Монголын кино урлагийг, уран бүтээлчдээ дэмжин, дэлхийн тавцанд гаргах зорилготой Cinema awards болох гэж буйтай холбогдуулан МУАЖ найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Монголын кино урлагийн түүхийг бичилцэж буй та “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” гэх Монголын кино урлагийн талаар ном гаргасан байсан. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлэе.

-Монгол кино нэгтгэл гэж байх үед мэргэжлийн түвшинд бүтээгдсэн гэж хэлж болохоор 300 гаруй кино хийсэн юм билээ. Тэдгээр киноноос 55-ыг нь шилж аваад, дотор нь гурав ангилсан юм. Номоо “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” гэж нэрлэсэн. Гурван бүлгийн эхнийх нь “Хөх толботой хүүхдүүд” гэсэн нэртэй. Монголчуудын өөрсдийн хийсэн кинонууд багтаж байгаа. Норжмаагийн замаас эхлээд Хааны сүүлийн хатан зэрэг 30 гаруй кинонууд багтсан. Хоёр дахь хэсэг нь “Харь овогтой хүүхдүүд буюу ихэр жаалууд” гэсэн нэртэй. Энэ бүлэгт Монгол хүү, Сүхбаатар, Говь хянганд тулалдсан нь гэх мэтчилэн оросуудын хийсэн болон Алтан өргөө, Төгсгөл зэрэг хамтарсан кинонуудыг багтаасан. Сүүлийн бүлэгт 1969 оноос хойш өөрсдөө бүтээсэн 25 уран сайхны киноноос арваад киног нь шилээд “Миний муусайн хүүхдүүд” гэж нэрлэж оруулсан. Гаднаас нь харсан, хэт магтсан үнэлгээнээс татгалзахыг хичээсэн. Ер нь энэ ном Монголын киноны түүхийг өгүүлж байгаа юм. Нэвтэрхий толийг бодвол илүү дэлгэрэнгүй, анализ хийсэн бүтээл болсон гэж бодож байна.

-Сүүлийн үед монголын жүжигчид холливудад уригдаж уран бүтээлд оролцож эхэлсэн. Мөн гадны уран бүтээлчид монголын тухай, бидний түүхээр кино хийх нь ихэсчээ. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн кино хөгжлийг дагаад бид ч бас өөрчдөгдөж байна. Залуу уран бүтээлчид маань энэ хөгжилтэй хөл нийлүүлэхийг зорьж байгааг харахад 60 гаруй жил кинотой амьдралаа холбосон хүний хувьд сэтгэл их өег байдаг. Өөрсдийн гэсэн нүүр царайтай, жинхэнэ бүтээл хийе гэсэн бодолтой уран бүтээлчид гарч ирж байгаа ч цөөхөн л дөө. Хэт юмыг зоосны нүхээр харсан, ашиг олохын төлөө явж байгаа нь цөөнгүй. Монголын кинонд миний бодлоор сох дутаж байгаа зүйл бол мэргэжлийн продюсер юм. Мөнгө төгрөг өгөөд кино хийж байгаа хүнийг продюсер гэж ойлгоод байх шиг. Тэр бол биш шүү дээ. Бас манайхан нэг мундаг кино хийчихээд, тэрийгээ үүрээд Холливудад очоод амжилт олно гэж бодоод байх шиг байгаа юм. Киноны зах зээл гэдэг бол өөр өөрийн хүрээтэй. Өмнөд америкийн киноны сүлжээ, хойд америкийн, төв азийн киноны сүлжээ гэх мэтчилэн. Тэр сүлжээнүүдээр дамжиж байж цаашаа гарах гарц нээгдэнэ. Энэ бүхнийг хийж байгаа хүмүүс бол продюсер юм шүү дээ.

-“Cinema Awards” кино урлагийн дээд шагнал гардуулах наадам монголын кино урлагийн чанаржуулах, дэлхийд гаргах зорилготой. Энэ кино наадмын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Энэ бол Монголын кино урлагийг нэг шат ахиулах том арга хэмжээ. Ийм арга хэмжээг зохион байгуулж, хооронд нь өрсөлдүүлэх нь өөрөө киноны чанарыг сайжруулахад сайнаар нөлөөлөх хүчин зүйл болж өгнө.

-Өнгөрсөн онд 46 монгол кино нээлтээ хийжээ. Үзэгчдээ сургахад мэргэжлийн хүмүүс бүтээсэн гэж үзсэн киног үзэхгүй, харин шоу, хошин талын киног үзээд байх юм. Уран бүтээлчид орлогоо олохын тулд үзэгчдэд таалагдах кино хийгээд байх шиг?

-Үзэгчидээ бид өөрсдөө тийм болгочихсон шүү дээ. Манай судлаачдын нэг хэлсэн байдаг. “Үзэгчид ямар байна, урлаг тийм байна” гэж. Ингээд хэлэхээр намайг монголын үзэгчдийг голлоо гэж ойлгож болохгүй. Нийгмийн төлөвшил нь өөрөө хараахан боловсроогүй, тэр түвшинд ирээгүй байна. Драмын театр, ДБЭТ театр нь хоосон мөртлөө хошин урлагийн тоглолт яагаад үзэгч ихтэй өдөр шөнөгүй тоглоод байна вэ гэдэг нь түвшинг харуулж байгаа юм. Энэ бол үзэгчдийн мөн урлагийнхны ч буруу биш. Нийгмийн төлөвшил аажимдаа дээшилнэ. Хүний оюун, сэтгэл, чадамжийг өөрчилнө гэдэг хоёр гурван жилийн дотор хийчихдэг зүйл биш юм л даа.

-Алтан үеийнхний кинонуудыг олон дахин үзэхэд огт уйддаггүй. Гэтэл зах зээл эхэлснээс хойш кинонууд яагаад ийм өдөр шөнө шиг ялгаатай, эрс муудав. Энэ юутай холбоотой гэж боддог вэ?

-Сэтгэл дутаад байх шиг. Мөн мэргэжлийн түвшин унасан л даа. Хамгийн гол нь зохиол байхгүй. Зүгээр кафед тойрч сууж байгаад л ингээд нэг кино хийчихье гээд шийдчихдэг. Ийм киног кино гэж хэлэхэд хэцүү. Бидний үед киног 10 сар орчимд хийдэг байсан. Одоо бол хялбарчлаад л хийхийг боддог болж. Цаг үеэ дагаад хялбар аргаар хийх техник байж болох ч чанар, бүтээл гэдгээ хэзээ ч орхигдуулж болохгүй.

-Кино урлаг бол ард түмнийг тэр дундаа залуу үеийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байдаг. Кино гэлтгүй соёлын бодлого манайд үгүйлэгдээд байх юм?

-Мэргэжлийн түвшний шалгуур бол яахын аргагүй байх ёстой. Бодлогоор үндэснийхээ кино урлагийг авч явах зайлшгүй шаардлагатай юм. Бусад орнууд үндэснийхээ киног холливудын киноны урсгалаас авч гарахын тулд төрийн хуулиар зохицуулалт хийж, бодлогоор дэмждэг. Манайд бол ийм зүйл огт байхгүй байна.

-Сүүлийн үед хийгдсэн кинонуудаас альныг нь “тоож” үзсэн бэ?

-Ойрын үед кино үзсэнгүй. Миний шавь нараас киноныхоо нээлтэнд ирээч гэж их урьдаг. Харамсалтай нь очиж амжихгүй юм.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье

-Баярлалаа. Та бүхний зохион байгуулах гэж байгаа “Cinema awards” кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын ажилд өндөр амжилт хүсье.

Н.БАЯР