Л.Бямбажаргал: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын арга барил төстэй, тэр нь ард түмэнд таалагдаад байна
2017/07/18
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л. Бямбажаргалтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрлөө. Одоо сонгуулийн дараах нөхцөл байдал яах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Болж өнгөрсөн болон одоо үүсээд байгаа, мөн цаашид өрнөх үйл явдалд та ямар дүгнэлт хийж байна?
-Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн намуудын өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанд дүн тавилаа, ялангуяа МАН-д. Тэр дотроо нийслэлийн удирдлагууд маш муу ажилласныг тодорхой харууллаа. Би өмнө нь ч хэлж байсан, одоо дахиад хэлье УИХ дахь МАН-ын 65 гишүүн төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг шаланд хүртэл унагаж шавартай зуурсан нь харагдлаа.
Нөгөө талаас, Монголын ард түмэн ардчилсан сонголтод үнэнч байгаа юм байна. Саяын сонгуульд мөнгө, эрх мэдэл нэг талд илэрхий ажилласан. Гэвч иргэдийн сонголт түүнээс хамаарахгүй байгааг сонгууль харууллаа. Сонгуулийн дараах нөхцөл байдлын тухайд АН болон МАН-д үйл явдал зэрэг өрнөх байх. Гэхдээ МАН дотор нэг хэсэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлаж, институцын хүчийг сулруулах алхмыг хийх гэж оролдох байх.
Хэрэв ингэвэл эргээд улстөрийн хяналтгүй нөхцөл байдал руу түлхэж болзошгүй. Ард түмэн сая хүнд байдалд, ганцхан жилийн дотор саналын эрс зөрүүтэйгээр Ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэс эн оролдлогыг парламентын зүгээс хийх юм бол төрийн хямралд хүргэж болзошгүй. Энэ болгоомжлох ёстой зүйл.
Нөгөөтээгүүр, Монгол Улс Үндсэн хуулийн өөрчлөлт хийвэл эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгож, Ерөнхийлөгчийн засаглал руу чиглэсэн өөрчлөлт хийх нь зүйтэй байх. Үүнийг өнөөдөр Ардчилсан намын нэр дэвшигч ялсан учраас хэлж байгаа юм биш, одоогоос 3-4 жилийн өмнө хэлж, ярьж байсан асуудал. Ер нь манай улсад хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг салгах зайлшгүй шаардлага бий. Тэгж байж хариуцлага тооцох ёстой.
Энэ нь үндсэндээ эргээд буух эзэнтэй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хоёр давуу талтай байна. Нэгдүгээрт, нийт ард түмний олонхын дэмжлэгийг авсан учраас аливаа асуудлыг шийдэхэд бүрэн эрхийн чадамж илүүтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгууль дахин дахин яваад байхгүй учраас Засгийн газар чадамжтай болно. Ингэснээр ард түмний хүсэн хүлээж байгаа хоёр зүйл хариуцлага тооцох эзэн тодорхой, Ерөнхийлөгчийн чадамж тодорхой, гүйцэтгэх засаглал тогтвортой байх нөхцөл байдал үүснэ.
Гэхдээ мэдээж өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилж, маргааш нь хэрэгжүүлж эхлэхгүй нь тодорхой. Харин нэг аюултай нь Ард түмний санал асуулга явчихвал дүн нь аливаа юмаар хэлэлцэгдэхгүй шууд хэрэгжээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, санал асуулгаа зөв оновчтой, тодорхой тавихгүй бол ард түмнээс асуучхаад дахиад өөрчилнө гэдэг ойлголт байдаггүй байх. Дэлхий нийтийн жишиг ч ийм шүү дээ. Тиймээс манай улс болгоомжтой хандах ёстой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад Ард нийтийн санал асуулга хийнэ гэж байгаа ч Зөвлөлдөх санал асуулга гэх урьдчилсан “галт тэрэг”-ийг Ардын нам явуулаад эхэлчихсэн шүү дээ?
-Тэр жүжиг нэг их судалгаатай хийсэн ажил биш. Хийсэн хүмүүсийн бэлтгэгдсэн байдал, иргэдийн мэдээлэл авсан байдал зэрэг нь юун хэвлэл мэдээлэл, шинэ технологи хөгжөөгүй байсан 1990 онд Үндсэн хуулийг хэлэлцүүлснээс дор юм болсон.Юу асуух гэж байгаа нь бүү мэд, яах гээд байгаа нь ч тодорхойгүй, тэгсэн атлаа түмэн юм асуудаг байж таарахгүй. Зарчмын асуудал байх учиртай.
Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу, парламент нь хоёр танхимтай байх юм уу, нэг танхимтай байх уу гэх маягийн зарчмын 2-3 асуулт асууж, үйл явцтай холбоотой асуудлаа Их хурал нь хэлэлцээд явах бололцоотой. Дээр нь Үндсэн хуулиа бүрэн уншаагүй хүмүүс хэлэлцэнэ гэвэл хэцүү.
1990 онд Үндсэн хууль баталсан депутатууд 100 гаруй хоног уншиж, судалж байж сэтгэлийн маш их эрмэлзлэлээр хандаж байсан. Тэр ч утгаараа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол түүхэн дэх хамгийн удаан оршин тогтнож байгаа эцэг хууль юм шүү дээ.
-Саяын сонгууль хугацаа богино, ард түмэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг анхаарсангүй, популист зүйлүүд давамгайлж, хар технологиор мэдээ, мэдээллийг дарангуйлсан байдалд болсон. Ерөнхийлөгч юу хийх, ямар асуудал шийдэх нь бүрхэг байна уу даа?
-Ямартай ч сонгуулийн өмнө бүх нэр дэвшигч мөрийн хөтөлбөр гэж нэг зүйлийг Сонгуулийн ерөнхий хороонд аваачиж өгсөн байх. Түүнээс ард түмэн мөрийн хөтөлбөр ярилцаагүй, ярих бололцоо ч ард түмэнд олдоогүй. Явсаар хамгийн сүүлд Төрийн ордонд айлд хоносноо ярьдаг залуугийн хийсэн хэвлэлийн хурлаар сонгууль шувтарсан. Тиймдээ тултал явсан сонгуулиар юун мөрийн хөтөлбөр ярих вэ. Эцэст нь ямар ч гэсэн Ерөнхийлөгч сонгогдсон.
Ерөнхийлөгч намаас нэр дэвшдэг ч тангаргаа өргөснөөр нам бус болдог. Иймд одоо намтай ярих юм байхгүй. Харин багаа бүрдүүлээд, Үндэсний аюулгүй байдлын даргынхаа хувьд тодорхой асуудлуудыг гаргаж ажиллах болов уу. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг өр дарна гэж хэлээгүй. Өрийг дараад өгвөл сайн байна гэж нам нь үүрэг өгсөн санаатай юм. Утга нь их өөр шүү дээ. Ер нь бол аль нь ч гарсан тэгэх байсан байх.
Би АН-ынх учраас Ардын намыг муу хэлж байгаа юм биш. Ардын намынхан сая алингаа алдлаа. Иймээс би хүн юм асуухаар хариулж чадахаа байсан шүү дээ. Хүүхдийн мөнгө өгч байгаа юу, үгүй юу бүү мэд. Тэтгэврийн нас хэд болсныг ч бүү мэд. Харин саяхнаас байдал өөр тийш эргэж байх шиг байна.
2008 онд долоодугаар сарын I болж, ард түмэн шоконд орчхоод байтал Н.Түвшинбаяр Олимпын аварга болж монголчуудыг эвлүүлж, тайвшруулсан гэдэг шиг хэдий муу ёр ч гэсэн энд тэнд гарсан их түймэр хүмүүсийн сэтгэл санааг нэг тийш хандуулж, улс орноо, маргаашаа бодъё гэсэн зүгт төвлөрүүлж чиглүүлэх шиг боллоо. Сонгуульжиж хоорондоо зодолдож, талцсан байдлыг баллуурдлаа.
- Ерөнхийлөгчийн бүтэц бас цэгцрээгүй байна. Өмнөх Ерөнхийлөгч АН-ынх учраас одоо ажиллаж байгааг нь шинэ Ерөнхийлөгч өөрчлөхөд хүнд. Гэтэл сонгуулийн кампанит ажилд нь оролцсон, ажил, албан тушаал нэхсэн, горилсон маш том баг хүлээж байгаа. Данхгар бүтэц бий болгочихвол ард түмэн дургүйцэж таарна?
-Би өөрийгөө Х.Баттулга Ерөнхийлөгчийн оронд тавиад үзэхэд, энэ асуудал тун хэцүү л дээ. Өмнө нь найман жил Төрийн тэргүүнээр ажилласан Ц.Элбэгдорж АН-ынх. Бүтэц нь АН-ынхнаар дүүрэн байдаг. Гэтэл дараагийн Ерөнхийлөгч АН-аас сонгогдоод очиж байна. Намын гэдэг утгаар энэ хэцүү байтал тэр хүний ард өөрт нь зүтгэсэн өчнөөн төчнөөн хүн хүлээж байгаа. Энэ хоёрын дундуур шийдвэр гаргахад маш хүнд гэж бодож байна.
Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын батлагдсан төсөв, орон тоо, чиг үүрэг гэж бий. Тэрийг нэг их эвдэхгүй болов уу. Аль ч Ерөнхийлөгчийн үед бүтэц нь нэг их өөрчлөгдөж савлаж байсан түүх байхгүй. Энэ жишиг хадгалагдах байх. Тэр ч утгаараа нэлээн хатуу, чанга болохоор нь З.Энхболдыг Тамгын газрын даргаар томилсон болов уу. Зарим хүний нэхэл дагал, горилогчдын өмнөөс “Чи үүнийг арай чадахгүй” гэж хэлчих дайны хүн байхгүй бол зөөлөн эвийг нь олчих гэж үзвэл өөрийн чинь хэлдгээр бүтэц нь ч тэр, цаашаа бүх л юм нь данхайгаад явах байх.
Эхний ээлжинд З.Энхболд бүтэц, бүрэлдэхүүний тал дээр нэлээд голлох байр сууриас ажиллах байх. Мэдээж нөгөө талаас Ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг дагаж таарна. Гэхдээ З.Энхболд Ерөнхийлөгчид нэлээд том хаалт, хамгаалалт болж хүмүүсийн тэр их амбицыг дарахад тус болох болов уу гэж ойлгож, харж байна.
-Амбиц гэснээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн багт ажилласан тодорхой нэр, хаяг бүхий хүмүүс сонгууль дууссан ч янз бүрийн байдлаар ажиллаад, ард түмнийг доромжилж, шүүмж хэлсэн хүмүүсийг хар дансанд бүртгэсэн, дээлийг чинь нөмрүүлнэ гэхчлэн давшилж, “Өрөө төлүүлнэ гэвэл горьдсоны гарз” гэхчлэн даажигнаж байна, Та бас ажиглаж байгаа байх. Энэ байдал эргээд ард түмэнд яаж тусах бол?
-Би үүнийг тухайн хүмүүсийн, хувь хүний асуудал байх гэж бодож байна. АН ямар нэг байдлаар эсрэг саналтай байсан хүмүүсийг мөрдөж мөшгөөд, эсвэл ялгаж авч байгаад өрийг нь төлөхдөө үлдээдэг ч юм уу ийм зүйл болохгүй байх. Би нийгмийн сүлжээний салбарт гэх юм уу, хэвлэл, мэдээллийн салбарт идэвхтэй байсан хүмүүсийн заримыг ойлгож байна. Яагаад гэвэл, тэд сонгуулийн шокноосоо одоо болтол гарч чадаагүй байна.
Сонгуулийн хугацаа богино байсан ч сурталчилгаа нь 2-3 cap давалгаалаад явчихсан үйл явдал шүү дээ. Тэгэхээр тэр орчноосоо амархан гарчихгүй. Одоо ч гэсэн наадам дууссан гэхээр маргааш нь бөхчүүд хийх юм олдохгүй дараа жилийн наадам даанч хол байна даа гээд сууж байдаг шиг сонгууль дууссан гэхээр гомдолтой байгаа шүү дээ, зарим нь. Би тийм л утгаар нь ойлгоосой гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүн, сонгуулийн үед сайдаж муудаж байсан хүмүүс зөндөө л байгаа. Сонгууль өнгөрсөн учраас тэр ч бас өнгөрсөн гэсэн байр суурьтай байдаг.
- Ерөнхийлөгч ямар хүмүүстэй гар нийлж ажиллахыг олон нийт сонирхож байна. Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамт явж байгаа, түймрийн голомттой танилцаж буй зургууд олон нийтийн сүлжээнд тавигдаж, улмаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж хамтрах гэнэ гэсэн мэдээ чих дэлсэж байна?
-Би ч гэсэн нэг удаа тэр хоёрын хамт явж байгаа зургийг нь шэйрлэсэн. Наадмын нээлтэд хамт явж байгаа, хоёулаа инээсэн сайхан зураг байсан. Би өөрөө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд сууж байсан, Их хурлын гишүүд алга ч ташихгүй байсан шүүдээ. Миний хувьд Монголын бүх Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд АН-аас нэр дэвшигчээ дэмжиж оролцсон, аль ч намын Ерөнхийлөгч гарсан тангараг өргөх ёслолд нь оролцож, алгаа ташаад баяр хүргэж баярладаг ийм л хүн.
Гэтэл АН-аас Ерөнхийлөгч гарахад Их хурлын гишүүд баяр хүргэхгүй, алга ч ташихгүй, царай зүс нь ч ямар байсныг олон нийтийн сүлжээнд тавьсан зургуудаас та бүхэн харсан байлгүй. Гэтэл тэрийг зассан зүйл бол маргааш нь наадмын талбайд нээлтээ хийх гээд явж байгаа тэр хоёрын нүүр дүүрэн инээсэн сайхан зураг байлаа. Монголын ард түмэнд тэр зураг, дүр төрх дотно харагдсан байхгүй юу. Түүнээс тэд хоорондоо юу л ярив гэж.
Магадгүй “Алхахад хол зайтай юм байна” гэдэг ч юм уу гэм хоргүй л яриа өрнөсөн байх. У.Хүрэлсүх сайд ажил үүргийн хуваариар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга байсан. Түймрийн асуудлаар Онцгой байдлын комиссын даргын хувьд Ерөнхийлөгчтэй тулж ажиллаж таарч байгаа. Үүнийг нь ойлгохгүй зарим хүн улс төр рүү хандуулаад байх шиг.
Нөгөө талаас та нар сэтгүүлч хүмүүс асуудлыг эргүүлж, тойруулж, ухаж үзэж байгаа байлгүй. Ардын намын 60 тэрбумын бичлэг дотор өөрийнх нь намын тодорхой хүмүүс “Хүрэлсүхийг хөлгүй болгоноо” гээд ярьж байгаа хэсэг үлдсэн байгаа шүү дээ. Тэр нь У.Хүрэлсүх нам дотроо өөр фракцын хүн юм байна, М.Энхболдын эсрэг фракцын хүн юм гэсэн мессежийг АН-ын гишүүдэд өгчхөж байна. Ийм л шалтгаануудын улмаас Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хослолыг дэмжсэн эерэг мессеж сүүлийн өдрүүдэд давамгай болчихлоо.
Нөгөөтээгүүр, Монголын ард түмэн нэг тийм зоримог, эрс шийдэмгий, шулуухан удирдагч шаардаад байх шиг байна. Асуудалд хандаж буй байдал, газар дээр нь шийдвэр гаргаж байгаа зэргээс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төстэй арга барил, спортын хүний, цэргийн хүний нийтлэг чанар нь иргэдэд ихээхэн таалагдаж хамт байгаа зураг хөргийг нь олон нийтийн сүлжээнд давалгаалуулж байна уу гэж харж байгаа.
-Ерөнхийлөгч олонхын санал авсан уу гэвэл авсан. Гэхдээ үнэмлэхүй олонхоор хүлээн зөвшөөрүүлж чадсан уу гэвэл өрөөсгөл. Сонгууль хоёр шаттай болсон. Үлдсэн хоёр нэр дэвшигч өөр өөрийн гэсэн дэмжигчтэй байлаа. Цагаан хуудсаар санал өгсөн хүмүүс 100 мянгад хүрсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга хүн бүхний сэтгэлд хүрч, юу хийж чадах бол?
-Ямар ч байсан үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах байх гэж харж байна. Төмөр зам, эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, бизнесийн салбарт дорвитой зүйлүүдийг эхлүүлэх байх. Ямар ажил хийх нь ойрын хугацаанд тодорхой болж, олон нийтэд хүрэх биз дээ.
-Бидний уулзаж, ярилцаж буй энэ үе олон газар түймэр гарсан байдал хүндхэн байна. Танд юу бодогдов?
-Нэгэнт ийм нөхцөл байдалд ярилцаж байгаа юм чинь монголчуудаа, танай сонины уншигчдыг байгаль дэлхийгээ хайрлаж, гамтай, болгоомжтой, ээлтэй хандах ёстой шүү гэж хэлмээр байна. Энэ удаагийн түймэр маш том сургамж үзүүллээ. Нөгөө талаас манай залуучууд хэчнээн сайхан сэтгэлээрээ зүтгэж байна гэдгийг хэдхэн хоногийн үйл явц харууллаа. Сэтгэл гонсойлгосон зүйлүүд ч байна.
Мэдээ харж байтал Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга гээд нэг генерал түймэр унтраах “МИ-8” онгоц авахад жолоодож чадах мэргэжилтэн манайд байхгүй гэсэн ярилцлага өгсөн байх юм. “Ми-8” гэдэг онгоц биш, нисдэг тэрэг. Монголчууд тэрийг маш олон жил жолоодоод ирсэн, үнэг хүртэл хөөж энд тэнд аваачиж унагааж байсан улс. Монголын армийн зэвсэглэлд бий. Тэр дотор бүдүүлгээр хэлэхэд савтай ус тавьчихаар нисэж чадахаа байчихна гэж юу байх вэ дээ.
Түймрийн голомтод, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд яаж ажиллах вэ гэдэг тактикийн ажилд л суралцах ёстой байх. Түүнээс техникийн хувьд монголчууд сураад байх юм тэнд ер байхгүй. Гэтэл манайд боловсон хүчин байхгүй гэдэг чинь ард түмэн халаасандаа байгаа 10 төгрөгөө ч болтугай өгөөд ганц нисдэг тэрэгтэй болчихсон гэсэн сэтгэл дээр шууд ус цацаж байгаа байхгүй юу. Энэ нөхцөлд тэгж ярьж болохгүй шүү дээ.
Энд нисдэг тэргийг яагаад онцгойлж яриад байна гэвэл, өөр учир шалтгаан ч бас байна. Тухайлбал, манайд өндрийн гал гарах магадлал их бий. Сүүлийн үед өндөр өндөр шилэн барилга бариад байна шүү дээ. Тэрний орой дээр гал гарвал бид юугаар унтраах юм бэ, нисдэг тэрэг л ашиглана. Манай гал сөнөөгч машин, техник, тоног төхөөрөмж дээд тал нь 12 давхар барилгад хүрч гал унтраахад зориулагдсан байдаг. Гэтэл манай улс 16-22 давхар барилга бариад эхэллээ.Иймээс өндрийн гал унтраахад ашиглах нисдэг тэрэг зайлшгүй шаардлагатай.
Нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг ард түмэн харлаа, халаасан дахь 10,20 төгрөгөө өглөө. Нисдэг тэргийг холоос хайхгүй, үйлдвэр нь хойшоо дөнгөж хил гараад Улаан-Үдэд байна. Жаахан цаашаа яваад Эрхүүд бий. Бидний хажууханд байгаа биз. Машинаар давхиж очоод нисдэг тэргээ захиалж, боловсон хүчнээ сургаад ирэхээр байхад залхуу, назгай байж болохгүй. Ер нь онцгой байдал гэдэг төлөвлөгдөөгүй нөхцөл байдал үүсэхэд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг ийм л байгууллага.
Түүнээс түймэр гарч магадгүй, одоо зургаан нисгэгч бэлдэнэ гээд сууж байх газар биш. Тиймээс энд анхаарах ёстой. Мэдээ хараад өнгөрөхөд л ийм зүйл бодогдож байна. Ард түмний итгэл, урмыг зөв чиглүүлж удирдах хэрэгтэй, хаа хаанаа. Нэг эргээд буруу харчихвал хэцүү шүү дээ. Ийм ч учраас улс төрийн ч бай, өөр салбарын ч бай ажлын нэг хэсэг нь бодит ажил, нөгөө хэсэг нь нийгмийн сэтгэлзүйг эргүүлэх, зөв чиглүүлэхэд хандаж байдаг юм шүү дээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин
Зочин · 2017/07/21
одоо МАН ч бужигнана, батталга ч гацаана, долларын ханш ч өснө, гадны хөрөнгө оруулалт ч багасна, ажлын байр ч цөөрнө, юмны үнэ ч өснө, ард түмны амьдрал ч ядуурна. Тогтворжиж эхэлж байсан эдийн засгийг унагаж дээ.Сонголтынхоо төлөө бүсээ чангалж дээ хөөрхий.
доо · 2017/07/18
Хүрэлсүх л өөрөө ийм ют бичүүлээд бхйгаа юм бна. Хүрэлсүх АН-д гавьяа байгуулсан хүн байхгүй юү. МАХН- йг 2 хувааж тус болсон. Тэр зөвхөн өөрийгөө л өргөмжилдөг хүн. ер нь бүтэхгүй гар шүү
Зочин · 2017/07/18
Томилдог албан тушаалын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь хжлгайч нарт өргөн бололуоо би болгоноХулгайч нарын барцааны Ерөнхийсайд болно гэсэн үг Байгын биш Ардын их хурал хууль боловсоруулах хянанат тавих байнгийн албаа шийдэж байг Ардын их хуралтай мөн Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй
зочин · 2017/07/18
Ярилцага аятайхан болжээ. Зарим үед бас л хэт нэг талруу хэлбийж л байна. Ярилцлагаас таалагдсан зүйл бол энэ төрийн жолоон дээр нилээн зоримог, дайчин, шулуун шудрага байдал л дутагдаад байх ши г. Ингээд бодохоор Хүрэлсүхээс өөр хүн тун бодогдохгүй байгаа юм. Дээр нь Гүйцэтгэх засаглалыг ноёлж номхруулдаг, өөрсдийн хүсэл сонирхолд ницсэн томилолт, шийдвэр гаргуулдаг УИХ гэж нэг 75 толгойтой мангас байнаа. Үүнийг л үндсэн хуулинд сайн харгалзаж үзэх шаардлага байна. Ер нь Нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох, Нөгөө бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцдог болгох л явж явж монголд хариуцлагын механизмыг бүрдүүлэх эрх зүй бий болно гэж боддог.
Naraa · 2017/07/18
Byambasuren ikh saikhan yariltslaga ugchee. Uneheer niigmiin setgel zuig oilgoj, ajillah gedeg ikh chuhal. yurunhiilugch zuvluhuudee herhen songoh bol gedgiig olon tumen uneheer harj bgaa. Ene deer aldah yum bol niigmiin setgel zuig aldah ehnii alham bolno shuudee. Hunee olj zuvluhuudee songovol manai yurunhiilugch uneheer olnii tuluu ajilah ni dee l gedeg oilgoltiig turuuleh heregteidee .
Зочин · 2017/07/18
МАН олнохоор түрэж Үдсэн хуулийг хулгайч нарын хамгаалалтын банбай алван тушаалын хэрэгсэл болох би дээ
Зочин · 2017/07/18
Ч.Үл-Олдох гуайн хэнд талтай, хэнийг дэмждэггүй нь олон нийтэд тийм хамаатай зүйл биш. Сэтгүүлч нэртэй хүмүүс хэт нэг талыг барих хандлагатай нь ажиглагдах юм. Энэ хүний дэмждэг хүн нь гараагүй шокноосоо гараагүй байгаа бололтой...... АМАРСАН нь дээр зайл цаашаа
Зочин · 2017/07/18
GEHDEE Z6ENHBOLD ARD TUMNII DURGUIG HURGEJ BAIGAAD