Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босгыг асар өндөрт заасан байдаг.

Чухам энэ шаардлагыг хангасан учир 2016 онд сонгогдсон Улсын Их Хурал хаврын чуулганаас эхлээд олон жил орхигдсон байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хөндөж, хэлэлцэж эхэлсэн билээ.

Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй, дарх­лагд­сан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэдэг Монгол Улсын хувьд түүхэнд бичигдэж үлдэх томоохон үйл явдал мөн. Улс орноо ургаа модоор төсөөлбөл үндэс нь болсон Үндсэн хуулийг үе үеийн эрдэмтэн судлаачид цаг үеийнхээ бүтээгдэхүүн мөн гэж баталдаг. Үнэхээр ч Үндсэн хуулийг бүтээгсэд тухайн цаг үеийнхээ онцлогт зохицуулж, хэтийн төлөвийг ажиглан байж бичдэг. Харин цаг уур, орчны нөхцөл байдал өөрчлөгдөнө, түүнийг дагаад үндэс муудна гэдгийг санах хэрэгтэй. Мод ургана, мөчир нь салаална, навч нь нахиална. Үүнийг дагаад үндэс нь томрох ёстой. Үндсийг анх байсан хэвээр нь хадгална гэдэг яавч боломжгүй зүйл. Модыг эрүүл авч үлдэхийн тулд шинээр арчилгаа, тордолгоо хийж эхэлдэг, тийм биз. Гэхдээ арчлахдаа алдаа гаргавал модны амьдрах хугацааг багасгах эрсдэлтэй. 

Эрсдэлээс болгоомжилно гэдэг эрүүл ухааны илрэл мөн боловч эрсдэлийг даван туулж байж л амжилтад хүрнэ, асуудлыг шийднэ гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй. Алдаа гаргахаас айж суусаар засах боломжийг алдчихвал модыг өнхрөөд унахад мянга хашгираад нэмэргүй. Жинхэнэ эрсдэл энэ учраас Үндсэн хуулийг зайлшгүй засаж, сайж­руулах ажил дэлхийн улс орон бүрт цаг үеийн шаардлагаар хийгдэж ирсэн байдаг. Энэ бол хамрах цар хүрээний хувьд бүхэл улс орны хувь тавиланг шийдэх юутай ч харьцуулшгүй өндөр ач холбогдолтой асуудал. Тиймээс ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босгыг асар өндөрт заасан байдаг. Чухам энэ шаардлагыг хангасан учир 2016 онд сонгогдсон Улсын Их Хурал хаврын чуулганаас эхлээд олон жил орхигдсон байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хөндөж, хэлэлцэж эхэлсэн билээ. Олон шатыг дамжиж буй энэхүү төсөлд тулгарах асуудлын тоо ч мундсангүй. Улс орны эрх ашгийг уландаа гишгэж, асуудал бүрийг улс төржүүлж гацаадаг нөгөө л нэг улс төрийн соёлгүй байдал торойгоод гараад ирэх нь тэр. 

Агуулгаасаа зөрсөн мэдэгдэл

Долдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын голлох улс төрийн хүчнүүдийн нэг Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэл дотроо маш их зөрчилдсөн утга агуулж байсан учир нийгмийн бүх шатанд асуудлыг дахин нэг харахад хүргэв. “Mонгол Улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж байна” хэмээх гарчигтай энэхүү мэдэгдэлд УИХ-д олонхийг бүрдүүлж буй эрх баригчдыг Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ хэмээн анхааруулжээ. Ингэхдээ “Зөвлөлдөх санал асуулга” зохион байгуулахдаа эрх баригч МАН хэлэлцүүлгийн сэдвийг өөрсдөө боловсруулсан гэж буруутгасан байна. Уг нь Парламентад олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, УИХ-д аливаа бэрхшээлгүй хууль батлах гэсэн эрхийг хуулийн дагуу олж авдаг гэдгийг 2012 онд олонхи болж байсан АН мэдэхийн дээдээр мэдэх учиртай юм. 

Түүнчлэн “Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг, тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ” гээд, “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг дурджээ. Мэдэгдлийн төгсгөлд таван шаардлага хүргүүлж байна гэсэн агаад эдгээрийн алинд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, холбогдох үйл ажиллагааг хууль бус үйлдэл хэмээн нотолсон нь үгүй. АН-ын мэдэгдлийн зөвхөн гарчигт л бичсэнээс биш мэдэгдлийн дотор хууль бус гэж нотлох нэг ч баримт байсангүй. Яагаад гэвэл үүнийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа шийдвэр гэдгийг хэн хүнгүй мэднэ шүү дээ.

Сөрөг хүчний хоёр нүүр, эсвэл

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөрийн биеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах захирамж гаргаж байсан. Тэрхүү захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга асан Л.Цог тэргүүлж хоёр жил ажиллахдаа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсчээ” гэсэн дүгнэлтээр төгсгөсөн. Өмнөх УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрийг одоогийн эрх баригчид гүйцэтгэхэд ойртоод байгаа нь л сөрөг хүчний дургүйцэх, цаашлаад эсэргүүцэх шалтгаан болсон болов уу. Үнэн хэрэгтээ 1992 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцдэг улс төрийн хүчин байхгүй. Саяхан эсэргүүцлээ зарласан АН Засгийн эрхэнд байх үедээ энэ талаар чамгүй хичээл зүтгэл гаргаж ажиллаж байсныг хэн ч мартаагүй. Тиймээс эсэргүүцсэн мэдэгдлийг хэн хүнгүй гайхширсан байдалтай хүлээж авсан. Тухайн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд оролцож явсан эрхмүүд одоо ч төрийн хэмжээнд эрх мэдэлтэй байгаа билээ.

“Өглөөний сонин”-ы 2014 оны арван­хоёрдугаар сарын 1-ний өдрийн дугаарт одоо­гийн АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бидний өмнө зогсож байгаа. Монголчууд мянган жилийн өмнөөс л парламентын засаглалтай явж ирсэн улс. Жишээ нь, их эзэн Чингис хаан чухал зарлиг гаргахдаа хэзээ ч ганцаараа толгой мэдэн шийдээд гаргаж байсан түүх байхгүй. Их хуралдайг хуралдуулан хэлэлцүүлж, тэгээд тэндээс гарсан хамгийн сайн гэсэн саналыг зарлиг болгон гаргадаг байж. Үүнийг л маш сайн бодолцож, олон талаасаа нухацтай ярилцан шийдвэрлэх ёстой гэж бодож явдаг” гэж байв. Мөн 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд “News.mn” сайтад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлж “Одоогийн Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль. Бид судлаачдынхаа үгийг авдаггүй. 2007 онд судлаачид загвар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан. Монгол Улс шилжилтийнхээ Үндсэн хуулиар явбал цаашаа улам бүр тогтолцооны гажиг руу орж, гажигтай ардчилал улам бэхжинэ. Энэ нь өөрөө хүний эрхийг хэрчээд шударга ёсыг үгүй хийгээд, эдийн засгаа мөлхүүлээд дуусна гэдэг дүгнэлт арван жилийн өмнө гарсан. Энийг ухаалаг харах ёстой” хэмээн ярьсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ikon.mn” сайтад 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд “Монголын төрийг дампуурлаас гаргах цорын ганц арга бол 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх гэж бодож байгаа. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх нэг хувилбар байгаа, УИХ дөрөвний гурвын саналаар өөрчлөх нэг арга байна. Миний хувьд ард нийтээсээ асууж байж өөрчлөх нь илүү эрүүл, шударга болно гэж үзэж байгаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол хувьсгалын шинжтэй өөрчлөлт байдаг юм. 25 жил боллоо. Монгол одоо тайван замаар хувьсгал хийх цаг нь болсон. Тайван замаар хувьсгал хийхийн тулд Н.Батбаяр гишүүний өргөн барьсан тав, арван заалтаар хувьсгал хийхгүй. Харин бүх нам Үндсэн хуулийн төслөө өргөн бариад ажлын хэсэг дээрээ нэгтгээд Монголоо тайван замаар аваръя” гэж байв. Дээрх байр суурь эсэргүүцсэн мэдэгдэлтэй даанч нийцэхгүй байгаа явдлыг АН хоёр нүүр гаргаж байгаа хэрэг хэмээн маш амархан дүгнэлт хийж болохоор байна. Гэхдээ хялбар дүгнэлт үнэнээс зөрдөг, АН-ыг олонхи байхад үүнтэй төстэй эсэргүүцсэн асуудал гарч байсныг санах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлуудад дүгнэлт хийвэл иймэрхүү асуудлыг аль нэг гэж оноолтгүй, сөрөг хүчний зүгээс өдөөж байсан байх юм.

Үүргээ ухамсарлах нь

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ж.Батзандан зэрэг туршлагатай гишүүд багтаж байгаа атал АН-аас эсэргүүцнэ гэдэг тун хачирхалтай хэрэг хэмээн гуравдагч хүчний цорын ганц төлөөлөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлээд амжсан. Үнэхээр ч УИХ-ын гишүүн, нөлөө бүхий гишүүд нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, бүр өөрчлөхөөр ажиллаж байхад нэргүй мэдэгдэл гаргана гэдэг тун ойлгомжгүй хэрэг. Энд улс төрийн хүчнүүдийн төлөвшлийн асуудал яригдаж эхэлнэ. Чухамдаа манай улс төрийн сөрөг хүчнүүд, гуравдагч хүчнүүд ямар үүрэгтэй гэдгээ, яаж ажиллах ёстой вэ гэдгээ мэддэггүйн гай дахин гарч ирж байгаа юм. Сөрөг хүчин эрх баригчдын үйл ажиллагаа, шийдвэр бүрийг эсэргүүцэх ёстой гэсэн хандлага манай улсад тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу хандах зарчмыг сөрөг хүчин баримталдаг болсон цагт манай улс хөгжинө. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдлыг нь залруулахаас эхлээд өөрсдийн төлөөлж буй бүлгийн эрх ашгийг эцсийн шийдвэрт тусгах байдлаар сөрөг хүчин ажилладаг. Тэнцвэр хадгалагч болохоос ухрах араа, аль эсвэл тоормос биш юм. Энэ бол үе үеийн сөрөг хүчнүүдэд хамаатай хэрэг. Намыг бус төрийг төлөөлж, намын төлөө бус Монголын ард түмний төлөө ажиллаж байгаагаа бүх улс төрийн хүчнүүд ясандаа тултал ухамсарлахгүй л бол улс орны хөгжил нэг алхмаар ч урагшлахгүй нь.

Т.ЖАРГАЛСАЙХАН 

Үндэсний шуудан сонин