АН албан ёсоор ТАВ хуваагдлаа
2017/01/03
Монголын улс төрийг яг өнөөдөр нэг намын бодлого удирдаж байна. Уг нь улстөрчид, судлаачид, ажиглагчдын хэлдгээр Монголд хоёр том нам бий. Нэг нь мэдээж, өнөөгийн эрх баригч МАН. Харин нөгөөх нь АН юм.
Өнөөдөр АН-ын дуу чимээ тасарсан байна. АН-ын даргын суудлын төлөөх сунгааг өөрсдөө нэрлэх л байх. Тэгвэл энэ нь зөвхөн намын дотоодод явуулж буй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ын хувьд 2016 оны сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш улс төрийн хүчний үүргээ нам зогсоогоод байна. Тэгвэл АН цаашид хэрхэн яаж энэ үүргээ гүйцэтгэх вэ. Ерөөс АН өнөөдөр ямар болоод байна вэ. АН-аас монголчууд юу хүлээх ёстой вэ гэдэгт олон нийт хариулт харж байгаа юм.
АН ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
АН бол үнэндээ хөгийн нам. Энэ намын гишүүдэд үзэл бодлын, үзэл баримтлалын цензур тавина гэдэг боломжгүй зүйл. Ерөөс бусад намын адил онол ярих нь огт утгагүй явдал болж хувирсан. Тэд засаглах хугацаандаа ард түмнийг жинхэнэ басамжилдаг. Үүнийгээ 2012-2016 онд засаг барих үедээ гарамгай сайн харуулж чадсан. Хэрэлдэнэ, муудалцана, өс хонзон саналцана, бие биеэ барьж шоронд хийнэ. Хамгийн гол нь үүндээ төрийн эрх мэдлийг ашигласнаар олон нийтийн төрд итгэх итгэлийг үгүй хийсэн хүмүүс. Тэд хуулийн бүх байгууллагад шинэчлэл хийнэ гэсэн. Гэвч өнөөдөр бүгд нохойд барьдаг мод болгож хувирсныг та харж байгаа. Үнэндээ АН-д итгэнэ гэдэг олон нийтийн хувьд “экстрем сонголт” болохыг тэд засаг барьсан дөрвөн жилдээ хангалттай харуулжээ. Гэхдээ юм хоёр талтай. АН-д сайн юм бас бий. Тэд зоригтой. Алдаа, онооны алинд хүрэхийг мэдэхгүй ч эвлэлдэж чадвал шийдээд л дуусгадаг.
Хэдэн жилийн өмнө “Мянганы зам мянгуужингийн үлгэр” хэмээх PR хийж байсан нөхөд дараа нь өнөөх замаар жирийсэн шиг АН-ын тавиулсан орон нутгийн зам, Улаанбаатар хотын уулзварууд өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдаж байна. Бас удахгүй бондуудаас хөрөнгө оруулж босгосон үйлдвэрүүд импортыг орлоод гараад ирнэ гэж байгаа. Энэ сайн талыг бид хэлж, ярих л хэрэгтэй. Нөгөө талаар АН оршин тогтнох ард түмэнд хэрэгтэй хамгийн том шалтгаан байгаа. Энэ бол тэдний гүйцэтгэх сөрөг хүчний үүрэг юм. Эд нар өөдтэй, эв түжинтэй байгаад сөрөг хүчний үүргээ биелүүлж чадах аваас өнөөгийн эрх баригчдын хийж байгаа, цаашид хийх олон үйлдэлд хазаар болж чадахаар байгаа юм. Өнөөдөр Тавантолгойн гэрээ үндсэндээ хяналтгүй л явж байна. Гэтэл өнөөх АН даргаа сонгох сунгаа хийсэн шиг таг чиг сууж буй.
АН-ЫН ФРАКЦУУДЫГ “МЭС ЗАСАЛ”-ЫН АРГААР ҮГҮЙ ХИЙЖ БОЛНО
АН-ын фракц бол төрмөл. Хаа нэг ес, эсвэл арван нэгэн хуруутай хүн төрдөг шиг АН анхнаасаа таван фракцтай мэндэлсэн юм. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд МҮАН, МСДН хоёр гол цөм нь болж, МСМН, МоАН, МНН нэгдэж АН-ыг байгуулсан түүхтэй. Нэг үгээр АН-ын фракцууд үүнээс эхтэй. Энэ намууд 1990-ээд оноос хойш Ардчилал хэмээх нэгэн тугтай явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, үнэт зүйл нь нэг. Мөн тус тусдаа лидертэй, өөрийн гэсэн зохион байгуулалттай явсаар ирсэн байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэлх 17 жилийн хугацаанд тэр байдал нь хадгалагдсаар явсан гэсэн үг.
Энэхүү үндсэн фракцууд дээр шинээр хэд хэдэн фракц нэмэгдсэн. Ингэсээр албан бус нэлээд хэдэн фракц АН-д албан ёсоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймэрхүү төвшинд бий болж, бүрэлдэн тогтсон фракцууд үгүй болно гэдэг үнэндээ худал зүйл ажээ. Үүнийг 2014 онд намын дарга болохдоо хийсэн З.Энхболдын “...Үүнээс хойш АН фракцгүй нам боллоо”, 2016 онд “Нэг ардчилал” фракцын тэргүүн Лу.Гантөмөрийн “...Манай фракц албан ёсоор татан буугдлаа” гэсэн мэдэгдлүүдээс харж болно. Энэ хоёр мэдэгдлийн дараа ч АН-ын фракцууд үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2015 оны арванхоёрдугаар сарын 6-нд намынхаа гишүүд, дэмжигчдэд бичсэн ил захидал, уриалгадаа “...Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хүний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зорилго бүхий бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихоод байна. Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бүтцийг хэрэгжүүлж байна. Хүчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгүй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ” гэсэн нь бий.
Өнөөдөр ч энэ нь хэвээр буй. Яг ийм бодолтой, үзэлтэй гишүүд АН-д олон бий. Гэвч фракц хэмээх асар зузаан ханаа нэвтэлж дуугарч чадах хүн алга. Тиймээс АН улс төрийн хүчтэй хүчин хэвээр үлдье гэвэл юуны өмнө фракцаа устгах ёстой болж байгаа юм. Энэ хэцүү. Бараг боломжгүй харагдаж байгаа юм. Гэхдээ илүү хурууг мэс заслаар тайрч хэвийн тоотой болгодог шиг, фракцыг ч гэсэн үгүй болгох “мэс засал” юу вэ гэдгийг АН-ынхан өөрсдөө олох ёстой болж байгаа юм.
АН-ЫГ ШИНЭЧИЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. ХАРИН...
АН-ын шинэчлэлийн талаар бүтэн жил гаруйн өмнө дуугарсан ганц хүн болох Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын ил захидалд “...Ардчилсан намын нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэрнээ олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж буй, өөрөө муу имижтэй хүмүүс сайн дураараа намаас татгалзах хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа намдаа дахин элсэх боломж нь нээлттэй. Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн нягтарсан нэг цөм болох ёстой. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон.
Ардчилсан нам үлгэр жишээ байх ёстой. Ардчилсан намаас ардчилал өөрөө хэрхэн “амьдарч”, хэрэгжиж, хүчтэй байдгийг иргэд олж хардаг газар байх ёстой. Үүний эхлэл нь Ардчилсан намын санхүүжилтийг ил тод, олон нийтэд нээлттэй болгох ажлыг цаг алдалгүй эхлэх явдал юм.
Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс төрийн намуудыг татан буулгах, шинээр эмхлэн байгуулж бүртгэн Монголын улс төрд цоо шинэ хуваарилалтыг хийх нь зөв бололтой. Нэгэнт ийм өөрчлөлт хийвэл залуучуудад орон зай нээгдэх юм. Үүнийг АН эхлүүлж, манлайлъя.
Ардчилсан нам өөрөө ардчиллын этальон, амьд загвар болж чадсан цагт олон түмнийг дагуулна. Эс бол нийгмээсээ хоцрогдож хямралаас салахгүй, эсвэл тарна. Шинэ цагийн эрэлт хэрэгцээг хангасан үзэл санаа, түүнийгээ хэрэгжүүлж чадаж байж бусдыг дагуулна. Зөвхөн сонгуульд сайн оролцоно, МАН-аас хэдэн санал илүү авах зорилт бол тун богино хараа. Өмнө нь Ардчилсан намын дотоод дүрэм, бүтцийг шинэчлэх оролдлого цөөнгүй удаа гарсан ч тэдгээр нь косметик төдий “шинэчлэлт, өөрчлөлт” болж хувирсан.
Одоогийн Ардчилсан намын суурь зарчим, тогтолцоо, зорилго, шийдвэр гаргах процесс нь намын гишүүд хийгээд иргэд олон нийтийн хүсэл эрмэлзлээс алсарсан учир компьютерын үйлдлийн системийг форматлаж /format/reset/ цоо шинийг суулгадаг шиг “Ардчилсан Нам 2.0” үйлдлийн системийг нэн яаралтай суулгах шаардлагатай байна. Иргэд 25 жилийн өмнөх гавьяаг мөнхөд хараад суухгүй. Одоо Монгол Улс өөр шинэ улс төр, шинэ намыг шаардаж байна. Хэрэв бид намаа шинэ төвшинд гаргаж чадахгүй бол улсаа ч бас чадахгүй. АН-ын төлөө Монгол Улс биш, Монгол Улсынхаа том эрх ашгийн төлөө АН оршин байгаа юм гэдгээ ойлгоцгооё” гэсэн байгаа. АН-ын олон гишүүн, дэмжигчийн талархлыг хүлээж байсан Р.Амаржаргалын энэ үг өнөөдөр АН-д ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм.
Өнөөдөр АН доторх хүчтэй фракцуудын төлөөлөл болох таван эрхэм намын даргын сунгаанд өрсөлдөөд эхний тойрогтоо “давхичих” шиг боллоо. Энэ илүү, тэр дутуу гэсэн PR-ыг тус тусдаа хийж байна. Энэ таван эрхэм тавуулаа намын шинэчлэл ярьж байгаа. Юуг шинэчилнэ гэж... Нэр дэвшигч таван эрхмийг хар. АН-д шинэ гэж харагдах хүн байхгүй. Шинэчлэл бол цоо шинэ хүнээс л гарна. Харин энэ таван хүнээс АН-ын гишүүд намаа зөв гольдролд нь оруулах ухаантайг нь л гаргаж ирэх учиртай. Ухаан гэдэг туршлага, ялалтын эзэнд бий. Ерөөсөө л зөв зохион байгуулалт гэсэн үг. Тэгэхээр хамгийн сайн зохион байгуулагч нь л шалгарах ёстой болж байгаа юм. Тэгж гэмээнэ АН-д гэрэл асна, цонх онгойно.
ТӨГСГӨЛД НЬ
Эрх баригчдын алдаа, оноог “хянах”, сөрөг хүчин хэмээх олон нийтийн итгэл одоохондоо АН-д байна. Түүнд хүрэхийн тулд намаа зөв гольдролд нь оруулах үүргийг цаг хугацааны шалгуур энэ намынханд өгөв бололтой. Гэвч тэдний эхний алхам тийм чиг оновчтой болсонгүй гэдгийг улс төрийн судлаач, ажиглагчид хэлж байна. Учир нь нэгэнт эхэлсэн сунгааны дүн гарч хэн нэг нь АН-ын дарга болж, намынхаа үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь тодорхой. Гэхдээ өнөөдрийн дүнг харахад АН-аас фракц бүрийн төлөөлөл болсон таван нэр дэвшигчийг дагаад АН-ын гишүүд тав хуваагдчихаад өрсөлдөж байна. Хэн ялсных нь тал АН-ыг гартаа авна гэсэн сөрөг дүнг ч өнөөдрөөс харж болно. Ингэхээр өөрсдийнх нь яриад байгаа намын шинэчлэл хэр зэрэг зөв эхэлж байна вэ гэдэг эргэлзээтэй байна гэсэн үг. Ямартай ч АН албан ёсоор тав хуваагдлаа. Цаашхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Б.Дамдин-Очир
Зочин · 2017/01/03
МҮҮН-чин Л.ГАНТӨМӨР АН-ыг аварч харагдаач. Харин ч хоосон ЧАЛЧИГЧ бүхнийг нураана.
zochin · 2017/01/03
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ
шаабар · 2017/01/03
Намын даргад нэр дэвшсэн 5 хүнээр дүгнэвэл нам шинэчлэгдэж чадахгүй. 100 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг жамаар л хэн нэг нь дарга болно. Олигтой шинэчлэл болохгүй гэж үзэж байгаа бол гишүүд сонгуульд оролцохгүй байх ганц гарц үлдэж байна. Түүний дараа л даргад нэр дэвшүүлэх журмаа өөрчилж, мөнгөний шалгуураа гол болгохоосоо татгалзаж, сонгууль зохион байгуулах хороо комиссоо шинээр бүрдүүлсний дараа л асуудал арай өөр болж мэднэ. Ерөнхийлөгчийн сонгууль 6 хан сарын дараа болно. Амжих л хэрэгтэй. Бүр болохгүй бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг гаргаад танилцуулж байсан нь бараг дээр ч байж мэднэ.
Зочин · 2017/01/03
Лу.Гантөмөр бол АН -ын аврал мөн. Арга ядахад Батзандан байж болох юм. Бусад нь бол нэгэнт илэрчихсэн луйварчид