Америкийн нэрд гарсан улстөр судлаач Жоорж Фридман “Дараагийн 100 жил” гэсэн ном бичиж бөөн шуугиан тарьжээ. Ирээдүйд энэ дэлхийн геополитик хэрхэн өөрчлөгдөж ямархуу төрхтэй болохыг үзмэрдсэн хэрэг биз ээ.

Алга ташилт дэлхий даяар нижигнэсэн учир мань эр “Дараагийн 10 жил” бүтээлээрээ хөгжөөн дэмжигчдээ мялаав. Иймэрхүү үзмэрдэлт ховор бус гардаг. Самүэл Хантинтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” бүтээл бол цаг өнгөрөх тусам батлагдаад байгаагаараа эрхгүй үнэмшил төрүүлнэ. Хүйтэн дайн дууссанаар асуудал цэгцрэхгүй, харин ч үзэл суртлын зөрчилдөөн алга болсноор үндэстэн болон иргэншлүүд уг сурвалжаараа улам ширүүн шөргөөцөлдөх болно гэж түүний айлдсан нь лалын ертөнцийн терроризмын өсөрөхөл гомдлоор улам бүр  тод томруун харагдах боллоо. Саяхан Америкийн нэг геополитик судлаач хэлэхдээ Путины дараах Орос Сибирийг Хятадад найр тавин олгох ба хариуд нь өөрийн ард түмнийг тайвшруулахын тулд Молдов, Беларусыг өөртөө нэгтгэнэ гэж үзмэрджээ.

Шууд л зөн билгээр мухар сүсгийн аргаар хийдэг үзмэрдэлт, хэдэн зуун жилийн турш мухар сүсэгтнүүдийн итгэж биширч явсан Нотродамусын үзмэрдэлт маягаар энэ бүхнийг тайбарлах нь учир дутагдалтай. Ялангуяа шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшлийн хувьд ийм маягийн үзмэрдэлт бараг л зуун хувь таардаг. Далаад оны үед Олвин Тофлэрийн бичсэн “Ирээдүйн шок” зохиол шуугиан тарьсан. Зохиогч 2000 онд Бээжингийн Их сургуулийн оюутнуудтай уулзахдаа Ирээдүйн шок зуун хувь биелэлээ олсон гэж бахархаж байлаа. Артур Кларк, Карл Саган, Айзик Азимов зэрэг зөгнөгчдийн шинжлэх ухааны дэвшлийн талаар бичсэн нь биелэгдэж зарим талаар дутуудуулсан нь харагдаж байна. Үүнийг зөн билгийн тулаан гэхээсээ шинжлэх ухааны үндэслэлтэй прогноз гэвэл зохилтой.

Техник технологийн дэвшлийн ерөнхий хандлагыг зөв тодорхойлоход харьцангуй амархан байж болно, харин улс төр нийгмийн хөдөлгөөний явцыг урьдчилан таах нь илүү төвөгтэй. Тухайн үндэстэн, шашинтны байр байдал, үүнд нь нөлөөлөх технологийн дэвшил, байгаль орчны нөлөөллийг тооцоолох боломж тун бага. Хайзэнбэргийн тодорхойгүй зарчим үүнийг тайлбарладаг. Тэрээр энэ зарчмаа электроны байрлал дээр хэлсэн боловч илүүтэй философийн утгатай, түгээмэл шинжтэй онолын гаргалгаа юм. Ирээдүйд юу болохыг урьдчилж тооцоолоход оролт гаралт нь хязгааргүй олон учир тооцооноос гадуур, өөрөөр хэлбэл бололцоогүй гэсэн дүгнэлт. Тэгэхээр одоо байгаа энэ байдал нь цаашид үргэлжилсээр байх ахул юунд хүргэж болох вэ гэдгийг урьдчилан харж тооцоолох гэвэл илүү амар. Одоо байгаа байдал юунаас болж хэзээ өөрчлөгдөх нь таашгүй.

Африк тивийн хамгийн хөгжингүй орон байсан Өмнөд Родэзи “ардчилсан” болж ширэнгийн баатар Мугаби гарч ирэн улс орныг нь тэжээж байсан цагаан арьстнуудын хөрөнгийг хурааж хөөж гаргаснаар энэ орон маш ойрын хугацаанд гуйлгын тулам болно гэдгийг урьдчилж харахад тийм ч хэцүү биш. Байгалийн баялагаас өөр зарах юмгүй хоцрогдсон Монгол орон гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж, юм хумыг нь булааж авснаар хэдийгээр шулуулж буйгаа гайхан эдийн засгаа солонгоруулна, Монгол ялчихлаа гэж  сагсалзаад ч хямралаас мөд салахгүй гэдгийг тааварлахад заавал зөн билгийн тулаанчин байх албагүй. Гадаад дотоодын аль нь ч бай хувийн хөрөнгийг төр хурааж авснаар үр ашиг нь эрс муудах төдийгүй авилга хээл хахуульд хаалгаа нээнэ гэдгийг заавал үзмэрдэж мэдэх шаардлага байхгүй. Харин энэ байдал нь хэзээ өөрчлөгдөж дэвшил хөгжил рүү хэрхэн хандахыг урьдчилан таах л хэцүү.

Гадаад Монгол тусгаар тогтносон орон мөн, Төвд бол Хятадын салшгүй нэг бүрэлдэхүүн юм гэдэг нь Дэлхийн II дайны үр дүнгээр буй болсон шийдэл. III дайн хэзээ болох, болдог юм гэхэд ямар шийдвэр гарахыг өнөөдөр урьдчилан таамаглахад нэн хэцүү. Энэ шийдлийг өдгөө дэлхийд цэрэг улстөр нийгмийн дэвшлээр толгойлж байгаа орнууд мэднэ. Үүнийг геополитик гэж нэрлэх ба чухам тэд шийддэг учраас том орнуудад л геополитик бодлого гээч юм бий. Дэлхийн I дайны өмнө Австри Унгарын геополитик гэж шийдвэрлэх нөлөөтэй бодлого байсан, одоо төвийг сахьсан тэр орон томчуудын үгийг дагасхийгээд л амьдарч байна. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын албыг одоо эрхэлж яваа нэгэн эрхэм “хамаагүй юм ярьчихаар Монгол улсын геополитикийн нууцыг задалчих гээд байна” гэсний хариуд Гомбосүрэн гуай  “Манайх шиг жижиг орон мөрөөрөө байсан нь дээр дээ” гэж хариулсан.

Өнөөгийн ертөнцийн төлөв байдлыг тодорхойлох эрх бүхий Орос, Хятад гэсэн хоёр аваргын дунд хавчуулагдсан Монгол улсын ойрын ирээдүй эдний геополитикоос хамаарч хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг нь тун сонирхолтой сэдэв юм.

Монголчуудын хараа хяналтад байсан Орос орон XVII зуунаас хүчихэгжин дэлхийн бодлогыг тодорхойлогч цөөн улсын нэг болсон. Ялангуяа хуурай газарт илт ноёрхох болсноор II Николай хааны үед түүхэн дахь хамгийн том газар нутгийг нэгтгэж чадсан хоёр дахь орон болжээ. (Тэргүүн байрыг мэдээж XIII зууны монголчууд.) Тэдний колончлол дорно зүгт хязгааргүй тэлж Америк тивийн Аляскад сая таван зуун мянган ам км нутагтай болсон. Төр улсгүй хоцрогдсон үндэстнүүдийн овог отгийн газрыг эзэлснийг буруушаах аргагүй ч иргэншсэн Хятад, тухай үедээ дотоодын тэмцэлдээ туйлдсан байсан Монгол зэргийн газар нутгийг булаан эзэлсэн нь зөвтгөхөд хэцүү.  

Хар тамхины дайнаас болж Манж Чин гүрэн туйлдчихсан байхад нь оросууд Хойд Манжуураас сая таван зуун мянган ам км нутгийг сүрдүүлэн булааж авчээ. Хоёр газар зэрэг байлдааны фронт нээхээс айсан манж нар 1860 онд гэрээгээр энэ нутгаа өгч салсан байна. Манж нар Хятадыг эзлэн захирч байхдаа Манжуур ба Гадаад Монголыг тусгай хамгаалалттай хаалттай бүс болгон хятад иргэд орж ирэхийг хуулиар хориглосон байв. Иймээс Манжуур нь нэн сийрэг хүн амтай атар нутаг байжээ. Өмнөд Манжуурыг хамгаалахад хүн амын суурьшлаас өөр арга үгүй учир дархлалаа цуцлан тэнд 10 сая хятад тариачдыг нүүлгэн шилжүүлж хүнээр дүүргэжээ. Өмнөд Манжуурыг Орос, Япон хоёр булаацалдсанаас болж 1905 оны дайн болсон. Ялагдсан Орост Гадаад Монгол, ялсан Японд Өвөр Монгол, Өмнөд Манжуур ноогдсон юм. II дайны үр дүнд Подстамын гэрээгээр Өмнөд Манжуур ЗХУ-ын ээмшилд орсон. Хожим Мао бүх Хятадыг эзэгнэхэд найрамдлын гэрээгээр Өмнөд Манжуурыг Хятадад хүлээлгэн өгчээ.  

Өдгөө ч хятад иргэд Уссур, Амар мөрний Хойд Манжуурыг булаалган алдагдсан газар гэж үздэг, эргүүлж авах ёстой ч цаг хугацааг хүлээх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Орос Хятадын гэрээнүүдийг харуулсан мүзэйд орос хүмүүсийг оруулдаггүй мөртөө өөр гадаадын хүмүүст нээлттэй байдаг нь Хятадын албан бодлого ямар байгааг харуулж буй хэлбэр юм.

Харин Гадаад Монголын хувьд тийм ч хүчтэй эсэргүүцэл Хятадын хувьд байхгүй. Манж Чин улсын бүрэлдэхүүнд түрүүлж орсон Өмнөд Монголыг “нэй монгу” буюу “дотоод Монгол”, “дотор талын Монгол”, “манай Монгол” гэж нэрлэдэг, зуу гаруй жилийн дараа эзлэгдсэн боловч хөл хүрч болохгүй дархлагдсан Хойд Монголыг “вэй монгу” буюу “гадаад Монгол”, “гадна талд байгаа Монгол”, “манай биш Монгол” гэж нэрлэх болсон нь манж нараас гарсан нэршил боловч утга нь санаагаа илэрхийлж буй хэрэг.

Гадаад Монгол нь албан ёсоор газрын зураг дээр Манж Чин улсын бүрэлдэхүүнд байсан авч үнэн хэрэгтээ бүх асуудлаа өөр дотроо шийддэг бие даасан, дархлагдсан вассал дагуул түшиг улс байжээ. Хятадын 50 гаруй үндэстэн дотор манж, гадаад монгол иргэд дархлагдсан онцгой эрхтэй байсныг бодохул монголчууд 200 гаруй жилийн турш манж нартай нийлж хятад үндэстнийг дээрэлхэж байсан дүр зураг харагддаг. Зөвхөн манж, гадаад монгол иргэд хятад хүнтэй гэрлэж болохгүй, тэд л хааны эхнэр татвар эм болох эрхтэй, монгол манж хүн л цэргийн болон төрийн том албат болох эрхтэй гэх мэт. Хаалттай хотод энэ хоёр үндэстэн л орно, хятад хүн зарц хийхийн тулд заавал тайган болсон байх ёстой гэх мэт.

Могой шүтдэг бузрын манж нарын хөөж, хятад үндэстний Мин гүрнээ байгуулъя гэж уриалж байсан Цинхайн хувьсгалынхан ялалтад хүрмэгцээ өөрсдийгөө Манж Чин улсын өв залгамжлагч гэж нэрийдэн тусгаар тогтнолоо заралсан Гадаад Монголыг нэхэж эхэлсэн нь түүхийг гуйвуулсан буруу тайлбар гэлтэй. Энэ шаардлагаа тэд Дэлхийн II дайны төгсгөл хүртэл шургуу тавьж байсан ч ЗХУ, АНУ-ын эсэргүүцлээс болж 1945 онд Гадаад Монголын тусгаар тогтнолыг нэгэн утгатайгаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Умарт Манжуурыг алдагдсан нутаг хэмээн эргүүлж авах бодлого барималж буй нь түүхийн учир шалтгаантай. Хятад улс хүчирхэгжих тусам энэ шаардлага улам бодитой болно. Хятадууд цагийг биш цаг хугацааг үнэлдэг философитой. 1949 онд маршал Пэн Дэхуа Шинжааныг чөлөөлөв. Тан гүрний үед энэ нь Хятадын нутаг байлаа. Хятадын үндэсний бахархал болсон яруу найрагч Ли Бао ч энд төрсөн. Мянган жил тэвчээртэй хүлээж байж алдагдсан нутгаа эргүүлж авлаа гэж тухайн үед сурталчилж байв. Иймээс алдагдсан Умарт Манжуурыг эргүүлж авахад 160 жил юу ч биш.

Гэтэл Гадаад Монгол бол шал өөр үндэстний нутаг. Аль нэг улсын хавсрага биш, тусгаар тогтнолоо юу юунаас илүүд тавьдаг түүхэн улс орон. Тэгээд ч Дэлхийн II дайнаар тусгаар тогтнол нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн улс. Хятадын хувьд тэд түүхэндээ хэзээ ч империалист гүрэн байгаагүй. Умрын нүүдэлчид л Хятадыг эзлэж төрийг нь эзэгнэхээрээ империалист бодлого явуулж байсны ойрын жишээ гэхэд монголчуудын Юань, манж нарын Чин гүрний түүх тод өгүүлнэ.

Орос улсын хувьд Хаант Оросын үед ч, ЗХУ-ын үед ч, өнөөгийн Путины Оросын хувьд ч гадаад Монгол нь эзлэн авч өөртөө хавсруулах сонирхол үл төрүүлэх говь цөл нутаг билээ. Тухайн үедээ Алс дорнодод аюул учруулаад байсан Япон, хожим хүйтэн дайны үед гүн зөрчилд орсон коммунист Хятадаас тусгаарлах жийргэвч бүс тэдэнд хэрэгтэй байсан учраас эхнээсээ Монголыг болбол тусгаар, эс болбол хяналтын нутаг байлгах сонирхолтой байлаа. Өргөн уудам нутагт цөөн тооны нүүдэлчид байнга байраа сэлгэн нүүх энэ нутаг нь цэрэг дайны хувьд тун ашигтай полигон юм. Хэдийгээр 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр гадаад Монгол нь Оросын нөлөөний бүс гэж тогтсон ч үүнийг Хятад болон Японтой наймаа хийх аятай хэрэгслэл гэж үзэж байсан болохоос өөртөө нэгтгэх санаа байгаагүй. Дэлхий даяар коммунизм ялуулна гэж сэтгэж байсан Лениний хийрхлийн үед Монголыг Хятадад коммунист халдвар тараах үүд хаалга гэж үзэж байлаа. Дараа нь Коминтерний хийрхэл дэгдэж коммунист туршилт тавихад нэн таатай орчин гэж үзэх болсон. Хүн ам нь гэхээсээ газар нутаг нь илүү хэрэгтэй гэсэн Шмералын тайлан ч бий. 

Харин 1932 оноос гадаад Монголд хандах бодлогыг Сталин гардан авч коммунист хийрхэлээс нь салган цэрэг дайны жийргэвч бүс байлгах чиглэл баримтлах болжээ. Юун түрүүн 1939 онд Халх голын хилийн будилааныг бараг дайны хэмжээнд тулгасан байлдаан болгосон нь энэ бодлого маш зөвийг баталсан юм. Дэлхийн дайн дуусахад ЗХУ-Хятадын гэрээний үеэр яагаад гадаад Монголыг тусгаарлах гээд байгаагаа Сталин маш тодорхой хэлсэн: “Би яагаад гадаад Монголыг авах гээд байгаа юм бэ гэвэл шулуухан ний нуугүй хэлэхэд энэ газар цэрэг стратегийн байр сууринаас бидэнд хэрэгтэй гэж үзэж байна”. Ийм ч учраас Монгол улсыг Зөвлөлтийн бүрэлдхүүнд багтаах Монголын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийг үл зөвшөөрсөн төдийгүй энэ балмад санаархлыг нь тун ёозгүй хүлээж авсан юм.

Гучин жил үргэлжилсэн Зөвлөлт, Хятадын зөрчилдөөний үед Монголд зуун мянган цэрэг байрлуулснаар стратегийн хувьд илт давуу байдал олж байлаа. Хятад руу гүн хонхойд орсон Монголын нутаг нь стратегийн хувьд шуудаар 700 км алсад орших Бээжинд хамгийн бодит аюул занал үүсгэж байсан. Зөвлөлтөөс Монголд оруулж байсан хөрөнгө оруулалтын илэрхий дийлэнх нь нүүдлийн мал аж ахуйг тэтгэхэд чиглэж байлаа. Энэ нь Монголыг Зөвлөлтийн армийг махаар хангах бааз гэж үзэж байсантай холбоотой. 

 

Гэхдээ урт удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүнд хоцрогдсон нүүдэлчин ард түмнийг соёлжуулж, иргэшүүлж, үйлдвэржүүлж, соёлын их хувьсгал хийснийг үгүйсгэх ёсгүй.

Удахгүй болох сонгуулиар Путин Орос орныг дахин зургаан жил удирдана. Тэрний дараа дахиад зургаан жил засаглаж магадгүй ч алив юманд хязгаар байдаг болохоор нэг л өдөр дуусгавар болно. Дэлхийд гадуурхагдсан империалист энэ их гүрэн явж явж ягтаа тулна. Шинэ удирдлага, шинэ бодлого өөрийн эрхгүй үнщгүйлэгдэнэ. Нэгэн цагт хилийн цуст мөргөлдөөнд хүргэж байсан Даманы арлыг хятадуудад буцаан өгч баййсны нэгэн адил Умарт Манжуурыг найр тавин өгснөөр улстөр эдийн засгийн хүнд байдлаасаа гарахаас өөр аргагүй байдал буй болно.

Харин гадаад Монголыг яах вэ? Энэ үндэстэн өөрснөө өргөдлөө бариад Бээжинд очих тийм нөхцлийг бүрдүүлж чадвал мөнөөх Каспаровын хэлсэнчлэн Монголыг Хятадад үнэ хүргэн зарах процесс болох юм. Хятадын эсрэг хийрхлийг Хятад-Зөвлөлтийн хүйтэн дайны үед монголчууд дунд чинээнд нь тултал хөөрөгдөж өгсөн. Бүтэн үеийг ийм байдлаар хүмүүжүүлсний инерци дахиад гучин жил хүчтэй үргэлжилсээр амой. Оросын хормой дор нуугдаж байгаад Хятадтай байлдсан ч ялна гэсэн гэнэн үзэл маш тархмал байдаг. Ард иргэдээ хятад цустай, эрлийз хурлийз, хятадын тал баримтлагч гэх мэтээр зохиомол ялгаварлал үүсгэж байгаа нь энэ үндэстнийг хагалан бутархах гол зэвсэг болсоор. Энэ бол Монголыг ирээдүйд үнэ хүргэн зарах гол хөзөр юм. 

Өнөөдөр Монголын гадаад худалдаанд Хятад гол байр суурийг эзэлж буй боловч стратегийн хувьд Оросоос хамаарах хамаарал ноёлсон хэвээр байгаа. Харин сүүлийн үед стратегийн ноёрхлоосоо алхам алхмаар татгалзаж буйн нэг илрэл нь Эрдэнэт билээ. Нийгэм улстөрийн томоохон хагарал буй болгох зорилго нь даруй шууд үр дүнгээ өгч буй. Нөгөө талаас Хятадаас гэхээсээ Өрнөдөөр монголчуудыг айлган сүрдүүлэх, зохиомол хийрхэл явуулах, шууд гар хөл оролцох явдал улам нэмэгдсээр буй нь Тавантолгой, Оюутолгой, Ариава, Ханрисорс зэрэг барууны хөрөнгө оруулалтын эсрэг кампанит ажлаар тод харагдах болсон. Гадны хөрөнгө оруулалт болон стратегийн алив сонирхол үгүй вакуумжсан гадаад Монгол илүү үнэ хүрнэ. Монголын улс төрийн сонгуульд улам идэвхитэй оролцон нөлөөлж байгааг АНУ-ын ТТГ ч нэр заан илчилж байсан. Ийм явдал 2004 онд болж байсан бол мөн 2016, 2017 онд ч давтагдсан билээ.

Хоёр хөрштэйгээ харьцуулахад өнөөгийн Монгол нь илүү ардчилсан, нээлттэй, чөлөөт орон юм. Гэвч эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодоггүй, чиглэсэн тодорхой бодлогогүй хүмүүст эрх чөлөө нь “муу эрд халдага дараа” гэгчээр гай болох ч тохиолдол бий. Езүс цаазлуулж байхдаа “Тэнгэр минь, энэ хүмүүсийг өршөөж хайрла. Эд мэдэхгүй харанхуйдаа ингэж байгаа юм. Түүнээс цаад санаанаасаа муу хүмүүс биш” хэмээн энэрэл хайр хүсэмжилж байсан гэдэг.