Б.ДАМДИН-ОЧИР

МАН-ын Удирдах зөв­лөлийн хурлаас хойш энэ нам доторх зөрчилдөөний үйл явц туйлын хурдацтай явж байна.

МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 30 гаруй гишүүн Засгийн газраа огцруулах саналын бичигт гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Баттай эх сурвалжийн мэдээллээр гишүүд өнөөдөр 12:00 цагт Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барихаар болжээ. Харин УИХ-ын дарга өчигдөр гадаад руу ниссэн тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Я.Санжмятав хоёрын нэг уг саналыг хүлээн авна гэсэн үг.

Гэхдээ төрийн албаны тасралтгүй байдлыг хангахын тулд УИХ-ын дарга гадаад, дотоодод томилолтоор ажиллахдаа УИХ-ын дэд даргад ажил үүргээ даалган захирамж гаргаж үлдээдэг байна. Гэтэл энэ удаад УИХ-ын дарга М.Энхболд ийм захирамж гаргалгүй нисчихжээ. Тэгэхээр гишүүд Засгийн газрыг огцруулах саналаа хуульд нийцүүлэн өргөн барих болж байгаа юм.

Энэ мэт байдлаас үзэхэд МАН-ынхан Засгийн газраа “хөдөлгөх” нь нэгэнт тодорхой болсон байна.

Ер нь бол журмын нөхөд нь огцруулах санал өргөн барина гэдэг энэ Засгийн газарт алдаа их байсныг нотолж байж болох юм.

Учир нь “...Овоо босгоогүй бол”, “...Гээндээ, гоондоо ч бий”гэх үгсийг Засгийн газарт хандаж хэлэх хүн олон байгаа юм.

Тодруулбал, Засгийн газар ийм дээрээ тулахад нөлөөлсөн хэд хэдэн шалтгааныг нэрлэж болохоор байна.

 

НЭГ. А.СҮХБАТ: МАН АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулав. Олон нийт энэ намыг амласнаараа Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн хүлээж байв. Өдгөө МАН-ынхан Засгийн газраа Мэргэжлийн хэмээн тодотгон нэрлэдэг. Гэвч анх байгуулагдахад нь л хүний, өөрийнгүй “...Мэргэжлийн бус байна” гэж байсан юм. Эргэн сануулъя. 2016 оны долдугаар сарын 22-нд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “...МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлалт өгч гарч ирсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад яг эсрэгээрээ байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн яамдыг удирдахаар ирж байна. МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна. Төрийн албыг худалдах, арилжаалах ажлаа МАН засгийн газраасаа эхэллээ. Томилогдохоор нэр нь гарч байгаа сайдуудын дийлэнх бизнесменүүд байна. Бизнес, төр хоёрыг хутгах эхлэл тавигдаж байна.Бүх яамдыг дэд сайдтай болгож, Үндсэн чигэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна” гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат “...Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж байсан юм.

 

ХОЁР. КОНЦЕССЫН ДОЛООН ГЭРЭЭ НУУЦААР ХИЙСЭН ИЛ БОЛОВ

Засгийн газар УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүй Концессын долоон гэрээ хийсэн нь ил боллоо гээд өнгөрсөн хавар бөөн шуугиан болсон.

Энэ талаар олон зүйл нуршилгүй УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр ямар яриа хөөрөө болсныг сануулъя. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Одоо концессууд төсвөөс гадуур яваад байна шүү дээ, жагсаалтад байхгүй иймээ тийм ээ, нийтдээ хичнээн концесс байгуулагдав. Түүнийг та бүгд мэдэж байгаа юу. Яагаад гэвэл гадуур энэ чинь нэгд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг объект болгоноор нь, хэзээ, ямар Засгийн газрын шийдвэр гарч тэр концесс зарлах эрх өгсөн юм бэ, эсвэл хэн гэдэг сайд тэр эрхүүдийг өгсөн юм бэ. Тэрийг нэг бүрчлэн бүгдийг нь тайлбар өг. Тэгээд үүнийгээ бас бүгдэд нь Засгийн газрынх нь шийдвэртэй төсөвт суугаагүй, бүгдийг нь УИХ-ын гишүүдэд тарааж өг. Одоо надад нэг бүрчлэн тайлбарлаж өг.

 Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан: 

-Засгийн газар байгуулагдсанаас хойш дөрвөн гэрээ барих-шилжүүлэх төрлөөр байгуулагдсан байгаа. Авто зам дээр Сонгино сумаас Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто замын төсөл, Завхан аймгийг Увс аймагтай холбох авто замын сүлжээний хэсэг байгаа. Энэ бол өмнө нь 2016 онд гэрээ нь байгуулагдсан, тогтоол нь гарсан. Тэгээд шинэ Засгийн газрын үед манай дээр гэрээ нь сая байгуулагдаад явж байгаа. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм төсөл байгаа. Хоёрдугаарт нь, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар  тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто замын төсөл мөн 2016 онд тогтоол нь гарсан.

 Гэрээ нь сая манай Засгийн үед байгуулагдсан байгаа. Нийт төсөвт өртөг нь 87,7 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм хоёр авто замын төсөл сая гэрээ нь байгуулагдсан. Шинээр эрчим хүчний салбарт хоёр гэрээ байгуулсан байгаа. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам дэд станцын төсөл, цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц барих ийм төсөл байгуулагдсан, барих-шилжүүлэх төрлөөр. Нийт төсөвт өртөг нь 78,7 тэрбум төгрөгийн ийм төсөвт өртөгтэй. МАК компанийн гэрээ байна. 2017 оны 148 дугаар тогтоол, нэгдүгээр сард гэрээ нь байгуулагдсан ийм төсөл байна.

 Хоёр дахь нь, Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэлийн төсөл байгаа. 2017 оны 103 дугаар тогтоолоор гуравдугаар сард гэрээ нь байгуулагдсан төсөл байна. Нийт төсөвт өртөг нь 77,7 орчим тэрбум төгрөгийн төсөл. Ингээд нийтдээ дөрвөн төсөл байгуулагдаад явж байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Концесс дээр нэртэй устай, энд  тэнд тийм юм хийе гэдэг шийдвэрүүд үүнээс өөр байгаа юу. Гэрээг дөрвөн юм байгуулсан юм байна шүү дээ, та. Өөр шийдвэр гарсан юмнууд байгаа юу. Мэдэхгүй байгаа бол, Жаргалсайхан дарга аа, мэдэхгүй гэж хэл. Засгийн газрын хуралдаан болгоны шийдвэрийг та мэдэж байгаа бол гараагүй гэдгээ итгэлтэй хэл. Мэдэхгүй бол та мэдэхгүй гэдгээ хэл.

Үндэсний хөгжлийн газрын Концессын албаны дарга О.Мөнхтөр:

-Яг одоогоор гэрээ байгуулах эрх олгосон тэгээд гэрээ байгуулагдаж амжаагүй шинэ төсөл албан ёсоор байхгүй байгаа. Харин Засгийн газраас энэ төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой төсөл хэмээн үзэж уралдаант шалгаруулалт болон шууд гэрээний урилгыг тавьсан. Яг одоогоор эзэн нь тодроогүй, уралдаант шалгаруулалтын процессынхоо шатанд яваа гурван төсөл байгаа.

Уралдаант шалгаруулалт нь явагдаж байгаа гэсэн үг. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой IV төрөх эмнэлгийн барилгыг дуусгах концессын төсөл зарлагдсан байгаа.

Ер нь төсөвт өртөг нь албан ёсоор концесс эзэмшигчээс эцсийн байдлаар батлагдаж ирээгүй байгаа. Урьдчилсан байдлаар бол хяналтын төсөв 21 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй.

 Дараагийн төсөл бол Орхон-Дашинчилэнгийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 232 км замаас эхний ээлжинд 120 км замын төслийг, өмнө нь байгуулагдсан концессын гэрээ цуцлагдаад одоо шинээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарласан байгаа. Энэ төслийн өртөг бол 70 орчим сая ам.доллар байх төлөвтэй. Өмнөх гэрээ нь тиймэрхүү гэрээ байсан.

Тэрний дараа зарлагд­сан байгаа нэг төсөл бол Дорноговь аймгийн нутаг Дэлгэрэх сумаас Сайншанд сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто замын төсөл мөн зарлагдсан. Энэ гурван төсөл зарлагдсан байгаа юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Гурван төсөл явж байгаа юм байна. Уг нь энэ концессуудыг бүгдийг зогсоо гэдэг шийдвэрийг Төсвийн байнгын хороогоор 2016 оны төсвийн тодотголыг хийх үед маш тодорхой хэлсэн шүү дээ. Гэтэл одоо байгуулагдаад байгаа нь дөрөв, тендер зарласан нь гурав, нийлээд долоон концесс төсвөөс гадуур УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр явж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Концесс дээр нэг талд нь гарах хэрэгтэй. Tэр долоон концесс чинь 850-иад тэрбум төгрөг болчихсон явж байна шүү дээ. Энэ мөнгийг банкнаас хүүтэй нь авбал нэг их наяд руугаа явах нь байна шүү дээ. Яг энэ долоон концессоос чинь өнөөдөр Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой юу байгаа юм бэ? Аль нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл юм бэ? Энэ төслүүдээс аль нь эдийн засгийн өсөлтүүдийг дэмжиж байгаа юм бэ? Үнэхээр энэ бол харамсалтай л байна. Үүнийг би үзэхийг хүсэж байна. Байнгын хороо энэ долоон концессын дөрвөн концессын гэрээ, гурван концессыг нь тендертэй холбоотой материалуудыг татаж үзэхгүй бол ийм салаагаар урсгачихаад тэгээд цаана нь очиж хүмүүсийн халаас руу, нийгмийн даатгалын шимтгэл, тэр хүн амын орлогын албан татварыг нэмнэ гэдэг бол төвөгтэй л асуудал үүснэ.

Ч.Хүрэлбаатар:

-ОУВС-г хүмүүс муулаад байдаг. Гэхдээ энэ чинь маш тодорхой зөвлөмж өгчихсөн байна шүү дээ. Хуулиа шинэчилтэл нэг ширхэг ч шинэ концесс битгий байгуул. Байгуулсан бүх гэрээгээ зогсоо. Ийм үүрэг өгчихсөн байна шүү, энд.

Одоо байгаа долоогийн чинь шийдвэрийн дүн 500, 600 тэрбум гараад явчихаж байна шүү дээ. Хүүхдийн мөнгийг 60 хувь байсныг 40 хувь болгож хасаж байгаа, 80 тэрбум төгрөг. Нэгхэн концессын гэрээ чинь 80 тэрбум байна шүү дээ. Үүнийг бид нар юу гэж тайлбарлах вэ? Нэг цахилгааны шугам татсан ч яалаа, татаагүй ч яалаа. Хувийн бизнесийн компани руу. Бас ичиж амьдрах юмнууд бидэнд байна шүү дээ.

 

ГУРАВ. ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЭХ ЗЭРГЭЭР АМЛАЛТААСАА УХРАВ

Эрх баригчид долоон төрлийн татварыг нэмсэн. Өмнө нь яригдаж байсан 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээсээ 25 хувийн татвар авна гэсэн дээрээ нэмээд монголчуудын ахуй амьдралд ганц сайн тохирч байгаа амьжиргааг нь ганц залгуулж буй приус машинаас нь, машиных нь тоног төхөөрөмжөөс авах татварыг нэмсэн юм.

Бусад машины татвар ч ялгаагүй нэмэгдсэн. Хуучин сэлбэгээс өдийг хүртэл авч ирсэн 5 хувийн татварыг тав дахин буюу 25 хувь болж өссөн юм.

Мөн архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмсэн. Алт олборлогчид Монгол­банканд алтаа тушаасныхаа төлөө өнөөдөр төлж байгаагаасаа хоёр дахин их татвар төлдөг болсон юм.

Гэтэл МАН үүнээс хэдхэн сарын өмнө, сонгуулийн үеэр “...Шинэ төрлийн татвар бий болгохгүй, иргэд аж ахуйн нэгжүүдийн орлого, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн татварын таатай орчин бий болгоно, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ, бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах бодлого баримтална” амлаж байсан юм.

Үүнээс гадна Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгож байснаа Ерөн­хий­лөгчийн сонгуульд санал авахын тулд гэнэт олгосон. Харин ОУВС-гийн шахалтаар ирэх оны нэгдүгээр сараас буцаад зөвхөн зорилтот бүлэгт олгож эхэлнэ.