УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар 

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”;
  • УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. 

Дөнгөж сая Ерөнхий сайд мэдээлэл хийж дуулсаа. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас УИХ-ын чуулганы хуралдаанд хийх ээлжит мэдээллийг түлш, эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, холбогдох мэдээллийг гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

Эрчим хүчний салбар бол улс орны хөгжлийн тэргүүлэх салбар билээ. Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн зорилтуудыг тодорхой тусгагдсан.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт түлш, эрчим хүчний салбарт 2016-2020 онуудад хэрэгжүүлэх олон талын тодорхой зорилтууд, тэдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан эхний жилүүдэд түлш, эрчим хүчний салбар туйлын хүнд байдалд байсныг бид бүгдээрээ мартаагүй. Төр засгаас түлш эрчим хүчний салбарыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон салбар гэж үзэж олон жилийн туршид, бүхий л бололцоогоор гадаад, дотоодын боломжит эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүнд өнөөдөр 95 жилийн түүхтэй түлш, эрчим хүчний салбар улс орны эрчим хүч, дулааны өнөөгийн эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахуйц түвшинд хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангаж, иргэд ая тухтай амьдрах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх таатай боломжийг бүрдүүлээд байна.

Эрчим хүчний салбар 2016-2017 оны өвлийн улирлын их ачааллыг амжилттай давж, системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ өвлийн хамгийн оргил ачааллыг авч ажиллан, системийн нийт ачаалал 1,2 гегаватт хүрснээс төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 994 мегаватт хүрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 5,8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8,7  сая.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэж, 1,4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолсон.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн дүнгээр3,0 тэрбум кВт.ц болж, 4.4 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл  4.8сая Гкал-д хүрч, 2.2 хувиар, импортын цахилгаан эрчим хүч 3.8 хувиар тус тус нэмэгдээд байна.

Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт хүрсэн нь өнгөрсөн 2016 оны үзүүлэлтээс 20 МВт-аар өсчээ.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн. Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна.

Дулааны эрчим хүчний нийт хэрэглэгчийн 88.7 хувийг ахуйн хэрэглэгчид, 11.3 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчид эзэлж байна. ДЭХ-ний хэрэглэгчид өмнөх оноос 17.5 мянган хэрэглэгчид нэмэгдэж нийт 309.3 мянган хэрэглэгчийг ДЭХ-ээр хангажээ.

Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын хувьд улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд нэг хэрэглэгчид 18.4 цагийн тасалдал ногдож байгаа нь өмнөх оноос 6 цагаар буюу 24.5 хувиар буурсан дүнтэй байна.

Төвийн бүсийн 16 компанийн хэмжээнд цахилгаан дамжуулалтын алдагдлыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.06 нэгжээр бууруулж 3.23 хувьд, түгээлтийн алдагдлыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.84 нэгжээр бууруулж 10.05 хувьд тус тус хүргэж, салбарын үр ашгийг сайжруулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгана гэсэн зорилт тусгагдсаны дагуу дулааны цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах бодлогыг баримталж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эрчим хүчний салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар товч мэдээлье.  

 

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2017-2018 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар байгуулан өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын дүнгээр 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 767 нэр төрлийн, хөрөнгө оруулалтад 512 нэр төрлийн, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 512 нэр төрлийн, нийт 1777 нэр төрлийн засвар шинэчлэлийн ажил хийж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчим хүчний систем тус бүрээр авч үзвэл дорнод бүсэд 96,1 хувь, баруун бүсэд 90,0 хувь, өмнөд бүсэд 95,0 хувь, Алтай-Улиастайн бүсэд 97,6 хувь, төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 89,6 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд 11 дүгээр сарын 01-ний өдөр графикт засварын ажлыг бүрэн дуусгаж, өвлийн их ачааллын горимд бүрэн шилжин ажиллана.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч мэдээлье.

Монгол Улсын Засгийн газраас 2016-2017 оны өвөл нийслэлийн гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг шөнийн цагаар 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр хорооллын 114,5 мянган хэрэглэгчдэд 3.4 тэрбумтөгрөгийн тарифын хөнгөлөлтийг үзүүлээд байна.

Энэхүү арга хэмжээг 2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас долдугаар сард гаргасан.

2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

2016-2017 оны өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлснээр бидэнд ямар өөрчлөлт, үр дүн гарч байгааг судлан үзсэн бөгөөд хөнгөлөлт үзүүлэх хугацаанд  шөнийн хамгийн их  ачаалал  405 мегаватт-д хүрч, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад шөнийн ачаалал  70 МВт-аар буюу 17 хувиар өссөн.

 Гэр хороололд амьдарч буй нэг айл өөрийн гэр, орон сууцыг халаахад 4 киловатт чадалтай цахилгаан халаагуур ашиглахаар тооцоог хийсэн бөгөөд шөнийн ачааллын өсөлтөөс харахад 17,5 мянган айл өрх цахилгаан халаагуур ашигласан гэсэн дүн гарч  байна.

Цахилгаан халаагуур ашиглаагүй тохиолдолд гэр хорооллын нэг айл өвлийн улиралд 4-5 тонн нүүрс түлдэг гэж тооцож үзэхэд 2016-2017 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд 100 орчим мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж чадсан гэж үзлээ.

  “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд богино хугацаанд буюу 2017 онд 20,0 мянган айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, нийслэлд одоо ажиллаж буй 68 халаалтын зуухыг татан буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөсөн.

Төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэхэд цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнд техникийн шинэчлэл, өргөтгөл хийх, халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох ажилд эхний ээлжинд 39.2 тэрбум төгрөг шаардлагатай байна.

   

Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах гэр хорооллын эхний ээлжийн 21,3 мянган  айл өрхийг цахилгаанаар халаахад 2 ком хуваарилах байгууламж шинээр барих, 12 шугамын ачааллыг хөнгөлөх,  9 шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, 123 ком дэд өртөө шинээр барих, 77 ком дэд өртөөний чадал томсгох зэрэг ажлууд хийгдэнэ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд дээрх хөрөнгө оруулалтыг тусгаж, баталж өгсөн тохиолдолд энэ ондоо багтааж барилга угсралтын ажлыг хийж, 2018 оны нэгдүгээр сараас 20 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлж чадах юм.

 

Эрхэм гишүүд ээ,

Эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлье.

 

Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байгаа бол дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр шинэ эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлээд байна.

Тэргүүн ээлжинд “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт-аар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станц,  Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй найдвартай байдал, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах хүрээнд эрчим хүчний салбарт эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг тодорхойлсон Засгийн газрын 180 дугаар тогтоол батлагдан гарсан.

Энэхүү тогтоолоор эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталж, төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, 2020 он хүртэл улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан улсын төсөвт дарамт үзүүлэхгүй нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс дээрх төслийн эргэн төлөлтийн асуудлыг ярилцаж, холбогдох шийдвэрийг гаргах асуудал хүлээгдэж байна.

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй тодорхой төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн бөгөөд  эдгээр төслийн талаар нэмж тодруулах зүйлсийг Эрчим хүчний сайд болон холбогдох албаны хүмүүс хариулахад бэлэн байна.

Өнгөрсөн оны байдлаар эдийн засгийн өсөлт 1,0 хувьд хүрч бууран, олон тооны аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа бууруулж, зогсоож байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, макро эдийн засгийн бодлого зөв зүйтэй чиглэлд хэрэгжиж байгаагийн үр дүнд оны эхний 9 сарын байдлаар манай улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нааштай гарч барилгын салбараас бусад салбарт өсөлт гарч байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан 2018-2020 онуудын төсвийн хүрээний мэдэгдэл болон ирэх 2018 оны төсвийн төсөлд ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт өөдрөг байж, өсөлтийн хандлагадаа орно гэсэн таамаглал дэвшүүлсэн. Үүнийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өсөлтийн таамаглал ч нотолж байна.

Улс орны эдийн засаг эргэн сэргэж, үйлдвэрлэл үйлчилгээний салбар өсөлтийн хандлагадаа орж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагуудын эрчим хүч, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байна.

Ирэх 2018-2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил тутам 5 орчим хувиар өсөх, дулааны эрчим хүчний хэрэглээ 4,0-4,5 хувиар өсөх төлөвтэй байна.

Ийнхүү өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд нийслэл, аймгийн төвүүд, үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байна.

Монгол Улсын гал голомт болсон түлш, эрчим хүчний салбарын ажил үйлс нь улам өөдлөн дэвжиж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.