Монголын улс төрийн тэмцэл МАНАН-гийн эвдрэлийг тогтоон барих, түүнийг эвдэх гэсэн эсрэг тэсрэг хандлага, урсгал гольдролд нэгэнт оржээ. Энэ нь улс төрийн “уламжлалт бус” хатуу ширүүн тэмцлээр илэрч байна. Чингэхдээ МАН доторхи тэмцлээр илүүтэй тодорхойлогдох болов.
Нэгэнт улс төрийн тэмцэл шинэ байдлаар, суурь асуудалтай холбоотойгоор тавигдаж байгаа учраас энэ талаарх “онолын” асуудлыг товч хөндөе гэж бодож байна. Манайхан л “онолын” асуудал хэмээн “ойлгодог” болохоос энд ярих зүйл онолын асуудлууд огт биш, харин өнөөгийн улс төрийн хамгийн чухал практик асуудлууд болно.
Дэлхийн чиг хандлага хийгээд орчин үеийн намууд
Манайхан дэлхий дахин “өөр болж байгаа”, “шинэ төлөв байдалд шилжлээ” гэж ярих дуртайболовч тэрхүү шинэ хандлагаа ойлгохыг огт оролддоггүй, тийм мэдлэг чадвар байхгүй юм. Үүний улмаас орчин үеийн гэж ярих дуртай тэр хүмүүс орчин үеийн чиг хандлагын эсрэг үйлддэг бөгөөд энэ нь Монголд хамгийн тод илэрдэг. Энэ нь Монголд болж буй самуун будлианы гол учир шалтгаан юм.
Монголын улс төрийн намуудын дампуурал, ялзралын гол шалтгаан манай намуудын суурь хоцрогдол, дэлхий дахины бодит байдлаас үлэмж салж гажсантай холбоотой гэдэгт итгэлтэй байж болно.
Энэ асуудлыг хөндөж ярихаар “номын цагаан солиотой”, “хоосон онол ярьдаг”, “шизотой” гэж хочлон няцаадаг тэнэг ажил үйлдлээ татах цаг болсон. Учир нь надад болон хэн нэгэнд ийм нэр хоч өгснөөр Монголын намуудын ажил үйлс өөдлөхгүй. Үүнийг Монголын улс төрийн намуудын ялзрал, дампуурал, самуун будлиан хангалттай нотолж байна. Ингээд дэлхийн намуудад гарч буй шинэ хандлагуудын заримыг манай намуудтай харьцуулан, харшуулан товч өгүүлье:
Нэг. Үзэл суртлын хурц сөргөлдөөн XX зуунд үлдэж, одоо намууд нийгмээ бүхэлд өөд татах, амар амгалан байлгах, чингэхдээ урт удаан хугацаанд “үндэстэн-улс”-аа дэвшилд хүргэх, ирээдүйд чиглэсэн шинжлэх ухаанч бодлого хэрэгжүүлдэг болсон.
Гэтэл манай намууд либерализм, социализм гэж маргаж хэрэлдсэн усан тэнэг лаларууд болж хувирсан. АН өөрийгөө ардчилал, хүний эрхийг дээдлэгч, түүний Монголд төлөөлдөг цорын ганц хүчин гэж ойлгох болсон ба энэ нь сүүлдээ тэнэглэлийн дээд болон хувирсан. МАН өөрийгөө “ардчилсан социализм”, “нийгмийн ардчилал”, сүүлдээ “зөвлөлдөх ардчиллын” төлөөлөгч гэж үзэх болсон ба өөрийгөө “шинэ” гэж ойлгуулахын тулд онолын хайгуул, ном зохиолын нэрийг тунхаглагч тэнэг лаларууд болон хувирсан.
Үнэндээ бол МАН, АН хоёрт ямар ч онол, үзэл суртал огт хамаагүй болсон. Үүнийг хоёр намын Их, Бага хурал, чуулганы илтгэл, шийдвэр, намын удирдагч нарын хэлж ярьсан зөрж будилсан, эргэж бусгасан, лоозогнож сүржигнэсэн эргүү тэнэг үг, үйлдлээс хангалттай харж болно.
АН-д судалгаа, шинжилгээний байгууллага огт байхгүй, угаасаа ч АН-д шинжлэх ухаанаас асар хол, гудамжны гарууд хэт олон учраас тэндээс шинжлэх ухааны “талын юм” хүлээх шаардлагагүй юм.
МАН-д шинжлэх ухааны байгууллага ор нэрийн төдий байгаа боловч тэр нь намын аппаратын хавсарга, дарга нарт үйлчлэгч болон хувирсан учраас эндээс шинжлэх ухааныг яаж ч хайгаад олох боломжгүй. Миний баттай мэдэж байгаагаар МАН-ын “Прогноз” төвийг (одоо бол Академи) Н.Энхбаярын үеэс эхлээд одоо болтол шинжлэх ухааны чиглэлийн ганц ч төлөөлөгч удирдаж байгаагүй, харин шинжлэх ухааныг гутаан бузарлагч нар л байсан. Хөгшин судлаач би гэхэд л ганцаараа МАН-ын “Прогноз” төвөөс олон дахин их, илүү бүтээмжтэй ажил хийдэг ба үүгээрээ энэ байгууллага нэртэй “юмыг” олон удаа ялж байсан. Эндээс МАН-ын “шинжлэх ухаан” ямар хөгийн байдалтай байгааг харж болно.
Иймээс МАН, АН хоёр шинжлэх ухаанд түшиглэх, ядахдаа түүнийг “үнэрлэх” хэмжээнд хүртэл өсөх шаардлагатай ба үүнийг би сайн санааны үүднээс аль алинд нь сануулж байна.
Хоёр. Орчин үеийн намын бүтэц зохион байгуулалт, нөлөөлөл удирдлагын аргад ихээхэн өөрчлөлт орж, намууд уян хатан, хөнгөн шуурхай, цомхон бүтэцтэй ажиллах болсон. Энэ нь намууд дан ганц намын нүсэр бүтэц, намын боловсон хүчин, гишүүдэд биш, харин иргэд хийгээд сонгогчид, электоратын тодорхой бүлгүүдэд тулгуурлан ажиллах болсноор илэрдэг.
Гэтэл манай намууд хэт төвлөрсөн нүсэр бүтцээрээ зөвхөн намын боловсон хүчин, гишүүд, дэмжигчдэд тулгуурлан ажилладаг XX зууны эхэн дунд үеийн хоцрогдсон, бурангуй байдалд шилжсэн. Энэ нь намуудын үлэмж хоцрогдол, ялзрал дампуурлын үндсэн бөгөөд гол шалтгаан юм.
Хаа очиж энэ талаар дэвшилтэт олон хүн санал санаачлага гаргасан боловч намуудын дээд эрх мэдэлд бугшсан хэдхэн хүн буюу МАНАН няцааж, үгүйсгээд хэрэгжүүлээгүй юм. Орчин үеийн, жам ёсны энэ дуудлагыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь МАНАН-г эвдэн устгах явдал мөн.
XXI зуунд амьдарч байвал тэр цаг үеийнхээ дуудлагад нийцсэн хэмнэл алхаагаар амьдрах ёстой. Үүний тулд цаг үеэсээ үлэмж хоцрогдож, нийгмийн дэюшил, хөгжилд саад болсон МАН, АН хоёрын зохион байгуулалтын хуучин бүтцийг эвдэж, орчин үеийн намыг орчин үеийн жишгээр байгуулах ёстой. Мөн МАН, АН хоёрын хэвшмэл бүтцийг буюу хэдхэн хүнд хязгааргүй, халаагүй үйлчилдэг бусармаг практикийг халах хэрэгтэй. Хамгийн эхний алхам нь Монголын улс төрд бугшсан, ээлжгүй, халаагүй, хязгааргүй, хэдхэн хүний “угсаа залгамжлах ёс”-ыг халах явдал гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Дэлхий дахинаа “улс төрийн нас” 8-12 жил байгаа атал Монголын хөгшин бурхи улс төрчид 20 гаруй жил бантан хутгасан атлаа үргэлжлүүлэн улс төр хийхээр үхэн чармайж байгааг таслан зогсоож, тэднийг “ардчиллын музейд” шилжүүлэх нь зүйд нийнэ.
Гурав. Дэлхий дахины нийгмийн бүтэц, түүний дотор Монголын нийгмийн бүтэц ихэд өөрчлөгдөж, хуучны олон ойлголт эвдэрч байгаа нь намуудын үйл ажиллагааг шинэ төлөв байдал, шинэ арга барилд шилжүүлж байна. Ухаандаа хот болон хөдөө; ажилчин, малчин, сэхээтэн; намын гишүүн болон дэмжигчид гэсэн хэвшмэл олон ойлголт өөрчлөгдөж, сонирхлын бүлэг, электорат, төрийн бус байгууллага гэсэн олон янзийн шинэ хэлбэрт шилжиж байгааг намууд харгалзаж, хуучин арга барилаасаа татгалзаж байна.
Дэлхийн бүх улс орнууд нийгмийн бүтцийн суурь судалгаа байнга явуулж, түүнд түшиглэсэн бодлого хэрэгжүүлдэг атал манайд сүүлийн 20 гаруй ажил нийгмийн бүтцийн судалгаа хийгээгүй юм. Одоо Монголын нийгмийн бүтцийг мэддэг хүн байхгүй болсон. Нэгэнт нийгмийн бүтцээ мэдэхгүй байгаа тохиолдолд нийгмийн бодлого, нийгмийн халамж ярих нь учир утгагүй явдал болно. Иймээс манай намууд Монголын нийгмийн шинэ бүтцийг харгалзсан, түүнд тулгуурласан бодлого явуулж сурах ёстой.
МАН, АН хоёр хуучин хатуу бүтэцдээ баригдаж, зөвхөн түүнд тулгуурлах болсон нь тэдний лай ланчгийн үндсэн шалтгаан юм. Наад зах нь “намын гишүүд дэмжигчид” гэсэн ангилал үлэмж хоцрогдсоныг зайлшгүй харгалзах ёстой. Учир нь орчин үеийн хэт олон бөгөөд нарийн бүтэцтэй нийгэмд иргэд сонгогчид аль нэг намыг хатуу дэмжихээ больж, тухайн үеийн бодлого, үйл ажиллагаа, түүний үр дүнд тулгуурлан сонголтоо хийдэг шинэ хандлага нэгэнт бий болжээ.
Шинэ шинэ нийгмийн бүлэг, хэсгүүд төлөвшин бий болж, тэдний сонголтын зан үйл өөр болсон нөхцөлд хуучин бүтэцдээ тулгуурлан ажиллах нь наад зах нь мөнгө хөрөнгө, цаад зах нь бууран доройтохын үндэс суурь болно.
Дөрөв. Дэлхий дахинаа намуудын буюу хэдхэн намын дангаар ноёрхлын үе дуусч, улс төрийн ямар ч нам шинэ нийгэмд шинээр бий болсон улс төрийн хөдөлгөөн, улс төрийн бүрдэл, нэгдэл, холбоо зэрэгтэй хослон, хамтран, нэгдэн, нийлэн ажиллах болсон. Өөрөөр хэлбэл орчин үеийн нам “дарга нам” биш, харин олон эрх ашгийг зохицуулах, уялдуулах үндсэн дээр нэгтгэн илэрхийлэгч болон хувирч байна.
Гэтэл манай намууд өөрийгөө улс төрийн аливаа үйл ажиллагааны “дарга” гэж ойлгодог ба нийгмийн зохион байгуулалтын бусад хэлбэрийг “намд туслах”, түүнд “захирагдах” үүрэгтэй гэж үзэх болсон нь үлэмж алдаа юм. Дэлхий дахинаа намуудын дэргэдэх болон “дэргэдэх бус” байгууллагуудын ялгаа бараг алга болсон байна. Ухаандаа Монголын залуучууд, эмэгтэйчүүд, ахмадыг намын дэргэдэх болон дэргэдэх бус хэмээн ангилах нь нийгмээ дайсагнуулахаас өөр үр дүнд хүргэхгүй.
Намын хэт төвлөрлийг нэмэгдүүлэх нь хэдхэн дээдэст л хэрэгтэй зүйл болохоос нийт нам, ард түмэнд огт хэрэггүй, үлэмж халгаатай явдал болно. Дэлхийн нэлээд оронд нам, төрийн хэт төвлөрөл бий нь бий, гэхдээ тэнд улс орноо удирдан хөгжүүлж, түүнийгээ ажлын бодит үр дүнгээр нотлон харуулж чаддаг. Ийм бол яахав, болж байна гэж хэлж болно. Гэтэл Монголын удирдагчид улс орноо хөнөөж, сөнөөж, сүйтгэж хаячихаад дээрээс нь хэт төвлөрөл нэхэж буй нь дэлхийн жам ёсноос үлэмж гажсан гэмт хэргээс өөр зүйл биш.
Тав. Дэлхийн намууд нам, төрийн ажлыг эрс зааглаж, “зах зээлийн эдийн засаг гэж байхаас зах зээлийн төр гэж байх ёсгүй” гэсэн зарчмыг хатуу баримталж, бодлого үйлдлийн болон “онолын” гол маргаанаа нам дотроо ардчилсан зарчмаар явуулж, ялсан үедээ сонгон авсан, нам дотроо гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэг болсон. Өөрөөр хэлбэл эхлээд нам дотроо шударга өрсөлдөөн, идэвхи оролцооны зарчмыг хэрэгжүүлдэг, шударга ёсны болон ёс зүйн зарчмыг хатуу мөрддөг болсон.
Манай намууд өөрийн намыг албан тушаалын наймааны зах болгон хувиргасан нь хэн бүхэнд илт. Энэхүү хар зах төрд уламжлан нэвтэрч, төрийг хамаг будлиан самуун, авилга, гэмт хэргийн үүр уурхай болгожээ. Үүний буруутныг бүх нийтээрээ мэдэж байгаа гэж бодож байна.
Иймээс намуудын хийх ёстой хамгийн эхний ажил бол улс төрийн наймаачин, панзчингуудаас салах явдал мөн. Мөн нам нь тэр чигээрээ төрд нүүгээд орчихдог дэлхийд огт байхгүй адгийн тэнэг практикаас татгалзах ёстой. Орчин үеийн нам бол төрийн албан тушаалд хүрэх шат дамжлаг биш, төрд орохын өмнөх болон төрд ажиллах үед хянах шүүлтүүр мөн. Энэ нь намын гишүүдийн бүхий л үйл ажиллагааг зөвхөн идэвхи оролцооны зарчмаар шалгаруулах шударга системийг шаарддаг юм.
Идэвхи оролцооны зарчим бол хүнийг ам хэлээр биш, зөвхөн ажил хэргээр үнэлэх зарчим бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шударга ёсоор ажиллах гэсэн хүсэл зориг л хэрэгтэй.
Энд би дэлхийн намуудад гарч буй “үй түмэн” эерэг хандлага, үзэгдлээс өөрийн гол гэж үзсэн 5 санааг л манай намуудтай харьцуулан товч тайлбарласан.
Бусдыг нь өөрсдөө уншиж судална биз. Ер нь бол хөгшин судлаачаас илүү гарч, уншиж судлаж чадахгүй бол нам мам гэж солиорч давхих хэрэггүй л байхгүй юу ?!
Миний бат итгэж буйгаар дурдсан 5 санааг хэрэгжүүлж чадвал манай улс төрийн намууд шинэчлэгдэж чадна. Үүнээс өөрөөр бол хоосон чалчаа яриа болно.
МАНАН зүв зүгээр арилахгүй, аливаа шинэчлэх үйлсийг таслан зогсоож, хуучин байр сууриа хадгалан үлдэхийн төлөө амь тавин тэмцэх нь гарцаагүй. Иймээс шинэчлэл болон шинэчлэгчдийг хатуу ширүүн тэмцэл хүлээж байна. Ялалтын шоо шинэчлэгч залуучуудын талд бууж байгаа боловч хуучин хүчин тэмцэлгүйгээр зайлдаг тохиолдол дэлхийд үгүй. Түүнчлэн тэмцэлгүйгээр олсон ялалт бол ялалт биш, өөрийгөө хуурсан явдал мөн.
Би яагаад”, “яаж” гэсэн асуулт олон гарна гэдгийг мэдэж байна. Гэвч энэ удаад бүхнийг хөндөхгүй, учир нь ийм боломж хэнд ч байхгүй. Харин надад энэ талаар ярьж зөвлөх хангалттай хугацаа, боломж бий…
МАН-д шинээр гарч ирж буй залуучууд энэ ажлыг хэрэгжүүлж, намаа шинэчилж чадна гэдэгт би итгэж байна. Яагаад ганц МАН-ын залуучуудыг ярив гэвэл МАН шинчлэгдэхгүй бол АН шинэчлэгдэхгүй. Иймээс МАН-ын залуучууд шинэчлэлийн үлгэр жишээ болох ёстой.
Цаг үеийн дуудлага байна, эрч хүчтэй залуу нас байна. Өөр юу хэрэгтэй юм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 08 дугаар сарын 16.
Зочин · 2017/08/18
Нээрээ л музейд очих цаг нь болсон шүү