-Засгийн газар өмнөх бондоо өөр бонд гаргах замаар төлж байгаа нь энгийн нэг санхүүгийн арга хэрэгсэл юм. Мэдээж өмнөхөөсөө бага хүүтэй эх үүсвэрээр төлж байвал сайн гэдэгтэй харин маргах аргагүй.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 4.1 хувийн хүүтэйгээр босгосноос хойш зургаан жилийн дараа уг зээлийн эхний ээлжийн 500 сая ам.долларын эргэн төлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 5-нд хөрөнгө оруулагчдад шилжүүллээ. Бонд буюу үнэт цаасаар баталгаажуулсан уг зээлийн дараагийн эргэн төлөлт 2022 онд хийгдэх нөхцөлтэй юм.

Энэ удаагийн 500 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг 5.625 хувийн хүүтэйгээр өнгөрсөн зун арилжаалсан “Гэрэгэ” бондын эх үүсвэрээр барагдуулсан. Дашрамд дурдахад уг бондоос нийт 800 сая ам.долларыг босгожээ.Аливаа үйл явдлыг шүүмжлэл, магтаал зэрэг дагалддаг жишгээр энэ удаад “Өмнөх зээлээ илүү өндөр хүүтэй зээлээр төллөө” гэх сэтгэгдэл нийгмийн сүлжээнд давамгай байгааг бид харж байна.

Бонд гэдэг санхүүгийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын хувьд 2012 оны эдийн засгийн сэргэлтийг даган эдийн засагт орж ирсэн шинэ үзэгдэл болохоос биш олон улсын зах зээлд бол хөрөнгө босгох энгийн арга хэрэгсэл юм. Үнэт цаасаар баталгаажуулсан уг зээл нь арилжааны зээлийг бодоход урт хугацаатай учраас эдийн засгийн өсөлт дагасан эргэн төлөлтийн хуваарийг төлөвлөх боломж өгдөг.

Тэр тусмаа дараагийн бондоор солих, нөхцөлөө дахин тохирох, эсвэл өөр бондыг босгох замаар эргэн төлөх зэрэг хөрвөх нөхцөлийг олгодгоороо онцлог. Банкны зээлийг бол эргэн төлж барагдуулсны дараа л дараагийн зээлийг авах ёстой байдаг бол бондын нэг давуу тал нь энэ юм. Бонд гаргаж байгаа тал ч, бондыг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид ч энэ бололцоог тооцоолдог. Нэг үгээр бол Засгийн газар өмнөх бондоо өөр бонд гаргах замаар төлж байгаа нь энгийн нэг санхүүгийн арга хэрэгсэл юм. Мэдээж өмнөхөөсөө бага хүүтэй эх үүсвэрээр төлж байвал сайн гэдэгтэй харин маргах аргагүй.

Анх Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бондыг босгож байхдаа эргэн төлөлт хийх нөхцөлөө тохирохдоо энэхүү аргыг тооцоолж байсан гэсэн үг. Тодруулбал, хуучин бондынхоо нөхцөлийг шинээр тохироод явна, эсвэл илүү сайн нөхцөлтэй бонд гаргаж төлнө гэж тооцоолж байсан. Үүний тулд гадаад зах зээл дээр рейтинг, зээлжих зэрэглэлээ өсгөх замаар улам сайн нөхцөл рүү бондоо оруулна гэж найдаж байсныг тэр үеийн мэдээ мэдээлэл, мэдэгдлүүдээс эргэн шүүрдэж болно. Тэгэхээр “өрөө өрөөр төлсөн нь” өнөөдрийн Засгийн газрын гэнэтийн алхам хараахан биш.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “өрийг илүү өндөр хүүтэй өрөөр төллөө” гэх зэм хүртэж байгаа ч үүссэн нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй хямд эх үүсвэртэй бонд босгосныг мөн энд дурдах нь зүйтэй байх. Өнгөрсөн зун хөрөнгө оруулагчдад санал болгосон “Гэрэгэ” бондын хүү 5.6 хувь болсон. Тэгвэл үүнээс ердөө хагас жилийн өмнө буюу 2017 оны гуравдугаар сард евро бондын 580 сая ам.долларын 5.75 хувийн хүүтэй зээлийг төлөхдөө Засгийн газар 8.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байв. 

Ердөө жилийн өмнө гадаад зах зээлд Монголын эрсдэл 8 хувиар тооцогдож байсан бол энэ удаад эрсдэлийн үнэлгээ 5.6 хувь болж буурсан гэсэн үг юм. “Гэрэгэ” бондыг зах зээлд санал болгож байх үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал ид яригдаж байсан нь эрсдэлийг нэмсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь бонд босгох явц уг үйл явдалтай холбоотойгоор түр завсарлаад шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа үргэлжилсэн юм. Гэхдээ манайхтай яг ижил цаг хугацаанд зах зээлд Тажикстаны бонд 7 хувийн хүүтэй арилжаалагдсан байгаатай харьцуулбал “Гэрэгэ” бонд амжилттай болсон.

“Өмнөх өрийг өрөөр дарлаа” гэх олон нийтийн шүүмжлэл үндэстэй ч үүнийг учир мэдэх улстөрчид дэвэргэж байгаа нь харин хэр зохимжтой бол? Учир нь бонд хэмээх санхүүгийн бүтээгдэхүүн нь дээр дурдсанчлан өөр бондоор солих, өмнөх нөхцөлөө дахин тохирох зэрэг эргэн төлөлтийн илүү таатай бололцоог бүрдүүлдгийг бас ч гэж гадарлахтайгаа хүмүүс.

Мөн макро эдийн засгийн нөхцөл, зээлжих зэрэглэл сайжирвал илүү хямд эх үүсвэр татах бололцоо бий гэдгийг мэдэхтэйгээ хүмүүс. Энэ нь юун түрүүн улс төрийн тогтвортой байдлаас хамаардаг гэдгийг ч ойлгож байгаа. Хамгийн гол нь “Чингис” бондын санхүүжилтээр зээл авсан аж ахуйн нэгжүүдээсээ үр ашиг, хариуцлага нэхэж, зээлийн эргэн төлөлтийг нь хянах ажлаа ч хичээгүүштэй байна шүү.

 

 

А.Алиман

Эх сурвалж: "Өглөөний сонин"