-Орос, Хятад, Монголын хилийн дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулахаар ажиллаж байна- 


Олон улсын хамтын ажиллагааны “Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон. Энэхүү форумын талаар дэлхийн хэвлэлүүд онцгой анхааралдаа авч мэдээлсээр байгаа бөгөөд Оросын http://riss.ru сайтад Монгол Улсын оролцооны талаар дурдсан байна. Тиймээс тэрхүү нийтлэлээс орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.

...Олон улсын хамтын ажиллагааны “Нэг бүс, нэг зам” форум тавдугаар сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон нь тус улсын гадаад эдийн засгийн амьдралд тохиосон хоёр чухал арга хэмжээний нэг юм. Ач холбогдлын хувьд үүнээс дутахгүй БРИКС-ын дээд хэмжээний уулзалт нь Хятадын зүүн урд хэсэгт орших Шямэнь хотноо энэ оны есдүгээр сард болох гэж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө, БНХАУ “Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээг хамарсан үзэл баримтлалыг (Торгоны замын Эдийн засгийн бүс ба XXI зууны Тэнгисийн торгоны зам) эхлүүлсэн билээ. Хятад улс хэдийнэ маш олон хүнийг хамарсан (130 орны 1500 төлөөлөгч болон 70 байгууллага) бүс нутгийн төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээг зохиогоод байна.
ХКН-ын дарга Си Жиньпин энэхүү санаачилгыг эхлүүлснээс хойш өөрийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуух орнуудын харилцаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярьсан билээ. Одоогийн байдлаар 100 гаруй улс, олон улсын байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба 40 гаруй улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын компаниуд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг “Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс оронд хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 56 бүсийг 20 гаруй оронд байгуулснаар 1.1 тэрбум долларын татварын орлого төвлөрүүлж, 180 мянган ажлын байр бий болгосныг Си Жиньпин цохон тэмдэглэв. Хятад Улсын хувьд 2014-2016 оны хооронд эдгээр улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрчээ. 2017 оны эхний улиралд дээрх улс орнуудтай хийсэн гэрээний нийт дүн 34 тэрбумд ам.долларт хүрээд байна.
Нөгөөтэйгүүр, Оросын зүүн бүс нутагт автозам болон төмөр замыг сайжруулах, бүтээн байгуулах ажлыг Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрт 2016 оны зургаадугаар сард гурван орны төрийн тэргүүн Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан билээ. 
Орос, Хятад, Монголын хил дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийн сайжруулахаар ажиллаж байна.
Тувад дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Кызыл нисэх онгоцны буудлыг дахин засварлаж, олон улсын жишигт хүргэх ажил юм. Мөн Оросын Холбооны Улсын М-54 дүгээр замыг шинэчилж, Тува, Хандгайт-Боршоо, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, Хятадын хойд нутаг руу чиглэсэн зам тавих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн 350 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн дотор Хятадын хөрөнгө оруулагчид ч багтаж байна.
Хэйлунжян мужийн дарга эдийн засгийн коридорыг байгуулахад тус мужийн давуу талыг цохон тэмдэглэсэн билээ. Хэйлунжян муж Оросын хамтын ажиллагаагаараа нэгт ордог ба Орос Улстай хийдэг нийт худалдааны эргэлтийн 20 гаруй хувь, Хятадын Орост оруулсан хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг ч бас эзэлдэг байна. Харбин хотын Олон улсын “Тайпин” нисэх онгоцны буудлын өргөтгөл хийгдэж байгаа бөгөөд энэ нь Зүүн хойд Азитай холбогдох олон улсын агаарын тээврийн томоохон зангилаа буудал болж буй юм.
Гурван улсын автозамын бүтээн байгуулалтанд ч ахиц гарч байна. 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Хятад, Монгол Улс автозамын олон улсын тээврийг Азийн авто замаар (ЭСКАТО) хийхээр тохиролцож гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оросын тээвэрчдэд олдож буй давуу тал нь БНХАУ-ын ачааны баазад илүү чөлөөтэй нэвтрэх, хил дээр дахин ачилт хийж, жолооч солихоос татгалзах, тээвэрлэгчдийн цаг хугацааны болон санхүүгийн зарцуулалтыг бууруулах, мөн тээвэрлэлтийн зардлын барааны үнэд эзлэх хувийг багасгах боломж олдож байгаад оршино.
ОХУ-БНХАУ, БНХАУ-Монгол Улс гэсэн шалган өнгөрүүлэх цэгүүдийн хөгжлийн хувьд, Эрээн хотын дамжин өнгөрүүлэх бараа эргэлт сүүлийн хоёр жилд ихээхэн өсөн нэмэгдсэн байна. БНХАУ-ын статистик үзүүлэлтээр, 2016 онд тухайн цэгээр хийгдсэн экспорт, импортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлтийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ. Манжуурын хилээр 2016 онд 1000 гаруй ачааны галт тэрэг Хятад-Европын чиглэлд дайрч өнгөрсөн байна. 
Евразийн Эдийн засгийн холбоо болон Торгоны замын Эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой билээ. Учир нь энэ бүх үйл ажиллагаа нь Орос, Хятад хоёр талын ашиг сонирхлоос гадна Төв Азийн асуудалтай холбоотой юм. 
Эцэст нь хэлэхэд, Орос болон Евразийн эдийн засгийн холбооны нөөц бололцоо, Хятадын аж үйлдвэрийн хүчин чадал, хөрш орнуудын үндэсний стратегийн хөгжил, тэгш эрх дээр тулгуурласан улс орнуудын найрсаг харилцаа, харилцан хүндлэл, мөн “Нэг бүс, нэг зам” форум энэ бүгд таатай нөхцөлийг бүрдүүлж, Евразийн орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдэн арван жилийн өмнөөс тавьж өгч буйгаараа онцлогтой болжээ.