Жүжигчин Д.Баттөмөр, Б.Отгонтуяа нар "Азтай бадарчин" цомын эзэн болов
2017/04/04
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ.
Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгаруулав.
Энэ үдэш “Азтай бадарчин 1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1998” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Жагдаг, “Азтай бадарчин 1999” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан нарын хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавьлаа. Мөн үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.
Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгаруулав.
“Азтай бадарчин 2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ тодорлоо. Харин “Азтай бадарчин 2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм
Тус наадмыг Монголын хошин урлагийн академийн санаачилгаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулав.