа хайж байх хооронд малын хулгайчид ченжүүдэд хямдхан өгөх тохиолдол гарсаар байгаа. Тиймээс аль болох хурдан цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байна.
Нөгөө талаас шүүгчид малын хулгайн цагдан хорионы асуудалд мэдрэмжтэй хандах шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд өгдөг. Шүүх энэ саналыг хүлээж авах эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг хорих ангид саатуулах эсэхийг шүүхээс шийддэг. Ингэхдээ хүн алж, хүрээ талчихаагүй л бол хүний эрхийг дээдлэн гадуур байцаах нь зүйтэй гэсэн практик байдаг. Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэрэгт сэжиглэгдээгүй л бол гадуур шалгадаг. Тэгвэл зарим тохиолдолд шүүхээс энэ асуудалд “мэдрэмжтэй” хандах шаардлага тулгарч байна. Эс бөгөөс хүний эрх, эрх чөлөө гэж ярьж батлан даалтаар шалгагдаж байгаа этгээдүүд гэмт хэрэг хийсээр байна. Ялангуяа малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг шүүхээс батлан даалтад гаргасны улмаас дахин малын хулгай хийх тохиолдол гардаг. Тодруулбал орон нутагт малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн 70-80 хувь нь дахин энэ төрлийн хэрэг хийдэг байна. Үүний улмаас малчид, ард иргэд хохирдог.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-р зүйлд ямар үндэслэлээр хүнийг цагдан хорьж болох талаар заасан байдаг. 68 дугаар зүйл. Цагдан хорих
68.1.Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.
68.2.Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:
68.2.1. өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;
68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.
68.3.Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
68.4.Энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих бол прокурор тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна.
68.5. Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ.
68.6. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно.
68.7. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан хугацааны дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ.
68.8. Энэ хуулийн 68.2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно.
68.9. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
68.10.Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэнэ гэж заасан байдаг.
Хуульд ингэж заасан байхад шүүгчид хорих үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр сэжигтэн этгээдүүд цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргадаг. Ядаж малын хулгайч, хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийг бариад хорьж нийгэмд гарч болзошгүй гэмт хэргээс сэрэмжлүүлж мэдрэмжтэй хандаж иргэдийн тайван байдлыг хангахад хувь нэмрээ оруулах шаардлагатайг сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа
Зочин · 2017/01/03
Oorsdiig ni belcheej baigaad yadaj tolgoi deeguur ni buudaad daraa ni guy ruu hutga shaagaad, baidag ruu ilgee.
Зочин · 2017/01/03
hulgaich nariin ehleed huruug ni tasal, dahin hulgai hiiwel buguigaar tasal, 3 dawtan hiiwel bugalgaar ni tasal, za tegeed bhad dawtahiin bol tolgoig ni l tasal daa
irgen · 2017/01/02
huulia changa bolgo
Зочин · 2017/01/02
Oorsdiig ni buudval taarna.
ЗОЧИН · 2017/01/01
Буянт мал руугаа буудсан хүн өөдлөнө гэж үү, юу бодож бууддаг байна. Буянаа барсан амьтад вэ
Зочин · 2016/12/31
ERGUU NOVSHNUUDIIG UURSDIIG NI BUUDAH HEREGTEI
Hatyyhan siitgeh heregtei dee?.... · 2016/12/31
daanch haramsaltaiya?Mongolchyyd byy sagaih ni byy hel erdenet taban hosuu malaan erhemlen irsen nyydelchidiin ydam asan!
vgygg · 2016/12/30
малын хулгайчид буугаа, машинаа тоноглосон байсан юм. Энэ өгүүлбэрийг ойлгоход хүнд байна. Алдаагүй бичиж болохгүй юү?